Дэлхийн тэрбум гаруй хүнийг байлдан дагуулсан "Facebook" компаний ерөнхий захирал Марк Цукербергийн ганцхан лайк тэрбум долларын үнэтэй гэж хэлэхэд хэтрүүлсэн болохгүй. Бүр тодруулбал, Марк Цукерберг ганц лайк дараад л өөрийн тэрбум доллараа хэмнэжээ.
Манай сайт өмнө нь рэппер Канье Уэст нэг тэрбум долларыг Марк Цукербергээс интернэтээр гуйсан тухай бичиж байсан. Тэгэхдээ мань эр өөрийгөө "бүх цаг үеийн агуу рэппер, өнөөгийн дуучдаас хамгийн агуу" гэж тодорхойлохоо мартаагүй билээ. Энэ түүх үргэлжилсээр одоо дэлхийн топ мэдээнд дахин багтлаа. Хамгийн баян, хамгийн их орлоготой рэпперүүдийн нэг ингэж гуйлга гуйх юм гэж хэн мэдэх билээ. Тэгээд бас тэр гуйлтандаа татгалзсан хариу авсан байгаа.
Гэхдээ Канье буруу өдөр, цагт төдийгүй буруу газарт мөнгөө гуйсан бололтой. Ямар ч гэсэн "Facebook" компаний экс ажилтан Стивен Гримм тэгж интернэтэд бичсэн бөгөөд түүнтэй босс нь санал нэг байна.
"Хүндэт Канье Уэст. Хэрэв чи "Facebook"-ийн тэргүүнээс 1 тэрбум доллар гуйж байгаа бол үүнийгээ "Twitter"-н тусламжтай хийх хэрэггүй" гэж Гримм өөрийн хуудсанд бичжээ. Харин Марк Цукерберг шууд л лайк дарж өөрийн экс ажилтнаа дэмжсэн байна. Ийнхүү Марк Цукерберг эелдэгхэн гэгч нь алдартай рэпперт татгалзсан хариу өгснөө ойлгуулж чадлаа.
Нэмж өгүүлэхэд, Канье Уэст одоо 53 сая долларын өртэй байгаа, гэхдээ л тэр урьдын адил хувийн онгоцоороо нисч, асар үнэтэй цаг худалдаж авсаар л. Эхнэр Ким Кардашян нь ч тансаг амьдралаасаа татгалзах бодолгүй байна.
Эх сурвалж: www.mnews.mn