Сүүлийн хэдэн жил дэлхийн цаг уур их сонин боллоо. Магадгүй мэдээллийн хурд эрс нэмэгдсэнээс хүмүүс энд тэндхийн сайн муу явдлыг тэр дор нь сонссоных ч юм уу. Байсгээд л ойрын зуу, мянган жилд тохиолдоогүй гамшигууд үзүүлж байна. Европ яг Монголын өвөл шиг тэс хөлдөв. Тайландад үер буув. Японд бүр аймаар газар хөдөлсөн бол Орос улаан ган болж хаваржин шатав. Манай орны хувьд урьдын сайхан цагийн халиурсан өвс бэлчээр, мяралзсан голуудаасаа салаад бараг мартлаа. Дэлхийн дулаарал гээч галав юүлэлт эхэлж байгааг хүн болгон зөнгөөрөө мэдэрч байна. Энэ сэдвийг хөндөх болгонд дотор муухай оргиж, гуниг төрнө. Удахгүй гүний болон гадаргуугийн ус бүр мөсөн шавхарч хүмүүс шүршүүрийн оронд нойтон сальфеткаар биеэ угаана гэж байгаль орчны эрдэмтэд мэдэгдэж байна. Хорвоо дэлхий яагаад ийм өөдгүй болчихов оо. Цаагуураа цаг нь ирээд дэлхий сөнөж байгаа юм биш хүний хүчин зүйлээс шалтгаалжээ гэсэн онош гарлаа. Үүнийг сонсоод дотор онгойхын зэрэгцээ уурлаж хилэгнэцгээв. Энд тэндгүй томоохон хурал симпиозум, протоколь боловсрогдож байгаль уурлуулаад байгаа нөхдүүд, том улс гүрэнтэй хариуцлага тооцож эхлэв. Киото, Копенгагень, Рио-гийн гэж алдаршсан дэлхийн байгаль орчны сэдэвтэй уулзалт тохироонуудыг улс гүрний дээд удирдлагын хэмжээнд хийлээ.
Бидний багад гурван тэрбум гэдэг байсан дэлхийн хүн ам өнөөдөр долоон тэрбумд хүрсэн нь хүрээлэн буй орчинд мэдэгдэхүйц нөлөөлж байна. Тэр олон хүний гурил будаа мах шөлний хэрэгцээ гэхэд л аймаар тоо гарна. Дээр нь машин унаад машин нь бензин хэрэглэх явдлыг бүх нийтийнх болговол дэлхий шууд бүтэж үхэхээр тооцоо гардаг. Нийт хүн төрөлхтөнд хандаж байгаль орчны таагүй явдлууд цаашид улам үргэлжилнэ. Ийм тул давын өмнө байгалийн бэрхшээлийг даван туулах биш дасан зохиц, хувь заяатайгаа эвлэр гэж зөвлөх боллоо. Дараа нь байгальд хор хөнөөлтэй үйл ажиллагаанаасаа шат дараалалтай салахаас өөр гарц байхгүй гэв. Үүнд цөмийн инерги үл ашиглах гэхчилэн явж өгнө. Манай орны хувьд дэлхийн байгаль орчинд хор хөнөөлтэй юу байдаг вэ. Улаанбаатарын утаа, хэдэн уул уурхай энэ тэрийг төдийлөн авч хэлэлцэхгүй байна. Харин Монголд яагаад ган зуд болов гэдгийг тун их шохоорхосон. Нутаг дэвсгэрийн хувьд эхний 17-д ордог уудам хуурай газар цөлжих шинжтэй болж, биологийн төрөл зүйл цөөрөн, гол нуур ширгэсний буруутан хэн бэ?. Үүнд гуравхан сая хүн чинь биш гучин сая мал чинь юм биш үү гэсэн эвгүй үг дуулдлаа. Бид зуд гангаас болж мал хорогдлоо гэж дэлхийгээр нэг зарлаж тусламж нэхсэн. Олон улсын зүгээс бага сага тусламж өгөх дашрамдаа шал өөр юм харж судалж шиншэлснийг огт анзаараагүй.
