Хөгжмийн зохиолчдын олон улсын наадмын таван удаагийн шагналт, бүх урлагийн тэргүүн дээд “Гоо Марал” шагналтан, “Алтан намар” наадмын шилдэг бүтээлүүдийн эзэн, Соёлын тэргүүний ажилтан, хөгжмийн зохиолч Шатарын Өлзийбаяртай ярилцлаа.
-Та бол говь нутгийн хүн. Төрсөн нутгаасаа ямар эгшиг хөг мэдэрдэг вэ. Хөгжимтэй хувь заяагаа холбосон он жилүүдээ дурсана уу?
-Дорноговийн хүн учраас тэнүүн аялгууг мэдэрдэг. Данзанравжаа хутагтын өлгий учраас урлаг утга зохиолын шүншигтэй нутаг. Олон сайхан мэргэд, урлаг соёлын алдартнууд миний нутгаас төрсөн. Төрсөн нутаг Мандах сумаас морин хуурын чуулгыг үндэслэгч Цэндийн Батчулуун төржээ. Тэр утгаараа бэлгэшээж явдаг. Миний хөгжмийн зохиолууд ч морин хууртай холбоотой байдаг. Морин хуур, уртын дуу, язгуур урлагтайгаа ойрхон хөг аялгууг мэдэрдэг дээ. Дунд сургуульд байхдаа зуны амралтаараа Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд өвөө, эмээгийндээ очиж морь мал хариулдаг байсан. Энэ нь монгол ахуй, ёс заншлаасаа суралцахад их нөлөөлсөн гэж боддог.
Хөдөө байхад наад зах нь босгон дээр гишгэдэггүй, уурганы хуйван дээгүүр алхдаггүй гэдгийг мэдэж авдаг шүү дээ. Унаж яваа морио амгайвчилж услаад мордоод давхичихна. Энэ мэтчилэн хэвшил болгосон монгол ахуйтай холбоотой зан заншлын нарийн ухаан маш их. Хөгшдийнхөө дэргэд байж сурсан ардын ухааны эрдэм, түүнээс улбаатай төлөвшил өнөө хөгжим бичихэд минь үндсэн суурь, хөг эгшиг болдог болов уу. Намайг долоон нас хүрэх жил манайх аймгийн төв рүү нүүж ирсэн. Аав маань намайг дандаа дуулж явдаг болохоор дуу хөгжимтэй ойр өсгөх гэж хөгжмийн дугуйланд оруулж, морин хуурт дур сонирхолтой болгосон. Аймагтаа алдартай Сандагжав гэдэг морин хуурч тэтгэвэртээ гараад дугуйлан байгуулж хэдэн хүүхэд хичээллүүлдэг байсан юм. Тухайн үед Монгол даяар морин хуур тоглодог хүүхэд байтугай насанд хүрэгсэд ч ховор байсан цаг. Нэг сайн багш байхад бусад багш нар, хүүхдүүд ч дагаад их амжилт гаргадаг шүү дээ. Ахлах ангидаа сургуулийнхантайгаа бүхий л концертод хөгжимдөж байлаа. Нотгүйгээр сонсголоороо тоглоход бас нэгэн чиглэлийн чадвар хөгждөгийг тэгэхэд мэдэж авсан. Улмаар Соёлын коллежид ороод гурав дахь жилдээ сурч байхад сургууль Улаан-Үд явууллаа. Оюутан солилцооны хөтөлбөрөөр хойно очиж бүтэн жил баян хуур хөгжимд суралцаж ирээд энэ хөгжмийн төрлөөр оюутнуудын дунд зарласан уралдаанд түрүүлж байсан. Эх орондоо ирээд СУИС-д концертмейстерийн ангид орж явчихлаа. Хүүхэд байхын төгөлдөр хуурт илүү сонирхолтой байсан болохоор сэтгэл аяндаа татагдсан. СУИС-ийн концертмейстерийн анги дөнгөж нээгдээд байсан үе. Орост мэргэжил эзэмшсэн багш нар оюутнуудынхаа шүүсийг шахдаг байв. Төгөлдөр хуурын Аминчимэг, Эрхэмбаяр, Отгонтуул, Гүнсмаа нарын багшийнхаа хатуу шаардлагын дор нэг жил энэ ангид сурахдаа их юм мэдэж авсан. Тэгээд Москва хотын Соёл урлагийн их сургуульд сурахаар явсан. Энэ сургуулийг амжилттай дүүргээд иртэл мөн Москвад Гнесиний Хөгжмийн академид хоёр жил улсын зардлаар сурах боломж олдоход яваад төгсөөд ирсэн дээ. 2003 оноос СУИС-ийн Хөгжмийн онолын тэнхимд багшаар ажиллаж байна.
