“Хэн юм чи, хэн юм бэ” гэж нэгэн айхавтар дуунд гардагчлан хүүхдийн зохиолч гэж хэн юм бэ гэдэг бол жаахан маргаантай асуудал. Хүүхдүүдэд зохиол бичиж өгдөг том хүмүүс байдаг. Ер нь сайн хүн болох нь зүйтэй тухай, ингэхийн тулд юунаас эхлэх тухай зааж зөвлөн бичдэг. Бас өрөөндөө суугаад “хэрвээ би хүүхэд байсан бол…” гэж бодоод бичиж гардаг томчуул ч бий.
…Харин би тэр номыг хоёрдугаар ангид байхдаа анх уншаад айлын хүүхэд л хийсэн байна гэж бодсон юм. Бодохоос ч аргагүй бас нь шалтгаантай. Ёстой л хадны бичээс тайлахын дайтай юм болж байж уншсан. Чихэр боовны үйлдвэрийн гоймонгийн хайрцагны жийрэг дээрээс анх уншсан гээд бод доо. Хэвлэлийн комбинатынхан ном хэвлэлийнхээ өнгө будгийг тааруулах гэж нэлээн хуудсыг туршин хэвлэдэг ба түүнийгээ зүсээгүй том хавтгай цааснаа хэвлэнэ. Тэр цаасыг нь дотоод үйлдвэрийн баглаа боодолд ашиглах. Манай Молом баньдхай гоймонгийн үйлдвэрээс гэрийн дулаалга хийхээр баахан тийм цаас авчирсны дотор “тэр” ном ер нь л бүтнээрээ байсан хэрэг. Зүсэж дэвтэрлэхэд бэлтгээгүй учраас хуудсууд нь энд тэнд. Эхлээд хуудас бүрийн доор дугаар байгааг олж нээв. Улмаар хуудасны захыг заасан хэрээс ч билүү тэмдэг байхыг ажиж, тэр хавиар нь хайчлан дэвтэрлэх маягтай болгож билээ. Миний анхны уншсан номын нэг төдийгүй, анхны “эрдэм шинжилгээний ажил” шахуу ажиглалт- судалгаа, мөн юмыг анх удаа, амьхандаа л логикоор нь хөөж учир замбарааг нь олсон бүтээл тэр байсан.
Хүүхдийн нүд эхлээд зургийг хардаг. Айлын хүүхэд зурсан болтой эв хав муутай ч ойлгомжтой гэр, мал, машаан тэрэг эхлээд нүдэнд туслаа. Тэгсэн чинь хажууд нь хэвлэмэл бичиг байсан. Хүүхдийн зураг дээр томчуул тайлбар хийж гэж үзэв. Номын зураг нь том хүн бидэнд зурж өгсөн биш харин хүүхэд зурж өгөөд том хүн бичиж гэж бодогдмоор. Нөгөө бичгийг уншаад эхэлтэл ерөөсөө хүүхэд л бичсэн баймаар санагдаад.
Учир нь тэнд, гараараа гэрээ хааж байгаад “гар гэрээс том”, нарыг алгаараа хааж байгаад “гар нарнаас том” гэж бичсэн байсан юм. Санаанд нийцэж байгаа гэж жигтэйхэн. Бас харандааны үзүүрт алим хатгаж амандаа зуугаад л “гаанс зуусан Нацагдорж зохиолч” болчихсон тухай ч гарч байх шиг. Тэгсэн чинь нэг худалч жаал хөдөөний тухай бурж өгч байна аа. Малчид таван давхар гэрт суух бөгөөд хамгийн оройд ямаачных байдаг гэнэ ээ. Одоо ч миний сэтгэлд олон мөр бадаг үлдсэн байдаг. “Төрсөн жаахан төлийг түрдэг тэргэнд суулгана гэнэ, цэвэр агаарт гаргаж цэцэрлэгт хүрээлэнд хүргэнэ гэнэ”. Хөдөө бэлчиж яваа малыг гэрлэн дохио зохицуулах ба “гэрлэн дохио хэрэв тэднийг зохицуулдаггүй бол, гэнэт мөргөлдөөд хэмхэрч үхэж болзошгүй гэнэ” гэхчлэн. Хөршийн жаал хөдөө явж үзээгүй атлаа худал залсан нь тодорхой болдог л доо. Гэхдээ худлаа байсан нь бус, харин тэгж бодож чадсан жаал надад таалагдаад болдоггүй. Би анх төмөр зам, давхар байшин зэргийг үзээгүй байхдаа, “зуух хийдэг гөлмөн төмөр дэвссэн зам”, “нэг байшинг нөгөөгийнх нь дээврийн нуруун дээр нь давхарлаж тавиад, унагахгүйн тулд хажуунаас тулсан” байдлаар төсөөлж байсантай минь таараад ч байх шиг.
