Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн шинэ цогцолбор байрны нээлтийн арга хэмжээ 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр боллоо.
Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбат, Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяа, НИТХ-ын төлөөлөгч Ц.Алтанцэцэг, Л.Нарантуяа, Ц.Одонтунгалаг, Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Д.Дэлгэрбат, Эрүүл мэндийн төвийн дарга Ө.Батжаргал нар болон холбогдох албаны хүмүүс, иргэд оролцов.
Баянгол дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа нарын санаачлага, дэмжлэгтэйгээр Эрүүл мэндийн төвийн цогцолбор барилгын ажил 2013 оноос эхэлсэн бөгөөд 7 тэрбум 726 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна.
Шинээр баригдсан Эрүүл мэндийн төв өдөрт 700 гаруй иргэдэд үйлчлэх хүчин чадалтай бөгөөд мэс засал, хөнгөвчлөх эмчилгээ, гэмтлийн 5 ортой тасгийг шинээр нээж иргэдэд үйлчлэх эмчилгээ, үйлчилгээнийхээ нэр төрлийг 2 дахин нэмэгдүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв нь улсын хэмжээнд 25 жилийн дараа улсын төсвөөр баригдсан, эрүүл мэндийн салбарт хийгдсэн томоохон бүтээн байгуулалтын нэг болж байна.
Эрүүл мэндийн төв нь шинэ байртай болсноор олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмжтэй, эмч, эмнэлгийн ажилчдын ажиллах, иргэдийн үйлчлүүлэх таатай орчинг бүрдүүлсэн, 2-3 дахин хүртээмжтэй, чанартай, түргэн шуурхай ажиллах боломжтой болж байгаа юм.
Ийнхүү үйлчлүүлэгчдэд найдвартай, аюулгүй, ээлтэй орчинд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрэн хангагдсан Эрүүл мэндийн төвийн шинэ цогцолбор үүдээ нээлээ.
www.URLAG.mn