Нийтийн тээвэр бүрэн утгаараа хөгжиж амжаагүй байгаа Монголд хүн бүр машинтай болохыг чармайж байгаа гэхэд хилсдэхгүй. Тиймээс автомашины бизнес хурдтай дэлгэрч байгаа. Үнэ ханшийн хувьд ч чамгүй өндөр. Гэхдээ жилд хэд хэдэн удаа машины үнэ хямдарч, авто захууд олны хөлд дарагддаг. Тухайлбал, наадмын дараа хямдралын нэг үе эхэлдэг. Гэхдээ энэ жил арай өөр байгаа бололтой.
Хүмүүсийн ярьж буйг сонсвол машины үнэ буурах нь бүү хэл өссөн байгаа аж. Машины үнэ нэг бол өсөөд, нөгөө бол буураад байна гэх олны эргэлзээг бага ч болов тайлах зорилгоор “Да Хүрээ” техникийн захыг зорилоо.
Ачааны машины хэсэгт портероос эхлээд 20-40 тоннын хүнд даацын машинууд байна. Үйлдвэрлэгдсэн хугацаа нь дандаа 1996 оноос хойших. Энэ нь Монголд орж ирдэг машинуудын дунд залуу настайд тооцогддог. Гэхдээ ачааны машинд онцгой албан татвар ногдуулдаггүй болохоор хэдэн онд үйлдвэрлэсэн нь тийм ч чухал биш гэнэ. Эдгээр машин үйлдвэрлэсэн он, бензин зарцуулалт, даац зэргээсээ хамаараад 5.5-30 сая төгрөгийн үнэтэй байлаа.
Харин суудлын тэргүүдийн хувьд түгжрэл ихтэй хотын замд тохирохуйц түлш бага зарцуулдаг нь түгээмэл харагдсан. Тухайлбал, “Toyota Ist” 2002-2005 оных, хөдөлгүүрийн үзүүлэлт нь 1000 с.с болон 1300 с.с гэсэн хоёр янз. Үнэ нь 9-9.8 сая төгрөг. Ченжүүдийн хэлж буйгаар машины ханшид хамгийн их нөлөөлдөг зүйл нь шатахуун идэлт. Тиймээс 2002 онд үйлдвэрлэсэн машин 2005 оныхоос ч үнэтэй байх нь харагдлаа.
Харин “Toyota Prius” болон “Honda Civic” зэрэг цахилгаан хөдөлгүүртэй машин харьцангуй боломжийн үнэтэйгээс гадна ихэнхдээ 2007, 2008 онд үйлдвэрлэсэн нь орж ирээд байгаа аж. “Toyota Coralla”, “Kia Pride” зэрэг машин доод тал нь 11 сая, харин “Honda Civic” ес, “Toyota Prius” 6.5-11 сая төгрөгийн үнэтэй байна.
Үнэ өртөгийн хувьд харилцан адилгүй боловч дээрх машинуудын хөдөлгүүрийн үзүүлэлт бараг бүгд 1500 с.с. Худалдаалж байгаа хүнээс сонирхвол иймэрхүү үзүүлэлттэй машин 100 км-т дунджаар 6-8 литр бензин зарцуулдаг гэж байв.
Харин “Rav-4”, “Harrier” зэрэг дунд оврын жийп дунджаар 2400 с.с мотортой бөгөөд үнэ нь 27-30 саяын хооронд байна.
Машины үнэ, ханш сонирхож байхад хоёр зүйл ажиглагдлаа. Худалдах гэж буй машин дээрх наалтанд үйлдвэрлэсэн он, холбоо барих утас л байсан юм. Зарим дээр нь моторын үзүүлэлт харагдсан. Уг нь он сар өдөр, түлш зарцуулалт, үнэ, утас зэрэг холбогдох бүх мэдээллээ тавих хэрэгтэй юм шиг санагдсан.