Цэвэрч биш хүүхэд муухай хэмээн баалж, муу сурдаг хүүхдийн ном дэвтэр зугтаадаг хэмээн сүрдүүлж явсан олон номоос огт өөр. Тэр ном намайг өөрчлөх гэж оролдсонгүй, мундаг лут хүүхэд болгох гэж элдвээр албадсангүй. Харин ч намайг өөрийнхөөрөө байгааг минь хүлээн зөвшөөрч, миний анхны үнэнч хамсаатан, санаа нэгтэн болсон юм. Тэгээд зогсохгүй, “гарыг нараас том гэж хэлж болно, яадаг юм бэ” хэмээн зоригжуулж, хорвоог өөрийнхээрээ харахыг уриалсан юм. Наргиан хөгжөөнтэйгээр “худал ярьдаг” уран бүтээлч болж, гэрээс ч том, нарнаас ч том гартай гэж итгэдэг болсон минь ч эндээс эхтэй байхаа. Харин хавтас нь олдоогүй учраас номын нэр зохиогчийг мэдэж чадаагүй. Хэдэн жилийн дараа Жамбын Дашдондог гэж хүний “Аав ээж би” гэдэг ном болохыг мэдсэн. Пионерийн булангийн номын санд байсан хэрэг.
Он жилүүд улирсаар Дашдондог гуайг би мэддэг, Дашдондог гуай ч намайг таньдаг болж. Гэхдээ л надад нэг сонин сэтгэгдэл төрдөг. Хүүхэд насныхаа хүүхдэн зохиолчийг би том хүн болсныг хүлээн зөвшөөрч чаддаггүй бөлгөө. Миний таних болсон, хал үзэж хат суусан тэр буурлын цаана нь багын найз зохиолч хүүхэд (гэрт нь суудаг, эсвэл шакааванд нуугддаг) байдаг. Тэр хүүхэд шөнө орж ирээд “За Дашдондог оо, үзгээ гаргаад ир. Ингэж бичээрэй” хэмээн хэлж өгдөг юм шиг бодогдсон хэвээр. Дашдондог гуайтай таарах бүрийд, миний хар багынХАМГИЙН САЙН найз маань гэртээ завгүй суучихаад өөрийн төлөөлөгчөө нааш нь явуулсан аятай бодогдоно.Шинэ бүтээлийг нь унших бүрийд ч мөнөөх л “ертөнц бол чиний гарнаас жижигхэн” гэдгийг хэлж өгсөн тэр хүү л бичүүлээд байх шиг.
Хүүхдэн зохиолч болж төрсөн Жамбын Дашдондог гуай үнэхээр хал үзэж хэцүү бэрхийг туулсан хүн. Гэхдээ тэр сэтгэл зүрхнийхээ хүүхдийг хөгшрүүлэх бүү хэл, том хүн болголгүй хадгалсаар ирсэн юм. Хэзээ ч хэлмэгдснээрээ гоншигнож, эсвэл хохирснийхоо төлөө нийгэмдээ өсөрхөж, өнгөтэй өөдтэй яваа болгон руу нулимдаггүй нэгэн. Учир нь тэр мөнхийн хүүхэд. Мөнхийн хүүхдийн ямар ч гомдол шинэ шинэ баяр хөөртөө дарагдан замхардаг.
Тэрээр зөвхөн монголын хүүхдийн хамгийн сайн найз, хамсаатан байхаа больж. Монголын зохиолч Ж.Дашдондогийн биед оршсон “мөнхийн хүүхэд” орос, хятад, японы, тэр байтугаа арабаар уншдаг хүүхдүүдийн нөхөр болж амжсан байх юм.
Үүнийгээ зарлаж хөөрөлхөөд, олон нийтийн сүлжээгээр “миний төд дэх ном маань төддэх хэлээрээ гарлаа” гээд явдаггүй. Учир нь тэр сайрхуу, биеэ магтдаг том болж амжаагүй мөнхийн хүүхэд юм.
ХХ зууны монголын оюун санааны эцэг явсан Бямбын Ринчин гуай, одоо байгаа бараг л ганц хүүхдийн зохиолч гэж Ж.Дашдондогийг үнэлэн Зөвлөлтийн хэвлэлд бичсэн байдаг. За даа, өөр бусад хэн нэгэн тэгж магтуулсан бол ч Ринчин гуайн үгийг духан дээрээ наачихаад Их хуралд нэр дэвшиж амжсан байгаа. Гэвч Дашдондог бол мөнхийн хүүхэд. Түүнтэй танилцсан хорвоогийн бүх хүүхэд үүрд найзлахыг хүсдэг учраас өөр юу ч түүнд хэрэггүй.
НИЙТЛЭЛЧ: Б.ЦЭНДДОО