Монгол Улсын Гавьяат жүжигчин Ж.Алтанцэцэгтэй ярилцлаа. Ер нь хэдий хэмжээний хөдөлмөр зүтгэл гаргаж, хэчнээн удаа гадаад, дотоодод аялан тоглолт хийж, ямархуу он жилүүдийг чин үнэнчээр урлагтаа зориулж, урлаг соёлоо хөгжүүлэхэд ямархуу хувь нэмэр оруулсны эцэст төрийн дээд шагналд хүрдэг юм бэ гэдгийг тодруулан ярилцаж, "шинэхэн” гавьяатынхаа амьдралын хуудсаас уншигч таны өмнө дэлгэж байна.
-Төрийн эрхэм хүндтэй шагнал авсанд тань баяр хүргэе. Монгол Улсын Гавьяат жүжигчин хэмээх хүндтэй шагнал хүртсэний дараах сэтгэгдлээсээ манай уншигчидтай хуваалцана уу?
-Ерөнхийлөгчөөс шагнал авна гэдэг их догдолмоор юм байна лээ. Шагналаа авч гарч ирээд сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө “Төрийн дээд шагнал авна гэдэг сүрдмээр, догдолмоор зүйл байдаг юм байна. Энэ хүндэтгэлтэй шагналыг эгэл хүмүүстэй, ард түмэнтэйгээ зогсож байгаад авсандаа баяртай байна. Үзэгч түмэндээ баярлалаа” гэж хэлж байлаа. Би дуучин төдийгүй залуу хүн. Хорин жил хоолойгоо сөөтлөө дууныхаа урлагийн төлөө, шантарч эргэж буцах үе байсан ч зогсоохгүйгээр үргэлжлүүлэн явж чадсан. Гэтэл энэ эгэл жирийн хөдөлмөрч хүмүүс 30, 40 жил зүтгэж, түүнийхээ төлөө амьдарч бүх залуу насаа зориулж ирснийхээ төлөө шагналаа аваад, ямар их баяртай зогсож байсан бэ. Тийм их баяртай байгаа хүмүүсийн дунд би ч бас баярлаад зогсож байсандаа тухайн өдөр маш аз жаргалтай бөгөөд сэтгэл дүүрэн байж чадсан гэж хэлмээр байна. Миний өсвөр нас Налайхын уурхайд өнгөрсөн. Нэг их онцгойрохгүй ч дуу дуулдаг гэдгийг маань Налайхынхан тэр чигээрээ мэддэг байлаа. Наадмын өмнө 7-р сарын 9-ний өдөр шагнал авах тухайгаа сонсож байхад би аавыгаа их дурссан. Тэр өдөр дуугаа ч гаргаж чадахгүй уйлаад л, Налайхын соёлын ордонд их сонирхолтой уур амьсгал бий болсон. Хүмүүс маань уйлаад, аав ээжийн найз нар баярлаад, “Бид нар чамайг хүүхэд байхаас чинь л мэднэ” гэцгээж байлаа. Шагналаа 10-ны өдөр гардан авсны дараа Налайхаас утасдаж, "Алтаа чи сонсож байна уу, Налайхынхан уухайлаад дэмжиж байна шүү дээ. Налайхын уурхайнхаа 90 жилийн ойгоор гавьяат болж байна. Налайхчууд маань гавьяаттай боллоо” гээд ярьж байсан. Налайхын уурхай гэдэг тухайн үед монголын бас нэгэн халуун цэг нь байж чадсан. Тэнд өсөж торнисондоо би баярладаг. Аав маань ном их уншдаг, бас биднийг номонд дуртай болгосон хүн. Энэ бүхэн амьдралыг үзэх үзэл, тархи оюунд маань нөлөөлж, ер нь л юманд хичээнгүй байж, голж шилэхгүй хийж, нугарч хугарахгүй явах сэтгэлийн хатыг суулгаж өгсөн юм болов уу гэж боддог юм.
-Уран бүтээлчийн хувьд анхны гараагаа яаж эхлэв, урлагийн ямар сургууль төгсөв гээд амьдралын түүхээсээ ярьж өгнө үү?
