Эрт урьдын цагт гээд
Үлгэр эхэлдэгггүй байсан үеийн
Амар сайхандаа жаргав гээд
Үлгэр дуусдаггүй байсан цагийн
Элин домог
Алсын хатавчинд ургаж
Айзам шүлгэнд минь яргав….
Зохиогч
Домгийн цагаан азарга
Над руу айсуй…
Дороос нь манарсан тоос ану
Үүл ажуу…
Дээрээ эзэнгүй эмээлийн
Гөлөм нь хийсэж айсуй…
Дэрвэж буйн шалтаг ану
Салхи ажуу…
Буруу талын дөрөө нь
Хадтай харшин ханхийхүй
Бие жихүүцсэн домог шивнэсэн ину
Энэ ажуу…
* * *
Овоохойн дотор орилох дуун
Овоохой тойрон орчих олон
Цаашаа наашаа холхих хөлөнд
Цас ёолно
Цалалзах жаврын үзүүрт
Хад улина
Омгийн зайран цамнан бууж
Одтой тэнгэрийг зүхэн дуудна
Олон шигшрэг шаргин дуулж
Онго шүтээнийг жиргэн даллана
Хоёр амь салж ядсан эгшинд
Хорвоогийн хормой чичирч
Билүүнд ирлэсэн хутга шиг нүд
Хоргодохын “амь” царайчилж
Бэргэсэн тэнэмэл “бурхад”
Хатавчны завсраар шагалзана
Гадаа “Цагаан ороолон” маналзаж
Гал руу нулимчин шуурга шарвалзана
Туг галын төөнө бараадан
Тулгар эх төрөх гэж
Гурван шөнийн од дамжин
Гурван өдрийн үүл дамжин
Гуниг зовлонгийн үйл дамжин
Гурван хөтлийн онь дамжин өвдөв.
Төрдөггүй үр заяасанд
Төрлийн сэтгэл үймж
Ась үлдэх эсэхийн
Азын төлөг төөрөв
Хөдлөх тоолонд нь
Хөх толбо гардаг байсийм…
Хөөрхий минь…гэсэн
Хөгшдийн уулга гал тойрно
Хөх нь уурагласан ч
Хэвлий нь тэлээгүй дээ
Хачин юм… гэсэн
Хүмүүсийн гайхах оромж тойрно
* * *
Омгийн зайран цамнан бууж
Оочин хадыг үйртэл бөөлж
Тэнгэрийн заадсыг мурийтал дуудаж
Тэнхлээ баран муужран унав.
Зэгэл үдэш шөнөтэй залгах
Зөнөсөн нохой хий боргох
Зэвүүн совин дээстэй ороолдох цагаар
Зээрийн хонгор арьсан дээр эх төрөв.
Амсхийсэн сэтгэлийн амьсгаа
Айдсын сүүдэрт хахаж
Хүссэн баярын тайлал
Хүрэн эрээнээр эргэв
Хүлээсэн бүхний нүд
Духан дээрээ үсрэн гарч
Хөөрхий зовсон эх
Дөнгөж төрөөд ухаан алдав.
Халуун хэвлээс нь тасарч унасан
Хар эрээн могой арьсан дээр цагираглаж
Сул асгарах халуун цусны тунараанд
Сүвэгч нь сохор тэвнэ шиг толгойгоо дүрнэ
Сүү нэхэх шиг хэлээ гозолзуулан
Сүүтийсэн болгоныг бараалан мурилзана.
Үзээгүй ёрын сүрд дарагдсан
Үр минь ирнэ гэж хүлээж ядсан эцэг ину:
– Тэнгэр үр хайрлана гэсэн чину
Лус надад могой хайрлалаа…
Идэр янгир уулнаас нь хагацаан намнаж
Илчийг нь бодож зэхсэн өлгийгөө яанам…
Эр хүн төрнө гэж битүүхэн дотроо бэлэгшээж
Илд давтаж гурван голын усанд хатааснаа яанам?
Амь зуулгын “улаан” хүнсээ татрааж
Амьд амьтан руу нум эвшээлгэлгүй хүлээснээ яанам
Хүйтэн чулуу дэрлэн биеэ орхихын цагт
Хүү минь тонгойж үлдэнэ гэж итгэсэн минь яахав? Гэж
Ховор гардаг эр нулимсаа
Энгэрээ хөлдтөл урсгаж
Хорвоогийн цаашаа харсан өсгийд
Эвхрэн эвхрэн сөгдөв….
