"Festival Orchestra" /баярын найрал хөгжим/ дэлхийн олон улс орнуудад бий болсон байдаг ба олон орноос цугларсан шилдэг хөгжимчдөөс бүрэлдэн, хоорондоо туршлага солилцох, сонгодог хөгжмийн хөгжлийг хил хязгааргүй тэлэх, бүх нийтэд сонгодог урлагийн боловсрол олгох зэрэг зорилгын дор жил бүр тогтмол зохион байгуулагддаг. Тэгвэл олон улсын адилаар Монгол Улс дахь анхны баярын найрал хөгжим буюу "UB Festival Orchestra" үүсгэн байгуулагдаж анхны тоглолтоо 09 дүгээр сарын 27-ны өдөр хийлээ.
"Улаанбаатар Фестиваль оркестр" нь НЗДТГ, НСУГ-ын дэмжлэгтэйгээр сонгодог урлагийн мэргэжлийн хөгжимчид сайн дурын үндсэн дээр өөрсдийн хүсэл эрмэлзлээр нэгдэн байгуулагдаж байгаагаараа онцлог бөгөөд БНХАУ-ын Кумин хотын олон улсын филармоны гоцлол хөгжимчин Т.Хуягийн санаачилгаар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Урлагийн Их Сургуулийн багш удирдаач Б.Лхагвасүрэн, УДБЭТ-ын гоцлол хөгжимчин, Концертмейстр МУУГЗ Д.Азбилэг нараар ахлуулан Монгол Улсын Консерватори болон олон улсын симфони оркестрт ажиллаж буй хөгжимчид, гадаадын Их дээд сургуулиудад суралцаж байгаа оюутан залуучуудаас бүрдсэн 60 хүний бүрэлдэхүүнтэй оркестр юм.
“Улаанбаатар фестиваль оркестр”-ын анхны тоглолтыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга ноён Ц.Уртнасан нээн мэндчилгээ дэвшүүлэн оролцсон бол, Соёлын яамны Урлаг уран бүтээлийн газрын дарга Б.Сэргэлэн, ЗГХА, Соёл, урлагийн газрын дарга Ц.Нацагдолгор, АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Майкл С.Клечески болон судлаачид, сонгодог урлагийн үнэнч үзэгчид, сонирхогчид үзэж сонирхжээ. Тус тоглолтын хамгийн анхны уран бүтээлээр хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн, хөгжмийн зохиолч Г.Түвшинтөрийн нийслэл хотдоо зориулсан цоо шинэхэн хөгжмийн бүтээл болох “Нийслэл” удиртгал хөгжим эгшиглэсэн юм. Уг хөгжмийн бүтээл нь нийслэлийн өнгө аясыг харуулсан 4 хэсгээс бүрддэг нэгдүгээр хэсэг нь их хотын өглөөг дүрслэн харуулсан ажилдаа яарсан иргэдийн аж байдлыг хөгжимдөө тусган харуулсан бол хоёрдугаар хэсэг нь хотын залуусын хэмнэл болох хип хоп хэмнэлийг оруулан дүрслэн харуулдаг гурав дугаар хэсэг нь хүрээ дууны элементээс орж ирдэг нь түүх харуулсан хэсэг байдаг дөрөв дүгээр хэсэг нь их бүтээн байгуулалтыг харуулахыг зорьсон симфонид зориулсан удиртгал хөгжим зохиогдсон нь нийслэл болон нийслэлийн ард иргэдэд бариж буй том оюуны бэлэг юм гэж хөгжмийн зохиолч Г.Түвшинтөр ярилцлагынхаа үеэр дурдсан нь маргаангүй үнэн бизээ.