-1991 онд 10 дугаар ангиа онц төгсөж, СУИС-ийн жүжигчний ангид шалгалт өгөөд тэнцээгүй. Онц сурдаг хүүхдүүдэд шууд хуваарь өгчихдөг байсан болохоор Багшийн их сургуулийн хуваарь авч байсан юм. Гэвч би урлагийн хүн болохыг үнэхээр хүсч байсан учир амьдралдаа анх удаа бие даасан шийдвэр гаргаж, Налайхын соёлын ордны ахмадууд, уран сайханчдыгаа дагаад нэг сарын хугацаатай аялан тоглолтоор явчихсан юм. Тэр шийдвэртээ одоо ч баярлаж явдаг. Тэгээд 1992 онд СУИС-ийн дуулаачийн ангид шалгалт өгөөд тэнцэж, орсон. Анх дуучны ангид орохдоо Дундговийн мундаг уртын дуучны ард хоёрт жагсаад орж байлаа. Тэр үед 190-ээд хүүхэд дундаас 11 хүүхэд хуваарь авч байсан болохоор маш их өрсөлдөөнтэй байсан. Конкурс гурван өдөр явагдсаны дараа “тэнцсэн” гэдэг хариугаа аваад маш их догдолж, бүр хүсэл мөрөөдөл маань биелчихсэн юм шиг л санагдаж байсан. "Чи өөр мэргэжлээр сурч болоогүй юм уу” гээд шалгалт авч байсан багш нар маань үнэхээр урлагийн ертөнцөд эргэлт буцалтгүйгээр явж чадах нь уу гэдгийг сорьж, асууж байлаа. Тэгэхэд нь би “Миний багын хүсэл дуучин, жүжигчин болох. Дуучин, жүжигчин хүн ч гэсэн онц сурдаг байх ёстой гэж бодож байна. Энэ дуучны мэргэжлийг ч гэсэн би яг арван жилд онц сурсан шигээ сурна гэж бодож байгаа” гэсэн чинь багш нар надад баяр хүргээд, орох орохдоо их гоё нүдлэгдэж орж байсан.
"ДУРЛАЛЫН НУЛИМС КИНОНЫ ДУУ БОЛ МИНИЙ АНХНЫ УРАН БҮТЭЭЛ
-Оюутан цагийн дурсамжаасаа онцолбол..?
-Миний хувьд тэгж их зорьж орж ирсэн болохоор маш идэвхтэй оюутан байсан. Манай ангийнхан ч бас их онцлогтой. Рок попын алдартай дуучидтай нэг анги төгссөндөө их бахархдаг. Миний хувьд нэгдүгээр курст байхаасаа эхлээд тэр үеийн “Варьете” чуулгад дагалдан дуучнаар орсон. Понограм тавина гэсэн ойлголт огг байхгүй. Шууд хөгжим яваад л дуулдаг байлаа. Миний хувьд “Бодлын цагаан хун” болон гадаад дуунуудыг дуулж, өөрийн гэсэн уран бүтээлтэй болох эхлэлээ тавьж байсан.
-Анхны шагналаа ч бас оюутан байхдаа авсан уу?
-Тийм ээ. 1993 онд намайг хоёрдугаар курсийн оюутан байхад “Монголын эстрадын хатан хаан” гэдэг сүртэй нэртэй тэмцээн Соёлын төв өргөөнд болсон юм. Анх тэр тэмцээнд “Түүнд би хайртай байсан” гэдэг дуугаараа оролцож, хоёрдугаар байр эзэлж байлаа. Өөжгий, Бачка нар хөгжмийг нь тоглож байсан. Дуучин Наран гуравдугаар байр, Мишээл нэгдүгээр байр эзэлж байсан. Дархан, Эрдэнэт хот болон холын аймгуудаас хүмүүс зорьж ирж оролцсон том тэмцээн болсон юм. Тэр тэмцээн дээр поп хатагтай Сарантуяа, Наран бид хоёрыг анх анзаарч, цаашид хамтран ажиллах эхлэл тавигдсан түүхтэй.
