Өнөөдрийн чуулганы хуралдаанаар Монгол-Оросын “Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газрын хоорондын 2003 оны долдугаар сарын 1-ний өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, соёрхон баталлаа.
Дөнгөж сая чуулганы хуралдаанаар баталсан дээрх асуудал болон сүүлийн үед хэвлэлүүдээр гараад буй “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой зарим мэдээллийн талаар тус үйлдвэрийн захирал Ц.Даваацэрэнгээс тодрууллаа.
– “Эрдэнэт” үйлдвэр нь Оросын талын хувьцаа эзэмшигчдээ ногдол ашгаа өгөхгүй байгаа гэсэн мэдээлэл гадуур нэг хэсэг шуурлаа. Үүнд та ямар хариулт өгөх вэ?
– 2012 оны ногдол ашиг болох 47 сая доллар манай үйлдвэрийн эргэлтэд байгаа. Энэ 47 сая долларыг Оросын талын аль байгууллагын ямар данс руу шилжүүлэх нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байсан юм. Учир нь “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг эзэмшдэг Оросын талын байгууллага нь албан ёсоор тодорхой болоогүй байсан. Одоо албан ёсны хувьцаа эзэмшигчтэй болж байгаа учраас уг асуудал цаашид үргэлжлэн шийдэгдээд явна.
– “Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын хувьцаа эзэмшигч нь өөрийн хувиа төрийн өмчит компани руугаа шилжүүлчихлээ. Тэгэхээр одоо яг ямар өөрчлөлт орох вэ? Энэ нь "Эрдэнэт" үйлдвэрийн үйл ажиллагаанд яаж нөлөөлөх вэ?
-Хувьцаа эзэмшигч нь өөрчлөгдөж байгаа юм. Түүнээс үйлдвэрийн үйл ажиллагаанд өөрчлөлт орохгүй. Засгийн газар хоорондын хэлэлцээр, үйлдвэрийн үндсэн дүрэм, худалдан авалт хуучин хэвээр үргэлжилнэ. Дотоод дүрэм хэлэлцээрийн үндсэн агуулгад өөрчлөлт ороогүй. Өмнө нь Оросын төрийн өмчийн хороо 49 хувийг албан ёсоор эзэмшдэг байсан. 2008 онд Оросын тал өөрийн хувиа “Орос технологи” компанидаа 100 эзэмшүүлэх шийдвэрийг гаргасан. Үүнийг Засгийн газар хооронд хэлэлцэж явсаар өнөөдөр Оросын талыг тус компанид 100 хувь эзэмшүүлэхээр соёрхон батагдлаа.
– Ногдол ашиг болох 100 тэрбумыг Оросын талд шилжүүлэх хөрөнгө “Эрдэнэт” үйлдвэрт байгаа юу?
–“Эрдэнэт” үйлдвэр жилд нэг их наяд төгрөгийн бүтээгдэхүүн хийж, борлуулдаг. Бид жилдээ олон улсын болон дотоодын банкуудаас 100-200 сая долларын зээл аваад буцаагаад төлдөг том эргэлттэй үйлдвэр шүү дээ. Банкнаас зээл авсных нь төлөө “Энэ үйлдвэр өртэй. Удахгүй дампуурах гэж байна” гэж хэлж болохгүй. Эргэлтийн хөрөнгөн доторх мөнгөө бид “Орос технологи” компани руу удахгүй шилжүүлнэ.
"Эрдэнэт" үйлдвэр жилдээ олон улсын болон дотоодын банкуудаас 100-200 сая ам.долларын зээл аваад буцаагаад төлдөг том эргэлттэй үйлдвэр. Банкнаас зээл авсных нь төлөө “Энэ үйлдвэр өртэй. Удахгүй дампуурах гэж байна” гэж хэлж болохгүй.
-“Шилэн данс”-аа хөтлөөгүй гэх шалтгаанаар таныг огцруулна гэх яриа гарсан. Уг асуудалд та ямар тайлбар өгөх вэ?
-Хууль дүрмийн дагуу хариуцлагаа үүрэхэд бэлэн. Гэхдээ аливаа хуулийг хэрэгжүүлэх журмын тухай хууль гэж байдаг. “Шилэн данс”-ны үндсэн зориулалт нь Монгол улсын төсөв, төсвөөс санхүүждэг аж, ахуй нэгж, компани, төрийн байгууллагад илүү хамааралтай. Төрийн өмчит аж, ахуй нэгжүүд уг хуулийг яаж хэрэгжүүлэх талаарх аргачлал нь одоохондоо гараагүй байна.
