Киану Ривзийн амьдрал Холливудын бусад жүжигчдийн амьдралаас тэс өөр, түүний амьдрал, хувь заяаных нь тухай хүмүүс ам дамжин ярилцсаар л байна. Тэр бол авьяаслаг бөгөөд дахин давтагдашгүй хувь хүн гэдэг нь хүн болгонд тодорхой. Түүний амьдралын түүхийг бид та бүхэнд баттай эх сурвалжаас хүргэж байна. Амьдрал, хувь заяаг нь сонсоод та энэ хүнийг хүндлэх болно.
Тэрээр асуудалтай гэр бүлд төрсөн: Киануг 3 настай байхад эцэг нь хаяж явсан, удалгүй эцгийг нь хар тамхины наймааны хэргээр баривчилсан байна. Ээж нь эхлээд Австрали, дараа нь АНУ болон Канад руу нүүжээ. Энэ хугацаанд тэрээр хэд хэдэн хойд эцгийн нүүрийг үзэж, олон сургууль сольсон тул сургуульд олигтой амжилт гаргасангүй. Багадаа хоккейчин болохыг мөрөөддөг байсан боловч гэмтэл бэртэлтэй тул мөрөөдлөө биелүүлж чадсангүй.
Хайртай бүсгүй Женнифер Сайм ослоор нас баржээ, энэ ослоос өмнө тэдний хүүхэд нь өнгөрсөн байв. Энэ цагаас хойш Ривз бүсгүйчүүдтэй дотно харилцаа үүсгэж байсангүй. Харин түүний дотнын найз Ривер Феникс хар тамхи хэтрүүлэн хэрэглэж нас баржээ.
Түүнд санал болгож буй дүр нь хэтэрхий хэрцгий бол тэр тоглохоос татгалздаг. “Devil’s Advocate” кинонд Аль Пачиног тоглуулахын тулд өөрийн шагналаас 2 саяыг золиосолжээ. Бас Жин Хэкмантай ийм явдал болсон байна.
Ривзийн охин дүү нь лейкеми өвчнөөр өвчилсөн тул дүүгийнхээ эмчилгээнд “Matrix” киноны орлогоосоо багагүй зориулснаас гадна лейкими өвчинтэй тэмцэх санд хандив өргөж байлаа. Холливудын жүжигчдээс тэр тэс өөр, түүнд эд хөрөнгө гээд байх зүйл байхгүй, хувийн хамгаалагч байхгүй, метрогоор зорчиж яваатай нь таарч болно.
Дөрвөн жилийн өмнө өөрийнхөө төрсөн өдрөөр өөртөө кекс, кофе авч тэмдэглэсэн бөгөөд хажуугаар яваа хүмүүс түүнд баяр хүргэж байлаа.
Нийтийн унаагаар үйлчлүүлэхэд тэр төвөгшөөхгүй, шаардлагатай бол хүмүүст шууд суудал тавьж өгнө.
Хоёр залуу Лос-Анжелест Hollywood бичигтэй газарт хууль бусаар нэвтэрч төөрч яваад санаандгүй Кианугийн гэрийн үүдээр гарч таарчээ. Тэр үед Киану Металлика сонсоод мотоциклоо янзлаад зогсож байв. Залуучууд хаанаас такси барьж болохыг асуухад тэрээр: “харамсалтай нь, одоо хүргэж өгөх боломж алга даа” гээд уучлал гуйгаад Hollywood хотхоноос гарах замыг нь зааж өгчээ.
Түүний хэлсэн үгийг та санаж яваарай: “Гэрэл зураг хэдэн мянган үгнээс илүүг хэлж чадна, яагаад гэвэл тэр үгнүүдэд ганц ч үнэн үг байдаггүй юм. Би үнэхээр аз жаргалтай хүн” гэжээ.
Эх сурвалж:xopom.com