-2020 онд болсон “Л.Ванган 100” насны ойд-
Л.Ванган 1940 онд байгуулагдсан улсын циркт манежийн эрхлэгчээр ажилд орж ажиллахын зэрэгцээ Оросын мэргэжилтэн циркийн багшид орчуулагч хийж, жүжиглэж, сальт эргэж, патут транфлурт үсэрч, алиалагч Данзан, Содном нарт хошин шогийн үзүүлбэрүүдэд зохиол бичин өгч тоглуулсан гээд өөрөө дэвшин дээшлэн хөгжин ажилласаар циркийн найруулагч, уран сайхны удирдагчийн ажлуудыг хавсран гүйцэтгэж байв. Түүний хөдөлмөр зүтгэлийг нь төр засаг өндрөөр үнэлэн АХ-ын 25 жилийн ойгоор /1946 он/ “Алтан гадас” одонгоор энгэрийг нь мялааж улмаар ЗХУ-д найруулагчийн мэргэжлээр суралцах сайхан боломж олгосон юм.
Л.Ванган маш амжилттай суралцан ирж мэргэжилтэн, сэхээтэн болон бэлтгэгдсэн дээд боловсролтой, олон сайхан залуучуудын нэг нь болсон. Ванган Хөгжимт драмын театрын найруулагч уран сайхны удирдагчийн албуудыг хашиж алтан үеийн авьяастнууд гээд нэг дээвэр дор ажиллаж байгаа “гурван” театрын бүх уран бүтээлчидтэй хамтран хөдөлмөрлөж явахдаа энэ “гурван” театрыг цаашид яах вэ гэдэг бодолд орж байв.
Энэ бодол нь төр засгийн хэмжээний асуудал болж өрнөн чухам юу болсон талаар нь Үндэсний шуудан сонины 2021 оны нэгдүгээр сарын 9-ны өдрийн № 3675 дугаарт “Л.Ванган мянган хүнд таардаг түлхүүр, гацаа гаргагч, уран удирдагч” гэсэн нийтлэлийг уншин сонирхоорой. Залуу найруулагч Ванган Монголынхоо их урлагт алтан үеийн авьяастнууд болон хойч үеийнх нь залуустай хамтран ажиллаж уран бүтээлүүдийг нь удирдан зохион байгуулж явахдаа хөгжил шинэчлэл, өөрчлөлт өөд хөтөлж чадсан нь гайхамшиг болсон билээ.
Ванган нэг удаа надад “Аав нь кино найруулна аа” гэж хэлж байсан нь жинхэнэ бодит ажил хэрэг болсон 1964 он. Энэ 1964 онд Ванганыг Монгол кино үйлдвэрийн уран сайхны удирдагчаар ажиллуулахаар томилсон билээ.
Монгол кино үйлдвэр гэдэг нь өвөрмөц зохион байгуулалттай, гадаад, дотоодын их дээд сургуулиудад бэлтгэгдсэн өндөр дээд боловсролтой уран бүтээлчид, инженер техникийн ажилчдаар бүрдсэн хамт олонтой гар сэтгэл нийлэн хөдөлмөрлөж тус үйлдвэрийн хол, ойрын төлөвлөгөөт зорилт, урын сангийн бодлого, ялангуяа гадаад харилцаа, гадаад орнуудын кино болон уран бүтээлчидтэй хамтран ажиллах талаар онцгой анхааран ЗХУ-ын нэрт найруулагчид болон жүжигчдийг урин ирүүлж уулзан ярилцаж байсан зураг бидэнд бий.
Ер нь Ванганы энэ үйлдвэрт хэрхэн ажиллаж байсан талаар нь Г.Жигжидсүрэн/АЖ/, Б.Нагнайдорж/УГЗ/ болон Б.Балжинням/УГЗ/ “Монгол туургатны зуун эрхэм”-д өгсөн дурсамж, ярилцлагууд байдаг. Ванган сүүлийн жилүүдэд гадаад улс орнуудад зохион байгуулагдаж байгаа соёл урлагийн арга хэмжээнүүдэд улс эх орноо төлөөлөн олон ч үйл ажиллагаанд оролцож явлаа.
