Шилийн сайн, шилэгдмэл эрчүүдийг “Тунгалаг тамир”-ын Төмөр, “Гарьд магнай”-н Далайцэрэн нараар төсөөлж ирсэн билээ. Төмөр, Далайцэрэн нар шиг сайхан эрчүүд Монголын дэлгэцийн урлагт өдрийн од шиг цөөхөн болсон хэмээн найруулагчид үздэг. Тэгвэл дэлгэцийн урлагт мөрөө үлдээж, шинэ үеийн төлөөлөл болж, өнгө төрхийг өнөө цагт тодорхойлж яваа залуучуудыг танилцуулж байна.
О.Мөнхдалай
Сүүлийн үед загварынхан кино ертөнц рүү хошуурч аятайхан бие хаа, царай зүстэй загвар өмсөгчид нь шилэгдэх болсон. Тод жишээ нь загвар өмсөгч О.Мөнхдалай. Загварын карьераа орхиж кино урлаг руу эргэлт буцалтгүй ороод буй, “Хувьсал” продакшнд харьяалагддаг түүний анхны дүр “Зүрхээр наадагч”-ийн баян, карьерист залуу Билгүүний дүр.
Анхны дүрээрээ л үзэгчдийн хайр, хүндэтгэлийг хүлээж, охид бүсгүйчүүдийн овоо хараанд орсон О.Мөнхдалай гэр бүлтэй. Гэргий нь мөн загвар өмсөгч. Хосууд 3 хүүхэдтэй. О.Мөнхдалай тун удахгүй хоёр дахь бүтээлээрээ үзэгчидтэйгээ эргэн уулзах гэж буй.
Л.ГАНТУЛГА
Кино урлагт шинэ залуу жүжигчид хүч түрэн орж буйн тод илрэл Л.Гантулга. Жүжигчний гараагаа дөнгөж эхлээд байгаа хэдий ч гурван кинонд амжилттай дүр бүтээж үзэгч фэнүүдийнхээ хайр хүндэтгэлийг хүлээгээд буй. Өөрийгөө тал бүрээс нь өвтэгш хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгосон түүний гэгээн мөрөөдөл нь жүжигчин хүн бүрийн хүсч тэмүүлдэг оргил. Хамгийн сүүлд “Тютю” кинонд хөгжимчин залуугийн дүр бүтээсэн Л.Гантулга Хонгконгоос урилга авсан гэнэ лээ. Гадаадын зах зээл дээр өрсөлдөж эх орныхоо нэрийг гаргахаар зорьж байгаа тэрээр одоогийн байдлаар ганц бие. Өмнө нь “Киви” хамтлагийн Намуунаатай хэсэг хугацаанд үерхэж байгаад салсан.
Э.ИДЭРБОЛД
Монголын зүүн хязгаар Дорноговь аймгаас ирсэн жүжигчин Э.Идэрболд. Аймгийнхаа “Саран хөхөө” театрт жүжигчнээр ажиллаж байгаад “Black Box”- т урилгаар ажиллаж буй. Дэлгэцийн бүтээлд цөөхөн тоглосон хэдий ч оногдсон дүрээ чамбай бүтээдэг түүний авьяас ёстой л даравч далдайж, булавч бултайдаг гэж болохоор. Дэлхийн сонгомол жүжгүүдийг шигшиж тоглодог “Black Box” театрт тэнцэж орсон түүнд үе тэнгийнхэн нь битүүхэн атаархдаг гэнэ лээ.
О.Амгаланбаатар
Орчин цагийн Юндэн гөөгөө буюу загвар өмсөгч О.Амгаланбаатар. “Учиртай гурав” киноны Юндэнгийн дүрийг чадварлаг бүтээж үзэгчдийг байлдан дагуулсан. Түүнээс хойш найруулагчдын анхаарлын төвд орж, “Тнгри”, “Big Fish” зэрэг кинонуудад дүр бүтээгээд амжсан. Хамгийн сүүлд “Содура” уран сайхны кинонд тоглосон тэрээр өдгөө кинонд тоглох санал хамгийн их авдаг жүжигчнээр тодроод буй. Хувийн амьдралын тухайд загвар өмсөгч Ж.Энэрэлтэй үерхэж байгаад хоёр тийш болсон ганц бие залуу.
