Балжирын ДОГМИД /Ардын Уран Зохиолч, Төрийн соёрхолт, СГЗ/
Анхны цас унаж, айлууд өвөлжөөндөө буухын цагт ачаа хөсөг харгалдсан намрын уварч цуварсан их нүүдлийн ард шивээ ганхсан шаргалхан талд Бөтөөрий уул гав ганцаараа сүүмэлзэн хоцорно. Таваг нь халсан атан тэмээд нэвт шувт гулс гулс алхалсаар их талын хаяа руу нүүдэл тонгойхын алдад өөжинд суусан хүүхдийн нулимстай нүдэнд мөнөөхөн хөвхөр хөх уулс адуу дагасан чөдөртэй ганц бүгээн морь шиг тэнгэр, газрын савслаганд бүдчин дэгсээр бараа тасарна. Ачаан дээр даруулсан хуурын хялгас хээрийн хэлгий хөх салхинд хэл орон хүнгэнэж “Дөмөн дөмгөрхөн гишгэдэлтэй” хэмээсэн араас дагаж нэхсэн халиун хонгор аялгуу сонсголын үзүүрт холдон ойртон эгшиглэнэ. Нутаг усаа гэж өрц хөндүүрлэн нулимс унагаасан Бавуугийн Лхагвасүрэнгийн ангаахай бага насны алтанхан дуртгалын сэжүүрийг сөхвөл ийм буюу… Тээр жил залуу, тэнэгхэн насандаа намайг Сайншандын гудамжинд эмээлтэй морио алдсан амьтан шиг согтуу гэлдэрч явахад Бавуугийн Лхагвасүрэн нэгэн захидалдаа:
Улаан булангийн орой дээр
Хатгаад мартсан туг шиг
Ухаа толгодынхоо дунд
гундаж л явна уу, Догмид минь…
гэж их л харамссан толгой сэгсэрсэн дөрвөн мөр бичсэн байж билээ. Тэр цагт бид хоёрын хэн хэн нь ажил, сургуульгүй хот хөдөө хоёрт “багтаж ядсан” амьтад нохой шуугиулж явжээ. Лхагвасүрэнгийн цөөн тоогоор алдаг оног хэвлэгдэх шүлгүүдийг эрх, дархтанууд дотроо дуртай ч дургүй ч хүлээн зөвшөөрч чимээгүйхэн өвдөг сөхөрч байсан нь маргашгүй үнэн боловч баахан билэг төгөлдөр араншин, чөлөөт сэтгэлгээтэй, эрхэмсэг задгай хувцасласан тэр их үстэй хархүүгээс амьхандаа сүрхий цэрвэдэг байж. Тэр бүхнийг их бага түшмэдүүдийн хуурамчхан инээмсэглэлийнх нь цаадах итгэлгүй харцнаас нь Лхагвасүрэн ч төвөггүй уншдаг байлаа. Зохиолчдын хороонд дансгүй шахам болсон архичин намайг түм түчигнэж бум бужигнасан дөрвөн уулын дундаас тэр их шүлэгч үгүйлж, хайрлаж харамсч явдаг байх нь. Би үхээгүй амьд байгаа юм байж гэж нөхөртөө баярлаж, өөртөө гомдох сацуу хоолой торсхийн зангираад явчихаж билээ. Далан найман онд бил үү дээ. Хөдөөнөөс хотод орж ирээд би Лхагвасүрэнгийнд очиход тосон будгаар нэг хачин зураг зурж “Алтан тал” гэдэг бальзам архиар намайг дайлсан нь ер мартагддаггүй юм. Нэг бүгээн морь бодлогоширсон нүднээсээ цусан нулимс дуслуулан зогсч байх бөгөөд түүний газарт дүрсэн яс нь цухуйсан хувхай шилбэнээс модны үндэс мөчир салаалан газрын гүн рүү хаван ургасан тухайн үедээ яггүй модернист зураг байсансан. Чин үнэнийг хэлэхэд тэр зургийн зохиомж, дүрслэл хөдөөний надад их л хол хөндий байсан ч миний гарын үзүүрт нэг барьцтай барьцгүй дүрс, өгүүлэмж тэмтрэгдэн урлагийг хийсвэрлэх хийгээд юмыг үзүүр ёзооргүй сэтгэх орон зайн мэдрэмжийг бага боловч ухааруулах шиг санагдсан. Мань эр Бүх холбоотын киноны дээд сургуульд оюутан байхдаа курсын ажил гэж аль ч хүний сэтгэлгээний арааманд багтахааргүй нэг гажиг жүжиг найруулж багш нараа сүрхий цочоон шуугиулсан юм гэсэн. Над руу харж буй энэ морины цусан нулимстай нүд нь аль эрт үхэж үрэгдсэн хэн нэгэн хүний сүнс, тэр газар хавсан үндэс мөчиртэй хөл нь аливаа амьтан төрөл арилждагаас бус үхэж алга болдоггүй тухай номлол гэж таасан. Ер нь цаг үеэсээ түрүүлэн нүд нээж, дотоод бясалгал, төрөлхийн авьяас тэмүүллээрээ нүгэлт орчлонгийн хар хөшигний араар өнгийж харсан “сахилга”-гүй хүн л ертөнцийг ийм нүдээр хардаг байх гэж санагдсан.
