Хүн болгон хүүхдээ ухаантай болоосой гэж хүсдэг. Гэсэн ч хүүхэд болгон хүссэнээр ухаантай болдоггүй. АНУ-ын эрдэмтэд олон жилийн турш хүүхдийг ухаантай болгож болох эсэх талаар судалгаа явуулжээ. Энэ судалгааныхаа талаар Scientific American сэтгүүлд нийтлүүлсэн байна. Энэхүү нийтлэлийг товчлон хүргэе.
Эрдэмтэн Жулиан Стэнли 1968 оны зун нэгэн сэргэлэн хүүтэй танилцсан байна. Балтимор хотын сургуулийн сурагч Жозеф Бейтс гайхалтай ухаантай байсан бөгөөд хийх юмаа олж яддаг байжээ. Учир нь, тэрбээр математикийн хичээлийн хөтөлбөрөө ангийнхнаасаа аль эрт үзээд дууссан байж. Тиймээс эцэг эх нь Жозефийг Жон Хопкинсийн их сургуулийн компьютерийн курсэд оруулжээ. Эрдэмтэн Жулиан харин тэр үед Жон Хопкинсийн Их сургуульд багшилж байлаа. Их сургуульд ирэнгүүтэй Жозеф мөн л хөтөлбөрт хичээлээ оюутан ах эгч нараасаа түрүүлэн үзэж дуусгасан байна. Тиймээс программын хэл сурч эхэлжээ. Бүх зүйлийг маш хурдан сурдаг Жозефийг яахаа мэдэхээ больсон компьютерийн багш нь түүнийг Стэнлитэй танилцуулжээ. Стэнли нь тархины танин мэдэх үйл явцыг судалдагаараа тухайн үед алдартай байлаа. Энэхүү вундеркинд хүүхдийн жинхэнэ авьяасыг мэдэхийн тулд Стэнли Бейтсэд зориулан тусгайлсан тест боловсруулсан бөгөөд энэ тест нь дээд боловсрол эзэмших хүсэлтэй хүмүүсийн тестийн хэмжээнд бэлтгэжээ. Тестийн дүн гарахад Бейтсийн авсан оноо Жон Хопкинсийн их сургуулийн босго онооноос хавьгүй өндөр байлаа. Стэнли хүүг дунд сургуулийн орчинд нь дээд математик сургачих боломжийг хайсан ч олдсонгүй, тиймээс өөрийн сургуулийн удирдлагаас 13 настай хүүг оюутан болгохыг гуйсан аж.
Стэнли ухаантай, авьяаслаг хүүхдүүдийг судлах ажлаа олон жил хийж байгаа бөгөөд энэхүү судалгааны ажилд нь Бейтс зохих байр суурийг эзэлдэг. Түүнийг “ноль оюутан” хэмээн Стэнли өхөөрдөн нэрлэсэн аж. Эрдэмтэн Стэнлийн судалгааны ажил нь ухаалаг, авьяаслаг хүүхдүүдэд хандах АНУ-ын боловсролын тогтолцооны хандлагыг бүрмөсөн өөрчилсөн гэж үздэг байна. Стэнли 45 жилийн турш 5000 хүүхдийг бага наснаас нь судалсан бөгөөд тэдгээрийн дотор гайхамшигтай эрдэмтэд хэд хэд төржээ. 45 жилийн судалгаандаа үндэслэн шинжлэх ухааны 400 гаруй өгүүлэл, хэд хэдэн ном гаргасан.
“Байгалийн шинжлэх ухаанд амжилттай суралцах өгөгдөлтэй хүүхдүүдийг хэрхэн олж илрүүлэх, байгалиас заяасан потенциалыг нь хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдгийг Жулиан мэдэхийг хүссэн юм” хэмээн Теннесси мужийн Нэшвиллийн Вандербильтийн их сургуулийн Боловсрол, хүний оюуны потенциалын хөгжлийг хариуцсан декан Камилла Бенбоу Стэнлигийн талаар хэлсэн байдаг. Гэхдээ Стэнли ухаалаг, оюунлаг хүүхдүүдийг зөвхөн судлах биш тэд өөрсдийн өгөдлөө ашиглан дэлхийг хэрхэн өөрчлөхийг харахыг хүссэн.
Түүний судалгаанд хамрагдсан хүүхдүүдээс цөөнгүй нь одоо карьерынхаа ид үед байгаа төдийгүй тэд өөрийн нийгмийг өөрчилж чадах нөлөөтэй нь харагдаж байна. Стэнли Жон Хопкинсийн их сургуульд оюунлаг залуусын төв гэдгийг 1980-аад онд байгуулсан бөгөөд элсэлтийн шалгалтын хамгийн өндөр оноо авсан /үүнийг тэргүүлэх нэг хувь гэж ярьдаг байна/ хүүхдүүд энэ төвд хамрагдаж байлаа. Тухайлбал, алдарт математикчид болох Теренс Тао, Ленард Нг, Facebook-ийн үндэслэгч Марк Цукерберг, Google-ийг үүсгэн байгуулагчийн нэг Сергей Брин, дуучин Стефани Джерманотта буюу Леди Гага нар энэ төвөөр дамжсан юм.
