Оном сангийн ТУЗ–ийн дарга, Доктор Д.Наранбаатартай элэгний өвчлөл, эрүүл мэндийн салбар зэрэг цаг үеийн асуудлаар ярилцлаа.
2020 он гэхэд бид С вирүсыг устгасан дэлхийн анхны улс болно
– Сүүлийн гурван жил элэгний өвчлөлийг бууруулахад анхаарал хандуулан ажилласан шүү дээ.Яагаад энэ асуудалд анхаарал хандуулах болов?
– Миний суурь мэргэжил эмч биш ч гэсэн биофизикийн чиглэлээр докторын зэрэг АНУ-д хамгаалсан. АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгийн Хоол боловсруулах, чихрийн шижин, бөөрний үндэсний институтэд эрдэмтэн, судлаачаар дөрвөн жил ажилласан. Дандаа эмч, эрдэмтэн, судлаач мэргэжлийн хүмүүстэй ажиллаж байсан. 2008 оноос Монгол Улсын боловсрол, эрүүл мэндийн чиглэлд дорвитой хувь нэмэр оруулах зорилготой Оном сангаа байгуулан ажиллаж эхэлсэн. 2010-2012 онд Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн тѳслийн Сургалтын хөтөлбөрийн захирлаар амжилттай ажилласан. Тухайн үед миний удирдлага дор Эрүүл мэндийн дэд сайд, ХӨСҮТ-ийн захирал, ЭМЯ-ны газрын даргаар ажиллаж байсан маш гайхалтай, чадварлаг хүмүүс ажиллаж байсан. Эрүүл мэндийн салбарт орон даяар ажиллаж байсан 17 000 орчим хүнийг сургалтад хамруулсан. Энэ бол миний эрүүл мэндийн салбарын туршлага. 2008 оноос хорт хавдар, халдварт бус ѳвчин, тархины цус харвалт, артерийн гипертензи, чихрийн шижин, сүрьеэ, вирүст хепатит зэрэг Монгол Улсын эрүүл мэндийн салбарт хурцаар тулгамдаад байгаа олон ѳвчлѳлѳѳр нарийвчилсан судалгаа хийж байсан болохоор би асуудлыг мэднэ. Энэ судалгааны ажлуудын үр дүнд манай эрүүл мэндийн салбарын юу нь болж байгаа, юу нь болохгүй байгааг нилээн сайн гадарлана.
Одоо би таны асуусан үндсэн асуултанд товч хариулая. Элэгний өвчлөлд анхаарах болсон нь гэр бүлийн түүхээс үүдэлтэй. Хоёр нагац ах маань, буурал аав маань элэгний хорт хавдраар нас барсан. Ѳѳрѳѳр хэлбэл, хепатитын вирүсийн үүдэлтэй элэгний хатуурал, элэгний хорт хавдарт хайрт хүмүүсээ цагаас нь ѳмнѳ алдаж олон мянган Монгол хүний туулж ѳнгѳрүүлсэн амьдралын түүх, уй гашуу, хагацал, эмгэнэл бүгдийг бид бие сэтгэлээрээ бас л туулсан. Аав ээж хоёр маань хоёуулаа элэгний С вирүстэй байсан. Аавыгаа 2012 онд АНУ-д аваачиж эмчлүүлж, эдгээсэн. Тэгээд л энэ эмчилгээг иргэдэд хүргэх зорилт тавьж ажилласан.
– Ѳнгөрсөн хоёр жилийн ажлын үр дүнгийн талаар?
– Ажлын үр дүн маань ганцхан миний ажлын үр дүн огт биш. Миний хамтран зүтгэгч, миний төрсөн дүү Доктор Д.Наранжаргал. Кембрижийн их сургуулийн Элэгний мэс заслын тэнхимд дадлага хийж байсан, Бээжингийн их сургуулийн анагаах ухааны ангийг төгссөн. Англид шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан ийм хүн байгаа. ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ 2020 зорилттой Эрүүл элэг хөтөлбөрийн маань ард манай мэрэгшсэн маш сайн баг байна. Хөтөлбөр маань урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэлт, эмчилгээний дэд хөтөлбөртэй бөгөөд ард нь цогц судалгаа шинжилгээ явж байгаа.
Урьдчилан сэргийлэлтийн дэд хөтөлбөрийн хүрээнд манай ард түмэн элэгний өвчлөлийн талаар зохих хэмжээгээр мэдээлэлтэй болсон. Одоо хөдөө орон нутаг болон хүн бүрт илүү баялаг, үнэн зѳв мэдээлэлтэй болгох дээр тѳвѳлрѳн ажиллаж байна. Энэ дэд хѳтѳлбѳр хамгийн чухал, амин сүнс ажил нь. Цаашид хийх зүйлс тун их байна.
