Реппер, продюсер Шон “Дидди” Комбс Нью-Жерси дэх “FCI Fort Dix” холбооны хорих ангид ял эдэлж байхдаа дахин ганцаарчилсан хорих байранд шилжсэн гэх мэдээлэл гарчээ.
“NBC News”-ийн мэдээлсэнээр Комбс хоригдож байхдаа хууль бусаар нэвтрүүлсэн гар утас ашиглаж, массаж хийлгэж, бусад хоригдлуудаар хоол хийлгэх, хувцсаа угаалгах, өрөө болон ариун цэврийн хэсгээ цэвэрлүүлэх зэргээр давуу байдал эдэлдэг байсан гэх мэдээлэл гарсан байна. Мөн амралтын өдрүүдээр өндөр зэрэглэлийн коньяк хэрэглэдэг байсан гэх эх сурвалжийн мэдээлэл бий.
Мөн Комбс уг гар утсаар инстаграм ашиглаж, хуучин найз бүсгүйгээсээ ил задгай зураг хүлээн авдаг байсан гэх мэдээлэл гарчээ. Түүнчлэн кино, баримтат нэвтрүүлэг үзэх зориулалттай таблетыг зориулалтын бусаар ашигладаг байсан гэх мэдээлэл ч байна.
Комбсын төлөөлөгч дээрх мэдээллийг няцааж, түүнийг хорих байгууллагын дүрэм журмыг мөрдөн ял эдэлж байгаа гэж мэдэгджээ. Харин АНУ-ын Холбооны хорих байгууллагын товчоо хоригдлын хувийн нууц, аюулгүй байдлын шалтгаанаар Комбсын нөхцөл байдал, сахилгын арга хэмжээний талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

