МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач Я.Булган, Соёлын тэргүүний ажилтан, зураач Ө.Бархүү нарын хамтарсан “Чин зүрхний дэлбээ” уран зургийн үзэсгэлэн МУЭ-ийн галерейд энэ сарын 24-нд нээлтээ хийлээ.
Үзэсгэлэнд хүний дотоод ертөнц, хүүхэд насны гэнэн цайлган мэдрэмж, байгаль дэлхийтэйгээ оршихуйн холбоог илэрхийлсэн тосон, усан будаг болон зураасан зургийн 50 гаруй бүтээлийг дэлгэжээ.
Үзэсгэлэн нь хүн төрөлхтөн макрокосмос буюу хязгааргүй том огторгуйн ертөнцийн нэгэн бүрэлдэхүүн болох микрокосмосын хувьд өөрийн мөн чанар, тэнгэр газар, байгаль дэлхийтэйгээ салшгүй холбоотой оршдог гэсэн үзэл санаанд тулгуурласан байна. Хүний дотоод сэтгэлд орших “тэнгэрийн цэцэг”-ийг дэлбээлүүлэх бэлгэдлээр дамжуулан амьдралын баяр баясал, сэтгэлийн эрх чөлөө, дотоод ухамсрын сэргэлтийг илэрхийлж буйгаараа онцлог юм.
Мөн үзэгчид тайван хөгжмийн аялгуунд бүтээлүүдийг тухлан үзэж, бясалган суух боломжтой орчныг бүрдүүлж байгаагаараа уламжлалт үзэсгэлэнгийн хэлбэрээс ялгарч байгаа аж.
Я.Булган “Анима” Дүрслэх урлаг, дизайны сургуулийн захирал, уран бүтээлч юм. ОХУ-ын Илья Репиний нэрэмжит Дүрслэх урлагийн академид эзэмшсэн сонгодог урлагийн боловсролоо Монголын модернист чиг хандлагатай хослуулан, өөрийн өвөрмөц уран бүтээлийн хэв маягийг бүрдүүлсэн байна.
Тус үзэсгэлэн энэ сарын 31-нийг хүртэл олон нийтэд толилуулах ажээ.