Өөрийгөө элээж өрөөлийг ирлэх
Өнжүүлийн цэнхэр билүүний
хэлтэрхий би гэж хаврын тэр нэг сайхан хонгор өдөр Лхагвасүрэн эмнэлгийн хашаанд надтай хамт сууж байгаад харсаар байтал бичсэнсэн. Энэ сонгодог мөрийг хүмүүс янз янзаар тайлбарладаг. Зарим нь энэ шүлгийг бурхан Лхавгасүрэнгийн чихэнд нь хэлж өгсөн юм гэж өөрөө бурханаас будаа идэхийг харсан мэд мэдэмхийрэхэд нөгөөх нь ухаанаар зодож бичсэн шүлэг байхгүй юу хэмээн айлдана. Гэтэл гурав дахь нь Лхагвасүрэн цэвэр онгодоороо “шаасан” бадаг гэлцэх нь бий. Молхи миний бие зуун жил үзэг, бийр түшиж үг хэлхэвч энэ цөөн мөр шүлгийг хэзээ ч хэлж чадалгүй нүд аних байсан биз гэж шаналах өдөр бий.
Архины амтанд тэгтэлээ ороогүй хэрнээ тэр заримдаа гар, сахал хоёр нь салганан чичирч зуун грамм уугаад үхэх юмсан гэж цалингийнхаа цэс дээр гарынхаа үсгийг зурж чадахгүй болтлоо шартсан хүн шиг өдөж хатгах. Гэвч Жагдалын Лхагва шиг толгойгоороо дэнчин тавиад уусан шиг ууж чадахгүй. Одоо л нэг халах нь уу даа гэмээр сайхан улаан зээрд болохынхоо алдад татчихна. Үл мэдэг халамцсан үедээ Лхагвасүрэн шүлэг бичихээсээ дутуугүй сайхан дуулна. “Цонхон дээр суусан ялаа”, “Гоолингоо” мэтийн дуунуудыг Уушаан дэнгийн эрээн багана, Усны гудамж гэж байх үеийн эрхэмсэг дэгжин бүсгүйчүүлийн эрх хар нүдний налиг халуун харц энгэр заамаар тоглон байна уу гэлтэй жинхэнэ Хүрээ аялгуугаар ганхалзуулан наргиж, жаргаж дуулна.
