БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооноос санаачлан хоёр дахь жилдээ Дэлхийн сэтгүүлчдийн форум /World Journalist conference/-ыг 2017 оны 4 сарын 3-7-ны өдрүүдэд Сөүл хотноо зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн форум “Дэлхий дахины энхтайваны үйлс дэх хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг” сэдвийн доор болж байгаагаараа онцлог юм. Энэхүү форумд 55 улсын 90 гаруй сэтгүүлчид оролцож байна. Тус форумыг БНСУ-ын Сэтгүүлчдийн холбоо зохион байгуулж, БНСУ-ын Соёл, спорт аялал жуулчлалын яам, Гадаад хэргийн яам, Солонгосын сан, Солонгосын Хэвлэлийн сан зэрэг байгууллагууд ивээн тэтгэж дэмжиж оролцож байна. Форумыд төгсгөлд оролцогч сэтгүүлчид нэгдэн “Дэлхий дахины энхтайваны тунхаг”-ыг батлан гаргах зорилготой юм.
Энэ дашрамд БНСУ-ын Сэтгүүлчдийн холбоог товч танилцуулья. БНСУ-ын сэтгүүлчдийн холбоо нь 53 жилийн түүхтэй бөгөөд Солонгос үндэсний хэвлэл мэдээллийн хамгийн том байгууллага болно. Энэхүү холбоонд 10.000 гаруй сэтгүүлчид, 200 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагууд гишүүнчлэлтэй байдаг. БНСУ-ын Сэтгүүлчдийн холбоо 7 хоног тутам хэвлэгдэн гардаг тухайн үедээ тулгамдсан гол асуудлуудын талаарх мэдээллийг хүргэдэг сониныг 50 мянган хувь хэвлэн гаргадаг байна. Энэ удаагийн Дэлхийн сэтгүүлчдийн форумыг зохион байгуулж байгаа БНСУ-ын сэтгүүлчдийн холбоо нь дэлхийн улс орнуудад гарч буй терроризмын асуудалд анхаарлаа хандуулж, энэ чиглэлд дэлхийн сэтгүүлчдийн анхаарлыг хандуулахыг зорьсон байна.
Дэлхийн аль ч улс оронд амьдарч байгаагаас үл хамааран терроризмын аюул жил бүр олон улс орныг хамарч байгааг харгалзан энэ асуудлыг сэтгүүлчдээр дамжуулан олон нийтийн анхаарлын төвд хүргэхийг зорьж байгааг БНСУ-ын Сэтгүүлчдийн холбоо онцолж байлаа.
Тиймээс БНСУ-ын Сэтгүүлчдийн холбоо дэлхийн улс орнуудын сэтгүүлч, сурвалжлагчдыг урьж, терроризмтой холбоотой зөрчилдөөнийг шийдвэрлэхэд сэтгүүлчдийн оруулах хувь энэхүү форумаар хэлэлцэх юм байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ерөнхийлөгч болсон Тангаргийн илтгэлдээ “АНУ-ын зэвсэгт хүчнийг БНСУ-аас татах” тухайгаа мэдэгдсэнтэй холбоотойгоор БНСУ батлан хамгаалах зардлаа нэмэгдүүлэх болсон, Япон улс батлан хамгаалах хуулиа эргэж харж, өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчнээ өргөтгөж байгаа нөхцөл байдал, Хойд Солонгос улсын байнгын сүрдүүлэг, цөмийн зэвсгийн туршилт зэрэг бодит олон аюул занал бүхий цаг үед сэтгүүлчдийн форум БНСУ-д зохион байгуулагдаж байгаагаараа онцлог. Ийм цаг үед терроризмоос сэргийлэх үйл хэрэгт сэтгүүлчдийн оруулах үүрэг ролийн тухай дахин хэлэлцэж, Дэлхий нийтийн энхтайваны тухай ярилцах нь нэн чухал болохыг анхаарч үзэх шаардлагыг улам бүр нэмэгдүүлж байна.
Дэлхийн улс орнуудын сэтгүүлчид Солонгос улсад зочилж, түүх соёл, уламжлал, хөгжил дэвшилтэй газар дээр нь ирж танилцан нүдээр үзэж байгаа давуу талтай. БНСУ-д зохион байгуулагдаж байгаа “Дэлхийн Сэтгүүлчдийн форум”-д оролцогч сэтгүүлчдийг БНСУ-ын төрийн болон орон нутгийн байгууллагууд халуун дотноор хүлээн авч, Солонго улсын түүхт газруудаар аялуулан, соёл уламжлалтай танилцуулах юм байна.
Мөн форумд оролцох сэтгүүлчид 5000 жилийн түүхтэй Солонгос улсын түүх соёл, ёс заншилтай танилцан, 2018 онд Солонгос улсын Пеон Чан хотод зохион байгуулагдах дэлхийн Өвлийн олимпын бэлтгэл ажилтай танилцах юм.
БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооны Ерөнхийлөгч Жун Кю Сун форумыг нээж хэлсэн үгэндээ: “Дэлхийн 55 орны 90 сэтгүүлч нэг дор цугласан нь ер бусын хүч бөгөөд бидний зорьж байгаа Дэлхий дахинд гарч буй терроризмыг эсэргүүцэж, энхтайваныг тогтоох зорилгод хүрч болох том бололцоо юм” гэсэн бол БНСУ-ын Соёл спорт, аялал жуулчлалын сайдын үүрэг гүйцэтгэгч Сон Сү Кун хэлсэн үгэндээ: “Дэлхий дээрх хоёр хуваагдсан цорын ганц орны нэг болох БНСУ-д сэтгүүлч та бүхэн зочилж, олон газраар явж, их зүйлийг үзэн, багагүй зүйлийг эргэцүүлнэ гэдэгт итгэж байна” гэлээ. Харин Солонгос улсын Хэвлэл мэдээллийн сангийн тэргүүн хэлсэн үгэндээ: “Манай сан бол сэтгүүлчдийн үйл ажиллагаа дэмжих чиглэлээр ажилладаг. Энэ удаа бид Дэлхийн сэтгүүлчдийн форумыг дэмжин оролцож байгаад баяртай байна. Сэтгүүлчид та бүхэн манай орны тухай сайхан сэтгэгдэлтэй буцна гэдэгт итгэж байна” гэлээ.
Ц.Мөнх