Үүнд, Зүүн Германд зохиогдсон Шелерийн 200 жилийн ойн үйл ажиллагаанд Улс төрийн товчооны гишүүн Дамба даргын хамт явж ажилласан. 1965 онд ЗХУ Москва хотод зохион байгуулагдсан олон улсын киноны их наадамд Ванганыг уран сайхны шилдэг кино шалгаруулах комиссын бүрэлдэхүүнд орж ажиллахыг урьсан урилга ирсэн /гэргийн хамт/.
Энэ кино наадам Кремлийн их ордонд нээлтээ хийж ЗХУ-ын алдарт найруулагч жүжигчин С.Бондарчукын найруулсан “Дайн ба энх” киногоор эхэлж уг киноны дараа УСШКШК-ийн гишүүд тайзанд гарахад С.Бондарчук, Ражи Капур /Энэтхэг/, Итали, Франц, Монгол, Вьетнам гээд олон орны комиссын олон гишүүд тайзанд гарч ирэхэд үзэгчид алга нижигнүүлэн ташиж хүлээн авч байсан.
Мөн энд баримтат болоод хүүхдийн, хүүхэлдэйн гэх мэтийн олон кинонууд, комиссын гишүүд байгаа нь ойлгогдож байсан. Манай улсаас “Тус биш ус” гэдэг уран сайхны кино тусгай байрын шагнал хүртэж шагналаа авахаар киноны уран бүтээлчид тайзанд гарахад гол дүрийн жүжигчин Л.Лхасүрэн, З.Гаваа /дууны найруулагч/, Болд /ахмад уран бүтээлч/, Вангантайгаа хамт би нөгөө эрхэмлээд байдаг гоё дээлээ өмсөөд зогсож байлаа. Энэ үйтэнхуар дээл их учир утгатай. Ховдчууд Ванганы минь хөдөлмөр, зүтгэлийг үнэлэн шагнасан сэтгэлийн бэлэг 1953 он.
Комиссын гишүүн Ванган кино шалгаруулах ажилдаа явахад бид дөрөв Кремлийн ордонд очиж өдөр бүр олон улс орнуудын кино үзэж явлаа. Голдуу уран сайхны кинонуудыг ханатлаа үзэж завсраар нь Кремлийн ордон болон Россия зочид буудалд гаргагдсан музей шиг үзмэр үзэв.
Дэлгүүрээс нь бэлэг дурсгалын зүйлс мэр сэр авч их сайхан бүхнийг сонирхсоор явав. Нэгэн өдөр уг их наадмын хаалтын нүсэр үйл ажиллагаа өндөрлөж улмаар Ванган болон комиссын гишүүд төлөөлөгчдийг суулгасан онгоц Москвагаас Ленинград руу нисэв. Тэнд Ремитаж музей болон бусад олон сайхан үзмэрүүдийг үзсэн. Тэндээсээ Узбекстаны нийслэл Ташкент хотоор аялуулж Батханы /Монгол/ бунхан гээд түүхэн замналуудаар явж сэтгэл оюундаа биширч билээ.
Москва хотод эргэн ирэхэд минь хаалтын үйл ажиллагаанд ирж оролцсон Ч.Лодойдамба сайд буцаагүй байсны учир бэсрэгхэн хүлээн авалт хийж соёлын яамны сайд болон хариуцлагатай ажилтнууд, комиссын зарим гишүүд, алдарт жүжигчид болон зохиолч Чингис Айтматов гээд нэр хүндтэй хүмүүс уригдан ирж байв. Илэн далангүй сайхан яриа хөөрөөгөөр дүүрэн нэгэн үдшийг үдэж билээ.
