“Дархад дууны цоморлог” хэмээх энэхүү номыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Пунцагийн Цагааны санаачилгаар Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын алба эрхлэн гаргажээ. Энэхүү номыг Олон улсын эх хэлний өдөр буюу энэ сарын 21-нд нээх юм байна. Номын гол онцлог нь хээрийн байцаалт хийж, дархад ардын олон дуу, дууны хувилбаруудыг бичиж, эх сурвалжуудыг сураглан хэвлэгдсэн түүвэр, соронзон бичлэг, гар бичмэл, шинжилгээний анги, албан томилолтын тайлан бичлэгүүдийг зохих газрын зөвшөөрөлтэйгөөр ашиглан эмхэтгэсэн байна.
Дархад дууны талаар урьд өмнө нь хэвлэгдсэн цөөнгүй бүтээл байдаг бөгөөд Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаныхан өмнө нь хэвлэгдэн гарсан ном эх хэрэглэгдэхүүнийг үндэс болгосноос гадна 1960-аад оны үед МУИС-ийн багш Ц.Шархүү гуайн нутгийн зон олноос бичиж авч хараахан нийтийн хүртээл болгож амжаагүй “Аман аялгуу дархад судлал”-ын докторын ажлын нэгээхэн хэсгээс дээж болгож нэг зуун дууг оруулжээ. Түүнчлэн 1970 оны үед К.Н.Яцковская дархадын уртын болон ардын 115 дууг бичиж авч орос хэлээр өмнөтгөл бичиж, 1978 онд Москвад “Дархад Г.Даваажийн зуун дуу” нэрээр ном болгон хэвлүүлсэн байдаг аж. Эл номд багтсан 115 дууны албан ёсны зөвшөөрлийг шинжилгээний ангид хамт оролцсон Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, академич Л.Болдоос авч мөн эмхэтгэлд багтаасан байна. Мөн 1990 оны үед Унгар улсын Өтвөш Лораандын нэрэмжит Шинжлэх ухааны их сургуулийн монголч эрдэмтэн Бирталан Агнеш, Хэл зохиолын хүрээлэнгийн шинжилгээний ангийн хамтаар дархадын сумдаар судалгаа хийсэн байна. Энэ ангийн эрдэм шинжилгээний тайлан, соронзон хальснаас бид нэлээд хэдэн дууг сонгон авч нийтэлжээ. Түүнчлэн 2016 онд Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын алба болон Хэлний бодлогын үндэсний зөвлөл, эрдэмтэн зохиолчид Хөвсгөл аймгийн Баянзүрх, Улаан-Уул, Рэнчинлхүмбэ, Цагааннуур, Чандмань-Өндөр, Алаг-Эрдэнэ, Хатгал сумдын нутгаар орж, дуу хуурын бичлэг цуглуулжээ. Эдгээр дууг өмнөх судалгаа хийсэн шинжилгээний ангийн тайланд багтсан дуутай тулган зэрэгцүүлж харьцуулсан судалгааны хэрэглэгдэхүүн болгон хамтад нь хэвлүүлсэн гэнэ.
Тиймээс өмнө хэвлэгдсэн ном болон судалгааны ангийн тайланд орсон дуунуудыг харьцуулан 525 дууг хувилбарын хамт (нийт 825) эмхэтгэн “Цоморлог” болгон хүргэж буйгаараа өмнө гарч байсан бүтээлүүдээс онцлог болжээ. Мөн уран зохиол судлалын ухааны урлахуй арга барил, бэлгэдэл зүй, судалгааны арга зүйн үүднээс шинжлэн тайлж бичсэн судлаачдын туурвил дүгнэлт, дархад ардын дууны яруу найргийн сэдэв, агуулга, үйл явдалтай уялдсан түүхэн учир тохиол, нийгмийн харилцааны өөрчлөлт, төрөл зүйлсийн хувьсал хувирал, эрхлэх аж ахуйн өвөрмөц хийгээд дэлгэр үйл ажиллагаа, хэв ёс, зан заншил, мөргөл бишрэл, мал маллагаа, ан гөрөө, нүүдэл суудал, дадал зуршил тэргүүтнийг судалсан угсаатны зүй, хүн судлал, угсаа хэл шинжлэл, бөө мөргөл, түүхийн судалгааны баялаг хэрэглэгдэхүүнээс дархад зоны эдийн хийгээд оюуны соёлын үнэт баялгийг судалсан эрдэмтдийн зарим судалгааны үр дүн, тайлбар сэлтийг хавсарган эмхэтгэж, дархад нутгийн аялгууны үгсийн тайлбар хийж товч тайлбар толь үйлдэн оруулснаараа судалгааны бүтээл болсон дүгнэн үзэж болох аж.