Хорвоод мэндэлсэн “эрээн үрийнхээ”
Хортой хоргүйг мэдэхгүй…
Холдуулж тууя гэхнээнэ
Хоргодоод хөдөлж өгөхгүй…
Эх нь нэгэнтээ ухаан орохдоо
Энэ л миний лай даа… хэмээн
Төрөхдөө эгшсэн сүүмэн биенээсээ
Төгрөг төгрөг нулимс нэрж
Цээж дарах хөхөө хөнгөлж
Цэгээн сүүг нь амсуулъя даа
Ирвэгнэн ирвэгнэн
Хэвлийд хөдлөхөд мину
Чимчигнэн чимчигнэн
Чинэсэн лээ…
Үр мину, үр мину гэж
Дотогшоо амьсгалан
Өдий болтол нь
Тээсэн лээ…
Цогтой галын
Илч бараадаж
Цоройн цаанаасаа
Унагасан лээ… гэж
Тохмон дээр саасан гал уураг
Толгойнх нь тушаа ойртуулбал
Цэв хүйтэн үр нь хэдэнтээ сорж
Зөв мэт толгойгоо өргөн цогнолзов
Омгийн зайран цамнан бууж
Ойртсон бузрыг түлхэн бөөлж
Отгийн булингарыг тунгаан дуудаж
Онго сүлдээ тамлан даллав
Гай дайрав
Лай дөтлөв
Эхийн тунамалд бөрт унаж
Элэнц хуланцын сүнс хилэгнэв
Үйлтэй хоёрыг эргэж ч харалгүй
Үнсэн дээр нь торойтол хаяж
Гарзны амыг лайтнаар таглаж
Галын тэнгэрийг авран тасдаж
Нар бүлэгнэн мандахаас өмнө
Гал дүлэгнэн асахаас урьд
Хүнд нойрын манан дундуур
Хөдөлтүгэй …. хэмээн айлдав…
Айлдлын утгыг анзаарав гэлтэй
Алаг эрээн үр нь эхийнхээ хөлийг орооно
Чимээ шуугиан гарах тоолон
Чивчирч улам чангарна
өрөвдөхийн сэтгэлээ давхар ачаалж
Заншлын дээсээр чивчиртэл татаж
Өвөр хуваасан хань нь хүртэл дүлийрч
Зайранг даган орхиж одов
Зүүдэнд ч багтахгүй хагацлын илд
Зүрхэн дээр мэслэн бууж
Зүхлийн урсгал шиг
Зүг тахьсан мөрөө чирч
Уур савссан
Буудал ханхайлж
Уулсын хөтлөөр
Нүүдэл давав
Утаа уугисан
Ганц оромж
Уулын суганд
Өнчин торойв
Эргэж нэг харах
Энэрэл хургасан нулимстай нүдгүй
Их нүүдэл “гайнаас”
Исгэрэх сум шиг дайжиж
Малын жимээс бусад нь
Дүн цагаан цас
Малгайлан орох дуртай гэдэг нь
Өдөр болгон бургаа
Амьдрал хэмээх “алаг нүдний”
Хөмсөгний гадаа хаягдсан
Амьд явах насны
Хөсөгний сүүлд гээгдсэн тэднийг
Харанхуй тойрно.
Хараал тойрно
Газардахын аранга тойрно
Ганцаардлын айдас тойрно
Унтаа араатан шиг нам гүм
Архирах цагтаа
Залгих юм шиг занал…
Уулсын дундах ажин түжин
Айдсын хорлол
Халиах юм шиг түгшүүр
Нар сар хөөцөлдөж
Гэрэл харанхуй химлэлцэнэ
Үр – могой
Хоногийн хэцийг
Гулгаж, цагираглаж давна
Эх – хүн
Хоногийн хэцүүг
Иөлхөж босож давна
Төө илүүхэн үр гаргасан ч
Төрсөн л болохоор эхийн бие нялх
Өлгий, бүүвэй хоёр хэрэгггүй
Өлзий бус “үр” нь танхи
Цагираглаж хэвтээ “үр” могойгоо эх харж
-Цоройн цаанаас унасан
Цоохор эрээн үр минь
Цогонд орчих вий гэж эмээнэ
Унтаж байгаа юм шиг
Удаан гэгч нь цагираглахад нь
Амандаа бүүвэй гиншиж
Айдсыг нь үргээн ганхана
Ангир уургаа сааж
Аман тушаа ойртуулна
Үйлийн үрийн харанхуй зайд
Үгсэж бас үзнэ.
Үр могой нь харин
Үсчиж хэнэггүй шавхчина
Хаа нэгэнтээ сураг алдрахад нь
Хань бодсон сэтгэл нь эзгүйрч
Ар өврөө самнан үгүйлж
Адсага хөмөө сөхчин эрнэ
Хоног тоолон могой томорч
“Хорхой” тойлон эх доройтов
Эрүү толгой хоёр шиг
Газар тэнгэрийн дунд
Эх үр хэмээгдэх
Хоёр “хэцүү” амьтныг
Хоолойг нь давах “хоол” мартжээ
Холдон холдсон “нүүдэл” мартжээ
Холбинзон асах “гал” мартжээ
Хомроглон эргэх чоно хүртэл мартжээ.