-Үе үеийн хөгжмийн зохиолчдын арга барил, төрөл жанр өөр, өөр байх шиг. Танай үеийнхэн болон залуу үеийнхэн юугаараа ялгарч байна гэж боддог вэ?
-Одоогийн хөгжмийн зохиолчдод Монголын хөгжмийн зохиолчдын “Мөнгөн үе”-ийнхний нөлөө их бий. Ардын жүжигчин Л.Мөрдорж, С.Гончигсумлаа гуай зэрэг хөгжмийн зохиолчид тэдний түрүүчийн түрүү үеийнхэн. Тэдний хөгжим ардын дуу талдаа илүү ойр, лад, тоналистын хувьд ч гэсэн натураль талдаа. Мажор, минорын сэтгэлгээнээс арай өөр, ардын дуутайгаа ойроор бодож сэтгэдэг байжээ. Энэ тухайд Л.Мөрдорж гуайг онцолж хэлж болно. Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Б.Шарав, Х.Билэгжаргал, Ц.Нацагдорж, З.Хангал нарын нөлөө дараа үеийн бидэнд шууд туссан болов уу. Гэхдээ мэдээж залуус бид арай өөрөөр бодъё, бичье гэж хичээлгүй яах вэ. Хойд хөршид сурахын ач тус гэж бас бий. Тэнд сонсох юм ихтэй. Гэхдээ л тухайн үед одоогийнх шиг нэг товч дараад хүссэнээ сонсож чаддаггүй байсан. Партитур олчихоод энэ ямар хөгжим юм бол гээд ухаж түнхэж суудаг байлаа. Өөрийн гараар, толгойгоороо ухна. Багшаасаа асууна. Жинхэнэ утгаар багшийг шүтэж сурдаг байлаа. Гэтэл одоогийн хүүхдүүд Юүтүб гэдэг багштай болчихоод биднийгээ тоохгүй санаатай. Багш, оюутны хоорондын амьд харилцаа багасаад, түүнийгээ дагаад хөгжим нь ч гэсэн тиймэрхүү болоод байх шиг. Техник, технологийн тусламжтайгаар эвлүүлээд хэчнээн гоё хийлээ ч гэсэн хүний сэтгэлээс гарсан аялгууг бий болгож чадахгүй. Шинэ эриний техник технологийн хөгжлийн сөрөг талуудад оюутнуудаа автуулахгүйг хичээж шавь нараараа дандаа гараар бичүүлэхийг хичээдэг. Электроникоос үүссэн хөгжмийг хөгжимчид яаж тоглох билээ. Морин хуурт зориулж бичлээ гэхэд морин хуураа барьж үзэхгүй, хөгжимчинтэй ажиллахгүйгээр шууд хөгжим зохионо гэж байхгүй. Мөн техник, технологиор зодсон хөгжим урт наслахгүй. Натур зохиол бүтээлд дарагдана. Гэхдээ л богино хугацаандаа, ялангуяа сурч байгаа хүүхдүүдэд маш хортой байна. Хүний тархи, сэтгэл, хөлснөөс дусалсан аялгуу л хөгжим болдог.