Дархад нутгийн нандин үгс
Дархад нутгийн нандин үгс нь нийтээр хэлэлцэхдээ шулгуйлах, дархад аман аялгуунд хонь, адуун сүргээ шулбайлж яваа даа гэх мэт бэлчээрийн мал маллагааны өргөн далайцтай утга ухагдахууныг агуулсан үгс, дархад хэллэг хэлц гэхэд
Айргээ амт л шингээсэн
Аяга л модаар барноот хоё
гэж аман хувилбараар нь сонгосон байна. Сонгосон хэлц нь “аяга л модоор барноот хоё” гэсэн хэлц хэллэг дархад нутгийн аялгууны өвөрмөц хэлц хэллэг юм. Уг санаа нь айргийн амтыг шингээсэн аяга (хонхор) мод байтугай гэсэн санааг ийн илэрхийлэн дуулмагц дархад ардын дуу болон амилаад ирж байна. Ойролцоо үгийн ялгамжаа, утгын нийлц, зэргэд байрлал зэрэг нь нутгийн аялгуунд нөөц болон хадгалагдаж байдаг. Жишээ нь дархад дууны үгэнд гардаг
Ойлоол хүрч л болдоггээ
Онгон Цойцон хангай минь
гэхэд ойлоол гэдэг үг бүтэц нь ой-ойл-оод л. Утга нь давхиад л, ойлж цойлоод л, довтолгоод л гэсэн санаа. Ойролцоо утгат үг нь: тавиал, ойлоол, цойлоол, давхиал, довтолгоол гэхэд ойролцоо үгийн цойлохын өмнөх зэргэд давхих утга нь дархад аялгуунд байх жишээтэй. Дууны үгэнд орж нийтэд түгээд ирэхээрээ утга зохиолын хэлний нэгж болоод монгол үгийн сангаа арвижуулдаг ундарга нь болдог ажээ.
Дархад дууны аялга үгс нь “хоё хоё, аа хоё, хооеэ хооеэ, хооеэ, иш дээ” гэх мэт, үүнийг бодит байдалд хандсан утгын өнгө аяс, үнэлэмжийг сэтгэл догдлолын аясаар хөгжөөхийн тулд ая данг, дууны хэмнэлтэй тохируулаад орхихлоор сэтгэл хөвөлзүүлээд, дуу болон цогцолдог байна. Дархад ардын дуу судлаач, дуучин Д.Агармаагийн бичсэнээр:
“Дархад нутгийн аялгууны үгээр нь дуудаж, дархад дуугаа жинхэнэ өөрт нь байх ёстой үг хэллэг, донж маягаар нь нутаг усны нь аялгуугаар нугалаа, чимэглэл, өнгө зохицол, хурд аясыг тааруулан, ялангуяа бэсрэг урт аяны нарийн төвөгтэй нугалбаруудыг гоё сайхан гаргаж, олон янзаар солигдох ая эгшгийн эргэлтийг хоолойнхоо эв зохицлын дагуу дуулж сурахад нь хойч үеийнхэндээ сургаж өвлүүлэх нь соёлын ажилтан бидний үүрэг гэж бодож байна” гэж зөв зүйтэй бичжээ.
Дархад ардын дуу судлаач, монгол улсын гавьяат жүжигчин Б.Дариймаа “Дархад ардын дууны гайхам өв сан” гэдэг дууны ноот бүхий түүвэр бэлтгэж, 2008 онд хэвлүүлжээ. Тус хэвлэлийн оршилд дархад ардын дууны өвөрмөц онцлог, ая дан, хөг эгшгийн зохицол тэргүүтнийг дуу хөгжмийн онолын үүднээс тайлбарлан бичсэнийг үзүүлбэл:
“Дархад ардын олон дуу ижил аятай байдаг ч гэсэн дуу тус бүрийн утга санаа нь дуулах маяг, хурд, хэмнэл, жүжиглэлтээр өөр өөр байдаг юм. Дархад ардын дуу нь бусад үндэстэн, ястны дуунаас аялгууны хувьд эрс ялгаатай сонсогдож байдгийн учир нь аялгууны чимэглэл сайтай, орчин үеийн хөгжмийн онолын хэлээр ярих юм бол форшлаг, триоль, мордент гэх мэт ая эгшгийн чимэглэлүүд (мелизм)-ийг маш түгээмэл бөгөөд төгс төгөлдөр, иж бүрэн хэрэглэсэн байдагт оршдог юм. Нэг адил аятай хоёр дууг хурдан удаан дуулах, нугалаа чимэглэл, аялгууны холбоос хийх, жүжиглэх зэргээр аяыг нь өөр өөр болгон дуулж болдог.
Дархад дууны аялга үгс нь “хоё хоё, аа хоё, хооеэ хооеэ, хооеэ, иш дээ” гэх мэт, үүнийг бодит байдалд хандсан утгын өнгө аяс, үнэлэмжийг сэтгэл догдлолын аясаар хөгжөөхийн тулд ая данг, дууны хэмнэлтэй тохируулаад орхихлоор сэтгэл хөвөлзүүлээд, дуу болон цогцолдог байна.
