..Хонх дуугарахад зэгзгэр туранхай Монголмаа дэгдэн гүйж очоод, дурангаар шагайвал нэг дор ажилладаг Цээпил дүү нь дүрсгүй алаг нүдээ эргэлдүүлчихсэн инээвхийлэн зогсоно. Тэр ерөөс хаашаа үсрээд алга болчих бол гэж эмээхээр жигтэйхэн адгуу, тогтворгүй нэгэн.
“Ээж ээ, Цээпил хамгийн түрүүнд ирж байна шүү дээ. Хөөрхөн дүү минь ор ор” хэмээн Монголмаа үүдээ нээгээд чичирхийлсэн хоолойгоор бахирав. Төрсөн өдрийнх нь анхны зочин турьхан гартаа жигтэйхэн том таримал цэцэг атгачихаж.
-Эгч ээ, энэ бол “Гоо даль”…
-Ямар гоё цэцэг вэ. Баярлалаа, дүү минь. Ямар гоё цэцэг вэ гэж ахин ахин орилонгоо, цэцгийг эргүүлж, тойруулан биширсэн харцаар ажих нь Монголмаагийн сэтгэл хачин их үелзэж, чин үнэнээсээ хөөрцөглөснийх аж.
Цээпилийг цэцэг бэлэглэсэн өдрөөс хойш “Гоо даль” цэцэг нь бүсгүйн ханаа цууртал инээх ч юм уу, цурхиран уйлж хашгирах, бодлогоширч гөлийн суух, зүрх сэтгэл нь догдлохыг мэдрэх болсон билээ. Түүний өмнө бүсгүйд тохиолдох түмэн өнгөт үйл явдал зурсхийн өнгөрөхөд “цэцэгс нэгэн хэвийн л амьдралтай юм” хэмээн “Гоо даль” цагаахан атаархах ажаамой. Үүр цүүрээр түүнийг тордогч бүсгүй нь их л ядарч цөхөрсөн шинжтэй орж ирлээ. Ажлын ачаалалдаа бол хэдэн цаг дарагдсан ч ийн гудайдаггүйг нь мэдэх Гоо далийн хамаг навчсыг хэн нэгэн сэгсрэх шиг санагдав. Бүсгүй түүн рүү эгцэлж хараагүйд тэрээр гоморхов. Эмэгтэйн утас дуугарч байна.
-Чи хаашаа явж байгаа юм бэ. Хэзээ ирэх юм бэ хэмээн бүсгүй цурхиран уйлав. Бүсгүй уйлаад л байх юм. Энэ мөчид Гоо далийн их биенээс дөнгөж дэлбээлсэн турьхан ягаан дэлбээ бөхийн сэрвээтэв. Бүсгүйн хамаг бие нь шархиран өвдөж, энэ орчлонд багтаж шингэх үгүйгээ мэдэхгүй мэгшин хэвтэнэ. Энэ өдрөөс хойш гэрийн эзэн цэцгээ хайнга гэгч нь усалчихаад л гараад гүйдэг боллоо. Тэрээр харьд одсон залуугаа мартах гэсэн мэт ажил төрөлдөө улайрсан нь илт. Хааяа ажлынхантайгаа орж ирэн, хөгжилтэй яриа өрнүүлэх хэдий ч зүрхнийх нь голтод хэн нэг нь тонгочиж ахуйг мэдэрсэн “Гоо даль” гуниглан бөхийнө.