Стэнлигийн судалгааны гол үр дүн нь бага хүүхэд насандаа авьяас чадвараараа бусдаасаа ялгарч байсан хүүхэд нас биед хүрээд гаргах амжилт хоёр харилцан уялдаатай гэсэн дүгнэлт юм. Жон Хопкинсийн их сургуультай хамтран ажилладаг Дарем хотын Дьюкагийн их сургуулийн сэтгэл судлаач, мөн авьяаслаг хүүхдүүдийг илрүүлэх чиглэлээр ажилладаг Жонатан Уэйгийн хүүхэд насандаа тэргүүлэх нэг хувьд багтаж байсан хүүхдүүдээс ирээдүйд чадварлаг эрдэмтэн, нэр хүндтэй шүүгч, сенатор, тэрбумтан, мөн Форчун сэтгүүлээс зарладаг дэлхийн тэргүүлэх 500 компанийн захирал төрөх магадлал өндөр байдаг гэжээ.
Гэхдээ Стэнлигийн судалгааны гол дүгнэлт нь амжилт гэдэг бол нэг хувийн авьяас 99 хувийн хичээл зүтгэл гэсэн онолыг няцааж байгаад гол учир байгаа юм. Мөн зөвхөн АНУ төдийгүй бусад улс орны боловсролын салбарынхан сурлагадаа сул хүүхдүүдийг сайн хүүхдүүдийн зэрэгт аваачих гэж ихээхэн хичээл зүтгэл, цаг зав гаргаж байгаа одоогийн хандлага зөв эсэхэд эргэлзэхэд хүргэж байгаа юм. Энэ судалгаанаас үндэслэн бусдаасаа илүү үзүүлэлттэй хүүхдүүдийг тусгайлан бэлдсэнээр нийгмийг манлайлах хэсгийг бэлдэж болно гэж үзэх юм бол энэ ангилалд ороогүй хүүхдүүдийн өсөн дэвжих эрмэлзлэлийг үгүй хийнэ, мөн ийм хүүхдүүдийг илрүүлэх аргачлал, стандарт нь юу байх вэ зэрэг олон асуултыг араасаа дагуулж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар ухаантай хүмүүсийг сэтгэн бодох чадварын буюу IQ гэж хэлдэг тестээр тодорхойлдог. Гэтэл энэ арга хэр баталгаатай вэ? Бусдаасаа илүү дээгүүр оюун ухаантай хүмүүсийг илрүүлэх судалгааг улс үндэстэн болгон хийхийг эрмэлзэж ирсэн. Ялангуяа сүүлийн арваад жил Азийн орнууд, тэр дундаа Өмнөд Солонгос, Хятад, Сингапур энэ асуудалд ихээхэн анхаарч байгалийн өгөгдөлтэй хүүхдүүдийг шинжлэх ухаан, инновацийн төслүүдэд ажиллуулж байгаа юм. Харин Европ тивийн хувьд энэ хандлага эсрэгээрээ. Тухайлбал, Их Британи авьяаслаг хүүхдүүдийг илрүүлэх төв ажиллуулж байснаа татан буулгасан жишээ бий. Европын боловсролын тогтолцоо нь нийт сурагчийн ерөнхий түвшин ижил байх ёстой гэсэн хандлагыг одоо барьж байгаа юм.
АНУ-ын хувьд өнгөрсөн зууны эхнээс буюу 1920-иод оноос Льюис Терман хийж эхэлсэн ажээ. Түүний гол аргачлал нь IQ-г тодорхойлох байв. Энэ аргаар ирээдүйгүй гэж тодорхойлогдсон хүмүүсийн дотор транзисторийг бүтээгч , Нобелийн шагналтан Уильям Шокли, мөн физикч, Нобелийн шагналтан Луис Альварес нар байжээ. Льюис Терманы хийсэн ажлыг Стэнли судалж үзээд шинжлэн задлах болон логик сэтгэлгээг шалгах найдвартай арга хэрэгтэй хэмээн үзэж одоо SAT гэж нэрлэгддэг аргачлалыг боловсруулжээ. Ингээд 1972 онд Балтимор хавийн 12-14 насны 450 хүүхдийг сонгон авч SAT аргачлалынхаа математикийн хэсгээр нь шалгасан байна. “Эхний сюрприз нь олон хүүхэд өмнө нь заалгаагүй математикийн бодлогыг бодож чадсан явдал байсан. Хоёр дахь нь олон хүүхэд элит гэгддэг их сургуулийн босго оноог давсан оноо авсан явдал” хэмээн Стэнлитэй хамтран ажилласан сэтгэл зүйч Дэниел Китинг ярьжээ.
Судалгаагаа эхлэхдээ Стэнли ингэж насан туршид нь үргэлжилнэ гэж бодоогүй гэдэг. Судалгаагаа эхэлснээс хойш таван жилийн дараа хамтрагчид нь энэ судалгаагаа тэрхүү сонгогдсон хүүхдүүдийг нас биед хүрч ажил амьдралтай болтол үргэлжлүүлэхийг санал болгожээ. Хуучин хүүхдүүдийн судалгаагаа үргэлжлүүлэхийн хамт шинэ хүүхдүүдийг сонгон авч байжээ.
Стэнлигийн анхны хүүхдүүдийн нэг эхэнд өгүүлсэн Жозеф Бейтс эдүгээ 60 настай бөгөөд 17 настайдаа их сургуульд орж, кибернетикийн чиглэлээр бакалавр, магистрийн зэрэг хамгаалж, Питтсбургийн их сургуульд профессороор ажиллаж хиймэл оюун ухааны салбарыг үндэслэгчийн нэг болсон юм.