Азийн топ модель, Манжуурын мисс, “Мисс Монголиа-2010″ тэмцээний дэд байрын шагналт Т.Батцэцэг дэлхийн гоо сайхны олимп гэгддэг “Дэлхийн мисс-2014″ тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор шалгарсан.
Энэ жилийн тэмцээнд дэлхийн 131 орны гоо бүсгүйчүүд өрсөлдөж байгаа бөгөөд яг одоогоор Английн нийслэл Лондон хотноо урьдчилсан шалгаруулалт явагдаж байгаа юм. Орон бүрээс шалгарсан гоо бүсгүйчүүдийн танилцуулга, зэргийг www.ranker.com сайтан дээр байрлуулж, үзэгч дэмжигчдээс санал авч байгаа билээ. Хамгийн сүүлийн мэдээгээр Монгол улсаа төлөөлж оролцож байгаа мисс Т.Батцэцэг санал авсан байдлаараа өрсөлдөгчдөөсөө хол илүү түрүүлж байна. Хоёр хоногийн өмнө Унгарын мисс Эдина Кулчар дэмжигчдийнхээ тоогоор өнгөлж байсан бол өдгөө манай мисс Т.Батцэцэг 15 мянган гаруй хүний саналаар тэргүүлж эхэлжээ.
Энэхүү санал асуулга нь эцсийн дүн гарахад хамгийн их нөлөө үзүүлдэг байна. Мөн Дэлхийн миссийн холбооноос Монголын мисс Т.Батцэцэг нь хамгийн олон эерэг санал аваад зогсохгүй, хамгийн цөөн сөрөг санал авснаараа нэгэн шинэ үзүүлэлтийн эзэн болж байгаа аж. Үүгээрээ тэрээр эхнээсээ л ажиглагчид, шүүгчид, дэмжигчдийнхээ анхаарлын төвд орж ирлээ.
Үсчин, дизайнер хоёрыг араас нь явуулахаар зардал мөнгө хөөцөлдөж эхэлжээ
Сүүлийн хэдэн жил манай улсын нэрийг жүдогийн болон буудлагын хэдэн эмэгтэй тамирчид нь хүч бяраараа илүүрхэж мандуулж байгаа бол гоо үзэсгэлэнгээрээ ч гэсэн монгол охид дэлхийн тавцанд өрсөлдөх чадвартай гэдгээ ийнхүү баталж байна. Эх орноо төлөөлөн оролцож байгаа охин маань Дэлхийн миссийн очир эрдэнийн титмийг тэргүүн дээрээ залж ирэх боломжтой боллоо. Нүүр будагч ч үгүй, стилист ч үгүй, бүр байг гэхэд үсийг нь янзлаад өгөх хүн ч дагаж яваагүй тул найз нөхөд нь сандралдан, аль болохоор амжилт үзүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор үсчин, дизайнер хоёрыг араас нь явуулахаар зардал мөнгө хөөцөлдөж эхэлжээ.
Нэгэнт л улсынхаа нэрийн өмнөөс оролцож байгаа тэмцээн учир томоохон компаниудад хандаж, зардал мөнгөн дээр туслалцаа үзүүлэхийг хүссэн гэнэ. Гэтэл дөрвөн хөлтэй адгуус шүтэж амьдардаг баячууд маань харийн нутагт ганцаараа яваа мисс охиныхоо нэрийг ч мэдэхгүй “Бас тийм мисс байдаг юм уу” хэмээн дургүйцэж байжээ. Дөрвөн хөлтэй адгуус нь жалганаасаа цааш нэрээ дуудуулж чадахгүй байхад эх орныхоо нэрийг гаргаж яваа өөдөсхөн охинд ганц удаа туслахдаа юунд хатуурхана вэ?
Одоо цаг сонин