Хийж бүтээсэн нэгнээ өөчилж гоочлох, сайнаас нь илүү саарыг олж хардаг сэтгэлгээ түгээмэл байгааг сайтуудын мэдээллийн доорх сэтгэгдлүүдээс харж болно. Юм хийж бүтээе, өөрсдийгөө хөгжүүлье гэж хүсч, хичээж, зүтгэж байгаа залуусаа дэмжиж, урамшуулдаг нь тэдэн дунд хэд байна. Ядаж л адилхан залуу хүн чадсан байхад би юугаараа дутах билээ гэсэн зөв сэтгэлгээгээр өөрсдийгөө хөглөж гэмээнэ бүгд хөгжиж чадах юм шиг. Түүний дагаад улс орны хөгжилд залуусын хувь нэмэр их болох тухай бодлоор өөрийгөө хөглөж явдаг нэгэн бүсгүйг “Өөр мэдээ” онцолж байна. “Zoloo’s hair and beauty” салоны захирал, жүжигчин Г.Золзаяатай ярилцлаа.
-Сарын өмнөхөн “Zoloo’s hair and beauty”салоноо нээлээ. Сэтгэгдэл ямар байна даа?
-Аравдугаар сарын 1-ний өдөр шинэ салоноо нээлээ. Сэтгэгдэл маш өндөр байна. Шинэ ажил эхлүүлэх гээд завгүй гүйж явсан ч яг урд орой нь маргаашийн нээлтдээ догдлоод нойр хүрээгүй шүү. Ийм догдолсон мэдрэмж хамгийн сүүлд хэзээ авсан билээ гэж бодож байлаа.
Нээлтийн өдөр манай урлагийнхан болон салбар бүрийн олон сайхан хүмүүс хүрэлцэн ирсэн. Өнгөрсөн сарын хугацаанд олон үйлчлүүлэгчтэй болж чадлаа. Энэ бол ганц миний бус хамт олны минь хүч хөдөлмөрийн үр дүн юм. Чадварлаг нийтэч хамт олонтой ажиллаж байгаадаа баяртай байна.
-Мэргэжлийн баг бүрдүүлнэ гэдэг том ажил. Ямар шалгуураар сонгов?
-Хамт олноо бүрдүүлэх гэж их зүдэрсэн. Би өөрөө залуу хүн учраас хамт олноо залуусаар бүрдүүлэхийг хичээсэн. Ажил яаж явагддаг, яаж хийвэл үр дүнтэйг мэдэрч яваа залуу хүний хувьд хамт олондоо ажил хийх нөхцлийг нь бүрдүүлж, таатай уур амьсгалтай ажиллах боломжийг олгоход хамгийн түрүүнд анхаарлаа. Өсч хөгжиж байгаа залуу хүмүүст таатай санал тавьсан.
-Үсчин хүнийг хувийн салоноо нээсэн гэвэл хэн ч гайхахгүй. Харин жүжигчин хүн гоо сайхны салбарт орсон нь сонирхол татаж байна?
-Гоо сайхны газартай болох нь эмэгтэй хүн бүрийн мөрөөдөл. Миний сэтгэл дотор нуугдаж байсан тэр мөрөөдөл минь биелж байгаад үнэхээр баяртай байна. Хэрэв хүсвэл хүн бүрт, өдөр болгон мөрөөдлөө биелүүлэх боломж байдаг. Тиймээс би өглөө босохдоо “Золзаяа чамд хоёрхон сонголт бий шүү. Мөрөөдлөө зүүдлээд сайхан унт, эсвэл мөрөөдлийнхөө төлөө яг одоо бос” гэж хэлдэг юм.
Би гоо сайхны чиглэлээр сураагүй ч мэргэжлийн баг бүрдүүлж чадлаа. Өөрөө маркетинг, менежментийг хариуцаж ажиллана. Гоо сайхны салонд хамгийн чухал зүйл үйлчилгээний соёл байдаг. Би өөрөө маш олон салоноор үйлчлүүлж байсан учраас үйлчлүүлэгчийн нүдээр харж, бодож ажиллаж байна.
-Яагаад өөрийнхөө нэрээр салоноо нэрлэв. Танайх бусдаас юугаараа онцлог байх бол?
