![]() |


Өөрчлөн шинэчлэх, улс орноо хөгжүүлэх хязгааргүй хүсэл тэмүүлэл нь социалист системийг өөрчлөн байгуулах ардчилсан үзэл болж, ардчилсан хөдөлгөөнүүдийн үйл ажиллагааг дэмжин өдөр тутмын үйл ажиллагаанд нь ХААДС-ийн оюутнууд татагдан орцсон цаг үе бол 1989 оны намар байлаа. 1989 оны намар ХААДС-ийн ИМФ-ийн дотуур байрны нэг өрөөнд төгсөх дөрөвдүгээр дамжааны оюутнууд үе үе цуглан цаг үеийн байдлыг ярилцдаг байсан бөгөөд энэ үйл ажиллагаанд Б.Уугансүрэн, Д.Төрбөт, Б.Эрдэнэцогт, Г.Эрдэнэбилэг, Б.Эрдэнэбат, О.Сайнжаргал нарын оюутнууд идэвхтэй оролцдог байжээ. Б.Уугансүрэн Монголын ардчилсан холбоо байгуулагдсанаа зарлаж, Монгол оронд ардчилсан өөрчлөн шинэчлэлт хийхийн төлөө улс төрийн зорилго бүхий тэмцэл өрнүүлэхээ тунхагласан 1989 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн цуглааныг ажиглагч идэвхтэй гишүүн байжээ.
1989 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Дуурь бүжгийн эрдмийн театрын өмнөх талбайд болсон МоАХ-ны хоёр дахь цуглаан, 1989 оны 12 дугаар сарын 28-ны өдөр улс төрийн хоёр дахь хүчин болох Ардчилсан социалист хөдөлгөөн байгуулагдсан үйл явц, 1990 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Ардчилсан социалист хөдөлгөөнөөс ард түмэнд гаргасан тунхагийг оюутнууд талархан хүлээн авсан байна.
1990 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр зохион байгуулагдсан МоАХ-ны дөрөв дэх цуглаанд ХААДС-ийн идэвхтэн оюутнууд ажиглагчийн байр суурьнаас бус гар биеэр оролцох ёстой гэсэн санаачилга гарган салбар зөвлөлөө байгуулах анхны ам тохиролцоонд хүрч анхны зохицуулагчаар Б.Эрдэнцогтыг санал болгон дэмжжээ. Энэхүү хуралд Б.Уугансүрэн, Д.Төрбөт, Б.Эрдэнэцогт, Г.Эрдэнэбилэг, Б.Эрдэнэбат, О.Сайнжаргал, Д.Бадамсэрээжид, Б.Цэвээнпүрэв, Г.Ганхуяг нарын оюутнууд оролцжээ.
1990 оны 02 дугаар сарын эхээр МоАХ-ны анхдугаар их хуралд Б.Уугансүрэн, Б.Эрдэнэцогт нар төлөөлөгчөөр оролцжээ. Анхдугаар их хурлын үеэр МоАХ-ны мөрийн хөтөлбөр, дүрмийг үзэл бодол, ухамсрынхаа үүднээс хүлээн зөвшөөрч талархан дэмжсэн ХААДС-ийн оюутны төлөөлөл МоАХ-ны салбар зөвлөлийг сургуулийн хэмжээнд байгуулах санал гаргасны дагуу 1990 оны 03 дугаар сарын 01-ний өдөр албан ёсоор 058 дугаар салбарыг байгуулахыг зөвшөөрсөн МоАХ-ны итгэмжлэх хуудсыг хүлээн авч үйл ажиллагаагаа 25 хүний бүрэлдэхүүнтэй явуулж эхэлжээ.
МоАХ-оос зарласан улстөрийн өлсгөлөнг дэмжсэн Монголын бүх их дээд сургуулиудын оюутны жагсаал болоход ХААДС-ийн оюутны жагсаалыг 058 дугаар салбар зөвлөл хамтран зохион байгуулж оролцсон байна. Тус салбар зөвлөл МоАХ-ны үйл ажиллагааг байнга дэмжин, оюутны хичээл хаялтыг зохион байгуулж байснаас гадна олон нийтэд мэдээлэл түгээх сурталчилгааны материалыг олшруулах энгийн хэвлэх үйлдвэрийн төхөөрөмжийг өөрсдийн хүчээр хийн ашигладаг байжээ. Өөрсдийн салбар зөвлөлийн сонин, Ерөнхий зохицуулах зөвлөлийн болон өөрийн сурталчилгааны материалаа олшруулж чаддаг хэвлэлийн хэсгийг ажиллуулж байсан нь тэр үедээ бусдаас ялгарах онцлог байжээ.