Хэвтрийн шахуу ижийнхээ дэргэд, зовлонгийн хажууд өсч өндийсөн болоод ч тэр юмсан уу сэтгэл шилэрсэн янзтай халамцуухан дуулж суухдаа түүний сормуусан завсар нулимс гялсхийн үзэгдээд алга болохыг би нэг бус удаа харсан. Хар бага наснаасаа ижий, аав хоёртоо эрхэлж чадаагүй хатуухан амьдралаар өссөн хүүхэд эхийнхээ гал уургийг хөхөж амжилгүй хээр хаягдсан унага хоёрын зовлонг өгсүүр газар, өнчин зүрх хоёроос өөр юу мэдэхсэн билээ. Цухалхан энэ газар дэлхий дээр бухимдах үе алийг тэр гэхэв. Хүмүүс Лхагвасүрэнг эгоист буюу аминчхан хүн гэж боддог байж магадгүй. Их авьяас заримдаа ганцаардмал зожиг тэр бүү хэл залхуу байдаг тавилантайг үе үеийн эрдэмтэн мэргэд аль эрт баталсан. Шүлэг зохиол гэдгийн амин сүнс нь ганцхан уран санаа… Сэтгэл хөглөгдсөн үед уран бүтээлч хүн олны хөл дуу шуугианаас дайжин шилэрч, анир чимээгүй газрыг эрж хайдаг ёсон бийг үгүйсгэх аргагүй. Зохиол бүтээлийн санааг гүйцэж, төгс төгөлдөр бодож гартаа оруулж авах явган хүн туулай барихаас амаргүйг тийм ч олон хүн мэддэг гэж үү.
Зүүд нойрны минь дотор
Зүрхний Гоолингоо минь үзэгдээд
байх юм
Зүйлчлээд захисан үг нь
Миний лээ цээжинд хадаастайхан
байх юм
Гоолингоо хэмээх энэ Хүрээ дууны үг, ая заримдаа Лхагвасүрэнгийн шүлэг зохиолтой төрөл садан мэт санагдах нь бий. Гүн ухааны дуу гэж байдагсан бол тэр нь энэ “Гоолингоо” мөнөөсөө мөн биз гэж бодогдмоор. Тийм ч учраас ухаантай хүмүүс архи, ардын дуу хоёроор биеэ аргадан тайтгаруулж сэтгэлийнхээ гуниг сүүдрийг шилгээн сэгсэрч хаядаг ажгуу. Лхагвасүрэн “Зовлон бол хувийн өмч… Хэн нэгэн хүний зовлонг гаднаас нь харахад олон хүн хуваалцаж буй мэт үзэгдэвч нидэр дээрээ хэн бугай ч байлаа гэсэн эцсийн эцэст зовлонг зөвхөн ганцаараа эдэлдэг юм” гэж хэн нэгэн хүнд гомдсон мэт өгүүлнэ. Магадгүй тэр сэтгэлийн тэнцвэр алдсан үедээ бурханд ч хуурай агсан тавихаас буцахгүй. Бурхан гэмээнэ алдаа, нүгэлгүй “амьтан” гэж хэн хэлсэн юм бэ хэмээн агсарч мэдэх л гайхал. Лхагвасүрэнгийн үнэн араншин нь энэ. Москва хотод Бүх холбоотын кино урлагийн дээд сургуулийн уран сайхны киноны найруулагчийн ангид сурч байхдаа орныхоо тас хар аравчин дээр “…адуу мэт орой унтаж, шувуу мэт эрт сэрж бай..” гэж догшин ноён хутагтын шүлгийг бичиж хадчихаад дор нь хичээлээ таслаад унтаж байсан гэдэг. ВГИК-ын оюутнууд Лхагвасүрэнг ирснээс хойш олон жил энэ шүлгийг орныхоо ард хадсан гэлцдэг.
Нас, бие жагссан найман сайхан хүүхдийн эцэг, их үстэй, их сахалтай, их санаатай энэ нас тогтсон эр их амархан уйлна, их амархан баярлана, харин нөхөртөө хаягдсан бүсгүй шиг удаан гомдоно. Аргадах юмуу уучлал гуйвал бүр догширно. Тархи, толгой нь ачаагүй явна гэж нүгэл. Хот хоорондын тээврийн тэрэг шиг л хоёр талдаа ямагт ачаатай. Гэр, ажил хоёрынхоо хооронд ч тэвш сул явна гэж даанч үгүй. Шүлэг нь эгшигтэй, зураг нь салхитай, дуу нь Хүрээ барил тавилтай энэ шүлэгч өөрийнхөө их авьяаснаас хүүхдүүддээ алаггүй адилхан хүртээсэн нь хэнд нь ч чамлагдсангүй. Цөмийг насных нь хоолтой залгуулсан гэхэд хэтрүүлэг болохгүй. Гурван хүү нь гурвуулаа зураач. Угшил, ундрагатай юм гэдэг хичнээн ч хүнд түгээсэн дундардаггүй аж. Манай зохиолчид их шооч улс.