-Хөгжмийг агуулгаар нь хэд ангилдаг вэ. Ер нь Монголд ямар хөгжмийг түлхүү хөгжүүлэх шаардлагатай байна вэ?
-Хөгжмийг мэргэжлийн хөгжим, хөнгөн хөгжим буюу арилжааны хөгжим гэж ангилдаг. Миний хувьд мэргэжлийн хөгжмийг нь туурвидаг. Харин дууны хувьд нийтийн дуу, хүүхдийн дууны уран бүтээлүүд орно. Хөгжимд дотроо сонгодог, ардын, рок поп гээд хуваагдаад явдаг. Миний уран бүтээлийг дан хөгжмийн, тайз, дэлгэцийн, дууны уран бүтээлийн гэж ангилж болно. Нэрийн хуудас болсон бүтээлүүдэд маань морин хуур, найрал хөгжимд зориулсан I, II, III, Y концерт, төгөлдөр хуур, симфони найрал хөгжимд зориулсан “Вариац токката”, төгөлдөр хуурт зориулсан “Рапсоди” зүй ёсоор орно гэж боддог доо. Мөн төгөлдөр хуурын концерт байна. Хөгжимчид нэг үеэ бодвол харьцангуй сайжирсан. Морин хуур, лимбэ, ятгын сайн хөг¬жимчидтэй болжээ.
Шанз хөгжмөөс чадварлаг гоц хөгжимчин гарч ирэх хэрэгтэй. Жишээ нь, мэргэжлийн гарамгай хөгжимчдийн “Виртуозо” концертод орох хэмжээний шанзчид дутагдаж байна.
Сайн хөгжимчнийг бий болгохын тулд сайн бүтээл төрөх хэрэгтэй. Тиймээс хөгжимд сэтгэл зүрхээ, амьдралаа зориулсан хүн хэрэгтэй байна.
-Та бол “Хулдын цэнхэр уулс”, “Би Монгол”, ”Талын хөх чоно”, ”Аавдаа” тэргүүтэй олон сайхан дууны уран бүтээлтэй. Сүүлийн үед дууны уран бүтээл дээр хэр ажиллаж байна даа?
-Дууны уран бүтээл дээр ажиллаж байна. Томоохон хөгжмийн бүтээлийн хажуугаар энэ нь тархи амраах амралт болдог. Дуу гэдэг шүлгээр дамжиж хүнд хүрдэг хамгийн ойрхон урлаг учраас сэтгэл их шаарддаг. Хөгжмийг сэтгэлийнх, сэтгэлгээнийх гэж хоёр хуваадаг. Сэтгэлийнх нь дуу аялгуу байдаг бол сэтгэлгээнийх гэдэг нь контемперари тал руугаа том хэлбэрийн хөгжмийн бүтээлүүд сонат, симфони зэрэг орно л доо. Дууны шүлэг их ирдэг учраас дуу хийхгүй байж чаддагүй. Г.Ариунбаатарын дуулсан “Аавдаа”, С.Жавхлангийн дуулсан “Дорнын говиос Монгол эхэлдэг”, Л.Болдбаатар, А.Түмэн-Өлзий гээд олон дуучдад дууны аялгуу бүтээж өгчээ.
-Том хэмжээний хөгжмийн зохиол дээр ажиллах үедээ өөрийгөө гадаад орчноос хэрхэн чөлөөлдөг вэ, ер нь хэдий хугацаанд бичих вэ?
