“Өвөө! Би шүлэг бичдэг болсон. Танд удахгүй үзүүлнэ” хэмээн зургаан жилийн өмнө өвөөдөө өгүүлж байсан Баярхүүгийн Нандинцэцэг охин анхны номоо хэвлүүлэн, яруу найрагч өвөөгөө магнай хагартал баярлуулж буй нь энэ. Анхны номыг нь эх барин авсан өвөө нь яг л анхны зээгээ үзэн баярласан шиг тэр баярт мэдрэмжийг ахин эдэлж, бяцхан зээ охиноороо бахархаад барахгүй байгаа аж. Онгод цадиг гэдэг бол бурхны бэлэг бөгөөд түүнийг хүн өвлөж төрдөг гэлцдэг. Яруу найрагч өвөө нь 50 жил шүлэг бичин, 30 ном хэвлүүлж амжсан бөгөөд түүний энэхүү онгод авьяасыг зээ охин Б.Нандинцэцэг нь өвлөн төрсөн аж.
Энэхүү номонд “Ертөнц” нэртэй нэгэн эссе байгаа бөгөөд номоо ингэж нэрлэсэн нь ч их учиртай юм. “Дэлхий гэдэг сургууль долоон тэрбум сурагчтай. Харин би бол “Монгол” хэмээх гурван сая сурагчтай ангид сурдаг” гээд төгсгөлд нь “Дэлхий сургуулийн Монгол гэх ангид сурдаг дөнгөж нялхран босож байгаа, энгийн нэгэн ширээнд суудаг сурагч Б.Нандинцэцэг юм. Би тэр ширээг хий хоосон том ширээ биш, дурсах дурсамж, суралцсан сургамж, олсон мэдлэг бүхнээрээ дүүрэн том ширээ болгон мандуулалцах болно” хэмээн бичжээ.
Энэ ном нь ээж, аав, хайр, өвөө, багш, ертөнц, эх нутаг, мөрөөдөл зэрэг агуулгын хувьд ихээхэн баялаг байгаа нь уншигчдын анхаарлыг татаж байна. Тэрээр өрөөл бусдыг дууриалгүй, өөрийнхөөрөө сэтгэж чадсан нь энэхүү номын гол онцлог юм. Мөн эл номонд орсон хар зургуудыг авьяаслаг охин маань өөрийн гараар зурсан нь бас нэгэн бахархууштай үйл гэлтэй.
Арван зургаахан настайдаа өөрийн бүтээлүүдийг нэгтгэн гаргасан энэ номондоо хүнд бүрэлдэх бүхий л муу муухай ба хамгийн төгс төрхүүд болон эцэг хүний халамж, эх хүний хайр энэрэл, хайртай өвөө болон нөхөрлөлийн утга учир, урвалт, худал амлалт, хүн төрөлхтний ааш араншин, дурсамж дахь багш, эмэгтэй хүний гоо үзэсгэлэн, зүүдний ертөнцөө хүртэл тайлагнасан нь түүний авьяасыг бэлхнээ илтгэн харуулна.
Би хэлье
Бүхэл бүтэн Ертөнц миний дотор багтдагийг
Бурхан чөтгөр хуримлаж миний зүрхэнд суудгийг
Там диваажин ханилж миний тархинд оршдогийг
Тансаг тарчиг хосолж миний аашинд нуугддагийг Би хэлье.
Захирдаг байсан бол энэ эх орон минь… гэж мөрөөддөгөө
Зандарч болдогсон бол энэ хэдэн луйварчдыг … гэж боддогоо
Хороож болдог бол энэ хужаа нарыг … гэж санадгаа
Хамгаалж болдог бол энэ газар шороогоо … гэж хүсдгээ Би хэлье
/Сүхбаатарын хөшөөг Чингисийн хөшөөгөөр солих мэдээг сонсоод бичсэн шүлэгнээс нь дээжлэв/
“Амьдрал баян бөгөөд сайхан, зам урт агаад саруул билээ. Мэдлэг эрдмээр ухаанаа сэлбэж, ном хэмээх аугаа ертөнцөд умбаж чадваас хүслэн бүрдэж, зорилго бүтдэг жамтай. Оргилын цаана оргил буй. Анхны гараанаас алсын зам эхлэлтэй. Үгийн сувд хэлхэж, утгын цээлийг нээх аян замдаа сайн яваарай, охин минь” гэсэн яруу найрагч өвөөгийнх нь ерөөлийн үгсээр энэхүү бичлэгээ өндөрлөе.
Авьяаслаг охины маань уран бүтээлийн алсын зам харгуй нь торго мэт зөөлөн, торойх ч саад бэрхшээлгүй шулуун дардан байх болтугай!
Д.Мягмарсүрэн