Их хурлын хар сүлд
Утаан тахилгатай (Лхагвасүрэн их
тамхи татдаг)
Их гэрийн цагаан сүлд
Усан тахилгатай (П.Бадарч сархад
таалдаг)
Нээрэн Лхагвасүрэнг ширээндээ сууж байгаа үед нь араас нь харахад их үстэй толгойноос нь сангийн бойпор лугаа адил утаа уугиж үзэгддэг. Мань эр тамхийг талхнаас илүү үнэлнэ. Залуугийнхаа Солнце, ВТ зэрэг болгарын дээд зэргийн тамхинаас хамаг мөнгөө өгдөг, мань мэттэй адилгүй дээдсийн хүрээлэнгийн хээнцэр эрхэмсэг тамхичин. Эдүгээ зах зээлийн үед ч тамхины сайныг л татах гэнэ. Америкийн Марлборо, Камель, Магна-гаас өөр тамхи зуухгүй. Тэр амьдралдаа ердөө уртаашаа хоёрхон өгүүллэг бичсэн. “Хүний уяан дээр хоносон морь” гэдэг өгүүллэгт : “Нэг эр саахалтынхаа бүсгүйтэй нууцаар нөхцөж, салж чадахаа болиод шөнө очихдоо морио уяж хонодог байж. Гэтэл нэг үдэш морь нь алдуураад гаднаа хүрээд ирдэг. Миний үйлийн үр л юм байлгүй. Одоо яая гэхэв. Морьтой явахад нь айл саахалтын хүн, нохой хоёр шуугиж, муу нөхрийг минь газар дор ортол муу хэлдэг юм билээ. Хоносон айлаасаа өглөө явган ирвэл түмний шившиг болно биз гэж бодсон эхнэр нь шөнө дөлөөр нөхрийнхөө морийг хөтлөн саахалт руугаа алхаж яваагаар” энэ өгүүллэг төгсдөг. Далаад онд бичсэн өгүүллэг гэхэд ядмагхан зохиолчийг хоолноос нь салгаж мэдмээр халгаатай зохиол байсан. Лхагвасүрэн хүнийг муу хэлдэггүй шигээ бас магтаж цаасан малгай өмсгөх дургүй. Яагаад гэвэл бурхан заяагаагүй авьяасыг хүн бүрээс нэхэж болохгүй гэж номлоно. Тэр байтугай уншсан ном судар, мэргэдийн үгнээс ишлэл татаж номчирхож цэцэрхэнэ гэж үгүй.
Гагцхүү уран бүтээлч хүн амьдаараа үхчих вий гэхээс эмээж дуу хөгжим, уран зураг, ном зохиолоор байнга өөрийгөө сэрээж сэтгэнэ. Унших ёстой номоо уншиж, бичих ёстой шүлгээ бичилгүйгээр энэ ертөнцөөс буцах вий. Тэгвэл хожмын хүмүүс чи биднийг өөртөө буй өв хөрөнгөдөө эзэн болж чадсангүй хэмээн зэмлэх болно гэж сургана. Агуу их мэргэдийн оргил бүтээлийг олж үзээгүй хэрнээ тэднийг зээлдэн алдар нэрийн бизнес хийдэг улсыг тэр уучилдаггүй. Ер нь их ярьдаг хүмүүст дургүй. Эрдэм дотогшоо, тэнэг гадагшаа гэдэг онолд итгэдэг. Лхагвасүрэн заримдаа цамхтай адуу шиг дэмий юмнаас үргэлж эмээлээ булгина…
Болж л өгвөл мах идэх гэнэ. Талх идсэнээс тамхи татсан нь дээр гэж хэлж ч магадгүй. Сайхан гурилтай хоолыг нас бие гүйцсэн эр хүн шиг цохичихно. МАН-д элсээд тавин жилийн нүүр үзэж байгаа хүн гэхэд итгэхийн аргагүй шилжилтийн насны охин адил гэнэн. Заримдаа авах гээх юмгүй шал дэмий, гижиг хүрмээр хачин юм ярьж хамаг инээд барах. Нөхөд нь “Лхагвасүрэн хөөгдчихгүй тэсээд байхыг бодоход энэ МАН сүрхий багтаамжтай том сав юм даа” гэж хүртэл тоглоом тохуу хийж байсан. Нам ч Лхагвасүрэнг ад шоо үзээгүй. Лхагвасүрэн ч намын ар өвөрөөр гүйж, алба тушаал гуйгаагүй. Цагийн салхи гэнэт эргэхэд тэр зарим бэртэгчингүүд шиг намаас нүүрээ буруулж, ашиг хонжоо хайж урваагүй. Хэн хэн нь байдагаараа л байсан. Гэвч ард түмэн түүнийг АИХ-ын гишүүнээр сонгож, төр засаг зохиол бүтээлийг нь үнэлж төрийн соёрхол хүртээсэн. Оюутан ахуй цагтаа эхнэртэйгээ хоёул хэдэн халтар хүүхдээ тэжээх гэж ядарч зутарч явахад нь зарим өдөр намаас илүү зохиолч Жагдалын Лхагваа тус болж байх шиг харагддаг л байсан. Тэр задгай, чөлөөт сэтгэлгээтэй дураараа эр намаас илүү эхнэр Баасангаасаа сүрхий эмээдэг байсаныг найз нар нь андахгүй. Эхнэр Баасан нь “хартай ч” халамжтай сайн бүсгүй. Найман хүүхдээсээ илүү Лхагвасүрэн гэдэг төрхгүй, ес дэх хүүхдээ бөөцийлөх гэж хойно урд нь бишгүй л нэг гүйсэн. Лхагвасүрэн ч тавь гаруй жил ханилсан ханьдаа архагтай зүрхнээсээ илүү хайртай.
Өвлийн хүйтэнд туулай малгайдаа шөл боочихоод авгайгаа эргэхээр эмнэлэг өөд гүйж явахад нь би гудамжинд таарч л байсан. Өрөвдөхөд ч хэцүү, өшрөхөд ч бэрх цусын л амьтан. Гэвч мань эр санаанд оромгүй айхтар ёс жудагтай. Өчүүхэн жаахан юмыг ч бага гэлтгүй их нарийн бодно. Эцгийнхээ дэргэд хундага түшдэггүй, дал барьдаггүй байсан гэлцдэг. Дургүйгээ хүрвэл Лхагвасүрэн хэн бугайн ч цаана хэдэн хорлонтой гашуун үг хаяж чадах ухаантай боловч тэрээр нөхөдтэйгөө эдүгээ хүртэл ам муруйж, тангараг тасарсангүй. Тамхи их татдаг хэрнээ тархины бичлэг сайтай. Ой ухаан нь магнитфоны хальс л гэсэн үг. Юмыг мартана гэж байхгүй. Гудамжинд алхаж явахдаа цээжиндээ хэлхсэн шүлгээ хэзээ хойно ацаг, үг гээлгүй цаасан дээр буулгана. Миний мэдэхийн л үзэгний сайныг барьж, тамхины сайныг татдаг, гоо сайхны өндөр таашаал мэдрэмжтэй энэ ганган шаавай эр оёос хийц сайтай үнэтэй хувцас өмсөх дуртай. Хүзүүний ороолт, халаасны алчуур нь загвар өмсдөг бүсгүйчүүл, жентельменүүдийнхээс тансаг хээнцэр хээ хуартай байх жишээтэй. Энэ нэрэлхүү ганган өвгөн айл хэсэх дургүй хэрнээ ганц нэг шил архи цүнхэндээ хийгээд Ж.Лхагваагийнхаар үе үе айлчлан очиж орой болгон онигоо ярьж, хүн шоолж, дуулж хуурдах дуртай байсан. Архийг Лхагваа ууж, тамхийг Лхагвасүрэн татаж түүний утаа, угаар хоёрт Цэцэгмаа (Лхагваагийн эхнэр) согтдог. Тэр хоёрын ярьсан онигоо, хүн шоолсон дэл сул задгай яриа, татсан тамхи, уусан архи цөм хожмын өдөр туурвих зохиол бүтээлийнх нь бие халаалт, дасгал болдог ч байж магадгүй. Ганц хоёр шил архины бөглөө мултлангаа тэр хоёр мөн ч олон хүнээр дарсны даруулга хийн шоолж, араандаа бохь шиг зажилна. Лхагваа нь элдэв онигоо зохиож Лхагвасүрэн нь түүнийг засамжлан сайжруулж “редакторлана”. Зарим хүмүүс “энэ Лхагвасүрэн их хурал дээр ер дуугарахгүй, тэртээ арын ширээнд шүлэг бичээд л суух юм” гэж ярих нь хааяахан чих шүргэдэг байсансан. Үзэг нь хөдөлж байвал шүлэг бичиж байна гэж харддаг хүн олон бололтой. Шүлэг зохиол гэдэг тэгж их хурал байтугай бага хурал дээр бичиж болдог гарын үзүүрийн амар зүйл бишээ.