-Том хэлбэрийн бүтээл хийхдээ өөрийгөө тусгаарлаж нам сууж байж илүү бүтээл төрнө. Өөрийн нөхцөл байдалдаа зохицоод бүтэн өдөр суухаасаа илүү хагас өдөр суугаад тал өдөрт нь бодож бясалгадаг. Хугацааны хувьд янз, янз л даа. Концертыг долоо хоногт гаргах жишээний, симфони найрал хөгжийн бүтээл дээр бүтэн сар сууж жишээний. Зарим нь маш хурдан хугацаанд төрөх ч үе бий. Том хэлбэрийн хөгжмийн зо¬хиолд төлөвлөгөө их чухал. Хэрхэн би¬чих тухай график зурах шаардлагатай. Түүнийхээ дагуу хөгжмөө бичнэ. Бусдаас өөр, бусдаас шинэлэг бичихийг зорьдог. Санаа нь байхад хөг аялгуу нь уддаггүй. Механик ажиллагаа буюу хөгжмийн зэмсэгт хуваарилан бичих ажиллагаа нь нэлээн цаг авдаг.
-Таныг хөгжмийн урлагт хөтөлсөн багш хэн бэ, багшийнхаа захиас үгийг дурсан санавал?
-Хөгжмийн урлагт хөтөлсөн багш олон байна. Анх зургаадугаар ангидаа дугуйланд нь сурч байсан морин хуурын багш Сандагжав байна. Н.Батнасан гэдэг дуу хөгжмийн багш минь дуу хуурыг анх таниулсан хүн. Хотод ирээд Соёлын коллежид орж олон сайхан багшийн гараар дамжсан. Хөгжмийн зохиолч болоход Цогзолын Нацагдорж , Н.Жанцанноров багш нар маань маш их нөлөөлсөн. Би Орост хөгжмийн зохиолчоор сурсан учраас миний гол багш бол Г.В.Чернов юм. Тэр хүн бол ОХУ-ын нэртэй хөгжмийн зохиолч, Оросын урлагийн гавьяат зүтгэлтэн. Одоо 80 гарсан хүн бий. Багш маань “Өдөр бүр өөрийнхөө сэтгэлийг хөгтэй үедээ хэдэн нот ч хамаагүй бичээд байгаарай” гэж захиж байсан. Энэ нь хүчээр хийх биш гэсэн утгатай юм уу даа. Тэр хүний нөлөөн дор хөгжмийн зохиолч болох замдаа орсон доо. Тэр тусмаа мэргэжлийн хөгжим рүү орох эхлэл маань тавигдсан. Энгийн эстрад, поп гэх мэт олон жанр байдаг. Залуу хүний хувьд аль ч төрөл рүү орж болох байсан. Намайг хөгжим зохиогоод эхлэхээр багш маань “Үндэснийхээ хэв шинжийг хөгжимдөө сайн тусга. Энэ л чиний онцгойрол, хүн хүрдэггүй энэ төрөл рүү яв гэж зөвлөж надад их урам өгсөн.
Хүний мэдрэмж их олон янз байдаг шүү дээ. Аялгууны мэдрэмжтэй хүн байхад найрал эгшгийн, хэмнэлийн мэдрэмжтэй хүмүүс байдаг. Маш чадварлаг төгөлдөр хуурч хөгжмийн зохиолч хэрнээ найрал хөгжмийн мэдрэмж муутай ч хүн байна.
Найрал хөгжим бичихэд олон хөгжмийн хэмнэл, дуугаралтын чанга, сулыг мэдрэх хэрэгтэй.
-Бүтээл төрөх торгон агшинг үгээр илэрхийлбэл?
-Миний бүтээлийн 90 хувийг дан хөгжмийн бүтээл эзэлдэг. Тэгэхээр ихэнх цагаа томоохон хэмжээний бүтээл төрүүлэхэд зориулж байна гэсэн үг. Бүтээл төрөх агшин гэдэг цаг хугацаа, орон зайг мартаж буй торгон агшин юм. Мэргэжлийн хөгжмийн зохиолч хүн авьяастай, мэдрэмжтэй байх нь нэгдүгээр зэргийн шаардлага. Үүний зэрэгцээ юмыг их томоор хардаг, тооцоотой байх, мөн асар их тэвчээртэй байхыг шаарддаг. Маш удаан хугацаагаар суух хэрэг гарна. Босож харайгаад байдаг хүн бол хөгжим бичиж чадахгүй. Үүнээс гадна тухайн зохио-лынхоо ард гарах хүлээц, тэвчээр байх хэрэгтэй. Энэ бүхэн маш үнэ цэнтэй учраас энэ агшинд өөр бусад ажилд сатаарах дургүй. Тэр агшиндаа тун харам байдаг.
