Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдээлэл хийж, энэ жилийн "Чингис хаан" одонг "The HU" хамтлагт олгохоор болсон байна. Тус хамтлаг 11 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд үүсгэж байгуулагч нь Б.Дашдондог. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд "Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр 2019 арваннэгдүгээр сарын 27-ны өдөр тохиож байгаа. Энэ өдрийг тохиолдуулан "Чингис хаан" одонгоор The Hu хамтлагийг шагнахаар болсон. Хүннү рок урсгалаас уран бүтээлээл туурвидаг" гэлээ.
Төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай. Өнгөрсөн жил “Чингис хаан” одонг олгоогүй, өнжсөн. Харин энэ жил олгоно. Одоогоор хэнд олгох нь тодорхой болоогүй байгаа бөгөөд ирэх даваа гаригт ЕТГ-аас зарлах товтой байна.
“Чингис хаан” одонд нэр дэвшүүлэх, шагнах журамд:
- Одон хүртэгч Монгол Улсын иргэнд тухайн үеийн ханшаар 9 цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал, гадаадын иргэнд мөн тухайн үеийн ханшаар 9 цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал эсвэл түүнтэй дүйцэх дурсгалын зүйлийг олгоно.
- “Чингис хаан” одонгоор шагнагдсан Монгол Улсын иргэн “Чингис хаан” одонг гардуулах ёслолын ажиллагаа, Үндэсний их баяр наадам, Үндсэн хуулийн өдөр, Цагаан сарын баярыг тохиолдуулан зохион байгуулах төрийн ёслолын арга хэмжээнд уригдаж байна.
- “Чингис хаан” одонгоор шагнагдсан Монгол Улсын иргэнд Их Эзэн Чингис хааны өдөр буюу Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарын бэлэг өгнө.
- “Чингис хаан” одонгоор шагнагдсан Монгол Улсын иргэн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад улсад хийх албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд багтах эрхтэй гэж заажээ.
2005 оноос “Чингис хаан” одонг олгож эхэлсэн бөгөөд 2007, 2008 онд алгасч байв.
“Чингисийн одон” хүртэж байсан эрхмүүд:
- 2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат
- 2006 онд Төрийн шагналт Урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шарав
- 2009 онд Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн
- 2010 онд Удирдлагын академийн хүндэт профессор, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Раднаасүмбэрэлийн Гончигдорж
- 2011 онд Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Нацагийн Багабанди
- 2012 онд Монгол Улсын гавьяат эдийн засагч, доктор Дамдины Дэмбэрэл
- 2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд, Сангийн сайд асан Думаагийн Содном
- 2014 онд Академич Хавтгайн Намсрай
- 2015 онд Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо
- 2016 онд Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Ганбаатарын Ариунбаатар
- 2017 онд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар, жүдоч Найдангийн Түвшинбаяр нар тус тус хүртэж байсан.