Төв Ази дахь хуурай эмзэгхэн газар дээр гуч биш одоо бүр тавин сая мал бэлчиж явааг хараад бахархсангүй. Нийт мал усны тунгалаг, өвсний соргог гэсэн болгон дээр байршиж бууриа сэлгэхээ больсон. Бусад ан амьтан гэж байдаг бол сая саяар багшрах мал сүрэгт шахагдан усанд очиж чадахаа больсон ба биологийн бусад төрөл зүйл ургамалд сэхээ авч үр жимсээ унагах боломжгүй болгосныг гадаадын эрдэмтэд гэлтгүй бид өөрсдөө харж мэдэж байна. Тийм бага биш нутаг орон даяараа малын шивтрийн хий үйлдвэрлэн агаар мандалд цацаж байгаа нь томоохон хотуудын химийн үйлдвэрээс давсан хохирол юм гэнэ шүү. Бэлчээрийн мал өдөр турш ургамал устгах үйлдвэрлэл явуулан байгалийн зохилдлогоог эвддэг байна. Өмнөх зуунуудад нүүдлийн мал аж ахуй байгальд тус болж ургамлыг нэгээс нөгөөд зөөж тээвэрлэж байсан бол одоо нүүдлийнх юм шиг атлаа хаашаа ч үл нүүн зөвхөн устгал хийдэг болжээ. Ямаа байгаль дээрх хамгийн гоё цэцгийг нь түүж идээд юунд ч хэрэггүй шарилж хог ургамлыг үлдээх зэргээр анхаараад харвал дайсагнасан ажиллагаа нээрэн хийгээд байх шиг.
Төв суурин газрын ойролцоо ба хээр талын алинд ч ялгаагүй мал шургаж орохооргүй сайн хашаа бариад ганц хоёр жил болоход хашсан газрын өвс ургамал цаг агаараас огт хамаарахгүй хэвийн ургаж байна. Энэ ажиглалт нь байгаль орчин зөвхөн хүний буруутай үйл ажиллагаанаас нөлөөлж буйг нотолж байгаа юм. Хэрэв бэлчээрийн мал аж ахуй зохист хэмжээндээ байгаад дөрвөн улиралдаа тохируулаад нүүгээд байдаг бол гол ус нуур ч төдийлөн ширгэхгүй, хуурайшихгүй, ган болох нь багасна гэж үзэж байна. Борог өвсний нөөц малд идэгдэлгүй үлдвэл хөрсний чийг наранд хатахгүй хамгаалагдана. Малын тоо толгой хэт олширсноос хаа сайгүй газар талхлагдаж бүр улаан халцгай болжээ. Ийм газар дунд зэргийн хур тундас буухад хөрс шингээж авч чадалгүй хэвгий газар руу усаа алддаг. Бороо болгоны дараа их бага хэмжээний үер болж улс ардын аж ахуйн бусад салбарт хохирол учруулаад байгаа нь ургамлын хэт тачирхантай холбоотой.
Монголын малчдын мал сүрэг Алтайгаас Хянган хүртэлх уудам нутагт олон саяараа бэлчиж түүнд зориулсан ямар нэгэн өртөг шингэсэн, тусгайлан тарьж ургуулсан тэжээл бэлддэггүй. Гэхдээ хооллохоос бусад нөхцөлийг нь малчин бүр хангаж өгдөг. Харин 1,5 сая хавтгай дөрвөлжин км нутаг тэр чигээрээ малын хоолны таваг болоод байгаа нь анхаарал татаж байна. Өөрөөр хэлбэл энэ орчин дахь бусад өвсөн тэжээлтэн амьтдыг зайчилж зөвхөн малын бэлчээр болгосон нь өдгөө байгаль орчинд олон сөрөг нөлөө үзүүлэх боллоо.
Уламжлалт нүүдлийн аж амьдрал орчин цагийн зах зээлийн нийгэм хоёр зөв авцалдаж зохицож чадахгүй байна. Малын арьс шир, сүү, мах нь эцсийн бүтээгдхүүн гаргадаг үйлдвэрээсээ алс тул мөд эргэлтэнд ордоггүй. Байнгын зах зээл эрэлт хэрэгцээ алдаг оног учраас амьд мал ашигаа өгтлөө олон жилийг өнгөрөөх нь хэвийн үзэгдэл. Нас бие гүйцсэн шар, морь, иргэ, сэрх 10-25 жил амьдарч тасралтгүй идэж ууна. Хэрэв бэлчээр ашигласны хохирлыг бусад эд хөрөнгөтэй адилхан тооцдог бол малаас жил тутам гарах ноос ноолуураас нь давсан өртгийг малын эзэн барагдуулах ёстой. Мал бэлчээр дээрээс 1700 орчим ургамал, үүнээс 600 гаран нэн ховордсон эмийн ургамал түүний үр жимсийг олж иддэг. Харин орчинд сөрөг нөлөөтэй хог ургамлыг ялгаад үлдээчихдэгээс байгалийн зохилдлогоо өөрчлөгдөх нь тодорхой. Үүний хариуцлагыг хэн ч хүлээдэггүй. Монголоос бусад орны мал аж ахуйн салбарынхан хээлтэгчээс бусад малаа нэгээс илүү жил тэжээдэггүй. Арабчууд бүр эрт дээр үеэс хурга тугал байгаа дээр нь нядалсаар ирсэн.