Эрт илрүүлэлтийн дэд хѳтѳлбѳрийн хүрээнд улсын хийж чадаагүйг бид хийсэн. Өнгөрсөн жил 13 000 хүнд шинжилгээ хийсэн. Үр дүнг нь Олон улсын элэг судлалын эмч нарын нийгэмлэгт илтгэл тавьсан. Энэ жил бид Увс аймагт л гэхэд Увс аймгийн Эрүүл мэндийн газартай хамтраад 16 000 хүнийг шинжилгээнд хамруулаад байна. Баянхонгор аймгийн бүх сумын болон ѳрхийн эмнэлэгүүдээр дамжуулан эрт илрүүлэлтийн шинжилгээ хийгээд эхэлчихсэн. Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтраад Баянзүрх дүүрэгт эрт илрүүлэлтийн шинжилгээ хийгээд явж байна. Эрт илрүүлэлтийн дэд хѳтѳлбѳрийн хүрээнд Монгол хүн бүрийг элэгний В болон С вирүсийн халдварыг илрүүлэх шинжилгээнд хамруулах зорилт тавьсан. Энэ бүрэн боломжтойг бид ажлаараа харуулсан. Албан байгууллагуудтай хамтран эрт илрүүлэлтийн баг ажиллуулж, ажлын байран дээр мѳн шинжилгээ, сургалт зохион байгуулж байгаа. Ѳнгѳрсѳн долоо хоногт л гэхэд 1000 гаруй хүнд халдвар илрүүлэх шинжилгээ хийж, элэгний өвчлөлийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө бүхий ном өгсѳн байна.
Эмчилгээний дэд хөтөлбөрийн хүрээнд бид Монгол Улсад элэгний вирүсийн эсрэг эмийн үнийг бууруулах ажлыг гардан зохион байгуулсан. Үүний үр дүнд хямд үнэтэй эмүүд орж ирэн олон мянган Монгол хүмүүс эмчилгээнд хамрагдаад явж байна. Элэгний С вирүсийн халдвартай 4000 гаруй хүн эмчилгээнд ороод, эдгээд маш сайхан болж байгаа. Тухайн хүмүүс дахиж халдвар авахгүй л бол өвчин нь сэдрэхгүй. Ээж маань эмчилгээ хийлгээд одоо гурав дахь сардаа орж байна. Вирүс нь устаад эрүүлжээд ирсэн. Эмчилгээний дэд хөтөлбөр цаашид үргэлжилж бид элэгний С вирүсийн архаг халдвартай 150 000 гаруй хүнийг бүрэн эдгээхийн төлөө ажиллана. Ингэснээр Монгол улсад элэгний С вирүсийг устгана. 2020 он гэхэд Монгол Улс элэгний С вирүсийг устгасан дэлхийн анхны улс болно.
Манай баг ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ 2020 зорилттой Эрүүл элэг хөтөлбөрийг маш олон саад бэрхшээл туулж байж өдий зэрэгтэй авч явж ирлээ. Манай багт гайхалтай мэргэшсэн, зүрх сэтгэлээрээ ажилладаг 30 гаруй эрдэмтэн, судлаач, мэргэжлийн эмч нар байгаа. Энэ ажлыг төр дангаараа биш, хувийн хэвшил дангаараа биш, нийгмийн тѳлѳѳлѳлийн байгууллагууд дангаараа биш, бүгд хамтраад нэг Монгол хамтраад хийх хэрэгтэй гэдэгт бид бат итгэдэг. Ийм ч учраас “Эрүүл элэг” хөтөлбөрийг “Элэг бүтэн Монгол” гэж нэрээр хоёр намын мөрийн хөтөлбөрт албан ёсоор оруулах дээр бид идэвхийлэн ажилласан. Ингэж оруулахын тулд бид дангаараа ажиллаагүй, ард иргэдтэйгээ хамтран зүтгэсэн. Элэгний ѳвчтэй, энэ чиглэлд санаа зовдог 1800 гаруй хүнийг хамарсан “Элэг бүтэн Монгол” зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлгийг Улаанбаатар хот болон Увс, Баянхонгор, Говь-Алтай аймгуудад 5 удаа зохион байгуулсан. Хэлэлцүүлгийн үеэр
– Элэгний вирүсийн эсрэг эмийг ЭМД-аар 80 хувиар хөнгөлүүлэх
– 30 тэрбум төгрөгийг ЭМД-ын сангийн 2016 оны зардлын төсөвт суулгах
– Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулж, орон даяар цогц байдлаар хэрэгжүүлэх гэсэн гурван үндсэн зүйл дээр 100% санал нэгдсэн, тэгээд эдгээр шаардлагаа зохих түвшин түвшинд нь тавихаар болсон. Үүний дагуу МАН-ын мөрийн хөтөлбөрт оруулахаар генесек Ж.Мөнхбатад 20 гаруй өвчтөний төлөөлөлтэй хамт очиж албан ёсоор гардуулж өгсөн. Үүний дагуу С.Бямбацогтоор ахлуулсан ажлын хэсэг асуудлыг авч үзээд бидний санаачилсан томьёоллоор МАН-ын мөрийн хөтөлбөрт оруулсан. Энэ дашрамд УИХ-ын эрхэм гишүүн Г.Занданшатар алхам бүрт бидэнтэй хамт байсан гэдгийг мѳн зайлшгүй тэмдэглэх хэрэгтэй. Мѳн Ж.Энхбаяр, Ч.Хүрэлбаатар, Б.Энх-Амгалан, Л.Энх-Амгалан, Я.Содбаатар, А.Ундраа, Ш.Раднаасэд зэрэг олон УИХ-ын гишүүд дэмжсэн. Энэ бол МАН ард иргэдийнхээ үгийг сонсон, хүлээж авдгийг харуулсан тод томруун жишээ болсон. Арчилсан намын мөрийн хөтөлбөртөө лоозон байдлаар оруулсан, гэхдээ ямар ч байсан оруулсан. Ѳнгѳрсѳн сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулсан болохоор, ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ ХѲТѲЛБѲР маань МАН-ын мѳрийн хѳтѳлбѳрт орсныхоо дагуу Засгийн газрын мѳрийн хѳтѳлбѳрт тусгагдаж орон даяар цогц байдлаар хэрэгжээд явна гэдэгт итгэж байгаа.
