Энэтхэг улсад зохиогдож буй Олон улсын кино наадмын үеэр монголын уран сайхны Алсын удирдлага киног толилуулсан байна. Тус наадамд Франц, Арабын Эмират, Испани, АНУ, Канад, Швейцари, Финланд, Ливан, Герман, Өмнөд Солонгос, Хятад, Аргентина, Польш, Швед, Монгол,Энэтхэгзэрэг 40 гаруй орны уран бүтээлчид оролцсон байна. Киноны найруулагч С.Бямбаа тус наадамд өөрийн биеэр очсоноос гадна Монгол Улсаас Энэтхэг Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд С.Баяраа хүндэт зочноор оролцлжээ.
Алсын удирдлага кино нь Пусаны олон улсын кино наадмаас “Шинэ давалгаа” төрөлд тэргүүн шагнал хүртэж байсан юм. Энэхүү кино нь нийт үзэгчдийн таашаалд ихээхэн хүрсэн байна.
Киноны утга санаа нь Нийслэлээс холгүй нэгэн жижигхэн өртөөнд тарчигхан амьдардаг Цог хүү гэрээсээ зугтан хотын нэгэн байшингийн дээвэр дээр төвхнөнө. Эсрэг байрныхаа цонхны цаана өрнөх амьдралыг ажиглах нь сүүлдээ түүний зуршил болж хувирна. Тэдэн дундаас нэгэн бүсгүй түүний анхаарлыг их татна. Түүнийг Цог өөртэйгөө адил ганцаардсан, бас нисэх дуртай байх гэж гэнэхнээр төсөөлнө. Харин бүсгүй өндрөөс ухаангүй айдаг. Улмаар Цог зурагтын удирдлага хулгайлж, хүүхний телевизийг дээвэр дээрээс нууцаар удирдаж эхэлнэ. Энэ нь түүнийг бусдын амьдрал, сэтгэл санааг ч удирдаж болох мэт тайлбарлашгүй таатай мөрөөдлийн ертөнц рүү түлхэнэ…