Хоёр зууныг дамнан он цагийн уртад андлан үерхэж, андгайлан нөхөрлөж өнөөдрийг угтсан Уран бүтээлийн “Гал” нэгдлийн гишүүд, түүний ар гэр, ахан дүүс, анд нөхөд та бүхний амар амгаланг айлтгая.
Уран бүтээлийн “Гал” нэгдлийг үүсгэн байгуулж албажуулсан нь 1977 он боловч үнэндээ 1975 оноос бид бие биенээ олж нөхөрлөсөн бөгөөд үүгээр эш үндэс болговол бидний нөхөрлөлийн 40 жилийн ой энэ жил тохиож байгаа юм. Дөчин жилийн турш дөрөө харшуулан галигуулан нөхөрлөж их утга зохиолд үнэнчээр үлдсэний төлөө анд найзууд та нартаа гүн талархал дэвшүүлж байна.
Уран бүтээлийн “Гал” нэгдлийг байгуулсан нь уран бүтээл туурвин бүтээхийн их хүслийн титэм санаа байсан. Бие биенээ дэмжих торгон хүрээ буй болгох замаар утга зохиолын ертөнцөд орон зайгаа эзлэх бодлогын томъёолол байсан. Утга зохиолын бие даасан байгууллага байгуулж өөрийн онол суртахуун, урсгал чиглэлийг буй болгох алс хэтийн зорилтын оршил байсан.
1977.10.25-ны өдөр миний бие “Уран зохиолын “Гал” нэгдлийн өмнө тулгарч байгаа зорилтын тухай Ү. Хүрэлбаатар миний бодол” хэмээх 10 зүйлийн учирлал бүхий асуудал дэвшүүлсэн зүйл бичиж “Дело” хэмээх бор хавтсанд хийж үдээд журмын нөхдүүдээрээ тойруулан уншуулж эчнээ хэлэлцүүлэг хийсэн юм. Тэгээд Октябрийн баярын маргааш буюу 1977.11.8-ны өдөр Г. Мэнд-Ооёогийнд цугларч Уран бүтээлйн “Гал” нэгдлийн анхдугаар хурлыг хуралдуулж, албан ёсоор байгуулсан болно.
Сонирхуулахад, Анхдугаар хуралд ирвэл зохих 9 гишүүнээс 7 нь цагтаа ирж, 1 нь хожимдон ирж, 1 гишүүн хурал тасалсан байна. Тухайлбал, УБДС-ийн оюутан Г. Мэнд-Ооёо, МУИС-ийн оюутан Ц. Ойдов, ШУА-ийн эрдэм шинжилгээний ажилтан Ү. Хүрэлбаатар, МЗХ-ны ажилтан Ш. Гүрбазар, бие даасан Б. Сундуй, Ясны сүрьеэгийн эмч Д. Цогт, УБДС-ийн оюутан Я. Баатар нар цагтаа ирж, АУДС-ийн оюутан Л. Мягмарсүрэн 5 минут хоцрон ирж, УБДС-ийн оюутан Ж. Саруулбуян тодорхой бус шалтгаанаар хуралд ирээгүй байна.
Хурлыг Ц. Ойдов албан ёсоор нээж, удирдсан. Хэдийгээр эчнээ хэлэлцүүлгийн явцад гишүүд санал бодлоо чөлөөтэй, ажил хэрэгч илэрхийлж, зарчмын асуудлууд шийдвэрлэгдсэн боловч тодорхой асуудлуудаар хурц мэтгэлцээн болж байлаа. Тухайлбал “Гал” нэгдэл байгууллага мөн эсэх талаар хурц маргаан өрнөж байсан. Маргааныг шийдвэрлэсэн талаар хурлын протоколд “Гишүүдийн саналаар, энэ нэгдэл нь сайн дурын биеэ даасан байгууллага мөн…Бидний байгууллага нь бие биеэ хайрлан хүндэтгэх нөхөрлөлийн дээд юм” хэмээн тэмдэглэсэн байна. Зохион байгуулалтын асуудал хэлэлцэж 4 хүний саналаар Уран бүтээлийн “Гал” нэгдлийн ахлагчаар Г. Мэнд-Ооёог, нийтийн саналаар Ү. Хүрэлбаатарыг архивын эрхлэгчээр, Ц. Ойдовыг уран сайхны хэлтсийн эрхлэгчээр сонгосон билээ. Протоколыг үнэн зөв хөтөлсөн Я. Баатар гэсэн Анхдугаар хурлын материал өнөөдөр түүх болж, эрдэм судлалын судлагдахуун болж хувирсан байна.
Уран бүтээлийн “Гал” нэгдлийг дээр нэр дурдсан 9 гишүүн үүсгэн байгуулж, нэн удалгүй О. Дашбалбар, Д. Нямсүрэн, Ж. Оюунцэцэг нэр жинхэнэ гишүүнээр элсч нийтдээ 12 гишүүнтэй болсон билээ. Мөн Батешхаан хэмээх казак бүсгүй бидний дунд нүд эрмэхийн зуурхан орж гарсан бөгөөд тэрбээр хараахан Гал нэгдлийн гишүүн болоогүй юм.
Арван хоёр жил шиг бэлгэдэлт эдгээр 12 гишүүний тэр үед хамгийн залуу нь 20 настай Я. Баатар, Л. Мягмарсүрэн, Ж. Саруулбуян, О. Дашбалбар дөрөв байсан бөгөөд хамгийн ахмад нь 30 настай Д. Нямсүрэн, бусад нь 23-25 настай залуучууд байлаа. Гал нэгдлийн гишүүдийн дундаж нас 23 байсан юм.
Гал нэгдийн гишүүдийн төрсөн нутгийг газрын зураг дэлгэж үзвэл Монгол улсын наран ургах зүгээс наран шингэх зүг хүртэлх зүүн, баруун төвийн бүсийг бүхэлд нь хамарсан хүмүүс байлаа. Тухайлбал, Сүхбаатар аймгаас 3, Говь-Алтай аймгаас 2, Хэнтий аймгаас 2, Завхан, Өвөрхангай, Төв, Дорноговь, Улаанбаатар хотоос тус бүр нэг хүн гишүүн болсон байлаа. Баян-Өлгийн Батешхааныг энд нэмбэл бүр ч сонин дүр зураг тодорно.
Өнөөдрийн өндөрлөгөөс харахад Уран бүтээлийн Гал нэгдлийн гишүүд бүгд утга соёлын салбарт өөрийн орон зайг хэдийнэ эзэлж, Монголын утга зохиол, сэтгүүл зүй, түүх, өв соёлын гол зүтгэлтнүүд болж, дэлхийн дэвжээнд монголын утга зохиол, соёлыг төлөөлөх зүтгэлтнийг төрүүлсэн байна.
Гал нэгдийн гишүүдийн 50 хувь буюу 6 гишүүн Монгол Улсын төрийн дээд алдар цол хүртсэн сайхан мэдээлэл байна. Тухайлбал О. Дашбалбар Монгол Улсын Төрийн шагнал, Г. Мэнд-Ооёо, Ш. Гүрбазар, Ж. Саруулбуян, Ү. Хүрэлбаатар нар Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, Ц. Ойдов Монгол Улсын Урлагийн гавъяат зүтгэлтэн цол хүртсэн байна.
Гал нэгдлийн гишүүдийн 33 хувь буюу 4 гишүүн эрдэмтэн болсон сайхан мэдээлэл бас байна. Тухайлбал Я. Баатар, Ү. Хүрэлбаатар нар Хэл бичгийн ухааны доктор, Ж. Саруулбуян Урлаг судлалын докторын зэрэг хамгаалж, Г. Мэнд-Ооёо Утга зохиолын докторын зэрэг хүртсэн байна.
Уран бүтээлийн Гал нэгдлийн ахлагч Г. Мэнд-Ооёо эдүгээ Монголын Соёл Яруу найргийн Академийн тэргүүн төдийгүй Дэлхийн соёл утга зохиолын академийн дэд ерөнхийлөгч болж Галын төдийгүй дэлхийд монголын утга зохиолын нэрийн хуудас болон явж байна. Очирбатын Дашбалбар монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч нэрт эх оронч, тэмцэгч яруу найрагч болон мөнхөрсөн бол Данзангийн Нямсүрэн Дорнын их яруу найрагч хэмээн хүлээн зөвшөөрөгдөж, утга зохиолын бүхэл бүтэн үеийн даган дууриах, бишрэл хүндэтгэлийн бэлгэдэл болон мөнхөрч байна. Монгол Улс, монголын ард түмэн Цэвээндоржийн Ойдовын бүтээсэн Төрийн сүлдэнд сүсэглэн амьдарч байна. Гал нэгдлийн оюун санааны удирдагч Дагвадоржийн Цогтын нөмөр нөөлөг одоо хүртэл хадаглагдсан хэвээр бөгөөд Ядамбатын Баатарын утга зохиолын суурь судалгаа, Жүмпэрэлийн Саруулбуяны адуун соёлын судалгаа өв соёлын ертөнцөд өнөөдөр жин дарсаар байсан. Бат-Очирын Сундуйн Балжийн зулзаган монос шиг цэвэр ариун монгол сэтгэлгээт шүлгүүд одоо хүртэл олны дунд амьд оршсоор байгаа бөгөөд Лхамжавын Мягмарсүрэнгийн уран зохиолд үнэнч сэтгэл даруй гурван үеийн залуусыг Гал нэгдэлтэй холбох гүүр болж байгаа бол Жамсрандоржийн Оюунцэцэгийн орчуулга монголын утга зохиолыг Европ, Америк тивтэй холбогч гүүр болсоор байна. Шагдарсүрэнгийн Гүрбазар монголын ард түмний хайртай уран бүтээлч болсон бөгөөд түүний олон талт авъяас улам бүр шинээр нээгдэж ундарсаар байна.
Уран бүтээлийн Гал нэгдэл хэмээх нууц бүлгэм байгуулагдсан нь тухайн цаг үеийн бүтээгдэхүүн байсныг онцлон тэмдэглэхийг хүсч байна. Тэр үед нэг намын үзэл суртал ноёлж байсан нь чөлөөт сэтгэлгээний бүтээл болох уран зохиолын хөгжилд саад болж байсан, төрийн бус байгууллага байгуулах боломж иргэдэд хуулиар хаалттай байсантай шууд холбоотой бөгөөд ер нь бидий үерхэл нь үерхэл нөхөрлөлийн хүрээнээс тэр үед хэдийнэ давж, байгууллага байгуулах зохион байгуулалтын өндөр түвшинд хүрч байсныг илтгэж, бас нотолж байгаа юм.
ХХ зууны далаан оны төгсөлд Уран бүтээлийн Гал нэгдэл байгуулагдсан нь монголын утга зохиолын хөгжилд цоо шинэ үе эхлэхийн дохиолол, бэлгэ тэмдэг болсон бөгөөд далаад оны сүүлч, наяад оныг бүхэлд нь туулж ерэн онтой золгох айсуй цагийг лавтайяа арван таван жилийн өмнө зөгнөсөн зөн мэдрэмж байсныг Та бид он цагийн энэ өндөрлөгөөс эргэн харж байна. Айсуй цагийн мэргэд болсон Гал нэгдлийн анд найзууддаа талархал өргөе.
Ү. ХҮРЭЛБААТАР