Тархины саажилттай хүүхдийн тоо дэлхийн дундаж үзүүлэлтээр 1000 төрөлт тутамд 1 хүүхэд байгаа бол харин манай улсын хувьд 2003 онд П.Отгонбаяр эмчийн судалгаагаар 1000 амьд төрөлтөнд 1.89 тархины саатай хүүхэд төрдөг гэсэн тоо баримт байдаг. 2014 оны байдлаар 1000 төрөлт тутамд 3 хүүхэд болж байгаа нь харьцангуй өндөр үзүүлэлт юм.
Тархины саажилттай төрөх гол шалтгаан нь янз бүр байдаг ч ихэвчлэн агаарын бохирдол, идэж ууж байгаа хоол хүнс, гэр бүл төлөвлөлт байхгүйгээс, эцэг эхийн эрүүл бус байдал, стрессээс болж тархины саажилттай хүүхэд төрөх магадлал нэмэгдсэн гэж үздэг.
Үүнээс урьдчилан сэргийлж, туршлага судлахаар Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв, Хүүхдийн сэргээн засах тусламж үйлчилгээг сайжруулах хамтын ажиллагааны хүрээнд 2016 оны 10-р сарын 3-наас 7-ны өдрүүдэд ОХУ-ын Байгалийн цаад хязгаарын улсын их сургууль, Чита хотын Нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилдэг эрүүл мэнд-нийгмийн сэргээн заслын “Росток” төв, “Эрүүл мэндийн академи” инновацийн клиникийн үйл ажиллагаатай танилцаж туршлага судласан байна. Цаашдын хамтын ажиллагааны хүрээнд 2017 онд тодорхой сэдвүүдээр олон улсын онлайн хурал зохион байгуулах, хүний нөөцийг чадавхижуулах чиглэлээр богино хугацааны сургалтанд хамруулах, төсөл хамтран хэрэгжүүлэхээр саналууд дэвшигдсэн гэдгийг хэлж байлаа. Энэхүү ажлын хүрээнд 2017 оны 1-р сарын 13-ны өдөр“Хүүхдийн тархины саажилтын үеийн сэргээн заслын орчин үеийн аргууд” олон улсын онлайн хурлыг зохион байгуулсан юм.
Тархины саажилт нь жирэмсэн болон төрсний дараахь эхний долоо хоногт хүүхдийн уураг тархины хөгжлийн ямар нэгэн хүчин зүйлийн улмаас хөдөлгөөний, сэтгэхүйн давталтын хам шинжээр илэрдэг аж.
Хүүхэд тархины саажилттай болох нь гурван шалтгаантай. Нэгдүгээрт, ураг эхийн хэвлийд бүрэлдэх явцад мөн төрсний дараах дөрвөн долоо хоногийн дотор тархинд гэмтэл үүсдэг. Гэмтэл цааш даамжрахгүй, сэргээгддэг гэх онцлогтой боловч гэмтлийн хор уршиг бие эрхтний бүтцэд эдгэрэшгүй эмгэг өөрчлөлтийг бий болгодог. Тархи ийнхүү гадны нөлөөний бус шалтгаант гэмтэл авдгийг одоо ч дэлхий нийтээр тайлбарлаж чадаагүй байгаа. Хоёрдугаарт төрөх үед хүндрэл бий болж, хүүхдийн тархийг эмгэгшүүлдэг. Өөрөөр хэлбэл тархинд цус харвалт болох, тархины халдварт өвчин үүсэх (менингит зэрэг), тархины хүчилтөрөгчийн дутагдал болох зэрэг хүндрэлүүд үүсдэг. Энэ нь ихэвчлэн дутуу төрөлтөд тохиолдох нь бий. Харин гуравдугаарт нярайн шарлалт тархины саажилтыг үүсгэдэг. Хоёр долоо хоногоос дээш хугацаанд шарлалт үргэлжилбэл нярайд тархины саажилт үүснэ. Харамсалтай нь Монголд цөөн тохиолдолд эмчийн алдаанаас болж саажилт үүсэх тохиолдлууд гарч байгаа. Жишээ нь эрүүл төрөх байсан нярайг багажаар хэтэрхий хүчтэй татах, шарлалт олон хоногоор явагдаж буйг мэдэхгүй байх зэрэг мэдлэгийн түвшин доогуур эмч нарын алдаа байгааг үгүйсгэхгүй. Хүмүүс эмчийн алдаа байсан уу, ураг эхийн хэвлийд байхдаа гэмтэл авсан уу, төрөхийн хүндрэл үү гэдгийг ч ялгаж ойлгодоггүйгээс маш их харилцааны зөрчлүүд гарсаар байна. Хөгжингүй орнуудад жишээ нь Японд нярай юунаас болоод тархины саажилттай болсон бэ гэдгийг бүрэн зөв оношилж чаддаг юм. Огт маргаан гардаггүй байна. Жирийн хүмүүсийн энэ талаарх мэдлэг ч сайн байдаг аж. Өнөө үед Японд шарлалтаас үүдэлтэй тархины сааг бүр мөсөн алга болгож чадсан. Харин манай улсад аварч болохоор байтал энгийн хүмүүсийн мэдлэг дутуу мөн зарим эмч нарын орчин үеийн анагаах ухааны мэдлэг дутагдсанаас болж шарлалтаас үүдэлтэй тархины саажилттай хүүхдүүд олноороо бий болсоор байна.
Монгол улс дахь тархины саажилттай хүүхдийн судалгаа |
2012 |
2013 |
2014 |
Нийт төрөлт жилээр |
73,839 |
79,780 |
82,839 |
Тархины саажилттай хүүхдийн тоо |
184 |
181 |
225 |
1000 төрөлтөд оногдох хүүхдийн тоо |
2.5 |
2.5 |
3 |
ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
Дашрамд дурахад: Тархины саатай хүүхдүүдэд хийгдсэн тархины саа үүсэхэд нөлөөлж буй зарим эрсдэлт хүчин зүйлүүдийг судалсан судалгааны үр дүнгээс үзэхэд 80-с илүү хувь нь нярайн шарлалтаас үүдэлтэй тархи гэмтсэнээс тархины саа үүсэж байгаагаас гадна, өрхийн эмчийн зөвлөгөө сургалт, хяналт дутмагаас болж эцэг эхчүүдийн 82% нярайн шарлалтын талаарх ойлголт, хүндрэл хор уршигийг мэдэхгүйгээс хугацаа алдан хүндэрч, тархины саа үүсэж байна.
Мянган амьд төрөлтөд гурав тохиолддог энэ өвчлөлийн байдал өнөөдөр яах аргагүй нийгмийн чухал асуудал болоод байна. Төрийн бодлогыг боловсруулахад нарийн мэргэжлийнхний оролцоог хангалттай авдаг болох. Гэхдээ бодлого боловсруулдаг арга механизмыг нь нарийн судлах. Хөгжингүй орны туршлагыг оруулж ирэх хэрэгтэй. Оруулахдаа маш нухацтай, нямбай хийсэн судалгаан дээр үндэслэхгүй бол бодлого нь агаарт, хэрэгжүүлэгч нь газарт байна. Мөн сэргээн засах хандлагын тухай ойлголтыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл буюу массаар олон нийтэд таниулж сурталчилах нь зөв болоод байгааг энэ үеэр хэлж байлаа.
М.Буянжаргал
Cityinfo.mn