ДАРХАД АРДЫН НЭРД ГАРСАН ДУУНУУД
ЭЛСТЭЙН ГАНГА
Элстэйн Ганга л нутаг маань
Сөөмээн цайж л харагдана
Эрээн цоохор сарлаг маань
Ярайн цайж л харагдана
Тахирай Ганга л нутаг маань
Сөөмээн цайж л харагдана
Тарлан цоохор сарлаг маань
Ярайн цайж л харагдана
Билүүтэйн Ганга л нутаг маань
Сөөмээн цайж л харагдана
Бартан цоохор сарлаг маань
Ярайн цайж л харагдана
ХОЁР ЛОГШ
Хоёр Логшийн өвсийг нь
Холин иддэг шаргал маань
Хольцоо нь үгүй юмнуудыг
Холбон хэлдэг зонгоод маань
Баруун Логшийн өвсийг нь
Баран иддэг шаргал маань
Баримжаа нь үгүй юмнуудыг
Барагцаалан хэлдэг зонгоод маань
Тэгэцэр Логшийн өвсийг нь
Тэвээлэн иддэг шаргал маань
Тэнцээ нь үгүй юмнуудыг
Тэнцүүлэн хэлдэг зонгоод маань
ХОГОРГЫН ШАН
Хогоргын шангын (хадан хавчилын) эхэнд нь
Хоногтоо хүрч л болдог ёо (болдог уу)
Холоос зорьж л ирээд
Хонгортоо л оолзаж болдог ёо
Өндөр шандын эхэнд нь
Өдөртөө хүрч л болдог ёо
Ингэж зорьж л ирээ л
Ивийдээ л уулзаж болдог ёо
ЭРГЭЭД ХОЙШОО ХАРАХАД
Эргээд хойшоо харахад
Рэнчинлхүмбэ л сүүмээгээ л
Буцаад хойшоо харахад
Бурианээ бургаас сүүмээгээ л
ТАТГЭЭ МИНЬ
Бав л бараан модонд нь хоё
Баавгай явна оо татгээ минь (битгий зүглэ! бурхан минь)
Бараан голдоо (голдуу) сарлаг маань
Бүрэн байдаг болбоо (болов уу) хоё
Өврээ (өврийн) бараан модонд нь хоё
Өвгээ (өвөөхий-баавгай) явна оо татгээ минь
Өөхөн цоохор сарлаг маань
Бүрэн байдаг болбоо хоё
Хэцээн бараан модонд нь хоё
Хэрээ явна оо татгээ минь
Хэдэн цоохор сарлаг маань
Бүрэн байдаг болбоо хоё
СЭРҮҮН ХОГОРОГ
Сэрүүн Хогорог хангай маань
Сэнсээр шуурч л байгаа даа
Сэтгэл санаа хоёр маань
Тийшээ тэмүүлж л байгаа даа
Уйтан Хогорог хангай маань
Униар татаж л байгаа даа
Ухаан санаа хоёр маань
Тийшээ тэмүүлж л байгаа даа
Хадтай Хогорог хангай маань
Халиуран шаргалтан байгаа даа
Хайр сэтгэл хоёр маань
Тийшээ тэмүүлж л байгаа даа
НЭРСТЭЙ ХҮРЭН ТАЙГА
Нэрстэй хүрэн тайганд нь
Ниргэл татсан хөхөө маань
Дальтай хүрэн тайганд нь
Дарьгас татсан хөхөө маань
Сурнагтай хүрэн тайганд нь
Суудал татсан хөхөө маань
МЭТГЭЭГЭЭ ТАВЬЖ Л ЯВЛААВ ХОЁ
Зайврээ сүлжээ харгайгаар
Зайж л цогьж л явлаав хоё
Заавал нэгдэлдээ орох л гээд
Мэтгээгээ тавьж л явлаав хоё
Бөөргээ сүлжээ харгайгаар
Бөгж л цогьж л явлаав хоё
Бүгдээрээ нэгдэлдээ орох л гээд
Мэтгэлээ тавьж л явлаав хоё
ДУНД ТООМ
Дунд л Тоомээ харгайгаар
Дугтраал ирдэг халион минь
Дугуй хилэн малгайгаа
Духдоолж тавьсан тэр гуай хоё
Хадтай Тоомээ харгайгаар
Хатираал ирдэг халион маань
Хамба л хилэн малгайгаа
Хазгай тавьсан тэр гуай маань
ДОДГАА
Дөрвөлжин хөхээн амээг л
Татдаг ч үгээв додгаа
Дөч л эргэм насандаа
Гуньдаг ч үгээв додгаа
Гулдгар хөхээн амээг
Татдаг ч үгээв додгаа
Гуч л эргэм насандаа
Гуньдаг ч үгээв додгаа