-Дан эмэгтэй дуучдаас бүрдсэн тоглолт шуугиан тарьж байсныг санаж байна..?
-“Намайг Ангирмаа гэдэг" гэсэн нэртэй тоглолт 1994 онд болж, 5 эмэгтэй дуучин оролцсон. Одоо ч манай студид 18 жилийн өмнө хамтарч тоглолтоо хийсэн 5 эмэгтэй дуучны маань тухайн үеийн зураг хүндтэй байрыг эзлэн хадгалагдаж байдаг. Үүний дараа 1995 онд “Вавилон мөрний эрэг дээр” тоглолтод Ангирмаа, Сарантуяа, Эрдэнэцэцэг агсан, Наран бид тав дуулжбайлаа. Тэр тоглолт бол тухайн үедээ үнэхээр шуугиан тарьсан. Бид тавыг уран бүтээлч гэдгээр нь ард түмэнд илэрхийлж чадсан тоглолт болсон. Улсын циркт яг тоглолтоо хийх гээд тайзан дээр гарсан чинь суудал дээрээ давхралдаад суучихсан, багтаагүй нь шатан дээр чихцэлдээд суучихсан тийм их хүн хоёр өдөр дараалан үзсэн. Дараа нь Наран бид хоёрын аялан тоглолтууд эхэлсэн дээ. Монгол туургатнуудын олон улсын тэмцээн фестивалиудад бид хоёр олон удаа оролцож, олон ч шагналыг нь авч байлаа. Анх 1993 онд би 2-р байр, Наран 3-р байр эзэлж байсан бол, 1995 онд Тувад болсон эстрадын залуу дуулаачдын уралдаанд би нэг, Наран хоёрдугаар байрыг нь эзэлсэн. Тэгээд Улаанбаатар таймс сонин, FM107-д анхны ярилцлагуудаа өгч байсан маань их дурсгалтай санагддаг.
-Анхны клипээ хэзээ хийж байв?
-1997 онд “Чамайг би хүнийх гэж бодсонгүй" гээд хүмүүст их хүрсэн дуугаараа клип хийлгэсэн юм. Тэр кпипэндээ халзан толгойтой гоё залуутай хамт, би урт хиймэл хумс, сормуус зүүгээд л, үсэндээ хар чёолк тавиад тоглож, “..үүлэн борооны дунд хайраа нээчихээд” гэсэн секси үгтэй дуу дуулсан чинь "Яахлаараа ийм замбараагүй хачин юманд тоглодог юм. Тэр юун залуу хаанаас гараад ирэв, хэний хүүхэд юм” гэж баахан хүн утасдаад. Оюутан цагийн уран бүтээл маань ингэж л эхэлж байлаа. 1992 онд “Ая дууны жигүүр”-т оролцохдоо анх удаа телевизээр гарч, 1994 оны анхны Пентатоникт дуулахад үзэгчид маш сайхан хүлээж авч байсан нь урам өгсөн. 1995-1996 онд “Варьете” чуулгынхаа зохиогдож байгаа бүх л арга хэмжээ, аялан тоглолтуудад оролцдог байлаа. Тэгээд 1997 онд СУИС-ийг төгсөхөд бол аль хэдийнээ дуучин. Гэхдээ үүнийхээ хажуугаар оюутан байхдаа авсан пнограмууддаа их үнэнч, мэргэжлийнхээ шалгалтуудыг онц дүнтэй өгч байлаа.
-Алтан үеийнхэн болох багш нарынхаа тухай юу хэлэх вэ?
-Би анх СУИС-д элсэн орохдоо багш нартаа амлаж байснаа биелүүлж, СУИС-ийн дуурийн дуулаачийн ангийг онц дүнтэй төгсөж чадсан. Хамгийн гол нь, алтан үеийнхэн болох багш нар маань бүгдээрээ “Чи одоо аягүй хөөрхөн Чио Чио Сан дуулж чадна, эсвэл концертны дуу дуулж чадна. Тийм учраас нэг жил огт рок поп дуулахгүйгээр дуурийн хоорт ор” гэдэг байлаа. Тэр үед манай СУИС-д урлагийн алтан үеийн Пүрэвдорж агсан, Загдсүрэн агсан, Найдалмаа багш, Жамьянжав багш болон миний багш МУГЖ О.Ичинхорлоо гээд дандаа сүрдмээр, биширмээр, үнэн сэтгэлээсээ зааж сургадаг мундаг багш нар хичээл заадаг байсан нь үнэхээр бахархмаар санагддаг.
