Оскарын шагналд таван удаа нэр дэвшсэн ч өнөөг хүртэл алтан хүнийг гартаа атгаж чадаагүйгээрээ заримдаа “азгүй” хэмээн хүртэл цоллуулдаг Холливудын од Леонардо ди Каприо “Алтан бөмбөрцөг” 2016 наадмын шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг дөнгөж сая хүртлээ. Тэрбээр маш олон сараар хүнд зураг авалтад оролцон байж бүтээсэн “Revenant” киноныхоо дүрээр ийнхүү Алтан бөмбөрцөгийн эзэн болжээ.
XIX зууны анчин эр хүнд хэцүү аяллаас өшөөгөө авахаар эргэн ирж буй тухай өгүүлдэг энэ киноны дүрийг авахдаа л Лео анхнаасаа Оскарыг онилсон гэдэг. Түүний үзэгч фэнүүд ч энэ удаа ихээхэн найдлага тавьж байгаа. Тэгвэл Леонардо одоо Оскар авахад маш том алхмаар ойртлоо гэж хэлж болно. Учир нь, “Алтан бөмбөрцөг”-ийг Оскарын урьдчилсан шалгаруулалт ч гэж үздэг. Эндээс тодорсон ялагчид сарын дараах Оскараас шагнал авах магадлал маш өндөр байдаг учраас тэр юм. Тиймээс Лео “Алтан бөмбөрцөг” гардсанаар хүсэн хүлээсэн Оскараа авах бараг л найдвартай болчихлоо гэж олон нийт харж байна.
Энэ жилийн “Алтан бөмбөрцөг”-т “Danish Girl”-ийн Эдди Редмэйн, “Стив Жобс”-ын Майкл Фассбендер, “Trumbo”-гийн Брайн Кранстон, "Concussion"-ы Уилл Смит нар өрсөлдсөн юм. Үзэгчид өнгөрсөн жилийн Оскарын эзэн Эдди Редмэйний “Danish Girl”-д мөн ихээхэн найдлага тавьж байсан. Гэсэн ч энэ удаа Леонардогийн аз ивээлээ. Харин Академийн шагнал гардуулах ёслолын үеэр ч аз нь ивээсэн хэвээр байх уу гэдгийг хүлээх л үлдлээ.
Леонардогийн тоглосон "Revenant" кино энэ жилийн "Алтан бөмбөрцөг"-ийн ялагч байлаа. Шилдэг эрэгтэй дүрээс гадна шилдэг кино, шилдэг найруулагч гэсэн хамгийн гол гурван номинацад энэ кино ялагч болсон болсон. Тус киноны найруулагч нь өнгөрсөн жилийн шилдэг киноны найруулагч А.Иньярриту билээ.
Эх сурвалж: Telegraph
Б.Сэвжидмаа