Хүний амьдрал сонголт ба сонголтоосоо үүдсэн үр дагавраар дүүрэн. Буддын шашинд үүнийг үйл ба үйлийн үр гэж тайлбарладаг. Яг нарийн яривал хүний амьдрал хэдхэн эргэлт, тэр эргэлтэд бэлдсэн удаан хүлээлт, удтал хүлээлгэж байж ирсэн хоромхон зуурын шийдвэрлэх агшин, сонголтын зөв, буруугаас үүдээд сайн муугаар үргэлжилсэн удаан хугацааны үр дагавар гэсэн мөчлөгүүд байдаг. Баян айлд төрөх үү? Ядуу хүний үр хөвүүн болох уу гэдгийг бид сонгодоггүй. Буддагийн хэлээр бол урьд өмнөх төрлүүддээ өмч баялагт хийгээд өмчтэй, өмчгүй хүмүүст хэрхэн хандаж байсан чиг хандлагаас энэ бүхэн хамаардаг гэдэг. Харин үүнээс цаашхи хувь тавилан эхэндээ бага багаар, улмаар бүтнээрээ өөрөөс хамаарч эхэлдэг. Хүн хүүхэд насандаа эрдэм боловсролын замаар нэг сонголт хийдэг, энэ сонголтыг хэр зэрэг хийж чадсанаас тэрээр удирдагч, гүйцэтгэгчийн алины замаар явах нь шийдэгддэг. Өөрөөр хэлбэл тэр хүмүүсээр ажил хийлгэж аж төрөх үү? Эсвэл ажил хийж өгч хөлс авч амь зуух уу гэдгээ хүүхэд ба орь залуу насныхаа залгаас дээрээс сонгож байна.
Эрт урьдын, хувьсгалуудаас өмнөх хүнд хэцүү цагт эзэн боол, дарга цэргийн ялгаа үлэмж их тул ажил хийгч талын /гүйцэтгэгчид/ тавилантай хүмүүс үлэмжийн зовлон зүдүүртэй амьдарч байжээ.
Харин ардын ба ардчилсан хувьсгалууд удаа дараа ялж, хүний эрх эрх чөлөө дээдлэгдэж, үйлдвэрчний эвлэл буй болсны ачаар сайн гүйцэтгэгчид гэдэг ховор сайн мэргэжилтэнд тооцогдож, шалихгүй зарим удирдагч, муухан менежерүүдтэй харьцуулахад тохой илүү, толгой дээгүүр амьдрах болжээ. Хамгийн гол нь өөрт таарах сонголтоо л зөв хийх нь чухал. Өөрөөр хэлбэл "чи эрэг боолт зурахдаа сайн уу, зорохдоо сайн уу" гэдгээ л мэдрэх явдал. Бурхан багш ч гэсэн аз жаргалд хүрэх нэгэн алхам бол хүн өөрийгөө зөв таних явдал хэмээн сургажээ.
Дараа нь гэрлэлт хэмээх сонголт. Ямархуу өрх айлын гишүүн байж, хэрхэн үр удмаа үлдээх вэ, чиний үр удмын хүүхэд нас ирээдүйгээ сонгох боломжоор ямархуу хангагдах вэ? гэсэн асуултын хариу эндээс эхэлнэ. Сайн хань ижил хүний сул дорой талыг нөхөн, дээшлүүлээд явчихна. Муухан хань ижил таарвал сайн сайхан юмыг чинь баллаад хамтдаа уначих жишээний.
Ингээд өтлөх, төрөл арилжих хэсэг рүү очно. Энэ нь сонголт гэхээсээ илүү төрснөөсөө хойш хийсэн бүхий л сонголтуудын үр дүнгээс энэ төрөлдөө үзэж амсах зүйлсийн төгсгөл байна. Хүүхдүүдээ сайн өсгөж, зөв хүмүүжүүлж, бэр хүргэдээ зөвөөр энэрч чадсан бол тэдний асрал хайр доор жаргалтай өтөлнө. Бас энэ төрөлд олдсон бие цогцсыг зөв эдэлж явсан бол өвчин зовлонгүй насыг барна.
Амьдралын сонголтууд олон арванаар хүлээлгэж, зовоож байж ирэх мөртлөө хүрд эргүүлэх ганцхан боломжтойгоороо хяслантай. Ганц боломж дээрээ хүрдээ буруу эргүүлсэн бол гүйцээ. Хохь минь гэхээс өөр замгүй.
Сая сая хүний хувь заяаны нийлбэр болсон улс үндэстэн ч гэсэн өөрийн тавилан, сонголт, сонголтынхоо үйлийн үрийг эдэлнэ. Сонголт хийх боломж нь хүний амьдралын нэгэн нас буюу жаранд хоёр гуравхан таарах бол улс үндэстнийх хоёр гурван зуун жилд нэг тохиодог бололтой.
Хүннү гүрнээс хойш тархан бутархай олон мянган жилийг үдсэн монголчууд нэгэн сонголт хийж Чингис хааныхаа тугийн дор Монголын эзэнт гүрнээ байгуулжээ. Харамсалтай нь түүний үр хөвүүд тус бүртээ нэг нэг Чингэс хаан байж, тус бүрдээ нэг нэг Монголын их гүрнийг захирах хүслийнх нь үйлийн үрээр Их Монгол Улс таржээ. Тэд сонголтоо хийж тусдаа хаан болсон ч гэсэн хэн нь ч Чингис болсонгүй. Тэдэнд тус тусын улс байсан ч гэсэн нэг нь ч Их Монгол гүрэн болсонгүй. Хүсэл биелэх тусмаа хясдаг гэж.
Яван явсаар Манж Чин гүрний эрхшээлд орлоо. Хоорондоо алалдаж байсан монголчуудын ялагдсан нь Манж хаанд "Ах, амь аварчих аа" гэж очсон хэрэг. Үр дүнд нь Монголын хагас Манжийн хэсэг. Дараа нь аварсан хэсгийнхээ дайсныг дарж өгөв. Үр дүнд нь монгол бүтнээрээ тэднийх. Сонголтуудын дүнд л ингэж байгаа хэрэг.
Монголчууд хоёр зуун гаруй жил амандаа шогшров. "Яах гэж хоорондоо муудав аа. Халх ч бай, Ойрод ч адилхан л Эзэн Чингисийн хөвүүд, Их гүрний тасархай. Эвтэй байсан бол Манжийг өөрийг нь захирч явахгүй юу?
Монголчууд ХХ зууны эхээр ба сүүлээр далаадхан жилийн зайтай хоёр сонголт хийх боломж олдлоо. Өмнөх түүхээсээ хаширсан монголчуудын эв гавгүй зангаасаа илүү хувь заяа нь мишээж, эхнийхээс ёс төдий боловч тусгаар тогтнол, дараагийнхаас нь жинхэнэ тусгаар байдал эрх чөлөөгөө олов. Хоёр сонголтын үйлийн үр л дээ.
Б.Цэнддоо