Лхагвасүрэн телевизийн сурвалжлагчид ирсэн үед бага ангийн бацаанууд адил гар өргөн өндөлздөг зарим нэг эрхэм гишүүд шиг идэвхи үзүүлж ном хаялцдаггүй болохоос биш хааяахан нэг хэлэх үгээ хэрэгтэй цагт нь хэлсэн шиг хэлдгийг нөхөд нь үнэлдэг юм билээ. Бие нь жаахан архаг хууч өвчтэй, олон жилийн хур ядаргаатай болохоос биш энэ хүн суух л ёстой сэнтий дээрээ заларч байх шиг санагддаг байсансан. Ер нь их ярьдаг хүнийг төрийн зүтгэлтэн хийгээд эрдэмтэн мэргэдтэй андуурдаг хүн эдүгээ цагт олширсон бололтой. Үзэл суртлын өндөрлөг дээрээс үндсэрхэг үзэлтнийг хянаж байсан захиргаадалтын хатуу дэглэмийн үед арван есхөн насандаа хувьсгалт намтай амь амьдрал, хувь заяагаа холбосон “улаан коммунист” хэрнээ хүүхдүүддээ дандаа Равжаа, Саран хөхөө, Үүлэнсолонго, Үүлнамуун, Ирмүүнзаяа, Хасар, Саганцэцэн гэсэн тэр цаг үетэй тэрсэлдсэн мэт нэр хайрласан Лхагвасүрэнгээс зарим хүн цэрвэдэг байсан биз. Хүн гэдэг цагийн амьтан. Равжааг шар феодал, Саранхөхөөг бурханы шувууны нэр мэтээр андуурч болгоомжилж явсныг үгүйсгэх аргагүй. Ер нь Лхагвасүрэнгийн аль хөнгөн хуудам аашлахыг хэлж барах вэ. Үхэх, төрөхийг хүртэл үзэл суртлаар хэмжиж байсан тэр цагт Жан Батист Мольерын “Аргагүйн эрхэнд гэрлэсэн нь” жүжгийг зохиолч Дармаагийн Батбаярын орчуулгаар найруулж, сайн дурын уран сайханчдаар Монголд анх удаа дэлхийн сонгодог жүжгийг тоглуулж театрын алтан хуулийг “завхруулсан” том хэрэг тарив. Саранхөхөө нь төгөлдөр хуурд зориулсан романс гэмээр нэг сонин зураг зурсан байсаныг санаж байна. Аадрын үүлс, бороо нүүрлэн айсуй түгшүүртэй бараан дэвсгэр дээр борог өвс халиурсан эл хуль хээр талд хэвтэж буй адууны ганц хувхай толгой дээр их дэлт ганц бараан морь газрын холоос гүйж ирээд нүдээ анилдуулан амьсгал даран зүйрмэглэн зогсч буй зураг…
Хуйв тохом хоёр, түр зуур хагацаана
уу гэхээс
Хувь заяа салгах үгүй ижил адгуус
Манант үүрийн зогсоолд
Магнай түшилцэн наадам зүүдлэх
хоёр морь
Уул хэцийн салхинд сүүлэн ширэлдээ
задлаж
Усан дээр буусан сарыг тэнцүү
хуваан залгилж
Одоо ингэж нэгэн гүүний унага мэт байвч
Овоон дээр тавьсан