Бараг сарын дараагаас Монголмаа цоглог төрхөндөө орлоо. Тэр сав л хийвэл компьютерийнхээ урд бодлогошрон суудаг болов. Түүнийг орхин одож зүрхийг нь шархлуулсан залуутайгаа тэрээр мессенжерт уулзах юм. Чингэхдээ бүсгүй Гоо даль өөд “миний хайртай залуу эргээд ирсэн” гэх шиг аальгүйхэн ширвэнэ. Өрөөнд хэн ч байхгүй болохоор компьютероо чанга яригчтай холбочихоод ханхүүтэйгээ элдвийг чалчина. Ажлынхан, хааяа хамтарч ажилладаг шоуменежерүүд, сүүлийн үед бичиж байгаа кино зохиол гээд бүсгүйд ярихгүй сэдэв алга. Тэд бас компьютерийн дэлгэцэн дээрх бие биенийнхээ дүрсийг энхрийлэн ажина. Богино халимагнаас ялимгүй уртавтар үстэй залуугийн дүрсийг Гоо даль гоочлох маягтай. Бүсгүй гэр орноо цэвэрлэж буйгаа, душэнд орохоор явахаа ер бүгдийг шулганан тайлагнана. Залуу хариуд нь харь оронд борооны улирал эхлээд ажилгүй суугаагаа учирлан санаашрахдаа ямагт орондоо хэвтэхийг хараад Гоо даль гайхширна. Нэг удаа бүсгүй залуу хоёр хачин сонин үйлдэл хийхийг ажсан Гоо даль бүр мэлэрчихэв. Залуу “янаг бүсгүй минь би чамайгаа санаж байна” гэхэд бүсгүй “би дээрэлхүү эрхтнээ үгүйлж байна” хэмээн хэн нэгэн сонсчихвий гэх шиг бувтнахдаа хацарт нь нил ягаан туяа татаад ирэв. Бүсгүйн хүчтэй цохилох зүрхэн тус газар нь Гоо даль гартайсан бол сэмээрхэн очоод илбэчихмээр санагдана. Дэлгэцэн дээр нэгэн хачин дүрс тодроход Гоо даль бүр цочролд орохдоо навчис юугаа сэгсрэн чичирхийлэв. Бүсгүй түүнийг хараад хүүхэн хараа нь томорч, мэлэрнэ. Бүсгүй “Бурхан минь, битгий намайг ингэж тарчлаа. Одоо болно оо, “наадхаа” бүү харуул”, залуу “чи ч бас гоё байж болно шүү дээ. Үгэнд ороорой эрх гүнж минь”….
Хэд хоногийн дараа бүсгүйн найз бололтой гэр бүлийн хоёр зочиллоо. Уртаас урт үстэй залуу “Хүүе энэ Гоо даль чинь ямар гоё ургаа вэ. Жижигхэн дал мод шиг харагдаж байх чинь вэ. Минийх яагаад ургадаггүй юм бол оо” хэмээн дуу алдахад, магтаалын үгс сонссон Гоо даль ичингүйрэв. “Чи цэцэгээ сайн анхаарч халамжил л даа” гэх Монголмаагийн үгс түүгээр илт бахархсан шинжтэй.
Хэдийгээр орон зайн хувьд бие биенээсээ алс хол оршиж асан ч бараг идэх хоолоо хувааж идэх нь холгүй байсан залуусын харьцаанд нэг өдөр сүрхий ан цав үүслээ. Залуу бүсгүйг ажлаасаа нэлээд орой ирэхэд нь үгээр баалж гарав. “Чи энэ орой хүртэл юу хийж явсан бэ” гэж уцаартай орилох түүний царай комьютерийн дэлгэцийг нэн хилэнтэй эзлэн түрэмгийлнэ. “Чи надаар ямар гээчийн муу үйл хийлгэж санаа чинь амрах хүн бэ. Ажлаа л хөөцөлдөж яваад ирлээ” бүсгүй ийн хариулна. “Чи хэл, намайг ч хэдэн найз бүсгүйтэй гэдгийг чи гадарлахгүй” энэ үгийг сонссон бүсгүйн нүд гөлийн сүүмэлзэв. Уг нь тэрээр залирхаг инээмсэглэн явдаг билээ. “Чи юу ярина вэ” гээд бүсгүй эхэр татан уйлав. “Ямар муухай “амьтан” гэгч ийм байдаг юм бэ. Гэнэт явах болсноо дуулгасан. Одоо гэнэт ийм увайгүй юм чихэнд минь хашхичих юм. Чи ер нь тийм сайн хүн гэж үү. Амьд там юм биш үү” гайхаж цочирдсон бүсгүйн нүд ууртай гялалзах атлаа дууны өнгө нь цөхрөнгөө барсан мэт. Бүсгүйн бодролыг Гоо даль уншина. Тэрээр “мартах гээд үзвэл яах бол хэмээн санааширна”. Бүсгүй, залуу хоёр интернэтэд уулзах өдөр хоногийн тоо холдсоор л… Хүүхэн ажилдаа түүртэн гүйсээр авч зүрхэнд нь суусан шарх Гоо далийн цэцэгсийг хурц нарийн зүйлсээр сийчих шиг санагдана.