-Үндэсний хөгжмийн амин сүнс нь юундаа байна гэж боддог вэ?
-Үндэсний хөгжим гэдэг монгол хүнтэйгээ салшгүй холбоотой. Олон мянган жил нүүдэллэн амьдарсан монгол сэтгэхүй, ахуй байдлаас үүсэн гарсан үндэсний хөгжим нь өөрөө монгол хүнийг илэрхийлдэг. Хөгжмийн амин сүнс нь аялгуу байдаг. Энэ бүхнийг хэмнэл, зохирол нь нийцүүлж таацуулж байдаг. Монгол хүн л монгол хөгжим бичнэ. Тэр бүү хэл хөдөө төрж өссөн хөгжмийн зохиолч, хотод хүн болсон хөгжмийн зохиолч хоёрын бүтээл ялгаатай байдаг. Бүтээл бол тухайн хүний толь гэдэг. Хөгжмийн зохиолч, хөгжимчин хоёрын уран бүтээл хоорондоо шүтэлцээтэй. Сайн хөгжимчид хөгжмийн зохиолчдыг хурцалж, онгод, урмыг нь бадрааж өгдөг. Оросын алдарт хөгжмийн зохиолч Д.Шостакович болон цуутай хөгжимчин, виолончельч М.Ростропович нарын уран бүтээлийн замналыг харахад бие биенээ маш их хурцалж, нэг нэгнийхээ сэтгэлийн гал дөлийг бадрааж байснаар нэг нь гайхамшигтай хөгжмүүдээ бичиж, нөгөө нь тоглож ирсэн байдаг юм билээ.
-Та бол Монголын хөгжмийн зохиолчдыг төлөөлөн олон улсын хэмжээний уралдаанд оролцож, эх орныхоо нэрийг гаргаж буй цөөн хэдэн хөгжмийн зохиолчийн нэг. Амжилттай оролцсон бүтээлүүдийнхээ ард гарчихаад ямар сэтгэгдэл төрдөг вэ?
-Олон улсын хөгжмийн зохиолчдын наадамд оролцож таван удаа шагнал хүртэж байсан. Төгөлдөр хуур найрал хөгжмийн бүтээлээ Моксвад сурч байхдаа бичсэн. Бусдыг нь төгсөж ирээд эх орондоо бичжээ. Москвад болсон С.С.Прокофьевын нэрэмжит залуу хөгжмийн зохиолчдын IY уралдааны тусгай, Италийн Болонья хотод зохиогддог олон улсын хөгжмийн зохиолчдын XYI уралдааны III байр шагнал авч байлаа. Морин хуур, симфони найрал хөгжимд зориулсан I концерт маань 2014 онд ОХУ-ын Калуга хотод зохион байгуулагдсан “XXI зууны хөгжмийн зохиолч” олон улсын уралдааны тусгай байрыг хүртсэн. Мөн энэхүү бүтээлийг маань “Домог” хамтлагийн морин хуурч Д.Шинэцог хөгжимдөн Австрийн Вена хотод зохиогдсон Ф.Шубертын нэрэмжит олон улсын уралдааны Гран-при шагналыг 2013 онд хүртсэн. “Чавхдаст хөгжмийн дөрвөл” бүтээлээрээ 2012 онд ОХУ-ын Элиста хотод зохиогдсон “Пентатоника” наадамд амжилттай оролцсон ба мөн онд Волгаград хотын Филармонийн хөгжимчид тус бүтээлийг маань хөгжимдөн Петроград хотод болсон цөөхүүл хөгжимчдийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн. Шагнал авах гэж бичдэггүй, сайн бүтээл төрүүлье гэж бичдэг. Тийм учраас шагнал бүхний ард улам илүүг бүтээх ёстой гэсэн урам авдаг даа.