-Өнөөдөр Монгол улсад элэгний А B C Д E вирүстэй хичнээн хүн байна вэ? Эдгээрийг МонголУлсад эмчилж чадаж байна уу?
– А, Е бол цочмогоор өвддөг, архагшигдаггүй өвчин. Хүний өтгөн болон бохирдсон хоол хүнс, ахуйн замаар халддаг. А вирүсийн эсрэг вакцин байдаг. А вирүсээр цочмогоор өвдлөө гэхэд эмчилгээ зөв хийвэл эдгэрч, архагшдаггүй. Ахуйн ариун цэврээ сайн сахихийн зэрэгцээ түүхий юм идэхгүй байвал А, Е вирүсээр өвдөхгүй. Европчууд шүүрхий мах иддэг болохоор Е вирүсээр их өвддөг.
Элэгний В, Д вирүсийг нэг гэж ойлгож болно. Яагаад гэвэл В вирүстэй хүнд л Д вирүс халддаг. Бид нилээд шаргуу хѳѳцѳлдсѳний үр дүнд элэгний В вирүсийн эсрэг эмчилгээг хямдруулж эмчилгээнд нэвтрүүлсэн. Жил гарангийн ѳмнѳ л Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаагийн эмнэлэгт 220 000 төгрөгөөр зарагдаж байсан ТЕНОФОВИР эмний тухай би ярьж байна . Ерѳнхий нэршлийн ТЕНОФОВИР эмний дэлхийн зах зээлийн үнэ нь дунджаар зургаан ам.доллар. Ард түмэндээ учиргүй хайртай ардын баатар шиг хүмүүс бодит байдал дээр ийм л юм хийж байсан. Элэгний В вирүсийн эсрэг эмийг хямдруулсантай зэрэгцүүлээд бид Эрүүл мэндийн даатгалын сангаас элэгний вирүсийн эсрэг эмүүдийг хѳнгѳлүүлэх талаар хѳѳцѳлдѳж эхэлсэн. Бүтэн жил хагас хөөцөлдсөний эцэст 2016 оны 4 сард ТЕНОФОВИР эмийг л гэхэд 34800 тѳгрѳгѳѳр хөнгөлөх шийдвэр гарсан, хѳнгѳлѳгдѳѳд явж байгаа. Ѳнгѳрсѳн 6 сарын 11-нд ЭЛЭГ БҮТЭН АЛТАЙ нээлттэй хэлэлцүүлэгийг Говь-Алтай аймагт зохион байгуулаад явж байхад иргэд ТЕНОФОВИР эмийг орон нутагтаа 6000 төгрөгөөр авч байгаагаа ярьж байсан. Үнийн хувьд асуудал боломжийн байдлаар шийдэгдсэн харин одоо ЭМД-ын сангийн тѳсѳвт нэмэлт тѳсѳв суулгаж хүртээмжийг илүү нэмэгдүүлэх хэрэгтэй байна.
Элэгний Д вирүсийн хувьд асуудал нилээд тѳвѳгтэй. 740 сая хүн амтай Европын Холбооны Улсад 120 гаруй мянган хүн элэгний Д вирүсийн халдвартай байна. Гэтэл гуравхан сая хүн амтай Монгол Улсад маань 120 гаруй мянган хүн Д вирүсийн архаг халдвартай байна. Зѳвхѳн энэ тоо баримтаас элэгний Д вирүс манайд гамшиг болчихсон байгааг харж болно.Элэгний Д вирүс бол хүнд тусдаг хепатитын вирүсүүдийн хамгийн хүнд хэлбэр нь. Монгол Улс хэдийгээр цаазын ялгүй орон гэж байгаа ч өнөөдөр Монгол улсын 120 000 хүн цаазын ялтай байгаагаас ялгаа алга. Элэгний Д вирүсийн эсрэг эмчилгээ тун муу. Анагаахын шинжлэх ухаанд одоогоор батлагдсан ганц эмчилгээ нь интерферон гэж тариаг дангаар нь хийдэг. Эдгэх найдлага 30 хувьтай. Интерферон хийлгэхээр үс нь унаж, ханиад хүрсэн юм шиг байнга бие нь өвддөг, маш хэцүү. Мѳн манай улсад интерфероны үнэ нь маш ѳндѳр байна, нэг тун нь 220-400 мянган тѳгрѳг, сард дѳрвѳн удаа, хамгийн багадаа 1 жил хийлгэх ёстой. Ингэхээр дунджаар 15 – 22 сая тѳгрѳгийн ѳртѳгтэй эмчилгээ хийлгэнэ гэсэн үг. Элэгний Д вирүсийн халдвартай иргэд маань үүнийг дийлэхгүй. Тиймээс интерфероны үнийг хямдруулах арга замуудыг бид судалж, гарцуудыг олсон. Нэг тунгийн үнийг 80-130 мянган тѳгрѳг болгох яриа хэлэлцээрийг хийсэн, тѳрѳѳс зарим зохицуулалтыг хийгээд хурдан нэвтрүүлэх шаардлагатай байгаа.