-Хүн бүрт эцэг эхээс дуудах нэрийг нь өгдөг, дуурсах алдраа өөрөө бүтээдэг гэдэг шүү дээ. Залуу хүн учраас хийж бүтээх их хүсэлдээ хөтлөгдөж явна. Миний хайртай хүмүүс, үр хүүхэд минь намайг юу хийж, бүтээж чаддагийг хараасай гэж хүссэндээ өөрийнхөө нэрийг сонгосон. Тиймээс надад энэ салоныг муу авч явах эрх байхгүй.
Салоноо бусдаас ялгарах олон сайн талтай байлгахыг хичээж байна. Чанартай бүтээгдэхүүн, мэргэжлийн үйлчилгээ, соёлтой харьцаа гээд бүх зүйл дээрээ анхаарч байна. Урлагийнхан, олны танил хүмүүс их үйлчлүүлж байгаа гэхээр өндөр үнэтэй гэж ойлгодог юм шиг байна. Үнэндээ тийм биш шүү.
Би захын жижиг үсчнээс Монголын урдаа барьдаг томоохон салонуудад хүртэл судалгаа хийсэн. Зах зээлээ мэдэрч судалсны үндсэн дээр дунджаас бага зэрэг доогуур үнэ тогтоосон. Манайхаар үйлчлүүлэхдээ хүндэлж хайрлаж явдаг хүмүүсээ ойроос харж, цагийг хамт өнгөрүүлэх боломжтой юм. Цагийн хувьд ч хамгийн уян хатан.
-Анх нээгдэхдээ чанартай, хямд байснаа хүмүүст танигдаад ирэхээрээ үнээ нэмээд, үйлчилгээ нь мууддаг жишиг манай үйлчилгээний байгууллагуудад түгээмэл ажиглагддаг. Энэ талаар ямар бодолтой байна?
-Зах зээлтэйгээ уялдаж бизнес явагддаг учир тэнгэрт тулсан юм уу, газарт унасан үнэ гэж байхгүй. Аль болох дундаж, түүнээс доогуур үнэ барихыг хичээж байна. Өнөөдөр нийгэм ямар байгаа билээ, хүмүүсийн амьдралын төвшин тэр дундаа залуусын амьжиргаа ямар байгааг мэдэж байгаагийн хувьд боломжийн үнээр чанартай үйлчилгээ үзүүлэх бодлого барьж байна. Эмэгтэй эрэгтэй гэлтгүй бүх хүн гоо сайхандаа их мөнгө зарцуулах шаардлагагүй шүү дээ. Үйлчлүүлэгчийн нүдээр харж ажлаа явуулдаг учраас хүн бүрийн сэтгэл нийцүүлэхийг хичээнэ. Сайн байснаа муутгах бус илүү сайжруулахын төлөө л ажиллаж байвал үр дүнгээ өгнө.
-Залуу сайхан жүжигчин бүсгүй салоныхоо нүүр царай байхад болохгүй зүйлгүй. Яагаад жүжигчин А.Гэрэлцэцэгийг сонгов?
-Хүмүүс надаас энэ асуултыг асуудаг юм. Би өөрийгөө гэхээс илүү бусдыг сайхан байлгах үүрэгтэй ажил хийж эхэллээ. Тиймээс Гэрлээ эгчийг арай өөр, илүү хурц өнгө төрхтэй харагдуулахыг хүссэн. Тэгээд ч сайхан бүсгүй, сайн жүжигчин, залууст зөв үлгэр дууриал болох хүн учраас сонгосон. Хамтарч ажиллахад таатай байсан. Өөрөө ч манай хамт олны чадварт сэтгэл өндөр байгаа. Ер нь жилдээ нэг удаа салоныхоо нүүр царайг сольж байх бодолтой байна. Уран бүтээлч хүний хувьд нэг зүйлийг улиг болгохгүй бүтээлч сэтгэлгээтэй ажиллах болно.
-Жүжигчин Г.Золзаяаг бизнест хөл тавиад уран бүтээлээсээ хөндийрөх юм биш биз гэсэн хардалт байна?
– Улааныг харж урваж, шарыг харж шарвадаг хүн би биш. Эзэмшсэн мэргэжил, хүсэл сонирхлоо орхигдуулахгүй. Салоны ажлаа жигдрүүлж байгаад уран бүтээлдээ ханцуй шамлан орно. Хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцорно гэдэг болохоор би тайзны уран бүтээлээс түр чөлөө авсан. Маш их бэлтгэл сургуулилт шаарддаг учраас салоны бэлтгэл ажилд цаг гарахгүй байсан юм. Гэхдээ би энэ хугацаанд уран сайхны хоёр кинонд ажилласан. Удахгүй нээлтээ хийнэ.