Тоглолтын хоёрдугаарт эгшиглэсэн бүтээл бол хөгжмийн зохиолч Цэн Эрдэнэбатын ятга хөгжимд зориулсан хөгжмийн бүтээл болох ятгын II концерт байлаа. Уг хөгжмийн бүтээлийг “Арга билэг” хамтлагийн ятгач МУСТА О.Мөнхтогтох гоцлон тоглосон бөгөөд хөгжимчдийн ур чадвар ихээхэн шаардсан томоохон хэмжээний концертыг маш чадварлагаар тоглож үзэгч түмнийг бахдам сайхан сэтгэгдэл үлдээж чадсан билээ. Тэрбээр хөгжмийн зохиолчийн дотоод сэтгэлгээг илэрхийлж ямар нэгэн утга санаанд баригдах биш уг хөгжмийг сонсоод сонсогч бүхэн аялгуунаас юуг мэдрэх нь өөрт үлдээж байгаа бүтээл юм. Хөгжмийн үндсэн аялгуунд говийн сайхан сэтгэлт ард түмэнг харуулсан дуу зохиосон байдаг тэр дууны аяны хэлбэр бас явдаг нь уг бүтээлийг говийн иргэдийн аж амьдралыг харуулсан ч байх боломжтой гэж Хөгжмийн зохиолч Цэн Эрдэнэбат дурьдсан. Тэгвэл тоглолтын удаах хэсэг болох хүрэлцэн ирсэн үзэгч бүхнийг гайхшруулсан бүтээл бол Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын нэг ангит “Морин хуурын III концерт” байлаа. Тэрээр Ш.Өлзийбаяр нь Олон улсын хөгжмийн наадмаас 5 удаагийн шагнал хүртсэн Монгол улсын ирээдүй болсон авьяаслаг хөгжмийн зохиолч юм. Тухайлбал Чингисийн хүүхдүүд уран сайханы киноны хөгжмөөр олон улсын кино наадмын шилдэг киноны хөгжим шагнал хүртсэн. Тус бүтээлийг Домог хамтлагийн морин хуурч МУСТА Д.Шинэцог-Гени тоглон үзэгч түмнийг 15 минут ховстсон мэт уярааж чадсан гайхалтай бүтээлийг тоглосон. Түүнчлэн морин хуурын III концерт нь 2016 онд зохиогдсон уг бүтээлдээ дархад ардын дууны аянаас шигтгэж өгсөн нь бас нэг онцлогтой санагдаж байлаа. Тус бүтээл эгшиглэснээр тоглолтын нэгдүгээр хэсэг өндөрлөсөн юм.
Тоглолтын хоёрдугаар хэсэгт УДБЭТ-ын гоцлол хөгжимчин Д.Анхбаяр үзэгчид дунд зогсон Тромбони хөгжмийн бүтээл болох “Enrique Crespo Solo Trombone” концертыг тоглож сонирхуулсан. Уг хөгжмийн бүтээл нь "Solo Trombone" хөгжимчний ур чадвар шаардсан том хөгжмийн бүтээл юм. Түүнчлэн хөгжимчин Т.Хуяг В.А.Моцартын Валтрон хөгжимд зориулсан II концертыг тоглон хүрэлцэн ирсэн үзэгчдэд Валтрон хөгжмийн гайхамшгийг мэдрүүлэн авьяаслаг хөгжимчин гэдгээ харуулан мэргэжлийн өндөр түвшинд тоглон үзүүлсэн. Мөн залуу уран бүтээлчид болох УДБЭТ-ын хөгжимчин Б.Шинэхүү, УФ-ны хөгжимчин З.Орчлон нар Монгол Улсад урд өмнө тоглогдож байгаагүй “Handel Halvorsen,s Sarabande” хийл хөгжмийн Дуэт-ийг уянгалуулан тоглож мэргэжлийн урлагийн авьяаслаг уран бүтээлчид гэдгээ таниулан харуулсан. Тус сонгодог тоглолтын хаалтын үзүүлбэр болох Р.Вагнер- Риенци удиртгал хөгжмийг “Улаанбаатар фестиваль оркестр” уран бүтээлчид Удирдаач Б.Лхагвасүрэн удирдан хаалт хийсэн ч үзэгчид тасралтгүй алга ташин дахин уригдан гарч ирэн Вильгельм телл /Ж.Россини/ Удиртгал хөгжмийг “Улаанбаатар фестиваль оркестр” дахин тоглосноор хүрэлцэн ирсэн зочид, үзэгчид талархан суудлаасаа босон алга ташин үнэхээр сайхан тоглолт үзэж сэтгэлээ баясгалаа хэмээн ирсэн зочид ярилцан байх нь сонсогдож байлаа.
Ийнхүү Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, УДБЭТ, Монгол Улсын филармони, Монгол улсын Консерватори, “Хүн” театр, “Анир” дуу бичлэгийн студи, Зөв тэмдэглэгээ студи, Хөг-Жим art agency, “Curves entertainment” зэрэг олон байгууллагууд, уран бүтээлчдийн хамтран бүтээсэн “UB festival orchestra”-ын анхны тоглолт амжилттай зохион байгуулагдлаа. Энэ дашрамд дуулгахад шаашид жил бүр “Улаанбаатар фестиваль оркестр”-ын тоглолтыг зохион байгуулж байхыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Уртнасан хэлсэн үгэндээ илэрхийлсэн нь уригдсан зочид болон үзэгчдийн талархлыг хүлээсэн юм.