“Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр” боловсруулах ажлын хүрээнд Гадаад хэргийн яамнаас зохион байгуулж буй ээлжит хэлэлцүүлэг “Монгол Улсыг соёл урлагаар гадаадад сурталчлах нь: Цар хүрээ ба чадамж” сэдвийн дор өчигдөр боллоо.
Өнөөдөр бид соёл урлагаар дамжуулан эх орноо дэлхийд хэрхэн сурталчилж байгаа тухайд Монгол Улсыг гадаадад сурталчлах ажлыг зохион байгуулах нэгдмэл тогтолцоо алдагдсан хэмээн СУИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацийн газрын дарга Д.Даваасүрэн тодорхойлсон. Мөн “Монгол Поп” төслийг амжилттай эхлүүлээд байгаа Төрийн соёрхолт, дуучин Д.Болд эх орноо гадаадад сурталчлах ажилд залуусын сонсох дуртай орчин үеийн хөгжмийн урсгалыг ашиглах, үүнд үндэсний онцлогоо тусган дэлхийд таниулахын ач холбогдлыг онцлов.
МУСГЗ, сэтгүүлч Г.Золжаргал “Бүхий л соёлыг багтаан харуулж болох кино урлагийг олон улсын үзэгчдэд хүргэхийн тулд чанартай сайн хөрвүүлэг байх хэрэгтэй. Харин манайд энэ чиглэлийн нэгдсэн бодлого, мэргэжлийн боловсон хүчин дутагдаж байна” хэмээсэн.
Хэлэлцүүлгийн үеэр манай соёл урлагийн салбарын “томчууд” өөрийн байр сууриа илэрхийлж, манай соёл урлагийн салбарын дэлхийд өрсөлдөх чадвар, тулгараад буй асуудал, цаашид хэрхэн шийдвэрлэж болох талаар саналаа хэлж байв. Монголын кино урлагийн академийн тэргүүн найруулагч Б.Цогтбаяр чухал сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулж буйд талархал илэрхийлээд Төрийн өндөр, дээд хэмжээний айлчлалын үеэр зөвхөн үндэсний дуу хөгжим үзүүлэхээс гадна Монголын уран сайхны кино үзүүлэх, кино өдрүүдийг зохион байгуулах нь илүү ач холбогдолтой хэмээн онцолсон.
Төрийн соёрхолт, Ардын Жүжигчин Н. Сувд хэлсэн үгэндээ “Гадаад хэргийн яам өмнө нь соёл урлагийн салбарынхантайгаа нягт хамтран ажилладаг байсан. Энэ хамтын ажиллагааг дахин сэргээж, соёлын асуудлыг цогцоор нь авч үзэх хэрэгтэй байна. Мөн Соёлын гадаад хамтын ажиллагааны арга хэмжээний төлөвлөгөө санхүүжилтийг зохицуулах нэгж байвал их сайн” хэмээсэн юм. Төрийн шагналт, МУГЖ Д. Сосорбарам тус хэлэлцүүлэг хэдий ач холбогдолтой ч Улсын Их Хурал, Засгийн газарт очоод хана мөргөх вий хэмээн эмзэглэж буйгаа нуусангүй. Учир нь соёлын асуудлыг ач холбогдлыг ойлгож, анхаардаг улс төрч ховор хэмээн тэрээр тайлбарлаж байв.
Харин Найруулагч Н.Болд зарим гадаад улсууд монгол үндэсний соёлыг хариуулсан чанартай сайн уран бүтээл хийгээд эхэлчихсэн байгаа тул тэднээс түрүүлж явах цаг болсоныг сануулсан юм.
Монголын соёл урлагт хүч хөдөлмөрөө зориулж ирсэн зүтгэлтнүүд санал шүүмжлэл, зөвлөгөөгөө нээлттэй илэрхийлж, сонирхолтой өрнөсөн хэлэлцүүлгийн дүнд Монгол Улс өөрийгөө гадаадад сурталчлах өв соёл, өгөгдөл хангалттай байна. Харин цаашид соёлын гадаад сурталчилгааг нэгдсэн бодлогоор зангидах, төр, хувийн хэвшлийн хамтарсан үндэсний систем бий болгох шаардлага байгаа нь харагдсан юм. Найруулагч Ч.Найдандорж “Соёлын салбар нэгдсэн бодлогогүй явж ирснээс болж манай олон чадварлаг урлагийн зүтгэлтэн гадаадад ажиллаж байна. Төр өөрөө цаашид бодлоготой, түүнийгээ санхүүжүүлэх хөрөнгөтэй байж бодитоор улсаа гадаадад соёл урлагаараа дамжуулан сурталчлах бололцоо бүрдэнэ” гэсэн юм.
Хэлэлцүүлэгт найруулагч З.Батбилэг, Т.Алтантуяа, зураглаач Д.Ангараг, ХБК-ын циркийн тэнхмийн эрхлэгч Ю.Гэрэлтбаатар, УДБЭТ-ын уран сайхны удирдагч С.Энхбулаг, Монголыг урлагийн зөвлөлийн дэд захирал О.Одгэрэл нар тус бүрийн зорьж хэрэгжүүлж буй ажлынхаа тухай танилцуулж, гадаад сурталчилгааны чиглэлээр үнэтэй санал хэлж байв.
“Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр” боловсруулах ажлын хүрээнд хийгдэж буй эдгээр цуврал хэлэлцүүлэг хэвлэл мэдээллийн салбарын мэргэжилтнүүдийг хамруулан үргэлжлэх юм. Энэхүү хөтөлбөрт салбар бүрийн мэргэжилтнүүдийн саналыг бодитоор тусгах чиглэлд ГХЯ онцгойлон анхаарч байна.
Эх сурвалж: ГХЯ