Ховд аймгийн Цэцэг сумын Баян гол багийн нутаг, Цагаан овоо хэмээх газарт эртний хүн чулуун хөшөө бий. Далайн түвшнээс дээш 2030 метрийн өндөрт оршдог уг хөшөө нь тухайн үеийн хүмүүсийн эдлэл хэрэглэл, хувцас өмсгөл, соёлын онцлогийг чулуунд сийлж үлдээснээрээ түүх, танин мэдэхүйн ач холбогдолтой юм.
Хөшөөнд хүний нүүр царайг нүд, хамар, амтай нь дүрсэлж, баруун гарт нь сав бариулан, зүүн ташаанд нь сэлэм зүүлгэжээ. Мөн бүсэндээ тагнай хээтэй, баруун ташаандаа хавтага дүрсэлсэн байна.
Гэвч олон жилийн турш нар, салхи, байгалийн элэгдэлд өртсөний улмаас чулуун хөшөө хагарч, сийлбэр дүрслэлийн зарим хэсэг нь эвдэрч гэмтжээ.
Хүн чулуун хөшөө нь эртний нүүдэлчдийн түүх, соёл, зан заншил, урлахуйн уламжлалыг илтгэх археологийн чухал дурсгал юм. Хөшөөнд тухайн үеийн хүмүүсийн нүүр царай, өмсгөл, гоёл чимэглэл, зэр зэвсэг, эдлэл хэрэгслийг дүрслэн үлдээсэн байдаг тул түүх, археологийн судалгааны үнэ цэнтэй эх сурвалж болдог.
Ховд аймгийн хэмжээнд одоогоор 60 гаруй хүн чулуун хөшөө бүртгэгджээ.
Цэцэг сум нь Улаанбаатар хотоос 1300 гаруй, аймгийн төв Жаргалант сумаас 200 гаруй км зайд оршдог. Өндөр уулс, нуур бүхий байгалийн өвөрмөц тогтоцтойгоос гадна түүх, соёлын дурсгал олонтой тул аялагч, жуулчдын зорин очдог газрын нэг юм.