-Та “Чингисийн хүүхдүүд” уран сайхны киноны хөгжмөөрөө Сочигийн олон улсын кино наадамд оролцож, “Шилдэг хөгжмийн зохиолч” шагнал авсан. Өөр ямар ямар кино болон жүжгийн бүтээл дээр ажилласан бэ?
-“Эх орон дуудаж байна”, “Цэн тогоруу”, “Хөхөө” зэрэг нэлээн хэдэн киноны хөгжим хийсэн. Хамгийн сүүлд Ю.Цэдэнбал даргын тухай “Түүх мартахгүй” киноны хөгжмийг Цэн.Эрдэнэбаттай хамтраад хийсэн. Өвөрмонгол найруулагчийн бүтээсэн “Хархүү” киноны хөгжим бичсэн. Мөн “Дөрөө” модерн балет, “Ээрэн хүрээ” дуулалт бүжгэн жүжгийн хөгжим бичсэн байна. Мөн “Баян Монгол” чуулгад зориулсан “Оргилуун удиртгал”, ятга, симфони найрал хөгжимд зориулсан гурван ангит концерт, “286-р галт тэрэг” симфони зураглал, хийл, төгөлдөр хуурын соната /гурван ангит/, чавхдаст хөгжмийн дөрвөл /гурван ангит/, үндэсний үлээвэр найрал хөгжимд зориулсан Скерцо, төгөлдөр хуурт зориулсан Рапсоди, найрал хөгжим, найрал дуучдад зориулсан “Монгол түмний хийморь” магтуу зэрэг бүтээлүүд маань Монголын мэргэжлийн хөгжмийн урын санд багтжээ.
-Та бол морин хуурын найрал хөгжимд зориулсан бүтээлүүдтэй. Морин хуур хөгжмийн онцлог нь юу вэ?
-Морин хуур найрал хөгжимд зориулж бичсэн таван концерттой. Тавуулаа өөр, өөр. Эхний гурван концерт нь суралцагсдын болон мэргэжлийн хөгжимчидийн уран санг баяжуулж, олон газар тоглогдож байгаа. Дөрөвдүгээр концерт нь хараахан тоглогдоогүй байна. Тавдугаар концерт нь тавц хөгтэй ширэн цартай хуур, экил хуураар тоглоход зориулсан анхны концерт болсон. Дэлхийд ганцхан Монголд байдаг морин хуурын хөгжмийг монгол хүн л баяжуулж дэлхийн тавцанд хүргэх учиртай. Энэ бодлоороо морин хуурын чансаатай уран бүтээл хийхийг зорьсон. Морин хуур нь хялгасыг хялгасаар хөрөөддөг цорын ганц хөгжмийн зэмсэг. Хүний хоолойтой хамгийн ойрхон хөг аялгуутай нумт хөгжим учраас хүнд илүү хүрдэг онцлогтой.
-СУИС-ийн хөгжмийн сургуульд хүүхдүүд ямар хөгжмөөр түлхүү суралцаж байна вэ? Сургалтын арга барил цар тахлын үед хэрхэн явагдаж байна вэ. Оюутнууддаа юу гэж захидаг вэ?
-Хөгжмийн зохиомжийн хичээл заадаг болохоор цахимаар орох боломжтой байгаа. Зохиосон зохиолоо нотоор явуулна. Нотны программ дээр ажиллаад ажилласных нь дараа зөвлөгөө өгөөд явж байгаа болохоор цахимаар хичээл ороход хүндрэл гайгүй байна. Гэхдээ амьд харилцааг яаж гүйцэх вэ. Хөгжим сурч буй залуус эхлээд хүн байх, зөв сэтгэлтэй ёстой гэсэн ухагдахууныг хэлдэг. Яагаад гэвэл хөгжим гэдэг хүний дотоод хөгийг гаргаж аялгуу болж гардаг. Дотоод сэтгэлээ ариун байлгахыг захидаг. Хөдөлмөр гэдэг сурч боловсрохын үндэс гэдгийг оюутнууддаа захидаг даа.