Үүнээс гадна элэгний Д вирүсийн эсрэг нэн шинэ эмчилгээг дэлхийд нээсэн Станфордын Их Сургуулийн эрдэмтэдтэй бид хамтарч ажиллаж байгаа. Ѳнгѳрсѳн сард Монгол Улсад Оном сангийн урилгаар ирээд, ѳвчтѳн, нийгмийн тѳлѳѳлѳлтэй уулзаж, нарийн мэргэжлийн эмч мэргэжилтэнүүдэд лекц уншаад явсан. Нэн шинэ энэ эмчилгээг Монгол улсад түргэн оруулж ирээд элэгний Д вирүсийн иргэдээ эмчлэх ажлыг зохион байгуулах эхлэлийг тавиад явж байна. Монгол Улс энэ чиглэлд онцгой анхаарал тавих хэрэгтэй. Дэлхийд манай улс шиг ийм ѳндѳр ѳвчлѳлтэй орон байхгүй, тиймээс үүнийг бид л анхаарал тавьж байж л шийднэ.
– Дээрхи таван элэгний вирүсээр өвчилсөн хүн хүн Монгол хэд байна вэ?
– Монгол Улсад 400 000 орчим хүн элэгний вирүсийн архаг халдвартай байна. Монголын 200 гаруй хүн туссан ДОХ/ХДХВ-ээс сүнсээ гартлаа айдаг мөртлөө түүнээс аюултай элэгний вирүсээр 400 000 орчим хүн өвдчихөөд байхад тоох ч үгүй байна. Монгол хүнд байх л ёстой юм шиг л хандаад л. Элэгний вирүс гэдэг чинь хүний биед байх ёсгүй, 30-50 орчим нанометр хэмжээтэй амьд биет юм шүү дээ. Монгол Улсад элэгний вирүсийн халдварын тархалтыг таслан зогсоох, элэгний хорт хавдар, хатуурлын нас баралтыг эрс бууруулах талаар хийх юм асар их байна. Ѳдѳрт ДОЛООН Монгол хүн элэгний хорт хавдар, хатуурлаар нас барж байхад бид хараад л суугаад байж болохгүй биз дээ. Тиймээс ч ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ ХѲТѲЛБѲР-ийг Монгол орон даяар цогц байдлаар хэрэгжүүлэх ёстой. Оном сан, Монголын элэгний эмч нарын нийгэмлэг, Ѳвчтѳн нийгмийн тѳлѳѳллийн зѳвлѳл хамтран энэ талаар шаардагдах бүх зүйлсийг хийнэ. Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал гэдэг шүү дээ!
Эрүүл мэндийн салбар асуудалтай нилээн хэцүү болчихсон байгаа
– Эрүүл мэндийн салбар “элгээрээ хэвтсэн” гэж хэлж болохоор байна. Эрүүл мэндийн салбарын талаарх таны бодол?
– Эрүүл мэндийн салбар асуудал нилээн хэцүү болчихсон байгаа. Хүн болгон л шүүмжилж байна. Шүүмжлэх амархан, хийх бүтээх хэцүү. Бодит байдал дээр юу болж байгааг сайн бодох хэрэгтэй. Хүн болгон “эмч муу байна, эмч болохгүй байна” гэх зэргээр эмч, эрүүл мэндийн салбарыг муулж байна. Эмч, сувилагч нарын цалин өнөөдөр хэд байгаа билээ. Шүүгчийн цалинг эмчийн цалинтай харьцуулаад үзээрэй. Хэн нь хүний амьдралыг дэнсэлдэг вэ? Хүний амь авардаг эмч 500 000-600 000 төгрөгийн цалин авдаг бол шүүгч 2-3 сая төгрөгийн цалин авч байгаа. 3-р шатлалын эмнэлэгт ажилладаг доктор зэрэгтэй хүн ийж хийж 850 000 төгрөгийн цалин авч байна. Авч байгаа цалин нь бага байхаар ажилдаа сэтгэл ханамжгүй байхаас гадна амьдралд нь цалин нь хүртээмжгүй байдаг. Сэтгэл ханамжгүй байх нь ч аргагүй. Дурын хүн орж ирээд эмч, сувилагч нарыг сэтгэл зүйгээр дарамталдаг бараг л зодох нь энүүхэнд юм болно шүү дээ. Монголын нийгмийн бүх л эмзэг асуудал эрүүл мэндийн салбар дээр тѳвлѳрдѳг. Ѳвчин эмгэг ядуурлын үндсэн шалтгаан болоод байна. Залуу хүн энэ салбарт ороод эмч болно гэхэд нь би хэрэггүй ээ гэдэг.
-Яагаад?
-Асар олон жил сурдаг. Анагаахад хамгийн өндөр төлбөртэйгөөр зургаан жил сурдаг. Дээр нь хоёр гурван жил резидент хийнэ нарийн мэрэгшил эзэмшиж сурна. Ингээд бүтэн 10 жил сурахаар байна. Тэгэхэд инженер, хуульч хүн дөрвөн жил сураад, ажил дээр гараад л амьдралтайгаа залгачихна. Нөгөө эмч сурч, сурч гарч ирээд өрхийн эмнэлэгт ажиллана, 600 000 төгрөгийн цалинтай. Өөр мэргэжилтэй хүн бол цалингаас гадна орлого олох боломжтой байдаг. Эмчид бол тийм орлого байхгүй ш дээ. Дээрээс нь иргэд эмч, сувилагч нарыг нэг зүйлд буруутгадаг. Та нар тангараг өргөсөн юм чинь хийх ёстой гэж дайраад байдаг. Эмчийн тангараг бол цэрэг шиг эх орныхоо төлөө үхнэ гэсэн үг байдаггүй. Эмчийн тангараг гэдэг бол “Эмчийн ёс зүй,төрийн хуулийг чандлан сахиж Эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийн төлөө Эрдэм чадал, энэрэх сэтгэлээ харамгүй зориулахаа” тангаргалая гэдэг. Тэрнээс эх орныхоо төлөө амиа өргөнө гэсэн үг биш шүү дээ. Манай хуучин системд байсан тангараг өөр агуулгатай, бараг цэрэг шиг. Гэтэл дэлхийн улс орнуудад мэргэжилдээ үнэнч байна гэж л тангаргалдаг. Тэгэхээр шинэ засгийн газар эрүүл мэндийн салбарт анхаарч, эмч эмнэлгийн ажилчдийн ажиллах боломжийг хангахын төлөө юм хийх шаардлагатай байна.