“Шилэн данс”-ны хууль батлагдсаны дараа манай байгууллагаас Үндэсний аудитын газарт “Хамтарсан үйлдвэрүүд тус хуулийг хэрэгжүүлэх тусгай аргачлал байхгүй байна. Түүнийг гаргаж өгөөч” гэсэн хүсэлтийг тавьсан. Үүний дагуу Үндэсний аудитын газраас Засгийн газарт хандсан байгаа. ТэгэхээрЗасгийн газраас хамтарсан үйлдвэрүүдийн шилэн дансыг хөтлөх аргачлал, журмыг гаргасны дараа бид уг хуулиа хэрэгжүүлээд явна. Хэрэгжүүлэхгүй гэсэн бүдүүн зүрх байхгүй.
Гэхдээ манай улсын Үндсэн хуулинд олон улсын гэрээ хэлцэл нь тус улсынхаа дотоодын хууль, журмаас дээгүүр байна гээд заагаад өгсөн. Монгол болон ОХУ-ын ЗГ хооронд байгуулсан хэлэлцээрт “Монгол улсын хууль тогтоомжийг хэрэгжүүлнэ. Гэхдээ шинээр гарсан хууль тогтоомжийг хэрэгжүүлэхдээ харилцан тохирч, журмын дагуу тохиролцоно” гэсэн байдаг.
Нэгдүгээрт, Засгийн газраас хамтарсан үйлдвэрүүд дээрээ “Шилэн данс”-ыг хэрэгжүүлэх журмаа гаргаж өгөх ёстой.
Хоёрдугаарт, энэ журмыг хэрэгжүүлэх гэж байгаа талаараа хувьцаа эзэмшигчид хуралдаж баталгаажуулах ёстой. Ер нь “Эрдэнэт” үйлдвэр нь аж, ахуй нэгж. Тэгэхээр бизнесийн нууц гэж юм бий. Түүнийгээ хязгаарлах ёстой.
Ялангуяа олон улсын зах зээл дээр өрсөлддөг манай компаний хувьд зарим зүйлийг нууцлах, аюулгүй байдлаа хангах зэрэг асуудлууд бий. Бид шилэн байна гээд хамаг зүйлээ дэлгээд бусдын өмнө унаад өгвөл сайн зүйл мөн үү гэдгийг бас харах ёстой.
“Эрдэнэт” үйлдвэр Оросын хувьцааг өгөөгүйгээрээ дампуурч байгаа юм шиг буруу ойлголтыг нийгэмд тарааж болохгүй. “Эрдэнэт” үйлдвэр жилд 800 тэрбум төгрөгөөс нэг их наяд төгрөгийн бүтээгдэхүүн боловсруулаад худалдаанд гаргадаг. Оросын талын ногдол ашгийг өгчихөөр өрөнд ороод, дампуурчихгүй шүү дээ. Үйлдвэрийн эдийн засаг нь зээл аваад эргэн төлдөг. Мөн "Эрдэнэт" үйлдвэрийг 200 тэрбум төгрөгийн алдагдалд орсон гэсэн буруу мэдээлэл гарсан. Зэсийн үнэ дэлхийн зах зээлд унасанаараа манай олдог орлого 200 тэрбумаар буурсан юм.
– ОХУ хувьцаа эзэмшигчээ өөрчилж байгаатай холбогдуулаад манайх бас өөрийн талын хувьцаагаа “Эрдэнэс Эм Жи Эл” компани руу шилжүүлнэ гэсэн яриа гараад байгаа. Энэ үнэн үү?
-Сая уг асуудлыг шийдсэнгүй. Энэ талаар одоохондоо яриагүй байна. Зөвхөн Оросын талын хувьцаа эзэмшигчийн асуудлыг л шийдсэн.
– Яг одоогийн байдлаар “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаа хэр явагдаж байна. Хэвийн үү?
-Одоогоор “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Сая Сангийн яам, Татварын Ерөнхий газарт тайлангаа гаргаж өгсөн. Эхний гурван улирлын байдлаар 19 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Татварт 10 тэрбум төгрөгийг өгөхөөр байгаа.
“Эрдэнэт” үйлдвэр Оросын хувьцааг өгөөгүйгээрээ дампуурч байгаа юм шиг буруу ойлголтыг нийгэмд тарааж болохгүй. “Эрдэнэт” үйлдвэр жилд 800 тэрбум төгрөгөөс нэг их наяд төгрөгийн бүтээгдэхүүн боловсруулаад худалдаанд гаргадаг. Оросын талын ногдол ашгийг өгчихөөр өрөнд ороод, дампуурчихгүй шүү дээ. Үйлдвэрийн эдийн засаг нь зээл аваад эргэн төлдөг. Мөн "Эрдэнэт" үйлдвэрийг 200 тэрбум төгрөгийн алдагдалд орсон гэсэн буруу мэдээлэлгарсан. Зэсийн үнэ дэлхийн зах зээлд унасанаараа манай олдог орлого 200 тэрбумаар буурсанюм.