Нээрээ л заримдаа дэлхий ертөнц бүхэлдээ ганцхан намайг тойрон эргэлдээд байх шиг. Эсвэл бүр эсрэгээрээ би үгүй эсэх нь хэнд ч хамаагүй, бүх ертөнц эргэдгээрээ л эргэнэ дээ гэж бодогддог. Өөрийн минь хувьд нүдний үзүүрт зурвасхан харагдаад өнгөрөх хэн нэгэн бол тэр нэгэн өөрийнхөө хувьд амьдралын гол дүр байдаг. Ийм л нэгэн гол дүрүүдтэй уулзаж, тэдний амьдрал, санаа бодлыг тавхан хором саатан сонсож яагаад болохгүй гэж. Энгийн л нэгэн иргэний талаар өгүүлдэг ярилцлагын буландаа Нарантуул ОУХТ-д дуу дуулж амьдардаг Д.Эрдэнэжавыг урилаа.
-Сайхан зусч байна уу, ахтай уулзах гэж зорьж ирсэн дүүдээ өөрийгөө танилцуулаач?
-Намайг Д.Эрдэнэжав гэдэг. Захынхан маань миний нэрийг товчлоод Ээгий ах гэж дууддаг. Би Улаанбаатар хотод 1971 оны гуравдугаар сарын 18-нд дөрвөн хүүхэдтэй айлын бага хүү болон мэндэлсэн. Сонгинохайрхан дүүргийн иргэн. Аав минь насаараа Барилгын материалын үйлдвэрт ажилласан, харин ээж минь Мах комбенатийн хүн. Би одоо 39 настай. Өөртөө өвчнөө үүрчихээд л амьдарсаар л явна.
-Ямар өвчтэй гэж?
-Би эхээс төрсөн цагаасаа тархины наалдангитай, тархины даралтаас болж баруун нүд хараагүй болсон. Цэцэрлэгт байхад хүүхдүүд их шоглож сүүлдээ сургуульд ч сураагүй. Учир нь байнга доромжлуулна шүү дээ. Энэ өвчнөөсөө болоод ажил төрөл хийгээгүй группт орж одоо бол байнгийн эмчийн хяналтанд явдаг. Төр засгаас минь үнэгүй эмчилгээ хийдэг болохоор өдий хүртэл явж л байна.
– Та хэзээнээс дуулж эхэлсэн бэ?
– За даа, 1994 оноос бага ах Энхбаатарын хамт Дэнжийн мянгад анх “ Хос шарга” хэмээн дуулж гарч ирсэн дээ. Тэр цагаас хойш МУГЖ П.Адарсүрэнгийн дуунууд, Завхан голын дуу, ээжийн дууг байнга дуулдаг. Харин 2010 оноос ахтайгаа хамт Нарантуул Олон улсын худалдааны төвийн төв хаалганы өмнө дуулж байсан. Ах маань хоёр жилийн өмнө нас барсан. Тэр цагаас би ганцаараа дуулж эхэлсэн дээ. Одоо бол захын хойд талд комиссын барааны дэргэд одоо өдөр бүр өглөөний 11 цагаас 17 цаг хүртэл дуулна шүү дээ. Ахыгаа ч их үгүйлэх юм даа. Дуулах үедээ их зүйл бодно шүү дээ.
-Хаана, хэнтэй амьдарч байна даа?
-Талийгаач ахынхаа гурван хүү нэг охинтой хамт амьдардаг. Бага нь 4 настай том нь 14 настай. Үнэндээ ахынхаа эмчилгээний зардлыг төлж чадаагүйгээ бодоод би өөрийгөө буруутай гэж бодож, зэмлэж явдаг. Тэр цагаас хойш ахынхаа гэр бүл хүүхдүүдийнхэн төлөө амьдарна гэж өөртөө андгайлсан.
-Та өдөрт хэдэн төгрөг олж байна, олсон хэдэн цаас чинь юунд зарцуулагдаж байна вэ?