Өөр нэгэн зүйл нь энд зарагдаж байгаа бүх машиныг лизингээр авч болох аж. Бүх банкны зээлд хамрагдах боломжтой. Жишээ нь, “Кредит” банкны лизингийн үйлчилгээнд 100 хүртэлх сая төгрөгийн автомашиныг 36 сарын хугацаанд 1.5 хувийн хүүтэй хамрагдах боломжтой аж.
Иргэд лизингээр худалдан авахын тулд банканд автомашины үнээс гадна хүүнд цалингийнхаа 20-40 хувийг төлдөг гэсэн судалгаа гарчээ. Банкны лизингийн хүү буурах нь автомашины үнэд нөлөөлөхгүй гэдгийг эдийн засагчид онцолдог. Гэхдээ энэ нь ченжүүдэд бараагаа сурталчлах нэг шалтгаан болдог гэж банкны мэргэжилтнүүд хэлдэг байна.
Үндэсний статистикийн хорооны судалгаанаас харахад энэ оны эхний таван сарын машины импорт, худалдааны дүнг жилийн өмнөхтэй харьцуулахад суудлын автомашины импортын биет хэмжээ 982 ширхэг, үнийн дүн 41.6 сая ам.доллараар өсч, ачааны машины биет хэмжээ 162 ширхэг, үнийн дүн 8.5 сая ам.доллараар буурчээ.
Үүнээс харахад суудлын автомашины эрэлт ихэссэн гэж үзэж болох юм. Эрэлт, нийлүүлэлт хоёр ямагт шууд харилцан хамааралтай эдийн засгийн хуулиар хүмүүст суудлын автомашины эрэлт их байна.
Импортын суудлын автомашинд гурван төрлийн албан татвар ногдуулдаг.
1. Гаалийн албан татвар. Гаалийн үнийн дүнгээс таван хувь
2. Онцгой албан татвар
3.Нэмэгдсэн өртгийн албан татвар 10 хувь
Автомашины үнэ өмнөх жилүүдийнхээс тодорхой хэмжээнд нэмэгдсэнийг батлах нэг шалтгаан нь гаалийн албан татвар өссөн явдал юм. Өөрөөр хэлбэл, жижиг тэрэг буюу 1500-аас доош мотортой машины үнэ 500-6000 доллараар, манайхны хамгийн нийтлэг унадаг 1501-2500 хөдөлгүүртэй машины үнэ 1500-7000 доллараар, харин 3500-аас дээш хөдөлгүүртэй машины гаалийн татварыг 4500-13000 мянган доллараар нэмэхээр болсон.
Үүнээс хамаараад 0.8-1 сая төгрөгөөр энэ онд орж ирсэн бүх машины үнэ нэмэгдсэнээр машины үнэ буурахгүй байгаа аж. Ганцхан жишээ дурдахад, энэ оны гуравдугаар сард “Honda Fit” 6.5 сая төгрөгийн үнэтэй байсан бол яг өнөөдрийн байдлаар доод тал нь 7.8 сая төгрөг байна.
Ингэж суудлын ч бай, ачааны ч бай автомашины үнэ наана, цаанаа нэмэгджээ.
Машины үнэ сонирхож явахдаа машин зарж буй нэг залуу “Он гараад татвар нэмэгдчихсэн болохоор бүх машины үнэ нэмэгдсэн. Тийм болохоор одоо баяр наадмын өмнө эсвэл дараа хямдардаг байснаа больсон.
Одоо хүмүүс амралт зугаалга гээд унаа тэрэг их худалдан авч байна. Ерөнхийдөө зуны улиралд хүмүүс худалдан авалт их хийдэг” гэж байхыг сонсов.
Тэрбээр 2006 оны 1500 с.с мотортой “KIA Pride” гэдэг машины автомат 11 сая болон механик 12 сая хөдөлгүүртэй хоёр машиныг зарж байсан. “Шууд бэлнээр авбал сайн ярина” гэж байлаа. Барааагаа борлуулах хүсэлдээ автсан уу яасан “Цаашдаа машин үүнээс илүү хямдрахгүй дээ. Улам л үнэд орно” гээд үлдлээ.