Түүний амьдралын хамгийн сүүлчийн нислэг гэр рүүгээ хийх аялал байсан ч харамсалтай нь тэр онгоц цогцсыг нь тээж явна. Уитни Хьюстоны менежер болон бэргэн Пэт Хьюстон, түүний хайртай үеэл Дионне Уорвик нар байв. Мөн Хьюстоны төлөвлөөд байсан аялан тоглолтын сурталчилгааг хийх байсан Ван Эксель хамт байлцсан бөгөөд 2012 оны хоёрдугаар сарын 11-ний шөнө бүх цаг үеийн хамгийн хүчирхэг хоолойтой дуучдын нэг Уитни Хьюстон бурхан болсон гэх мэдээг сонсоод тэр удаагүй байлаа. “Уитнигийн гэр бүлийнхэн түүнийг үхлээс аварч чадаагүй, тийм боломж ч байгаагүй” хэмээн дотнын найз нь ярьсан.
Амьдралынхаа сүүлчийн мөчүүдэд тэрбээр чөтгөрийн нөхөд, хар тамхинаас гарч, зүрх зүссэн урвалтын шархыг мартаж, эргэн тайзнаа гарч, урьдын хүчийг харуулахаар зорьж байснаа ойрын нөхдөдөө ярьсан байна. Үнэхээр ч тэр үүндээ итгэж, өөрийгөө харанхуй нүхнээс татаж эхлээд байлаа. Гэтэл “Грэмми”-ийн шагнал гардуулах ёслолын өмнөх шөнө түүний үхсэн биеийг “Bewerly Hilton” зочид буудлын угаалгын өрөөнөөс олжээ. Тэрбээр бүхэл бүтэн 48 цагийг ганцаараа өнгөрүүлсэн гэдэг. Түүний цогцсыг угаалгын өрөөнөөс анх олоход цээж, дух, уруул нь хөхөрч, халуун ус нүүрийг нь түлж, үл мэдэгдэх шарх сорвиуд биеэр нь дүүрэн байжээ. Мөн кокайн болон тайвшруулах эм ихээр хэрэглэдэг байсан нь зүрхийг нь гэмтээж, хоолойд нь ч нөлөөлж эхэлсэн хэмээн эмч нар хожим баталсан.
“Энэ олон жилд тэр дээрх бүхнийг тэсэж явсан нь гайхалтай” хэмээн Уитнигийн арын дуучин хэлэв. “Тэр олон жил маш ээдрээтэй замаар явсан учраас бие нь бууж өгсөн. Тэр үнэхээр, бүр үнэхээр туйлдсан болохыг би мэдэж байсан” гэлээ. Олон жилийн хар тамхины хэрэглээ түүний сэтгэцэд нөлөөлж, Уитни зарим алдартай дууныхаа үгийг мартаж, концертийн тайзнаа цөөнгүй удаа эвгүй байдалд орж, заримыг нь цуцалж, охинтойгоо ихэнх цагаа өнгөрөөдөг болжээ. Тэр охинтойгоо хамт байхдаа тайвширч, хар тамхийг бүрмөсөн хаяхаар шийдсэн тухайгаа хэлсэн аж. “Хар тамхины наймаачид Уитнид хайртай байсан. Учир нь тэр илүү мөнгө төлдөг. Тэр гэртээ бүгчихээд, долоо хоногт мянга мянган ам.долларыг зөвхөн хар тамхинд зарцуулдаг байв. Түүний гэрт бохирдсон хувцас хаа сайгүй хөглөрч байсан ч тэр энэ бүхнийг цэвэрлэхийг, өөрөөсөө өөр хэн нэгний царайг харахыг хүсээгүй” хэмээн ойрын эх сурвалж бидэнд хэлсэн. Уитниг багад нь түүний эцэг эх хоёр ахыг нь болоод бяцхан охиныг огт анхаардаггүй байсны харгайгаар Гэри, Майкл хоёр ах нь хар тамхинд донтогч болжээ. Тэдний охин дүү Уитни Хьюстон ч энэ хорноос хөндий байж чадаагүй юм.
“Бобби Браун (Уитни Хьюстоны экс нөхөр) түүнд хар тамхийг анх санал болгосон юм биш” хэмээн Уитнигийн ах Гэригийн экс гэргий Моник Хьюстон ярьсан. Гэри, Моник нарыг анх танилцахад хар тамхи тэдний ойр орчимд хаа сайгүй л байхаас гадна ах дүүтэйгээ Уитни хамтдаа ч хэрэглэдэг байсан аж. Бобби Браун, Уитни нар 1989 онд болсон “Soul train music awards”-ын үеэр анх танилцаж, гурван жилийн дараа гэрлэжээ. Энэ гэрлэлт Уитниг харанхуй ангал руу түлхсэн хэмээн олон судлаач, шүтэн бишрэгч, ойр дотнын хүмүүс нь ярьдаг. “Энэ онцгүй түүх, гэхдээ түүний хоёр ах нь Уитниг хар тамхиар хангадаг байсан” Моник хожмоо ярьсан удаатай. 1980-аад онд хар тамхины хэрэглээ хэт ихсэж байсан үед тэд донтжээ.
