Нар сар шиг
Ижий үр хоёр
Намар зун шиг
Амьдран суудаг байж
Зураг тавилан мэт
Он цагийн эрхшээлд
Сураг төдий газар
Хүү нь явах болчихож
Мөнгөн уул шиг улсад
Мөнхрөх юм шиг хөөрлөө
Мөрөөдлийн цэнхэр тэнгэрт
Мөр замгүй төөрлөө
Санчиг буурал ээжийнхээ
Нулмисан дундуур мордлоо
Сар төөрдөг нутгийнхаа
Зэрэглээн дундуур мордлоо
Ижийн ганц нар
Хүний газар мандлаа
Ирнэ,ирнэ гэсээр
Арван намрыг орхилоо
Хүүгээ хүлээсэн эх
Тэрлэгнээсээ түрүүлж гандлаа
Хүсэл хяслын салхинд
Наснаасаа түрүүлж гундлаа
Шанага долоон одоор
Сүү өргөж хүлээлээ
Шар мяндсан өдрүүдээр
Зүү ороож хүлээлээ
Хөшилдсөн цэнхэр уулсыг
Нулимсандаа нурааж хүлээлээ
Хөтлөлцсөн саарал жилүүдийг
Сэтгэлдээ хурааж хүлээлээ
Ороод ирэх юм шиг
Зайг нь харамлаж хүлээлээ
Оройтчихлоо доо гэж
Цайгий нь халааж хүлээлээ
Үхсэн хойно ч нялхаараа
« Мөөмнөөсөө гараагүй» үр нь байдаггүй
Үгүйрсэн хойно ч баян
Мөнгөнөөс илүү үр нь байдаггүй
Цэцгийн гурван сар
Бороошоод ирлээ,байдаггүй
Цэрэгт мордсон хүүхдүүд
Борогшоод ирлээ,байдаггүй
Зүрхэн дээрээс ниссэн
Шувууд ирлээ,байдаггүй
Зүлгэн дээрээс нүүсэн
Айлууд ирлээ,байдаггүй
Дөчин нэгэн чулуунд
Баяр буулгаад байдаггүй
Дөрөлж давсан замыг
Хоёр болгоод байдаггүй
Хүлээсэн сэтгэлийн хүлээс
Нэг л өдөр алдуурлаа
Хүний нутгийн алсад
Ижий нь өөрөө мордлоо
Гадаад гадаад гэвч
Гадаа гарахаас амархан байж
Гандсан дээлтэй ижий
Хүүдээ хүрээд ирж
Далай далай гэвч
Алхаад гарахаар өчүүхэн байж
Даанч их хүлээсэн
Үрдээ зориод ирж
Үүр шөнийн заагаар
Зулайг нь үнслээ,сэрдэггүй
Бүүр болохгүй болохоор
Зүүдэнд нь орлоо,сэрдэггүй
Өглөөний нартай цуг
Цайлахад нь дуудаад хардаггүй
Өдөржин цуг байхад
Ижийгээ ганц тоодоггүй
«Манцуйтай байсан даа,чи» гэж
Ярих гэж үзлээ,тоодоггүй
« Манай нутгийн тэр» гэж
Хуучлах гэж үзлээ,тоодоггүй
« Захиа явуулахад яана аа» гэж
Загнах гэж үзлээ,тоодоггүй
« Зангий нь мэдэхгүй хүнтэй..» гэж
Сургах гэж үзлээ,тоодоггүй
Ирье гэж ирэхэд нь
Таван үгийн солиогүй
« Ижийгээ тоодоггүй» үрээ
Үнсэж үлгээд ханадаггүй
Хүүдээ ирсэн эх
Оройн нарнааар мордов
Хүний нутгийн ууланд
Солонго татаж хоцров
Буцъяа гэж буцсангүй
Тэнгэрийн цаг хатуу
Бурхан ижийг өөрийг нь
Бурхан дуудсан нь тэр байж…