Сүүлийн үед оюутнууд компьютер дээр ая зохиож байна. Ая зохиогч өөрөө төгөлдөр хуур дээр суугаад, хөдөлмөрлөж зохиогоогүй болохоор амьгүй, сүнсгүй, хүйтэн, сэтгэлгүй бүтээл төрж байна.
Оюутнууддаа “Та нар яг төгөлдөр хуур дээрээ тогло. Хуруу гараа мэдэр, аялгуугаа сайхан дуул. Үнэхээр наад ая чинь таалагдаад боллоо гэж үзвэл дараа нь компьютер руу оруул” гэж хэлдэг. Энэ бол технологийн сөрөг тал. Хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх зэрэг давуу талууд бол зөндөө байгаа л даа. Амьд зүйлд энергийн үелзэл байдаг бөгөөд хүний зохиож байгаа сэтгэл шингэсэн бүтээл сонсогчийн сэтгэлийн утсыг тэр энергиээрээ хөндөж чаддаг. Тэгэхээр хийж байгаа, зохиож байгаа зүйлдээ цаг хугацаа, бие сэтгэл бүхнээ зориулах ёстой. Ардын дуу шиг л он удаан жил амнаас ам дамжин дуулагдаж олон хувилбараар өөрчлөгдөж явсаар хамгийн төгс хувилбартаа хүрсэн байдаг шүү дээ.
-Тавдугаар сарын эхний долоо хоногт зохиогдох инновацын долоо хоногт орох “Тэнгэрийн хүүхдүүдийн бүжиг” гурамсан этно бүжгэн жүжгийн хөгжмийн нэгийнх нь хөгжмийг та бичсэн. Энэ талаараа дэлгэрэнгүй ярина уу?
-“Тэнгэрийн хүүхдүүдийн бүжиг” гурамсан этно бүжгэн жүжгийн хөгжмийн нэг бүжгэн жүжгийнх нь нь хөгжмийг би бичсэн. Энэ нь гурван бүжгэн жүжгийн хоёр дахь нь буюу “Тамганы бүжигчин” бүжгэн жүжгийн хөгжмийг бичсэн. Дэглээчээр нь Мөнгөнцэцэг ажилласан. Инновац болж буй шалтгаан нь эртний этник хөгжмийн дуугаралтыг цахим дуугаралттай хослуулах юм. Этник хөгжим болох хэц, хэнгэрэг, бөмбөр, хулсан хуур, аман хуур, цуур, эвэр бүрээ, ширэн цартай хуурын дуугаралтыг цахим дуугаралттай хольж хийснээр инновац гэж үзэж болно. Цаана нь фонограмм хийгээд наана нь эртний хөгжим дуугарна. Уран сайхны илэрхийлэмжийг шинэ дуугаралтаар дэмжих зорилготой. Сайн чанартай бичлэг болж үлдээд сургалтанд хэрэглэгдэж байгаа. 17-18 бүжгээс салаад бие даасан бүтээл болж дангаараа энд тэнд тоглогдох боломжтой гэдгээрээ онцлог давуу талтай. Хөгжмийн найруулгын цахим дуугаралтыг хөгжмийн онолын тэнхимийн багш Г.Түвшинтөр хийсэн. Мөн нөгөө хоёр бүжгэн жүжгийн хөгжмийг Д.Ариунболд “Хөмөргөн гурвалжин”, Төрийн соёрхолт хөгжмийн зохиол С.Соронзонболд “Босоо цагаан гурвалжин” хоёр бичсэн.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН