Монголын хөгжмийн ертөнцөд үнэтэй хувь нэмэр оруулсан "Ocean grey" продакшн байгуулагдаад 3 дахь жилдээ болж байгаа билээ. Тус продакшн цоо шинэ, мэргэжлийн дуу бичлэгийн шинэлэг өнгө төрхтэйгээр та бүхэнтэй уулзаж байгаа бөгөөд энэ хүрээндээ монголын рок, попын ертөнцийхнийг нэгэн дор хуруулсан "Ocean Grey" нээлтийн шоугаа маргааш “Crocus event hall”-д 19 цагаас толилуулахад бэлэн болоод байна.
Тус шоунд: Төрийн соёрхолт, дуучин Д.Болд, МУГЖ, Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа, ая зохиогч, продюсер Б.Ангирмаа, дуучин С.Сэрчмаа, “Sweetymotion” хамтлагийн дуучин Э.Ганболор, “Гурван охин” хамтлагийн дуучин Г.Анхмаа, дуучин Э.Болор-Уянга, Ч.Цэлмүүн, А.Хишигдалай, реппер Цэцэ болон “Камертон”, “Киви”, “Honey moon” зэрэг Монголын орчин үеийн хөгжмийн урлагийн шилдэг уран бүтээлчид оролцох юм. Нэг ёсондоо “Ocean Grey” продакшны нээлтийн ажиллагаа энэ намрын анхны томоохон шоу тоглолт болох нь ээ.
Өнгөрсөн 3 жилийн хугацаанд тус продакшн хөгжим сонирхогчдын эрэлт хэрэгцээнд нийцүүлэн хөгжмийн олон талт урсгалаар шинэлэг хэв маяг, дуугаралт, найруулга бүхий дуу, уран бүтээлүүдийг мэргэжлийн түвшинд туурвин ажиллаж, Монголдоо төдийгүй олон улсын хэмжээнд хийсэн бүтээлээрээ үнэлэгдэж байна. Тухайлбал, тус продакшн “Киви” хамтлагийн дуучин Ц.Намууны “Ганц хором”, дуучин Х.Отгоогийн “Chill Out” зэрэг цомгууд дээр ажилласан бол одоо Төрийн соёрхолт, дуучин Д.Болд болон “Sweetymotion” хамтлагийн дуучин Э.Ганболор, “Киви” хамтлагийн дуучин Укагийн шинэ цомгууд дээр ажиллаж байгаа гэнэ. Харин энэхүү продакшныг үүсгэн байгуулагчдын тухайд, залуухан уран бүтээлчид бий. Тэдний нэг нь анх “Universe Best Songs-2009” наадмаас төрөн гарсан чадварлаг уран бүтээлч залуу Б.Нацагдорж юм. Тэрээр анх өөрийн авьяас чадвараараа урлагт хөл тавьсан бол өдгөө үүнийгээ олонд ийн батлан харуулсаар явна. Ямартаа ч Монголын хөгжмийн салбарт нэгэн шинэ салхи ийн сэвэлзэх нь ээ.
Фэйсбүүк хуудас: www.facebook.com/OCEANGREYPRODUCTION
Лавлах утас: 9995-8058
www.Urlag.mn