Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 115 дугаар тогтоолоор баталсан “Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам”-ын дагуу оны шилдэг бүтээлийг тодруулах, шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах үйл ажиллагааг БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Монголын уран зургийн галерейгаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Уг арга хэмжээ 2006 оноос хойш зохион байгуулагдаж байгаа бөгөөд үзэсгэлэнгээс шалгарсан бүтээлүүдээр Монголын уран зургийн галерейн алтан сан хөмрөг баяждаг юм. Монголын уран зургийн галерей орчин үеийн дүрслэх урлагийн он оны шилдэг бүтээлээс бүрдсэн нийт 4000 гаруй бүтээлийг хадгалж хамгаалан, үзэгч олонд толилуулдаг.
Дүрслэх урлагийн оны шилдэг бүтээл шалгаруулах энэхүү арга хэмжээ нь Монголын дүрслэх урлагийн салбарт мэндэлсэн шилдэг бүтээлүүдийг нэгэн дор цуглуулж байгаагаараа уран бүтээлч, урлаг судлаач, урлагийн бүтээл цуглуулагч, үзэгч сонирхогч, мэргэжлийн салбарын оюутан залуусыг нэгэн цэгт уулзуулсан Дүрслэх урлагийн салбарын чуулбар бүхий томоохон үйл ажиллагаа болдог юм.
БСШУС-ын тушаалаар байгуулагдсан мэргэжлийн зөвлөл энэ удаагийн үзэсгэлэнд хоёр шатны шалгаруулалт хийсэн. Үзэсгэлэнд уран зураг, зураасан зураг, уран баримал, монгол зураг, инстоляци, видео арт чиглэлийн нийт 180 орчим бүтээл ирснээс анхан шатны шалгаруулалтаар 50 гаруй бүтээлийг буцааж “Оны шилдэг бүтээл 2019” үзэсгэлэнд 124 бүтээл шалгаран оролцож өнөөдөр /2019.10.18/ дүрслэх урлагийн оны шилдэг бүтээлийг шалгаруулж, шагнал гардуулах үйл ажиллагаа ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.
“Оны шилдэг бүтээл 2019” үзэсгэлэнгээс улсын санд худалдан авахаар дараах бүтээлүүд шалгарсан байна. Үүнд:
Аюурзаны Очирболд “Ухамсар” нэртэй ган цутгамал баримал /2017 он/
Энэхүү баримал нь АНУ-ын Нью-Йорк хотод байрлах НҮБ-ын өмнөх цэцэрлэгт хүрээлэнд байрлагдаг юм. “Хүн төрөлхтөн оршин байхаас үгүй болох хүртлээ хөлийн мөрнөөс өөр юуг ч энэ дэлхийд үлдээж үл чадах бөгөөд хүн гэгч материаллаг хэрэгцээгээ гүйцэлдүүлэхийн тулд ухамсартайгаа зөрчилдөн байдгийг бүтээлээрээ илтгэн харуулжээ.
Галсандоржийн Эрдэнэбилэг "МУЗА" уран зургийн бүтээл
/2019 он/
Зураачийн улаан, алтлаг өнгө дундаас тодрох цагаан өнгөөс ялгарах эмэгтэй хүний нүүрний хэлбэр бүтээлийн гол санааг илэрхийлэгч “өдөөгч” хэмээх агуулгатай найрна. Энэ өдөөгчөөс олон янзын санаа бодол, шийдэл, эргэцүүлэл урсан гарч хэзээ ч үл давтагдах бүтээл төрдөг гэсэн санааг хурц тод өнгийн констраст, хэмнэл хөдөлгөөн, уусалт зэрэг элементүүдээр шийдэн гаргажээ.
Бадамын Отгонтүвдэн “Авга ах” уран зургийн бүтээл
/2019 он/
Зураач энэ бүтээлээрээ өөрийн авга ахаар төлөөлүүлэн ахмад үеийнхээ сургаалийг үл ойшоох болсон өнөөгийн нийгэмд шүүмжлэлтэй хандаж, пост-реал чиглэлийг орчин үеийн илэрхийлэлтэй хослуулан бүтээжээ.
Лувсандондогийн Гантөмөр “ЧОНОН ТУУЛЬ” уран баримал
“Чонон тууль” хүрэл цутгамал барималд Монгол ардын дууг чононы улих авианаас гаралтай гэсэн домгоос сэдэвлэсэн морин хуур хуурдан дуулж буй чоныг хийсвэрлэн дүрсэлжээ.
Б.Содномдаржаа “ТАВГАН ДЭЭРХ СОЁЛ” инстоляци
Уран бүтээлч маань уг бүтээлээрээ Хүн төрөлхтөн гайхалтай соёлыг бүтээсэн боловч өдгөө техник технологи хөгжих тусам байгаль дэлхий сүйдэж, өдрөөс өдөрт гундаж, нүүдлийн соёл ч мөн бүдгэрсээр буйг уг бүтээлээр илэрхийлэхийг зорьжээ. Мөн үзэгч та энэ бүтээлийг өөрийнхөөрөө хүлээн авч, ургуулан бодох буй за.
Мөн шилдэг бүтээлийн батламж гардуулах арга хэмжээний үеэр уран бүтээлч Д.Булгантуяа, Н.Амарсайхан нар Монгол Улсын Засгийн газрын шагнал "Соёлын тэргүүний ажилтан" цол тэмдгээр, Э.Энхномин БСШУСЯ-ны "Жуух бичиг"-ээр тус тус шагнагдлаа.
Нийт уран бүтээлчиддээ халуун баяр хүргэе!