-Урлагийнхан гол төлөв хижээл насандаа бизнест хөл тавьдаг. Харин чамайг бизнест хүч үзэхэд юу зоригжуулж, хөглөв?
-Мэдээж залуу хүний эрч хүч нөлөөлсөн байх. Надад хамгийн их нөмөр нөөлөг болж, тусалж дэмжиж, зөвлөж байгаа гэр бүлийн хүндээ маш их баярлаж байгаа. Гэр бүл, ойр дотныхон маань маш их тусалсан. Үргэлж миний дэргэд байж, намайг хайрлаж халамжилж байдаг гэр бүлийнхэндээ хайртай.
-Өнгөрсөн жилээс хошин урлагийн “Маск” продакшнд ажиллах болсон. Хошин урлаг гэх өвөрмөц айлын тогоонд чанагдах ямар байна?
-Маш өөр ертөнц. Энэ том гэр бүлд багтах болсондоо баяртай байгаа. Хошин урлагт ажиллана гэдэг жүжигчин хүний хувьд маш том алхам, шат, өөртөө хийж буй нээлт, өөрийгөө задлах боломж юм билээ. Дэлгэцийн бүтээл, тайзны урлаг хоёр ондоо. Дуулна, бүжиглэнэ, жүжиглэнэ гээд хүний бүх л авьяасыг сорьсон урлаг. Үргэлж зааж зөвлөж, өдөр бүр хамт тоглож, байнгын дасгал сургуулилттай байдаг учраас гоё, эрч хүч энерги дүүрэн байдаг. Хошин урлагийнхан буянтай ажил хийдэг. Хаана инээд хөөр, баяр баясгалан байна, тэнд хүмүүс очих дуртай байж тэндээс аз жаргалыг мэдэрдэг шүү дээ.
-Сургуулиа төгсөөд удаагүй гэхэд нэлээд олон кинонд дүр бүтээгээд амжжээ. Дэлгэцийн урлагт цаашид хүч сорино биз?
-Би 2012 онд СУИС-ийг төгссөн. Оюутан байхад кинонд тоглохыг зөвшөөрдөггүй юм. Би их азтай оюутан байсан шүү. Тайзны ярианы багш маань намайг нэгдүгээр курст байхад “Шүрэн бугуйвч” киноны Намуунаагийн дүрд тоглохыг санал болгосон. Хүмүүс намайг Намуунаагийн дүрээр илүү таньдаг. Бас жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-ний өдөр гардаг ДОХ-ын тухай кинонд тоглож байсан. Түүнээс хойш “Амьдрал чиний төлөө”, “Амьдралд тавтай морил”, “Хувь тавилангийн ээдрээ”, “Зүүдэнд ч оромгүй явдал”, “Тагнуулч аав”, “Миний хайраа” зэрэг нэлээд хэдэн кинонд тоглосон. Киноноос гадна тайзны уран бүтээл болон телевизийн теле жүжигт тоглож байсан. Саяхан салоны ажилтай давхцаад нэг киноны санал ирсэн ч би амжихгүй гэдгээ илэрхийлж дараагийн уран бүтээлд нь хамтарч ажиллахаар тохирсон.
-Цаашид ямар кинонд ямар дүр бүтээхийг хүсч байна?
-Би биелдэг мөрөөдөлтэй хүн. Нэг мөрөөдлөө биелүүлчихлээ. Одоо хамгийн ойрын мөрөөдөл гэвэл нэг гоё кино хийнэ дээ. Санааг нь гаргаад гоё зохиол бичүүлээд, мундаг найруулагчтай хамтарч, чадварлаг групп бүрдүүлээд сайхан уран бүтээл хийх төлөвлөгөө байна. Санаж явбал бүтнэ, сажилж явбал хүрнэ гэдэг дээ. Ямартаа ч мөрөөдлөө биелүүлнэ гээд бодчихсон байгаа.
-Залуу хүнд, тэр дундаа уран бүтээлчид мөрөөдлөө биелүүлэхэд тодорхой хэмжээний санхүү хэрэгтэй. Эдийн засгийн асуудлаа хэрхэн зохицуулж байна?
-Ажил хийвэл ам тосдоно гэдэг дээ. Ажил хийх тусам үр шимийг нь хүртдэг. Түүнээс гадна надад гэр бүлийн хүн маань маш их тусалж, ноён нуруу болж байна.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин