Томоо их дэлгүүрийн гадна шатаар өгсөхдөө “Хүн ирэхийг хүлээх үү, яах вэ” гэж бодол болон явтал нэг бүсгүй хажуугаар нь яарсан аятай точиг, точиг гэсээр өнгөрлөө.
“Ямар юмандаа яарахаараа ингэтлээ сайварладаг байна аа” гэж бодох зуур бүсгүй гаднах хаалгаар орохыг хараад хар хурдаараа гүйлээ. Гүйх зуураа “Хүүхэн хараад яг мартах гэж байна шүү дээ” гэж тэр өөрийгөө багахан зэмлэж амжив. Хаалга хаагдахаас өмнө арайхийн орж амжтал бүсгүй дотор хаалгыг түлхэж байгаа харагдана. Тэр мөн л ухасхийж хаагдахаас өмнө бүтэн биеэрээ орох гэж зүтгэхдээ бүсгүйн өсгий дээр гишгэж орхив. Бүсгүйн царай хувьсхийж эргэж хараад Томоотой харц тулах мөртөө дальдарч, ум хумгүй явж одлоо. Хүнд хаалга онгойлгож өгдөг тэнэг хүүхнийг Томоо араас нь өрөвдөсхийн харж зогссоноо “Аргагүй дээ чи” гэсэн янзтай ихэмсэг царайлан цахилгаан шатны зүг нуруу цэх, толгой гэдгэр алхлаа. Гаднаас орохдоо хүнээр хоёрын хоёр хаалгыг давхраар нь онгойлгуулж чадсандаа тэр үү сэтгэл нь нэг л таатай. Хүнхэр нүднийх нь угаар хүйтэн аархал жирвэлзэн зайрмагтана.
Тэрээр зургаан давхарт гарах гэж хоёр цахилгаан шатны аль нэгнийг хүлээн зогслоо. Баруун шат нь зүүнээсээ үл ялиг хоцрон уруудаж яваа нь хаалганы дээр асах давхрын тооноос харагдах ажээ. Энэ хооронд хүмүүс нэмэгдсээр байгаа боловч яагаад ч юм бүгд л Томоогоос зайтай зогсоно. Хар үнэгэн малгайг хазгайдуухан тавьсан дэгжин хүүхэн товор товор алхсаар ирснээ Томоог харуут зог тусан зайлж ямар нэгэн аюулаас сэрвээтсэн зээр шиг сэртэлзэв. Юу нь болохоо байчихсан юм бүү мэд хүмүүс ингээд байдгийг тэр гайхахаас цаашгүй. Ер нь хүмүүс түүнээс учиргүй дөлөмтгий. Түүнд хамгийн их ойртсон, тэр байтугай зүрх сэтгэлийн тухай ярьж үзсэн Сараа гэдэг хүүхэн хүртэл нэг л өдөр өөрийнхөө тэнэгийг гайхсаар явж одсон. “Чиний гутлын хоншоор, нүдний шил, чиний цамцаа товчилсон чинь хүртэл миний зэвүүг хүргэдэг. Чиний инээхийг би үзэн яддаг. Чамд угаасаа инээд ч зохихгүй. Чиний нүд бол чөтгөрт л байх нүд” гэж амьсгаагаа давхцуулан байж хэлээд явчихсан юм. За тэр хамт олон бол бүр ойлгомжтой. Уг нь Томоо зожигрохыг хүсдэггүй л дээ. Ажлынхан нь ямар нэгэн юм болоод мөнгө төгрөг цуглуулахад тэр бусдын жишгээр л өгнө. Ганц нэг орой гадуур гарахад Томоо цуг явах хэдий ч нэг л мэдэхэд гав ганцаар булан тохойд торойж суух. Тэрээр энэ бүхэнд одоо ижил дасал болж дээ.
