Холливудын жүжигчин Жон Траволта “November 1963” кинонд Америкийн мафийн бүлэглэлийн нөлөө бүхий гишүүн Жонни Розеллигийн дүрийг бүтээжээ. Тэрбээр өөрийн тоглолтыг дэлгэцээр үзэхдээ дүрдээ хувирсан өөрийгөө бараг таньж чадаагүй тухайгаа ярьсан байна.
Тус кино Италийн Турин хотноо болсон Турины кино наадмын олон улсын нээлтийн үеэр үзэгчдэд хүрчээ. Нээлтийн үеэр Жон Траволта дэлгэцээр өөрийгөө хараад “Бурхан минь, энэ чинь чөтгөр байна шүү дээ” хэмээн бодсоноо дурссан байна.
Тэрбээр дүрийнхээ талаар ярихдаа “Би кинонд өөрийнхөө сүнсгүй болсон мэт дүр төрхийг өмнө нь хэзээ ч харж байгаагүй. Энэ удаа дэлгэцэн дээрх хүн яг л сүнсгүй мэт байсан” хэмээн хэлжээ. Гэсэн ч өөрийнх нь мөн чанараас тэс өөр, харгис хүний дүрийг үнэмшилтэй бүтээж чадсандаа бахархаж байгаагаа илэрхийлсэн байна.
Жонни Розелли нь Чикагогийн мафийн бүлэглэлтэй холбоотой бодит хүн бөгөөд Холливуд, Лас-Вегасын зугаа цэнгэлийн салбарт нөлөөтэй нэгэн байжээ. Түүнчлэн Тагнуулын төв газрын Кубын удирдагч Фидель Кастрогийн эсрэг явуулсан бүтэлгүй ажиллагаатай холбогдож байсан түүхтэй.
Киног “The Killing Fields”, “The Mission” бүтээлүүдээрээ танигдсан найруулагч Роланд Жоффе найруулжээ. Жон Траволтагаас гадна Роберт Карлайл, Дермот Малруни, Мэнди Патинкин, Жефферсон Уайт нар тоглосон байна.
“November 1963” кино 2026 оны арванхоёрдугаар сарын 4-нд АНУ-ын кинотеатруудаар нээхээр төлөвлөжээ.

