“Монгол” театр Америкийн нэрт зохиолч Альберт Рамсделл Гернийн “Love letters” жүжгийг албан ёсны онцгой эрхтэйгээр анх удаа Монголын театрын тайзнаа амилуулахаар боллоо.
Энэ талаар тус театр албан ёсны цахим хуудсандаа “Монгол театр” нь Америкийн нэрт зохиолч А.Р.Гурнейгийн “Love Letters” романтик драмын жүжгийг Монгол Улсад тоглох албан ёсны онцгой эрхийг авсан баярт мэдээг дуулгаж байна. Бид энэхүү онцгой эрхийг авахын тулд нэг жил орчмын хугацааг зарцуулсан бөгөөд ийнхүү зохиогчийн эрх эзэмшигч компанитай амжилттай гэрээ байгууллаа.
Энэ цаг үед дэлхийн олон орны тайзнаа тоглогдсоор олон сая үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөсөөр байгаа тус бүтээлийг Монголынхоо үзэгчдэд хүргэх боломжтой болсондоо бид туйлын баяртай байна. Ийнхүү Монголын театрын урын санд ч бид оюуны өмчийн албан ёсны онцгой эрхтэй орчин цагийн нэгэн сонгодогийг нэмж байна” хэмээн нийтэлжээ.
“Love letters” жүжиг нь 1988 онд АНУ-ын Нью-Йорк хотод Офф-Бродвейн тайзнаа анхлан тавигдаж, түүнээс хойш дэлхийн 50 гаруй улсад тоглогдсоор ирсэн юм.
Хайр, цаг хугацаа, амьдралын үнэ цэнийг захидлаар өгүүлэх “Love letters” романтик драмын жүжгийн гол дүрд “Монгол” театрын үүсгэн байгуулагч, жүжигчин Н.Баярмаа, Гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ нар тоглох бөгөөд арваннэгдүгээр сард үзэгчдийн хүртээл болгоно.