Бүх нийтийн энэ жишгийн эсрэг Монгол мал аж ахуй зогсож байгааг олон улсын зүгээс эсэргүүцэх боллоо. Өөрт ч өрөөлд ч ашиггүй баахан мал амьд байлган байгаль орчин сүйтгэж байна гэж үздэг. Асуудал хурцдвал бид дундаа нэг дэлхийтэй шүү.Мод ургуулах нь байтугай өвс ногоог нь бүрэлгээд байгаа энэ хавиас сүүлийн үед түйрэн хүртэл дэгдэж бусдыг хохироох боллоо. Та нар чадахгүй юм чаддаг улс нь ирээд энэ орчинг хамгаалах болно шүү гэж байгаа нь хүн ам цөөнтэй бага буурай манай орны хувьд сайхан сонсогдохгүй байна.
Бэлчээрийг зохистой ашиглах гэдэг нь одоо цагт зөвхөн мал таргалуулах утга биш байгалын зохилдолгоог тэнцвэржүүлэх олон улсын гэрээ конвенцийн өмнө хүлээх үүрэг юм. Байгаль орчны хатуу шаардлагын дагуу мал битгий хэл он удсан автомашины төлбөр торгууль нэмэгдсээр байна. Бидний сайн мэдэх Япон, Солонгосын унаа хөсөг нутагтаа сайндаа л арван жил ашиглагдаад орчинг бохирдуулж байна гээд хавчаад эхэлдэг. Малын хувьд угаасаа хөгшин хонины хулдаас шиг хатуу мах идэж чаддаггүй.
Цаашид бид бэлчээрийн мал аж ахуйн салбар ба малчдад тийм ч таатай биш арга хэмжээ авах нь бараг тодорхой боллоо. Тухайлбал ямааг хангайн бүсэд хариулахыг бүр мөсөн хориглоно. Говь цөлийн ургамал нь дээрээ байгаа навчаа амьтанд идүүлдэг ч үндэс нь доошоо маш урт тул сугарахгүй тэсч үлддэг. Тэнд ямаа бэлчихэд экологид төдийлөн хохирол учруулж чаддаггүй. Харин хангай нутагт ихэнх ургамлыг үндсээр сугалж улмаар цөлжүүлэх нөхцөлийг бүрдүүлдэг. Бусад малыг хэтэрхий хүншүүлэн энхрийлж "Мал мянга хүрэхээр идэх төлөг олддоггүй" гэх мэт хуучин ойлголтоосоо салахаас өөр гарцгүй. Манайх шиг эмзэг үржил шим бага хөрстэй хуурай уур амьсгалтай нутагт хамгийн түрүүнд цөлжилт нүүрлэх магадлал бий. Тэрхүү цөлжилтийн гол буруутангаар хааш хаашаагаа километр хүрэхгүй газар ухдаг уул уурхайхан тодордог байсан. Муу нэртэй тэд бас чиг нөхөн сэргээлт энэ тэр хиймэр аяддаг шүү. Газар тариалан мөн л экологийн дайсан. Гэхдээ Монголын малын бэлчээрийн дэргэд бага талбайтай арай тоймтой. Манай орны гол усны эх, үржил шимтэй нуга хөндий болгоныг мал малчин хоёр эзэгнэж тэгээд зогсохгүй бэлчээр хомсдлоо гэж гомдоллож байна. Бэлчээр эзэмшигчид нөхөн сэргээлт огт хийдэггүй ба нэг горхин дээр бүр өвөлжин зунжин шалдаг болсон. Нүүдлийн хэв маягтай мөртлөө нүүдэггүй. Дэлхий хангайг хайрлан хамгаалах шуугиан улам газар аваад эхэлбэл хамгийн түрүүн хэдэн муусайн малчид л хөөгдөх байх. Тийм ч бага биш нутаг дэвсгэртэй манай улс олон улсын өмнө байгаль хамгаалах ямар нэгэн үүрэг хүлээж л таарна. Эс бөгөөс үндэсний аюулгүй байдал нутаг дэвсгэрээ бүрэн бүтэн хадгалж үлдэх эрмэлзэлд талхлагдсан бэлчээр том шалтгаан үүсгэнэ.
Ж.ГАНГАА