Бүгд Найрамдах Индонез Улсын нийслэл Жакарта, мөн тус улсын Зүүн Ява мужийн нийслэл Сурабая хотод Монголын ардын урлагийн тоглолт энэ сарын 3-4-ний өдрүүдэд болжээ. Уг арга хэмжээг Монгол Улсын Өргөмжит консул Чандра Гозали санаачлан зохион байгуулж, ивээн тэтгэсэн байна.
Урлагийн тоглолтыг Индонезийн Гадаад хэргийн яамны албаны хүмүүс, Жакарта дахь гадаад орнуудын ДТГ-ын төлөөлөгчид, Индонезийн бизнесийн хүрээнийхэн зэрэг нийт 300 орчим хүн үзэж сонирхжээ.
Энэ тоглолтоор Монгол ардын уртын ба богино дуу, хөөмий, морин хуурын аялгуу, ардын бүжиг, уран нугаралтын гайхамшгийг Индонезийн үзэгчдэд таниулсан төдийгүй Монголын тухай фото зургийн үзэсгэлэн гаргаж Монголын байгаль, ёс заншил, ахуй байдлыг харуулсан олон төрлийн зураг тавьсан нь олны сонирхлыг татжээ.
Концертод мөн Индонезийн жүжигчид хамтран оролцож, Индонезийн ардын болон орчин үеийн урлагийн үзүүлбэрээс гадна Монгол ардын “Гоолингоо”, “Үлэмжийн чанар” дууг дуулж, ардын бүжиг бүжиглэсэн бол манай жүжигчид Индонезийн алдарт “Индонезиа Пусака” дууны аялгууг морин хуураар тоглосон байна.
Уг арга хэмжээнд Гадаад харилцааны яамны Азийн газрын захирал Б.Ганболд, Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонез Улсад суух Элчин сайд Ч.Баттөмөр нар оролцсон бөгөөд Өргөмжит консул Ч.Гозалид Монгол-Индонезийн хоорондын соёл, урлагийн хэлхээ холбоог хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж, Гадаад харилцааны сайдаас шагнасан Монгол Улсын орчин үеийн дипломат алба үүссэний 100 жилийн ойн медалийг нь гардуулсан байна.
Д.Цэцэг