алиныхаа яснаас
үргэж явах бол доо,
хөөрхий
Саранхөхөөгийн энэ зураг бол Лхагвасүрэнгийн “элегий” гэдэг дээрх шүлгийн синоним юм. Хүүгийн эрдэм жагсч, эцгийн ухааныг гүйцэж туурайг нь хатааж яваагийн гэрч гэгээ. Тэр зургийг чимээгүйхэн ажиглахуй дор зүрхэнд хайрын нулимс тов тов дуслана. Тэртээ хол тэнгэрийн хаяанд хэн нэгэн үзэсгэлэн гоо залуу бүсгүй үсээ намируулан төгөлдөр хууран дээр ромонс тоглож байх шиг санагдана. Шүлэгч эцгийн авьяас хүүд очихдоо ийнхүү уран зураг болох хувирчээ. Өвөөгийн уран торгон сэтгэмж ач хүүд дамжигдаад зураг биш хөгжимчин, найруулагч, дуучнаар ч тодрох юм бил үү, үгүйсгэхийн аргагүй. Өтгөсийн цусаар дамжсан их авьяас өнөөдөр та биднийг тэжээж буй.
Лхагвасүрэн гэхээр яагаад ч юм бэ Жагдалын Лхагва ихэр юм шиг заавал хамт бодогддог. Тэр хоёр том хүн олон жил тэмээ шиг ижилдэн дасч энгүй сайхан нөхөрлөжээ. Манай Лхагва зохиолыг бичсэн шиг бичиж, архийг уусан ууж хүнтэй үерхсэн шиг үерхэж чаддаг жинхэнэ хөдөөний эр хүнсэн. Махыг бол ярьж байгаа юм шиг, явж байгаа юм шиг сайхан иднэ. Охид бүсгүйчүүл ч хоёр Лхагваад талтай. Шүлэг зохиол, үс сахалд нь ч дурладаг юмсан уу бүү мэд, тэднийг хайрч хажилгана гэж ер үгүй. Хэзээний тэр хоёрыг нар сарны дагуул адил тойрон эргэлдэнэ. Тийм л одонд төрсөн хүүхний тэнгэртэй улс юм байлгүй хөөрхийс.
Эрдэмтэн, зохиолч Д.Маам, Лхагвасүрэн хоёр хэдэн жил зохиолчдын хорооны дарга, жижүүр хоёрын албыг алаггүй адилхан хашсан. Уран зохиолд нарийн ширийн юм юу хийснийг би энд тайлагнаж эрхэм мэргэн уншигч таныг чилээгээд яахав. Ямар ч л байсан зохиолч хүн мөс, ястай байх ёстойг биеэрээ үлгэрлэж чадсан гэж би боддог. Эрднэтэд ажилгүй шахам тэнэг явсан Нямбуугийн Нямдоржийг Улаанбаатар хотод татан авчирч гурван өрөө шинэ байр, Монголын зохиолчдын эвлэлийн шагнал, төрийн соёрхолд дэвшүүлж, мэргэжлийн зохиолчоор томилон, цалин мөнгөтэй залгуулж тэнгэр, бурханаас дутуугүй тэтгэсэн. Лхагвасүрэн эцгийгээ бурхан болоход нутагт нь аваачиж, дээр цагт лам багшийг нь хөдөөлүүлсэн тэр газар Өнжүүлийнхээ цэнхэр чулууг дэрлүүлэн монгол ёсоор отоглон оршуулсан.
