Монгол инженер А.Алтанбилэгийн шинэ бүтээл Японд шуугиан тарьж байна. Түүний зохион бүтээсэн “LIC-600” компьютер өнгөрсөн долоо хоногт худалдаанд гарчээ. Хүчин чадал, багтаамж, хурд гээд олон үзүүлэлтээрээ онцгойрч байгаа юм байна. 4200 ам.долларын үнэ бүхий энэхүү компьютерийг Японы KSJ компани үйлдвэрлэжээ. Цахим ертөнцөд энэ тухай сайхан мэдээ уржигдраас хөвөрч эхлэв. Энэ бол Монголын томоохон алтны уурхай биш оюунлиг монгол залуугийн ур чадвар, техник сэтгэлгээ дэлхийд үнэлэгдэж буй гайхамшигт мэдээ юм. Монгол инженер А.Алтанбилэгийн зохиосон супер компьютер дэлхий дахинаа технологиороо хол тасархай хөгжөөд буй улсад үйлдвэрлэгдэж, худалдаанд гарсан даруйд нь Японд өргөнөөр ашиглаж эхэлжээ. Цахим технологид цахиур хагалсан энэ монгол залууг бид “Өдрийн зочин” буландаа онцолж байна.
үүний зохион бүтээсэн компьютерийн үйлдвэр, тоног төхөөрөмж нь найдвартай төдийгүй зогсолтгүй ажиллагаа шаарддаг системийг удирдахад зориулагджээ. “Lic-Z” хэмээх компьютерийн дизайныг нь Японы KSJ компанийн захиалгаар боловсруулж, программ болон техник хангамжийг нь зохион бүтээжээ. Тодруулбал, үүнийг энгийн компьютер бус тусгай зориулалтын сервер компьютерт ашиглах юм байна. Өдгөө түүний бүтээсэн компьютерийг Японы “Тоёо Нэцү Когёо” компани үйлдвэр, албан газрын дулааныг хуваарилах, системийг удирдах үндсэн компьютерээр ашиглах боломжтой аж. Түүнчлэн энэхүү компьютерийг төрөл бүрийн системүүдэд тохируулан, процессорыг нь программчлах боломжтой гэнэ.
Тиймээс тэрбээр доргилт болон газар хөдлөлт хэмжих систем зохиож буй бөгөөд маш олон мэдрэгчээс өгөгдлийг хурдтай дамжуулах боломж олгох эл системдээ энэхүү “Lic-Z” компьютерийг мастер компьютер болгон ашиглаж буй аж. Мэдээлэл, харилцаа холбооны технологийн зах зээлийн хүрээгээр дэлхийд толгой цохьдог Япон улсад энэ онд болох электроникийн үзэсгэлэн худалдаанд тэрбээр бүтээлээ танилцуулахаар зэхэж буй гэнэ. Мөн ирэх онд Сингапурт болох үзэсгэлэн худалдаанд мөн өөрийн бүтээлээ үзүүлэх юм байна. Дашрамд сонирхуулахад, цаашид электрон төхөөрөмжийн эх хавтанг Монголд үйлдвэрлэж, Японд экспортлох электроникийн үйлдвэрийг “Дүйнхэр тэргүүн” компанитай хамтран байгуулах төсөл хэрэгжүүлэх юм байна.
А.Алтанбилэг нь МУИС-ийн Физик, электроникийн сургуульд суралцаж, улмаар Японы Засгийн газрын тэтгэлгээр Токиогийн их сургуулийг энэ чиглэлээр амжилттай дүүргэжээ. Тэрээр үеийнхэндээ “Чи энэ залуу насан дээрээ өмнөө зорилго тавьж, уйгагүй, шантралгүй, хичээн зүтгээрэй. Дэлхий даяаршиж байгаа өнөө цагт чиний өмнө асар их боломж оршиж байна. Хэрэв чи ингэж зүтгэж чадах аваас сурч мэдсэн болгон чинь чиний баялаг болон хувирч, хожмын үед өөрийн дуртай ажлаа хийж, сэтгэл хангалуун амьдарч чадах болно” гэж хэлдэг гэнэ. А.Алтанбилэгийн энэ жишээ бол АНУ-д төдийгүй, дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад амжилттай суралцаж, ажиллаж байгаа монгол залуусын амьдралын замнал, хүсэл мөрөөдөл, хичээл зүтгэлийн нэгэн үлгэрлэл юм.
Монголчууд бид мундаг хүмүүс. 20 гаруйхан жилийн дотор дэлхийн хэмжээнд үнэлэгдэн сайшаагдаж, монгол хүний нэр төр, үнэ цэнийг нотолж чадаж байна. Хүсвэл бид бүгдээрээ л ийм мундаг байж чадна. Харин үүний тулд бид дор бүрнээ хичээж өөрсдийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Ингэж чадвал бид өөрсдөө “баялаг” гэдгийг А.Алтанбилэг бидэнд харууллаа.