–Тухайлбал?
-Эмч, сувилагч, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг нь нэмэх хэрэгтэй байна. Мөн эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтолцоог өөрчлөх шаардлагатай байна. Жишээ нь: ГССҮТ-д Соронзон резонансын дүрс оношлогооны (MRI) аппаратыг хѳргѳлтийг ажиллуулахын тулд 30 сая төгрөгөөр шингэн азот худалдаж авах шаардлагатай байсан. Гэвч санхүүжилтийг цаг хугацаанд шийдэж өгөөгүйгээс болж 300 000 000 саяын зардал гаргах болсон. Яагаад гэсэн ГССҮТ-ийн санхүүжилт Төрийн санд ордог. Төрийн сан мөнгийг нь гаргаж өгөхгүй удааж байгаад асуудал тѳвѳгтэй байдалд орсон. Тэгэхээр эмнэлэг орлого оллоо гэхэд өөрөө санхүүгээ мэдээд захиран зарцуулдаг болох шаардлагатай байна. Ингэснээр тухайн эмнэлгүүдийн үйлчилгээ сайжирна.
– ЭМД-д хуримтлагдсан мөнгийг улсын төсөвт оруулахгүйгээр салбарт нь л зарцуулдаг байя гэсэн санаа мөн үү?
– Энэ арай ѳѳр ойлголт. Эмнэлэгүүдийн бие даасан байдлыг хангаж ѳгѳх асуудал. Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай бас маш олон зүйл яриж болно. Тухайлбал өнгөрсөн таван жилийн ЭМД-ын зарцуулагдаагүй үлдэгдэл 284 тэрбум төгрөг болсон. Энэ бол Эрүүл мэндийн даатгалынхан ѳѳрсдѳѳ гаргаж тавьсан тоо баримт. Энэ үлдэгдэлээр Монгол Улс элэгний С вирүсийг голомтыг бүрэн устгах боломж байна ш дээ. Гэхдээ энэ үлдэгдэл бодит байдал дээр байгаа эсэх нь юу л бол. Тун эргэлзээтэй. Буруу замаар будаа тээсэн л болов уу! Өөрөөр хэлбэл ЭМД-ын санд хуримтлагдсан хѳрѳнгийг зѳв зохистой хуулийн дагуу эрүүл мэндийн салбартаа зарцуулбал бидэнд боломж их байгаа.
– Эрүүл мэндийн салбарт ажиглагдаж байгаа, таны засахыг хүсдэг “үзэгдэл”?
– Манай улсын том эмнэлгүүд 15 цаг болохоор тараад явчихдаг. Өглөө жоохон бужигнаад л 14 цаг гэхэд хүнгүй болчихдог. Эмч байхгүй болохоор иргэд ч үдээс хойш очдоггүй. Уг нь эмч нарт цалин өгч байгаа юм чинь 09:00-17:00 цаг хүртэл нь сайн ажиллуулах ёстой ш дээ. Бусад салбарынхан 17:00 цаг хүртэл ажиллаад болоод байна.
Гэтэл өрхийн эмнэлэг зүтгэдгээрээ зүтгэж, олонтаа илүү цагаар ажиллаж байгаа. Нэг өрхийн эмнэлгийн жилийн төсөв нь 100 гаруй сая төгрөгөөр өрхийн эмнэлгийн 16 гаруй эмч, сувилагч, ажилтан хүргэж байна. Арай гэж төсөв мөнгөѳ хүргэж чадаж байхад нохойд барьдаг мод шиг өрхийн эмнэлгийг байнга дайчилгаанд явуулдаг. Тэдний төсөв мөнгийг нь нэмээд өгөх хэрэгтэй, тэгээд ѳвчлѳлѳѳс урьдчилан сэргийлэх тал дээр маш сайн ажилуулах хэрэгтэй. Дахиад хэлэхэд бид ѳвдсѳний араас хѳѳвѳл тѳсѳв мѳнгѳ ч хүрэхгүй, асуудал улам л хүндрэнэ, урьдчилсан сэргийлэлт дээр маш их анхаарал тавих хэрэгтэй.
Мөн эмч нарынхаа цалинг нэмж чадахгүй бол давхар өөр орлого боломжийг нь нээж өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол эмч болгон хувийн эмнэлэгтэй, орлоготой болох гээд өөрийнхөө эмнэлэг рүү явуулдаг гэсэн яриа гардаг. Үүнийг хаана хаанаа ойлгоод, зохицуулаад өгөх хэрэгтэй. Үүнийг ойлгодог салбарын сайд бид бүхэнд хэрэгтэй байна.
– Таны бодлоор Эрүүл мэндийн сайд улстөрч байсан нь дээр үү? Эрүүл мэндийн салбарын хүн байсан нь дээр үү?