Цахилгаан шатанд орох хүмүүс яагаад ч юм яардгийн адилаар Томоо ч гэсэн “Аль бүхээгт нь орвол түрүүлж дээшээ гарах бол” гэж бодно. Түрүүчийн бүхээг ирж, ихэнхи хүмүүс тийшээ бөөгнөрч, зарим нэг нь өөрийгөө арай түрүүлж ирснээ ойлгуулах гэж түрэмгийлэн давшилна. Томоо ч гэсэн зүтгэвэл орж ядах юмгүй. Тэртээ тэргүй бүгд л түүнээс зай авахыг хүсэх тул зарим нь үлдэнэ гэдгийг мэдэж байгаа. Гэхдээ Томоо зүтгэсэнгүй. Учир нь “Энэ бүхээгт олон хүн орсон тул давхар болгонд зогсоно гэсэн үг” гэж магадлалын онол бодоод арай сүүлдэж ирэх дараагийн бүхээгт цөөн хүнтэй орохоор шийдлээ. Өнөөх хар үнэгэн малгайтай бүсгүй болон бусад пиг дүүрэн хүнтэй эхний бүхээг хаагдахтай зэрэгцэн дараагийн бүхээг нээгдлээ. Томоо хэд хэдэн хүний хамт оров. Тэд аль болохоор түүнд ойртохгүй захалцгаана. Томоо мэдэрсэн хэдий ч анзаараагүй хүн болон унжуу хамрынхаа уг дээр тохсон зузаан шилний цаанаас гөлөгнөх шар ногоон нүдээр давхрын тоо ээлжлэн солигдох бяцхан дэлгэцийг үелзүүлэн ширтэнэ.
“Хажуугийн бүхээг аль давхарт яваа бол. Дор хаяж арав гаран хүн орсон. Хэрвээ миний бодсон зөв бол дөрөв, тавдугаар давхруудад зогсож л таараа. Тэгэхээр би зургаан давхарт түрүүлж гарна” гэж бодохоор түүнийг сэтгэл үл ялиг тайвширч, гэрлийн очис хацар, нүүр лүү нь үсчих шиг жирвэгэх нь таатай ч юм шиг. Дэлгэцэнд тоо ээлжилсээр. Гэтэл Томоод “Нөгөө бүхээгнээс буух хүнгүй шууд л зургаан давхарт гарчих юм биш байгаа” гэсэн бачуухан бодол багалзуурдаад ирэв. Ямар нэг асуудалд анхаарлаа төвлөрүүлэхээр Томоогийн цээжинд ч юм уу, тархинд ч юм уу үл ойлгогдох бачуурал үүсэж бүр нүүр нь чинэрээд ирдэг гэж байгаа. Үүнийгээ мэддэг болохоор тэрээр өөрийгөө сайн барихыг хичээдэг юм. Хичнээн хичээсэнд нүүр нь халуу шатаад эхлэв. Нөгөө ирвэгнээд байсан очис галын цучил болон хувирах шиг. Тэгэхээс тэгэх гэсэн шиг бяцхан дэлгэцэнд асах тоо тав дээр очоод гацчихлаа. Нэг настайвтар авгай энэ давхарт буух гэсэн юм байж. Авгай том торондоо түүртсэндээ ч биш зүгээр л ямба нь ийм юм болов уу гэмээр удаан хөдөлсөөр арай хийж нэг юм гарав. Байж ядсан Томоо эгээтэй л араас нь түлхчихсэнгүй.
“Шуналын хар тулам ингэж хүнд гай болохоор гэртээ л хэвтэж байхгүй энүүгээр салгалж явдаг нь юу вэ” гэж Томоо тархиа сийгүүлэн бодлоо. Бүхээгний хаалга хариугүй хаагдах гэж байтал түүний араас бас нэг залуу:
– Өө, тав уу? гэхэд хэн нэг нь
– Тийм гэж шивнэх үед хаалга зууралдсаар хаагдав.
– Би буух байсын. Наадахаа дарчихдаа гэхэд товчлуурын дэргэд зогсох нэгэн онгойх товчийг дарлаа. Томоогийн хамаг цус нь хөөрч, хацар шанаанд нь тунарч ирэв.