Д.ХОСБАЯР
“Амьдрал чиний төлөө”, “Амьдрал чамаас уйдаагүй”, “Ус дээшээ урсдаг”, “Найз”, “Хөтөч”, “Өнөөдөр” зэрэг дэлгэцийн уран бүтээлүүдэд тоглосон жүжигчин Д.Хосбаяр. Сүүлийн үед эрэлт өндөртэй байгаа түүний бүтээсэн ихэнх дүр нь цагдаагийн дүр байдаг. Сургуулиа төгсөөд л Драмын театрт жүжигчнээр ажиллаж эхэлсэн түүнийг найруулагчдаас хамгийн өндөр үнэлгээ авсан залуу жүжигчин гэлцдэг. Чөлөөт уран бүтээлч болоод удаагүй байгаа тэрээр олон ангит киноны мастер хэмээх хочтой болоод амжсан.
Б.ЭНХҮҮШ
Мөр зэрэгцэн яваа залуу жүжигчдийнхээ дундаас Солонгост мэргэжлээрээ суралцаж, хажуугаар нь кинонд ч тоглоод амждаг Б.Энхүүш. Түүнийг жүжигчин А.Ганчимэгийн анхны хайрын эзэн, хөөрхөн охиных нь аав гэдгээр нь үзэгчид илүүтэй таних биз. Хүүхдийн ордоны дугуйланд багаасаа явж, МУГЖ С.Жавхлангийн “Миний найз” дууны клипэнд бага насаа мөнхлөн карьераа эхлүүлсэн тэрээр хамгийн сүүлд “Зүрх зогсохгүй” кинонд гол дүр бүтээсэн. “Хувьсал” продакшны бүтээл “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинонд хамтран тоглосон А.Ганчимэгтэй дотносч, хөөрхөн охинтой болсон ч хосууд одоогоор тусдаа амьдарч байгаа билээ.
Ж.МӨНГӨНСҮХ
“Сонголт”, “Хувь тавилангийн ээдрээ” зэрэг телевизийн олон ангит кинонуудаар үзэгчдийн танил болсон жүжигчин Ж.Мөнгөнсүх хамгийн сүүлд “Сүүлчийн бүжиг” кинонд тоглосон. Чадварлаг залуу жүжигчдийн эгнээнд дээгүүр давхиж яваа Ж.Мөнгөнсүх угтаа бол сэтгүүлч мэргэжилтэй. Тэрээр “Эмоци” продакшнд харьяалагдан ажиллаж байснаа саяхнаас БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролын хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байгаа сурагтай.
М.НАРАНМӨНХ
Аавынхаа халааг авч жүжигчнээр амжилттай ажиллаж, ахиж дэвшиж яваа залуу жүжигчин М.Наранмөх. Равсал панз буюу МУГЖ Б.Магсаржавын хүү. Тэрээр дунд сургуулийн сурагч байхаасаа карьераа эхлүүлсэн. “Хэцүү анги” киноны эрх хүүгийн дүрээр үзэгчдийн сэтгэл зүрхэнд үлдсэн М.Наранмөнх оногдсон дүрээ чадварлаг бүтээдэг. Ихэнх тохиолдолд гол дүрд тоглож ирсэн түүний тоглосон кинонууд "Ми-15", "Ахан дүүс", "Тэнгэрийн хүү", "Миний ах атаман" зэрэг нийгмийн эмзэг сэдэвт бүтээлүүд. Эерэг дүр оногдож байгаагүй М.Наранмөнхийг эсрэг дүрийн залуу мастер гэж болно.
М.БАЯРБАТ
“Хэцүү анги” олон ангит кинонд баян айлын эрх хүүгийн дүр бүтээж олны танил болсон жүжигчин М.Баярбат. Дуучин, жүжигчин гэх цол гуншинтай тэрээр үе тэнгийн жүжигчидтэйгээ хамтран "Фантастик" продакшныг байгуулсан. Түүний хамгийн сүүлд тоглосон “Сүүлчийн бүжиг”, “Миний ах атаман” кинонууд үзэгчдийг байлдан дагуулсан. Продакшныхаа хэд хэдэн кинонуудын гол дүрд тоглосон ч М.Баярбатыг “Хэцүү анги” киногоор нь үзэгчид анх олж харан, хайрлах болсон.
Б.БОЛОРЧУЛУУН
Мөрөөдлийн театрын уран бүтээлч болж, хошин урлагт өөрийн авьяас чадвараа сорьж яваа Дорнодын авьяаслаг залуу Б.Болорчулуун. Орчин үеийн дэлгэцийн сайхан залуучуудын тоонд зүй ёсоор орох тэрээр жүжиглэхээс гадна хөтлөх, дуулах, шүлэг бичих авьяастай. Хамгийн сүүлд “Хөтөч” телевизийн олон ангит киноны гол дүрд тоглосон. Анх жүжигчин Б.Болорчулуун гэхээсээ илүүтэй мисс Т.Туяамаагийн оюутан найз залуу гэдгээрээ олон нийтэд танигдаж байсан тэр одоогоор ганц бие.
Эх сурвалж: www.grandnews.mn