– Асуудлыг шийдэхэд тухайн хүний хүрээлэл хамгийн чухал. Хэн хэнийг таньдаг вэ? гэх хүрээлэл. Эмч хүний хүрээл эмч хүн байдаг. Би яагаад Станфордын Их Сургуульд очиж сурсан юм? Би АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнд ажиллаж байхдаа 2008 онд Оном сангаа байгуулсан. Залуу хүнийхээ хувьд Монгол хүнд хэрэгтэй зүйл хийе л гэж бодож явсан. 2012 онд АНУ-ын Аргонне үндэсний лабораторид профессороор ажиллаж байхдаа жилийн чөлөө аваад Монголдоо юм хийх гээд ирсэн. Дорвитой ажил хийхэд, санхүүжилт их хэрэгтэй нь ойлгомжтой. Би эрдэмтэн, судлаач хүн учраас миний таньдаг мэддэг хүмүүс бүгдээрээ л эрдэмтэн, судлаачид. Санхжүүлтыг босгох гэхээр нэг сургуулийн профессор, нэг газрын судлаач, эрдэмтэн хүмүүсийг таньдаг мэддэг, харин бизнес, филантропи чиглэлийн хүмүүсийг сайн таньдаггүй, мэддэггүй. Тэгээд хүрээллээ сайжруулахгүй бол би Оном сангийн ажлаа сайн хийж чадахгүй, санхүүжилтээ сайн босгож чадахгүй юм байна гэдгээ мэдэрсэн. Тэгэхээр Станфордын их сургуулийн Бизнесийн сургуульд Удирдлагын ухааны магистр зэрэг хамгаалсан. Дэлхийд алдартай энэ сургуулийн анхны Монгол төгсөгч болсон. Хийж байгаа ажлын өдий зэрэгтэй яваа нь Станфордын Их Сургуульд сурч байх үеийн миний бий болгосон хүрээлэл тусалсан. Элэгний С вирүсийн эмийг Монгол Улсад нэн тэргүүнд, үнэ хямдруулан оруулж ирэхэд Гилеад сайнсес компанийн Тэргүүн дэд ерөнхийлөгч Станфордын их сургуулийн Хуулийн сургуулийг төгссөн Грег Алтон гэж хүн чухал үүрэг гүйцэтгэсэн. Тэр хүнтэй би 2014 оны 2 сард Станфордын их сургууль дээр уулзаж танилцаад, уулзсан ѳдрийнхѳѳ маргааш нь өрөөнд нь очиж сууж байгаад асуудлуудаа танилцуулаад, ерѳнхий шийдэлд хүрсэн. 2014 оны 6 дугаар сард Монголд Гилеад сайнсес компаний тѳлѳѳлѳл Монгол Улсад ирж, Оном сан бүх л уулзалт, яриаг зохион байгуулсан. Эрүүл мэндийн Дэд сайд байсан Ж.Амарсанаа энэ үйл ажиллагаанд ус болсон уу гэхээс тус болоогүй. Дэд сайд асан Ж.Амарсанаа 2016 оны 4 сарын 15-нд Гилеад сайнсес компани дээр надтай цуг очиж уулзаад, Монголд ирснийхээ дараа би ийм юм ингэж бүтээлээ хэмээн ардын баатар болон баахан улс тѳрийн шоу хийсэн. Харамсалтай нь үүгээр асуудал зогсоогүй! Дэд сайд асан Ж.Амарсанаа дундаас нь ашиг олох зорилгоор Софосбувир эмийн үнийг 2 дахин ѳсгѳн нийтэд зарласнаас болоод Эрүүл мэндийн яаман дээр баахан хардлага сэрдлэг үүсч уг эмийн бүртгэлийг зургаан сараар хойшлуулж Монгол Улс олон мянган хүнээ үнэгүй эмчлүүлэх боломжоо алдсан. Монголчууд бид энэ хүний үүсгэсэн асуудлаас болоод хэрэлдээд, нэгнийгээ хардаад сууж байх хооронд Гүржүүд бидний ѳмнүүр дайрч орсон доо.
Энэ бүхнээс би юуг хэлэх гээд байна вэ гэхээр бүх юм хүний хүрээллээр шийдэгддэг. Эмч хүний найз эмч байдаг. Улстөрч хүн салбарын сайд болвол муу гэж яриад байгаа. Үүнийг 100 хувь үнэн гэж хэлж болохгүй. Яагаад гэхээр хүнийхээ хувьд зангарагтай, аливаад суурьтай ханддаг, хүн ардынхаа тѳлѳѳ сэтгэлтэй хүн Эрүүл мэндийн сайдын ажлыг сайн хийж чадна. Эрүүл мэндийн сайд хүн салбартаа төсөв сайн батлуулж чаддаг байх хэрэгтэй. Энэ тун чухал! МАН-ын Мөрийн хөтөлбөрт эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг хоёр дахин өсгөнө гэж оруулсан байгаа. Эдийн засаг, төсөв хүнд байгаа ийм үед үнэхээр зангарагтай, туршлагатай улс төрч Эрүүл мэндийн сайд болж байж мөрийн хөтөлбөрийн энэ заалт хэрэгжинэ. Хийе бүтээе гэсэн сэтгэлтэй, мѳнгѳ тѳгрѳг албан тушаалын шуналгүй, шулуун шударга, эрүүл мэндийн салбарын асуудлыг углуургаар нь тоо баримттай нь мэддэг, шинжлэх ухааны мэдлэгтэй хүн байх хэрэгтэй. Мөн эрүүл мэндийн салбарын нарийн тѳвѳгтэй асуудлыг бусдад ойлгуулж ярьж чаддаг, хийх гэж байгаа ажлынхаа төлөө тѳсѳв тавиулж чаддаг, ажлаа сэтгэл зүрхнээсээ хийдэг, хүн байх учиртай. Тэрнээс биш эмч хүн л байх ёстой ѳрѳѳсгѳл шаардлага тавих хэрэггүй. Харин Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нь жинхэнэ салбарын эмч хүн байх хэрэгтэй. Салбартаа олон жил ажилласан туршлагатай, юм хийж чаддаг, ажлыг явуулж чаддаг хүн, салбарын хүмүүсээ таньдаг хүн байх нь тун чухал. Тэрнээс дурын нэг эмнэлгийн дарга биш. Мөн Эрүүл мэндийн яамны газрын дарга нар нь шалгарсан, ѳндѳр мэдлэг боловсролтой, хийе бүтээе гэсэн сэтгэлтэй маш сайн залуу боловсон хүчнүүд байх нь зүйтэй.