Уитни 1991 оны “Super bowl” шоуны үеэр “The Star Spangled banner” дуугаа дуулж, дараа жил нь шуугиан тарьсан “Бие хамгаалагч” кинонд тоглож, уг киноны саундтрак нь түүнд итгэмээргүй их амжилт авчирсан. Гадна талаас нь харвал Уитни шиг аз жаргалтай хүн үгүй байв. Харин түүний арын дуучны хэлснээр Бобби Браунтай гэрлэсний дараа “Бие хамгаалагч”-д тоглох үнэхээр хэцүү байжээ. Хүн бүр л Уитниг үзэшгүй муухай Боббитой гэрлэсэнд, уянгын дууны хатан хаан мансууруулах болон архинд донтоход гайхаж байлаа. Бобби, Уитни хоёул тарчиг амьдралд өсөж, мөн л ижил залуугаасаа алдрын тавцанд заларсан. Тэдний хооронд ижил зүйл их бий. Тэд хоёул амар тайван амьдарч болох л байсан, гэвч Бобби бол муу залуу.
“Энэ бизнес хэцүү. Чи маш амархан од болно, үүн шигээ тун ч хялбархан шалтгаанаар уруудна” хэмээн өмнө нь хар тамхи хэрэглэж байгаад хаясан алдарт дуучин Чака Хан Уитни, Браун нарт зөвлөж байсан гэнэ. Энд бас нэг сонирхолтой баримт бий. Уитни Робин Кравфорд гэх эмэгтэйтэй үе зайгүй найз байв. Тэд ахлах сургуулиас л бие биенээ мэдэх бөгөөд хэвлэлээр тэднийг лесби хэмээн шуугиж байсан. Энэ яриа гарсны дараахан Уитни Боббитой гэрлэхэд шар хэвлэлүүд “Уитни лесби гэдгээ нуухын тулд Боббитой гэрлэлээ” гэцгээв. 1990-ээд оны сүүлээр Робин Уитнитэй харьцахаа байж, чухам энэ үеэс л Уитнигийн доройтол эхэлсэн нь баттай үнэн билээ. Бобби болоод түүний гэр бүлийнхэн тийм ч сайхан хүмүүс биш байжээ. Тэд Уитнигийн хар тамхи хэрэглэж буй хэд хэдэн зургийг хэвлэлүүдэд зарж, их хэмжээний мөнгө олсон гэдэг. “Боббигийн гэр бүл Уитниг маш олон удаа муухайгаар ашигласан, гэхдээ Уитни тэднээс харьцангуй дээд зиндааны эмэгтэй байсан учраас элдэв цуу яриа гаргаж, заргалдаагүй” хэмээн Уитнигийн дотнын найз ярьсан. Уитнигийн хоёр ах түүнийг энэ буруу замаас гаргаж болох л байсан. Гэхдээ тэд ч мөн хар тамхи хэрэглэдэг байсан учраас Уитнид тусалж чадаагүй юм.
2007 онд Уитни Боббигоос салав. Гэхдээ тэр үүнийг ерөөсөө ч хүсээгүй аж. Тэрбээр 2009 онд Опра Уинфрид ярилцлага өгөх үеэрээ Бобби түүн дээр эргэн ирж, дахин хамт амьдрахыг хүсэж буйгаа хэлжээ. Гэвч Бобби тэгээгүй. Тэр байтугай өөр эмэгтэйтэй гэрлэж, дахин охинтой болчихож. Энэ харилцаа Уитнид өөрийн охин Бобби Кристинатай цагийг өнгөрүүлэх сайхан боломжийг олгосон юм. Гэвч мөнөөх л гайтай хар тамхи охиндоо сайн ээж нь байх, эгч нар шиг найрсаг харилцаа үүсгэх, хамт дэлгүүр хэсэх боломжийг үгүй хийжээ. Охинд нь ч энэ амьдрал таагүй байсан. Өсвөр насны охин ээжийнхээ тухай таагүй мэдээ хэвлэлээр уншиж, өөрөө бодитоор харна гэдэг шийтгэл мөн. Бүр эцэг, эх нь хоёул ийм бол үнэхээр хэцүү хэмээн дотнын найз нь ярьсан. “Бобби Кристина ээжгүйгээр үнэхээр ганцаарддаг байсан. Гэтэл Уитни зөвхөн өөрийн хүсэлдээ л захирагддаг” хэмээн тэдний гэр бүлийн хүрээний найз нь хэлсэн.
Эцэст нь, хамгийн гунигтай, хамгийн өөдгүй нь Бобби Браун Уитнигийн цогцсыг төрөлх хотынх нь сүмээс хөдөөлүүлэх ёслолд ирээгүй юм.
Г.Хүслэн