Бямбасүрэнгийн Шарав хэмээх ариун увдист хөгжмийн зохиолчийн уран бүтээлүүдээс хамгийн олон эгшиглэсэн нь СЭРСЭН ТАЛ бүтээл. Москвагийн их театр, Парис, Лондон, Нью-Йорк, Токиогийн тайзнаа дэлхийг сэрээсэн Монголын их тал мөнхийн бүтээл. Угаас Б.Шарав Монголын тал, эзэн Чингис хаанаа хамгийн их магтан дуулсан хөгжмийн зохиолч. Тийм ч учраас чихнээ уянгалж, зүрхнээ эгшиглэсэн эгэлгүй эгэлгүй талын цуурайгаараа төрийн тэргүүнээ бөхийлгөн байж Монгол Улсын Хөдөлмөрийн баатар болсон. Таанын цагаан толгойноос өөр тайтгаруулах цэцэггүй нүцгэн талын уянга энэхүү агуу бүтээлээ Үндэсний дуу, бүжгийн эрдмийн театрын найрал хөгжимд зориулан 1984 онд туурвижээ. Хүссэн хөгжмийн зохиолч бүр их найрал хөгжимд зориулан бүтээл бичих нь ховор.
XX зууны манлай хөгжмийн зохиолч Л.Мөрдорж, С.Гончигсумлаа, Б.Дамдинсүрэн нар их найралд зориулан цөөн бүтээл туурвисан байдаг. Энэ бол Б.Шарав хөгжмийн зохиолчийн Үндэсний найрал хөгжимд зориулсан анхны удиртгал төдийгүй улсын захиалгаар бичсэн бүтээл юм. Төрийн тоглолтыг зохион байгуулагчдаас ардын найрал хөгжимд зориулсан зохиол хэрэгтэй байна гэсэн нь сургуулиа дөнгөж төгссөн Б.Шаравын хувьд хүндхэн даалгавар байсан гэдэг. Тэрбээр хэзээд эгэл даруу зангаараа “За, би бичье ээ” гэсэн байна. Хожим энэ тухайгаа "Харин ч их амархан бичсэн дээ. Одоо бодоход тэгж их сууж байлаа, ингэж зовж байжээ гэж боддоггүй. Нэг л мэдэхэд дууссан. Дуусгаад найрал хөгжимчидтэйгээ тоглож үзлээ.
Ж.Чулуун гуай удирдаж байсан. Концертын найруулагч, зохион байгуулах комиссынхон зэрэг олон хүн сонссон. Аргагүй шүү дээ, нарийн хяналттай байсан үе юм чинь. Жаахан засвар оруулж байсан санагдана. Тэгж энэ бүтээл минь бүтсэн байдаг” хэмээн дурсчээ. Малчны хүүгийн жинхэнэ нүүдэлчин ахуйгаас төрсөн СЭРСЭН ТАЛ бол ерөөсөө л Монгол орны сэрж буй амьдрал. Талд амьдрал сэрж байгаа тухай. Тэр дотор наадам ч орно. Монголын ард түмний сэрж байгааг, хийж бүтээх зориг, эрмэлзлэлийг дүрслэх учиртай байжээ. Энэ өрнөл бадралын магтуу 35 жил өртөөлөн цуурайтаж байна. Дорнын уудам талд амьдрал сэрж байгаа мэт дэндүү өрнүүн, цог золбоотой энэ хөгжмийг бичихдээ тэрбээр төрөлх сумынхаа наадмын өглөө, хурдан морь унаж явсан бага насаа дурсан санасан гэдэг. Тийм ч учраас Монголын төрийн их найр, наадмын баяр баясгалантай СЭРСЭН ТАЛ эрхгүй зохицдог билээ. Монгол орны сэрж буй ирээдүйг бэлгэдсэн СЭРСЭН ТАЛ-д олон хүний сэтгэл шингэсэн учраас өдийг хүртэл тэнгэрлэг оршиж байгаа болов уу.
Хөгжим гэдэг тэнгэрээс асгарсан тэргэл аялгуу юм. Тиймээс ТА минь өдгөө Монголын уудам талаа тэнгэрийн энгээр таалах болжээ. Гагцхүү СЭРСЭН ТАЛ монголчуудын сэтгэлд үүрд эгшиглэнэм.