-Би ажил хийж чадахгүйгээс хойш дуулна. Түмнийхээ буянаар 20 мянган төгрөг ч олчих өдрүүд бий. Өвөлдөө орлогогүй, зах дээр ирдэг хүн цөөрдөг тул зах дээр уут, ширхэгийн юм зарна. Ямар нэг юм хийхгүй л бол бид чинь “үүдэнд нь жаахан дулаацаад гарья” гэж хэлэх ч эрхгүйгээр хөөгдөж туугддаг улсууд шүү дээ.
Харин зун бол сайхан шүү. Бүртгэдэг, хянадаг дарга байхгүй ч өөртөө амралтын өдөр өгдөггүй. Зах амарсан хоёрдахь өдөр багшийн дээд хавиар дуулж овоо л олчихдог. Олсон хэдэн төгрөгөөрөө гэдэс, цувдай, гурил, хүүхдэд амттай шимтэй зүйл аваад харьдаг. Тэр хэдэн хүүхэд аавыгаа хүлээдэг байсан бол одоо намайг л хүлээдэг. Би өөрөө хүүхэдгүй болохоор ахынхаа дөрвөн хүүхдийг амьдралд минь ирсэн бурхан гэж боддог. Тэднийгээ сургуульд л оруулахсан гэж бодож байна.
-Бэрхшээлтэй зүйл гэвэл юуг хэлэхээр байна?
– Анх бишгүй л их бэрхшээл байж. Цагдаа нар хөөж тууна. Бүр Дэнжийн мянгад ах бид хоёроос нэг өдөрт гурван удаа дарамталж нэхэж байсан, сүүлдээ больсон. Зах дээр ч зарим худалдаачид “муухай бахираад ядаргаатай юм” гээд хөөж туудаг. Залуу охинд алгадуулж, залуучуудад зодуулж байсан удаа ч хэд хэд бий. Төрөлхийн өвчтэй болохоор хүмүүс ад үзнэ. Сүүлд Ганданд дуулах гэж явж байхад манаач нь өөдөөс нохойгоо тавьж нэг гараа уруулсан.
– Хааяадаа балгачихаж байна уу?
– Би ер нь сайн сайхан бүхнийг л бүх хүнд хүсэж санаж явдаг захынхан намайг андахгүй архи уухгүй, хулгай хийхгүй, худал хэлэхгүй гэдгийг бүгд мэднэ. Яах вэ дутагдаж гачигдах зүйл бол байлгүй яах вэ, гэхдээ тэр бүр муу зүйл бодож явдаггүй аль болох сайн сайхан зүйл бодож амьдардаг. Сайн сайхан, өөдрөг дуу дуулахсан ч гэж хичээдэг.
-Юу хүсч, мөрөөдөж байгаагаасаа хуваалцаж болох уу?
-Уг нь би кино үзэх дуртай шүү дээ. Жүжигчин болох мөрөөдөл бол бүр багынх. Одоо нэг инээдмийн юм уу драмын кинонд туслах дүр, эсвэл бүр үзэгдээд өнгөрөх дүр байсан ч сэтгэлэсээ тоглоно. Би очиж чадах биш дээ, оруулах ч үгүй. Харин над дээр ирж киноны санал тавьбал үнэхээр бүх хүчээ гаргаж тоглож чадна. Нэг л амьдрах юм чинь яадаг юм, тийм үү.
Ийнхүү бусдад ад үзэгдэн, амьдрал дуулсаар яваа ах нэг санаа алдаж инээмсэглэчихээд цааш дуугаа эхлүүлэн алхлаа. Би ч ажлын зүг хөдөлсөн юм.
Энх улирал шимтэн шимтэхийн эх ээ
Энх улирал мянган жаргалын үүд ээ хө
Уугуул нутгийн таалаад
Урин салхи нь сэвэлзээд
Үүлэн салхины үзүүрт сэргээ юм уу
Унаган хүлгийн минь хатир чангараад
Энх улирал шимтэн шимтэхийн эх ээ
Энх улирал мянган жаргалын үүд ээ хө
Эх сурвалж: News.mn