Бид тун ч удалгүй мөнгөн цагаан хүлэг онгоцоор хөх тэнгэртээ дүүлэн ниссээр эх орондоо гэртээ ирэхэд угийн яргай ухаант, нүүдэлчин монголчуудын удам,бид хоёрын арыг даасан шиг дааж хүүхдүүдийг минь энхрийлэн хайрлаж бөөцийлөн өсгөсөн хөөрхөн буурал ээждээ ирж үзсэн харсан бүхнээ ярьж ханиараа бахархаж байлаа. Миний бахархалт хань минь тэнгэрт халиад хэдэн арван жил өнгөрсөн ч урлагийн ертөнц нь /театрууд/ тэгш ойнуудыг нь тэмдэглэж “Ванганы алдарт шар цүнх” хөтөлбөрүүдийг зохион байгуулж өнгөрүүлдэг заншилтай.
Өнгөрсөн 2020 онд болох аавынхаа 100 жилийн ойг угтаж хүүхдүүд нь аавынхаа дурсгалд зориулан ном хэвлүүлэхээр маш их материал эмхэтгэн бэлтгэсэн боловч санхүүгийн хүндрэл гэдэг асуудлыг нь ойлгосон аавтай нь мэргэжил нэгт, том уран бүтээлч ерөнхийлөгчид хандсанаар “Ламжавын Ванган” гурван боть ном Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хувийн ивээн тэтгэлгээр хэвлэгдэн гарсан. Номын нээлтийн баяр ёслолыг СТӨ-нд 2020 оны аравдугаар сарын 23-ны өдөр хийсэн билээ.
ШУА-ын хэл зохиолын хүрээлэн, МУБИС, Хүүхдийн номын төв өргөө, Номын сан, Ванганы ар гэр, ахан дүүс хамтарсан энэхүү номын нээлтийн үйл ажиллагаанд ирж илтгэл тавьж үг хэлэхээр уригдан ирж оролцсон ахмад, зохиолчид, эрдэмтэн,мэргэд, доктор, профессор, захирал, ЭША, судлаачид, багш, шавь нар нь гээд олон хүмүүс Ванганы авьяас чадварыг тал бүрээс нь үнэлэн цэгнэж,дүгнэж тодорхойлсон халуун сэтгэлийн ярианууд өрнөж байлаа. Цугларсан олон хүмүүс үе, үе алга нижигнүүлэн ташихад миний хүүхдүүд “Аав нь индэр”-т гарчихсан мэт сэтгэл нь баяр хөөрөөр дүүрэн бялхаж “Аав минь ер нь ямар гээч сайхан хүн байсан юм бэ” гэж бие биедээ хэлж байв.
СУИС-ийн багш, зохиолч Я.Баяраа сургуультайгаа хамтарч 2016 онд Л.Ванган “Хүний мөр” ном, мөн Баяраа, кино найруулагч Э.Ган-Очиртой нийлж 2018 онд Л.Ванган “Хүний мөр” баримтат кино хийхэд дээрх уран бүтээлүүдийнх нь гол ноён нуруу, амин чимэг, сүнс нь Вангантай минь хамт хөдөлмөрлөсөн хүмүүс болон алтан үеийн алдарт уран бүтээлчдийн өгсөн халуун дотно сэтгэлийн үг яриа, ярилцлага, үнэлгээ, дурсамж, дуртгалуудаар хөглөгдөн найруулсан сайхан уран бүтээлүүд нь ард түмнийхээ сэтгэл зүрхэнд хүрсэнд нь ар гэр, ахан дүүс бид нарт баяр баясгаланг авчирсан юм.
Аав минь таны хань, хөөрхөн буурал ээж бид нарт та аз жаргалын инээмсэглэл, баяр баяслыг авчирдаг харсан тэнгэр, алсаас гялалзан гэрэлтүүлэгч од билээ. Хүмүүсийн сайн сайхан сэтгэл зүтгэл, бүтээлүүд нь мөнхөд оршиж эх орон минь үүрд мандан бадрах болтугай.
Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Ванганы ар гэр үр хүүхдүүд нь, 2021 оны 01 сар