Хаалга мөн л зууралдан байж онгойх нь өчнөөн жил өнгөрчих мэт удах авч Томоо тэссээр л байгаа. Гэвч тэрээр дотроо “Түрүүний бууж байхгүй салгалсан муу новш” гэж хахирган өнгөөр хашгирч байв. Залуу санаандгүй эргэж Томоотой харц тулах мөртөө хамаг үс нь босов уу гэмээр болж чичрүүдэсээ дарах гэсэн шиг биеэ займчаад хурдхан арилж өгөв. Томоо “Новшийн муу өгөр” гэж эгээ л хашгирчихсангүй. Хий дэмий л шүднийхээ завсраар сийгүүлэн гаслаад хүмүүсийн дунд байгаагаа санан уруулаа жимийлээ. Түүний сэтгэл улам бүр шагалзан шазвалзав.
“Хэрэггүй л энд орлоо. Нөгөөхөд нь суусан бол өдийд бууж байхгүй юу” гэж бодохоор дахиад л гасламаар. Ядаж байхад бүхээгний хаалга гол гогдох мэт удаан хаагдах аж. Болдог бол хоёр талаас нь шахчихмаар. “Хоцорсоон, хоцорсон. Новш, новш” гэж байж ядсан Томоо хий дэмий хоёр хөл дээрээ займчаад хөшингө харцаар адар ширтлээ.
Хүмүүс түүнийг ажиглаад байх шиг санагдахаар нь үл анзаарагч болон давхар бүрийн тайлбарыг амандаа, гэхдээ бусдад бас ч гэж сонсогдохоор уншив.
– Дөрвөн спортын хувцас … бараа … таван давхар цахилгаан бараа … дандаа бараа … гэснээ новш гэж амандаа хэлчихээд хүзүүгээ хөдөлгөхгүйгээр харцаар аягандаа эргэлдүүлж бусдыг ажиглавал онц юм мэдэгдсэнгүй.
Бүхээг дуртай дургүй дээшилсээр арайхийн зургаан давхарт зогссон ч мөн л хаалга нь онгойх гэж жил болчих шиг санагдана. “Хажуугийн бүхээг аль хэдийн ирээ биз” гэж санахаар Томоогийн шээс савирчихаа алдана. Хаалга үнэн онгойв уу, худал онгойв уу Томоо урдаа байгаа хүнээ яав гэмээр түлхсээр гарч ирээд хажуугийн хаалгыг харан
– Түй, муу новш . . . гэж хэн хүнийг цочтол хэлээд хий нулиман шал дэвсэв. Хүмүүс оголхийн дөлөөд эргэн, эргэн харсаар явж одлоо. Томоо нитгэрсэн улаан царайгаа шингэрүүлэх гэсэн мэт уртаа гэгч нь санаа алдаад хажуугийн хаалганы өмнүүр өнгөртөл ард нь бүхээг дөнгөж ирсний дохио болсон “Донн” гэсэн чимээ сонсогдлоо. Томоо чихэндээ итгэлгүй эргэн хартал хаалга удаавтар онгойж дотроос нь хар малгайт хүүхэн болоод бусад хүмүүс уван цуван гарч ирцгээхийг шилтэйгээ нэг, шилээ авч нэг харав. Томоогийн худаг мэт гүн ухархайн тэртээ ёроолд юуны ч юм оч гялс хийж, нүүрнийх нь чинэрээ сулараад ирэх нь тэр.
Их дэлгүүрийн зургаан давхарт Томоо мөн л нуруу цэх, толгой гэдгэр алхаж явна. Гэнэтхэн түүнд дэлгүүрээс гарахад түрүүний тэнэг хүүхэн шиг хүн урд нь таардаг болов уу, яадаг бол гэсэн бодол бодогдоодохлоо . .
Т.Бум-Эрдэнэ