– Шууд асууж байгаад уучлаарай. Өөрөө Эрүүл мэндийн сайд болох бодолтой байна уу?
– Хүмүүс намайг ингээд ярихаар “Энэ нөхөр Эрүүл мэндийн сайд болох гэж зүтгэж байгаа юм байна” гэж ойлгох байх. Зурагтаар тулгамдаад байгаа асуудлын талаар яриад гарахаар УИХ-д өрсөлдөх гэж байгаа юм уу гэдэг! Ний нуугүй хэлэхэд Монгол хүн Монгол хүнийхээ тѳлѳѳ албан тушаал, мѳнгѳ тѳгрѳг харалгүйгээр юм хийж болдог юм байна гэдгийг бид харуулахыг зорьж байгаа. Тодорхой хэмжээнд харуулж чадсан. Бидний ѳнгѳрсѳн 3 жилд хийсэн ажил маань үүнийг батлана. Манай баг улсаас нэг тѳгрѳг ч аваагүй, гэхдээ бодит шийдэл үр дүнд авчирсан. Тэр ч байтугай бид Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд, Тѳрийн нарийн бичгийн дарга болон албаны 10 хүний бүх зардлыг нь төлөөд АНУ дагуулж яваад олон талт хамтын ажиллагааны эхлэлийг тавьсан, асуудлыг эцэслэн шийдүүлсэн. Монголын нийгэм маань бага ч гэсэн урагшилан хѳгжиж, асуудлыг арай ѳѳр ѳнцѳгѳѳс хардаг хүмүүс гарч ирж байгааг хүлээн зѳвшѳѳрѳх хэрэгтэй. Тиймээс намайг Эрүүл мэнд сайд болох гээд зүтгээд байна гэж хардах хэрэггүй. Гэхдээ эхлүүлсэн ажлаа сайн хийхэд эрх мэдэл хэрэгтэй, Эрүүл мэндийн сайд болоод ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ хѳтѳлбѳрѳѳ маш сайн хэрэгжүүл гэж зѳвлѳж байгаа зѳвлѳхүүд, бүр олон нийтэд гараад миний нэрийг Эрүүл мэндийн сайдад санал болгож байгаа хамтран зүтгэгчид минь бий гэдгийг энд тэмдэглэх нь зүйтэй.
– Тэгвэл Эрүүл мэндийн сайдаар ажиллаач гэвэл та энэ салбарыг хариуцаж явах уу?
– Энэ бол улс төрийн намын нэн ялангуяа Монгол Ардын Намын шийдэх асуудал. Эрүүл мэндийн сайд бол улс тѳрийн албан тушаал. Би нам бус, бас улс тѳрч хүн биш. Тийм болохоор энэ миний шийдэх асуудал биш. Хэрэв ийм санал ирэх юм бол сайтар бодож байж шийдэх асуудал. Улс орны эдийн засаг гүнзгий хямралтай, хѳрѳнгѳ мѳнгѳ дутагдалтай, олон асуудал шил шилээ даран хүлээж байгаа энэ үед эрүүл мэндийн салбарыг толгойлно гэдэг бол амар зүйл огт биш. Тиймээс Эрүүл мэндийн сайдаар ажиллаач гэсэн санал ирсэн ч гэсэн би хүлээж авахдаа нилээд эргэлзэнэ
Харин энэ салбарт надад бодож тѳлѳвлѳсѳн, хийе бүтээе гэсэн, огт эргэлзэхгүй нэг зүйл байна. Энэ бол ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ ХѲТѲЛБѲР. Монгол Улсад элэгний С вирүсийн голомтыг 2020 он гэхэд устгаж, халдварын тахалтыг зогсоон, элэгний хорт хавдар, хатууралын нас баралтыг эрс бууруулах нь зѳвхѳн тѳр засгийн, аль эсвэл нэг намын, нэг байгууллагын, нэг хүний л хийх ажил биш. Энэ бол тѳрийн болон тѳрийн бус байгууллага, мэргэжлийн холбоо, ѳвчтѳн нийгмийн тѳлѳѳлѳл бүгд хамтраад НЭГ МОНГОЛ болон нэг зүгт харж цэгцрэн хийх ажил. Тиймээс ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ ХѲТѲЛБѲР-ийг тѳр, нийгэм, хувийн хэвшлийн хамтын ажиллагаан дээр суурилсан шинэлэг бүтцээр жишиг болгон орон даяар цогц байдлаар хэрэгжүүлнэ гэж тѳлѳвлѳж байна. Ийм шинэлэг бүтцээр ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ ХѲТѲЛБѲР-ийг хэрэгжүүлэхэд эмчилгээ, шинжилгээний үнийг улам бүр бууруулах, олон улсаас хѳтѳлбѳрийн хэрэгжүүлэлтэд хѳрѳнгѳ оруулалт татах үүд хаалгыг нээж ѳгнѳ. Энэ бүгдийг хийж хэрэгжүүлэхэд манай баг хамт олон нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэнэ. Энэ л миний хүсэж байгаа зүйл, үүнийгээ хэнээс ч нуухгүй. Шийдвэр гаргах түвшний бүх хүмүүст үүнийгээ хэлж байгаа.
