Монголын амьд хөгжмийн томоохон төлөөлөл болох “A-Sound” хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэнгийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.
Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуульд суралцаж, эмчийн мэргэжил эзэмшсэн ч хөгжмийн хүсэл сонирхлоо орхилгүй, өөрийн авьяасыг сорихоор шийдсэн нь түүний амьдралын чухал эргэлт байв. Ийн тэрбээр 2006 онд “A-Sound” хамтлагийн нэгэн өнгө болжээ.
Тус хамтлагтайгаа тэрбээр “Release” цомгоо 2008 онд, “Зуун наст” цомгоо 2012 онд гаргаж, уран бүтээлийн замналаа өргөжүүлсэн. “Хайртай”, “Шал дэмий”, “Уянга”, “Forever” зэрэг дуунууд нь сонсогчдын дунд танигдаж, хамтлагийн нэр хүндийг өсгөсөн бүтээлүүдийн тоонд ордог. 2014 онд “Цонхон дээр суусан ялаа” төслийн цомгоо зарласан нь түүний уран бүтээлийн нэгэн онцлох үе байлаа.
Мөн тэрбээр дуулахаас гадна жүжиглэх авьяастайгаа 2018 онд “Яг түүн шиг-3” шоунд оролцож харуулсан юм.
Харамсалтай нь, энэ оны тавдугаар сард “A-Sound” хамтлаг 20 жилийн ойгоо “Баяртай” тоглолтоор тэмдэглэж, тухайн тоглолтынхаа үеэр албан ёсоор тарж буйгаа зарласан. Харин дуучин Ц.Тэмүүлэнгийн хувьд соло уран бүтээлээ үргэлжлүүлэн хийхээ мэдэгдээд буй.