Тэр Зохиолчдын хорооны дарга байхдаа шагнал өгсөнгүй гэж агсам тавьсан нэг омголон эрийг өшиглөж номхруулсан сураг дуулдсан. Үнэн, худал аль юм чих дэлсхийг тэр гэхэв дээ. Шагнал, зэмлэл хоёрыг ингэж газар дээр нь түс тас шийдэх нь ардчилалд харш ч цагийг нь олж, нүдийг нь онож гэмээнэ хуульч, хэрэгтэн хоёр хахуулиар зуучлуулж, худ ураг болсон өнөө үед буруутах нь юун. Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, УИХ-ын асан гишүүн, Америкийн Аризоны Бенсон хотын дэлхийн их сургуулийн утга зохиолын салбарын соёлын доктор гээд тоочоод байвал Бавуугийн Лхагвасүрэн хүнээс хүзүү дутахааргүй зэрэг дэв, цол гуншинтай. Хуучнаар бол Богдын лүндэнгээр шар хүрэм, торгон жолоо, тогосын гурван нүдтэй отго, эрдэнийн гэрэлт улаан бадмаараг жинсээр шагнуулж вангийн хэргэм хүртсэн том зиндааны гавъяат хүн мөнөөсөө мөн боловч хурааж цуглуулсан зоорь, хөрөнгө гэвэл судар номноос ангид тэр гээд хэлчих юмаар элбэггүй байж мэднэ. Ер нь хэдэн хүүхдээс өөр гайхуулах юм юу л бол… Гэвч амиа алтаар даатгавч мөнгөтэй хүн мөнхрөх биш дээ. Их үстэй, их ажилтай, Их хурлын гишүүн асан их шүлэгч Бавуугийн Лхагвасүрэн хэмээх эрхэм хүний хөргийг молхи миний бие өөрийн мэдэхийн хэрээр үг, үсэг хэлхэн чадан ядан зурж бүтээхийг хичээлээ. Та бүхнээс таалал олох болтугай хэмээн дор бөхийн хүлцэл өчөөд, түүний шүлгийн дээжсээс цацал өргөе.
. . .
Үр минь хүүхдээрээ юм даа
Үсний нь үзүүрээс сүү үнэртэнэ
Үгийн илд чихийг нь сөрмөхөд
шархдана
Үхсэн өдөр минь тэр том хүн болно
. . .
Дуутын цагаан хөтлөөс
Миний хорвоо эхэлсэн…
Дан цамцтай бага нас минь
Дагаж гүйсээр хоцорсон…
. . .
Итгэлтэйхан гараас чинь хөтөлсөн
байхад
Сохорсон ч би бүдрэхгүй
Ийм сайхан гараас чинь
Хор уусан ч гомдохгүй
. . .
Билүүтэй уулынхаа овоонд
Чулуу ганцыг нэмлүү дээ
Биеэ хувааж төрүүлсэн
Ижийхээ ачыг яалаа даа
Алтан ганжиртай талдаа
Ойрдоо би очлуу даа
Амиа хувааж төрүүлсэн
Ижийнхээ ачыг яалаа даа
. . .
Атаа хорсол намайг ирлэж
Аядуу магтаал намайг мохооно
Алийг нь ч тоолгүй толгой өндөр
явсны учир
Амьдын хорвоо намайг дуртай,
дургүй ч дурсана
Дорнын их яруу найрагч, соён гэгээгүүлэч Бавуугийн Лхагвасүрэнгийн шүлэг, зохиолын эгшиглэнт алтан аялгуу Монгол хүмүүн бүхний идэрхэг халуун цусанд домогт өвөг дээдсийн минь морин төвөргөөнтэй хамт дэлхийн сонорыг дэлдэн нижигнэнэ.
…Ангаахай бага насны алтанхан дуртгалын сэжүүр дэрвүүлж намрын их нүүдлийн ард, шивээ ганхсан хонгорхон талд Бөтөөрий уул гав ганцаараа сүүмэлзэн хоцорно. Таваг нь халсан атан тэмээд гулс гулс алхуулсаар их талын хаяа руу нүүдэл тонгойхын алдад өөжинд суусан хүүхдийн нулимстай нүдэнд мөнөөхөн хөвхөр хөх уулс адуу дагасан чөдөртэй ганц бүгээн морь шиг сэтгэлийн мананд бүдчин дэгсээр бараа тасарна…