Өмнө зочилсон гэр бүлийн хоёр ахиад л бүсгүйнд ирлээ. Энэ уулзалт урьдынх шиг даруу төлөв байсангүй. Тэд шар айрагны шилэн дунд жинхэнэ утгаараа хөглөрч Гоо далийн дургүйг хүргэв. Зочид нэмэгдсээр л…Нэг нь кино найруулагч, зэгсэн царайлаг залуу. Нөгөөх нь нүдний шилтэй, ярвагар царайтай Монголмаагийн багын найз бүсгүй. Шинэ зочид нэжгээд тортой юмс барилсан байна.
Бас л шар айраг бололтой. Зочдын дуу өндөрссөн нь “найр”-ны оргил үе эхэлснийг сануулах мэт. Урьд өмнө зочилсон болохоор Гоо дальд илүү дотно санагдах урт үст залуу түүн өөд чиглэн ирээд бүсгүй хүнийх шиг нарийн цагаан хуруугаараа бие эрхтнийг нь барилж үзэхдээ уулга алдав. “Хүүе, чи Гоо далиа яачихаа вэ. Хамаг навчис нь хатлаа шүү дээ” … Гоо даль болдогсон бол үхчихмээр санагдав. Анх эдний босгоор алхахдаа ер бусын их тачаалаар түүн рүү ширтэж асан залуугийн нүдийг ээ…Энэ орчлонгийн энгүй их хайр, өрөвдөл, нигүүлсэл түүнийг эзэмдэн буй. Залуу галын өрөөнөөс цэмцгэрхэн алхаагаар сэмбэлзэн хүрч ирэхдээ гартаа жижигхээн хайч атгажээ. Тэрээр Гоо далийн гундаж өгөршөөд, өндийхөөс өнгөрсөн мөчрийг ширхийтэл хайчлахдаа бие нь агзаганахыг цэцэгхэн анзаарч мэдэхдээ нялхран уйлав. Залуу “өвдсөн үү” гэх шиг зөөлөн булбарай уруулаа цорвойлгоод түүнийг үлээх нь Гоо далийн бие эрхтнийг сэргээдэг хаврын зөөлөн салхинаас ч урьхан аж. Үхэжсэн өрвийсөн бүгдийг нь тасдаж дуусахад түүний биенээс өргөс авсан мэт санагдав. Чингээд орчлонгийн ис тоос бүхнээс салгахаар шийдсэн бололтой бяцхан шүршүүр авчраад зөөлхөн гэгч нь цацаж, үндэс юуг нь умдаалсан залуугийн царайд сая нэг амсхийсэн шинж тодров. Залуу өнөөх л тэр гэхийн тэмдэггүй уян гараараа түүний их биенээс атган нааш цааш эргүүлэн сонжих нь Гоо дальд нэн таатай…
Ярианыхаа сэдвэнд гүн нэвчсэн бусад нь тэднийг анзаарах сөхөө алга. Дуу хуур, хоол унд, шар айрган дунд хөлбөрсөн залуусын цэнгээн өндөрлөх шиг боллоо. Нүдний шилтэй бүсгүйн гэр хавьгүй хол учраас хоноод явахаа гэрийн эзэнд мэдэгдэхэд өнөөх нь ч хань татсан шинжтэй дуртайяа толгой дохино. Нүдний шилт “Найз залуу чинь заримдаа над руу утасдаж чамайг асуух юм” гэхэд “Өө, тийм үү. Цаадах чинь олон бүсгүйтэй учраа мэдэхгүй найзалдаг юм биш үү” хэмээн доогтой өгүүлээд Монголмаа инээвхийлэхийм. Кино найруулагч бүсгүйгээс холдох тун дургүй шинжтэй. Тэд хурц гэрлээс зайлсхийдэг ижилхэн зантай юм даг уу, ямартаа ч лаа асааагаад элдвийг хүүрнэн сууна. Нүдний шилт зэргэлдээ өрөөнд ороод таг болохыг бодоход сайхь хоёрын ярианы сэдвэнд өөрөө хавьтахгүй, шүргэхгүйгээ мэдээд саад болохгүй гэсэн мэт. Ерөөс Монголмааг найз нөхөдтэйгөө хөгжин цэнгэхийг нүдний шилт их л таагүй ажин, янзгүй царай гарган ёлтолзож суугаа нь Гоо далийг эвгүйцүүлдэг билээ.
Эр, эм хоёр шинэхэн кино зохиолын санааг нэн удаан хүүрнэв. Найруулагч “Чи даарахгүй байна уу” гээд Монголмаагийн зүүд нойрондоо умбан тийчигнэдэг, эрээн хивсэн дээрх нимгэн гудас руу харц чулуудна. Түүний харцан дахь ер бусын их хүсэмжлэлийг анзаарсан Гоо даль эзнийхээ бачуухан амьсгалыг сонсож буй тул тэвчээртэй хүлээнэ. Монголмаа бие халхалсан нимгэхээн гэрийн халаадаа тээр хол чулуудаад хөнжилдөө шургахдаа бага зэрэг бэргэсэн аястай. Эхээс төрсөн гантиг цагаан биеэрээ сунайн хэвтсэн түүнийг эр нь шуналын харцаар цоо ширтэхдээ тэсгэл алдан шумбаад орчихов…
Зочин өглөө эрт ажилдаа гарлаа. Хэдэн сар гансран, бие эрхтэн нь хагсарсан бүсгүй сэтгэл амирлангуй шинжтэй ангайн нойрсох ахуйд хажуу өрөөнөөс нүдний шилт өлмий дээрээ гишгэлэн гарч ирэхэд Гоо даль яагаад ч юм бэ айн ширвээтэв. Нүдэнд хүйтэн царайтай тэрээр Монголмаагийн компьютерийг сэмээрхэн асаахад нь Гоо дальд хачин муу совин төрлөө. Тэр мессенжер хаягаа нээхийг цэцэг чимээгүйхэн ажина. Хэсэг хугацааны дараа компьютерийн дэлгэцнээ нэгэн танил эрийн дүрс тодроход цэцэг мэл гайхав. Монголмаагийн харьд одсон залуу яах аргагүй мөн байна аа.
Цаашид хэрхэх нь Гоо дальд илүү сонин ч, нэг л хачин. Нүдний шилтийн ярвагар царайд инээмсэглэл тодрохыг тэр анх удаа харлаа. “Чиний бүсгүй чинь хүнийх болсон” гэхдээ ийн инээмсэглэв. Залуу “Яана аа би түүнд олон найз бүсгүйтэй гэж тоглоомоор хэлсэн” гэсэн ч үнэмшсэн шинжгүй. “Өө, санаа зоволтгүй ээ. “Энэ” угийн л ийм хүн” гэх муу үгсийг бичихдээ түүний эмэгтэй хүнд баймгүй хүйт даасан цагаан гар нь яаран салганана. Залуугийн дүрс дэлгэцнээс ор мөргүй алга болоход ярвагар царайт мэгдэн сандарч компьютерийг уурсан цохилоо.
Сарын дараа Монголмаа ханын тавиур дээрээсээ монгол гэр хэлбэртэй шаазан савыг жижигхэн хундаганы хамт өмнөө тавилаа. Энэ бол Гоо даль тэр хоёрын анх таарсан өдөр хамгийн сүүлд хүрэлцэн ирсэн зочны бэлэг. Мэндээ дүү нь англи хэлний сургалтын төв ажиллуулдаг агаад зуны зуслан дахь вакум сургалт нь эхэлсэн учраас тийшээ давхисаар хоцорч ирсэн тухайгаа хэлээд уучлал гуйж билээ. Эмэгтэй өнөөх гэр хэлбэрт савыг чихэндээ барин сэгсэрлээ. Тэгснээ монгол эр хүний малгайн орой шиг жижигхэн бөглөөг нь мултлаад шонтгор хамраа үзүүрт нь хүргэх нь болгоомжилсон аястай. Бүсгүй хонгор санаа алдаад өнөөх саван дахиа жижиг хундага руугаа тонгойлгон, эгц өмнөөс нь бөхийсөн “Гоо даль” өөд чиглүүлэнгээ агшин зуур хөнтөрч орхилоо. Өнөөдөр “Гоо даль”, бүсгүй хоёр нам жим. Хундага дарс гурвыг ходоодныхоо мухар өөд гулгуулсан тэрээр хөлгүй амьдралын жаргалд умбах гэгчийг мэдрэх шиг санагдана. Хүүхэн шунхан улаан будгаар чамирхан гангалсан хуруу хумс тэргүүтнээрээ “Гоо даль”-ийнхаа турьхан мөчир, эмзэг дэлбээ бүрийг нь илбэнхэн сууна. Нов ногоон навчис дундаас нэгэн цэцэг дөнгөж сарын өмнө дэлбээлсэн нь нэн содон. Тэрхүү цэцэг усан улаан өнгөтэй, түүнээс салбарлаад томоохон зулын гол шиг хэлбэртэй, өргөст хэмх шиг хатуу шав шар этгээд зүмбэрлэжээ.