Бүх урлагийн дотроос хамгийн хүчтэй нь кино урлаг. Сүүлийн жилүүдэд манай кино урлаг хүчээ авч залуу, чадварлаг жүжигчид найруулагчид олноор түрэн гарч байна. Тэднийг нэг болох Монгол Улсын Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын “Захиа” дууны клипээр гараагаа эхэлж, МҮОНТ-ийн “Хэцүү анги” киноны Билгүүний дүрээр үзэгчдийн эчнээ танил болсон жүжигчин М.Наранмөнх удам залгасан авьяасаа “Ахан дүүс”, “Тэнгэрийн хүү”, “Миний ах атаман” зэрэг дэлгэцийн уран бүтээлүүдэд чадварлагаар харуулаад байгаа. Тэрээр найзуудынхаа хамтаар өөрийн гэсэн продакшн байгуулжээ. Л.Ариунболд, Э.Мөнхтулга, М.Наранмөнх гэсэн залуу жүжигчид “Emerald men” продакшныг байгуулсан байна. Бүгд Соёл урлагийн их сургуулийг төгссөн мэргэжлийн уран бүтээлчид ажээ. “Emerald men” продакшн тайз, дэлгэцийн уран бүтээлийг хослуулан ажиллах төлөвлөгөөтэй байгаа талаар мэдээлж байсан тэрээр анхны уран бүтээлээ тун удахгүй хүргэх гэж байна. Тэрээр уг продакшн “Born3d film” продакшнтай хамтран бүтээсэн “КОД” нэртэй уран сайхны киногоо ирэх 12 сарын 5-нд үзэгчиддээ бэлээг барьж нээлтээ хийх гэж байна.
Уг киноны ерөнхий найруулагчаар залуу уран бүтээлч Л.Ариунболд, ерөнхий зураглаачаар “Born3d film” продакшны захирал н.Энхбаатар ажилсан байна. Мөн сүүлийн үеийн дэлгэцийн ашиг орлогоороо тэргүүлж байгаа кинонд олон сайхан дүр бүтээсэн залуу жүжигчин Б.Ариунцэцэг, Б.Мишээл, X-түц продакшны жүжигчин А.Туяа “Fantastic” продакшны жүжигчин Ж.Алтаншагай, МУСТА Ө.Мөнх-Эрдэнэ нар уг кинонддүр бүтээжээ. Харин гол дүрд Э.Мөнхтулга, М.Наранмөнх, Б.Барслхагва нар зэрэг залуу уран бүтээлчид тогложээ.
Оюутны ширээнээс л кино урлаг хэмээх айлын тогоонд чанагдаж явсан жүжигчин Л.Ариунболд хэдэн уран сайхны кино зохиол бичиж байсан удаатай ч найруулагчийн хувьд анхны бүтээл гэнэ.
Монголын кино урлагт од болон гялалзаж яваа шинэ залуу уран бүтээлчдийн бүтээсэн “КОД” хэмээх өвөрмөц содон нэртэй уран сайхны кино нь бусад кононуудаас шинэлэг бүтээл болсон юм. Тиймээс үзэгчдийн дунд нэлээдгүй хүлээлт үүсгээд байгаа уран бүтээлийн нэг болжээ.
www.URLAG.mn