Цусны даралт ихсэх ѳвчний өвчлөлийг бууруулах урт хугацааны хѳтѳлбѳр хэрэгжүүлж эхэлж байна
-Элэгний өвчлөлийг бууруулахад анхаарч ажиллаж байгаа. Үүний зэрэгцээ зүрх судасны өвчинд анхаарч эхэлсэн талаар сонслоо.
– Монгол хүний нас баралтын үндсэн гурван том шалтгаан байгаа. Зүрх судасны өвчин, хорт хавдар, осол гэмтэл. Зүрх судасны өвчлөл манайд харьцангуй их байдаг. Үүнээс сэргийлэх, эрт оношлох, эмчлэх асуудлаар анхаарал хандуулан ажиллаж байгаа. Тухайлбал, та бид хоёрыг ярилцаж суухад шагайсан хүн бол Швейцарийн Новардсын сангаас манайд ирчихсэн ажиллаж байгаа мэргэжилтэн.Тус сан Африкаас Сенегал, Америк тивээс Бразил, Азиас Монгол Улсыг сонгож аваад цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт оношлох болон эмчилгээнд хамруулах цогц хѳтѳлбѳр санаачлан Оном сантай хамтран хэрэгжүүлж эхлээд байна. Энэ хүрээнд бид Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн эмч нарыг сургалтад хамруулж, уг дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийг хамруулсан хэлэлцүүлэг хийсэн. Улмаар энэ үйл ажиллагааг цаашид улам дэлэгрүүлж Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжүүлнэ. Энэ бол урт хугацааны хѳтѳлбѳр байгаа юм. ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ ХѲТѲЛБѲР шиг тѳр, нийгэм, хувийн хэвшлийн олон талт хамтын ажиллагаан дээр суурилсан шинэлэг бүтцээр жишиг болгон хэрэгжүүлнэ.
Монгол хүн тархины цус харвалт болон зүрх судасны өвчнөөр нас барах үндсэн шалтгаан бол цусны даралт ихсэх ѳвчин юм. Өмнө нь Оном сан Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн хѳтѳлбѳрийн шугамаар энэ чиглэлээр ажиллаж байсан. Маш гайхалтай үр дүнгүүдэд хүрсэн. Тодруулбал Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн хѳтѳлбѳрийн хэрэгжүүлснээр тархины цус харвалтын нас баралт Монгол Улсад 2010 – 2013 оны хооронд 25 хувиар буурсан үзүүлэлт гарсан. Энэ амжилтыг улам бататгах, илүү олон талт арга хэмжээ авах хэрэгтэй байна.
Насанд хүрсэн гурван Монгол хүн тутмын нэг нь цусны даралт ихсэх өвчинтэй байгаа. Хэрвээ таны цусны даралт 140/90 дээш байвал та цусны даралт ихсэх ѳвчтэй, эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн үг. Цусны даралт ихсэх ѳвчнѳѳс сэргийлэхэд давсны хэрэглээг багасгах, өөх тосыг зохих хэмжээнд хэрэглэх, зѳв хооллолт шаардлагатай. Өөрөөр хэлбэл амьдралын зөв дадалтай, байнгын дасгал хөдөлгөѳн хийдэг байх хэрэгтэй.
Эцэст нь хэлэхэд хүний эрүүл мэнд бол тухайн хувь хүний хариуцлагын асуудал. Миний эрүүл мэндийг би өөрөө л хариуцна. Ний нуугүй хэлэхэд өнөөдөр Монголд өвдөж болохгүй. Өвдөөд л ядууралд орж байна. Хамгийн ойрын жишээ. Элэгний хорт хавдар, хатууралтай, элэг шилжүүлэн суулгах хагалгаанд яаралтай орох шаардлагатай маш олон хүн байна. Гэтэл элэг шилжүүлэн суулгах хагалгаанд хамгийн багадаа 85 сая төгрөг хэрэгтэй. Урьдчилан сэргийлэх ажлыг маш эрчимтэй хийх хэрэгтэй байна. Бид нар хорт хавдрыг, зүрх судасны ѳвчнийг араас нь хөөгөөд дийлэхгүй. Бид нар урдаас нь очоод буюу өвдөөгүй байхад нь сэргийлэх хэрэгтэй. В вирүсийн вакцин, С вирүсийн эмчилгээ гэж яагаад бид байнга яриад байна вэ? Элэгний С вирүсийн эмчилгээг эрт хийлгээд С вирүсээ устгачих юм бол элэгний хорт хавдар, хатуурал болохгүй. Элэгний хатуурал, хорт хавдар болоод элэг солиулах хэрэгтэй болоход 85 000 000- 300 000 000 төгрөг хэрэгтэй болно. 15 000 төгрөгийн гурван тун вакцин хийлгээд бид нар В вирүсийн халдвар авахаас бүрэн хамгаалагдана. Ѳѳрѳѳр хэлбэл урьдчилсан сэргийлэлт юу юунаас илүү чухал юм.
-Цаг гарган ярилцсан танд баярлалаа.
А.Баярмаа