Ээлгүй тавилангийн хатууд
Эх улам туйлдаж
Хүйтний алга дэрлэн
Хэвтэрт орон атирчээ
Хөхний сүү нь ширгэж
Хөлөөсөө эхлэн хөрчээ.
Түлэх модондоо хөл хүрэхгүйд
“Галын бурхан” туйлдана
Балгах усандаа гар хүрэхгүйд
“Насны бурхан” харангадна
Бурхан цөөрсөн газар
Чөтгөр бүжиглэг гэж
Буйлсан цасан шуурга
Чих залхтал хөгжимдөнө
Амьдын сэжүүрээс зүүгдсэн
Ганц хар цэг
Алдууран алдан дэрвэж
Мөхлийн инээд хүргэнэ
– Биеэ барагдтал
Би энийг тэжээлээ…
Харь үр гэлгүй
Халуун сүүгээ цутгалаа
Өглөө… өглөө… гэхэд
Өнгөн нь цагаан болсонгүй…
Амьдрал чиний дунд
Ийм цөл байдаг аа…
Азгүй азгүй гэхэд
Ийм заяа байдаг аа…
Нуугаад уйлахад барагддаггүй
Нулимс байдагсан… алга…
Нутаг нутагтаа багтдаггүй
Хүмүүс байдагсан… алга гэж
Гавлаа цууртал эх гаславч
Ганцын заяа үржсэнгүй
Ижилтэй байхын тэнгэр хаяж
Ижий байхын “заяа” гээжээ.
Алаг эрээн үр нь
Амьсгал хөлдөс хүйтнээс дайжиж
Аманд нь шургаж бүлээцэх гэнэ
Аваад хаячихад хилэгнэнэ
Ширгэсэн хөхөө дэмий тэмтрэхэд
Ширүүн занд нь урь бууна
– Гарсан юм даа надаас гэж
Харсаар байж тураалтай биш гэж
Гараа эсгэж цусаа өглөө…
Сүнсийг нь хүртэл үргээсэн үр нь
Сүү цус хоёрыг ялгахгүй сорно
Өлсөх тусмаа нүд нь хурцдаж
Өөдөөс нь цоргитол ширтэнэ
Хөдлөх тоолонг нь хариулан дагаад
Хөвчөө тийрэх сум шиг гөвөлзөнө
– Миний зовлонг мэдмүү энэ гэлтэй
Мэндийн зөрөө шиг бодол цахилж эх баярлалаа.
* * *
Нар мандаж нялуурсан
Насны совин алдуурсан өглөө
Үлгэр домгийн өлсгөлөн могой
Үмх ч хоолгүй өлсгөлөн могой
Эрлэгийн элчтэй дэр хувааж хоносон
Эхийнхээ хөлд нойрссон “үр”
Эвхсэн биеэ хилэнтэй задалж
Унтаад сэрсэн нойрмог орчлонг бэргэтэл
Улайссан зэс шиг нүдээр сүлбэж
Эцсийн хоолондоо ам хүрч
Эхийгээ хөлөөс нь залгиж эхлэв
Хальж байгаа амь эргэх шиг
Халуу дүүгэн эхийн хөл бүлээцэв
Бүрэг барагхан ухаан орсон эх
– Би үртэй хүн юм аа гэж бодов
Биеэ эвхрээн улангасан залгих могой
Бэлхүүсийг нь хүртэл эхийгээ залгив
Хэсэгхэн эгшин харвасан хойно
Хэвлий нь бүлээн оргиход
– Өсгөөд өгчихсөн байхад
Өтлөхөд хөл хучдаг нь үнэн юм аа
Хувь тавилан хэрчиж заяасан
Хар эрээн үр минь гэж амандаа шившихэд нь
Өөрт нь хоргодсон эцсийн шүүс
Өрөөсөн хөхнөөс нь цийлэн сүү
Төмөр мэт толгой дээр нь дуссанаа
Төдхөнөө тэгээд ээдэв
Төгсөхийн их амирлан залгав
Халуун залуу насны нь дурсгал
Харын хар гэзэг, могойн завжнаас унжиж байв
* * *
Домгийн цагаан азрага
Над руу айсуй…
Дороос нь манарсан тоос ану
Үүл ажуу…
Дээрээ эзэнгүй эмээлийн
Гөлөм нь хийсэн айсуй…
Дэрвэж байгаа шалтаг ану
Салхи ажуу…
Буруу талын дөрөө нь
Хадтай харшин ханхийхуй
Бие жихүүцсэн домог шивнэсэн ину
Энэ ажуу…