БАГШ, ЭМЧ НАР АЖИЛ ХАЯЖ, ГУДАМЖИНД ЖАГСААД БАЙДАГ, УРЛАГИЙНХАН БОЛ ХЭЗЭЭ Ч ТЭГЖ ЯВДАГГҮЙ…
-Таныг анх дуулж байсан цаг үеийг өнөөдөртэй харьцуулахад ямар санагдаж байна вэ?
-Одоо дэлхий глобалчлагдаад манай урлагийн ертөнц маш хурдацтай урагшилж байгаа гэж би хэлнэ. Тэр үед чинь бүх зүйл өөр байлаа шүү дээ. Заримдаа айлын орцонд хүлээж сууж байгаад, нэг шанс олдонгуут нь бичлэгээ хийлгэнэ. Тэгж л явж, хөгжиж ирсэн. Энэ хугацаанд тохиолдсон бэрхшээлүүдэд шантрахгүйгээр олон жил явж байж би энэ урлагийн ертөнцийг мэдэрсэн болохоор, хэнээс ч хараат биш продакшн хийе гээд нөхөртэйгээ хамтарч Prosound”s студээ байгуулаад гурав дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдрийн байдлаар монголд студи бол ашиггүй байгууллага. Гэсэн хэдий ч энийгээ зогсоохгүй үргэлжлүүлээд, шинээр олон олон хамтлаг дуучдыг гаргаж ирэхийн төлөө ажиллаж байна.
-Энэ хугацаанд хэдэн удаа бие даасан тоглолт хийж, хэчнээн цомог гаргаж, хэр олон шагнал авч байснаа тоймлон хэлбэл?
-1998 оноос эхлээд дууны кпипээ цацаад, 2000 онд хамгийн анхныхаа бие даасан тоглолтоо “Одиссей” нэртэйгээр циркт хийж байлаа. Хоёр дахь бие даасан тоглолтоо “Нисч ирсэн дурлал” нэртэйгээр UB паласт 2007 онд хийж, 200 гаруй уран бүтээлч оролцсон том тоглолт болсон. Энэ тоглолтынхоо дараа cap хагасын хугацаанд Монгол орныхоо бүх аймгаар аялан тоглолт хийж, олон хүнтэй биечлэн уулзаж, санал хүсэлтийг нь сонсож, хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулж, маш олон хүний сэтгэл шингэсэн бэлгийг хүлээн авч, ард түмний дуучин гэдгээ мэдрэн, шинэ санаа бодлоор цэнэглэгдсээр ирж байлаа. Нийтдээ 9 цомог, нэг DVD гаргасан. Ардын дууг бол 2001 оноос эхлэн дуулж, 2010 онд өөрийн дуулсан ардын дуугаар цомог гаргаж байлаа. Сая наадмаар дөрвөн эмэгтэй дуучинтайгаа хамтран тавуулаа дуулсан “Миний Монгол" дуугаараа клип хийлгэж олон нийтэд хүргэлээ. Ер нь өнгөрсөн хугацаанд би нийт 100 гаруй шагнал, өргөмжлөл авсан юм байна лээ. Монгол Улсын Гавьяат жүжигчин, Алтан гадас одон, Соёлын тэргүүний ажилтан цол, тэмдэг, Гранпри гэсэн томоохон шагналуудаасаа бусдыг нь студидээ авчирсан байгаа. 2000 оны Пентатоникоос “Рок-поп хөгжмийн шилдэг дуучин”, 2003 онд “Шилдэг этник зохиомж” шагналыг авч, 2001 онд Олон улсын гранпри шагналын эзэн болсон. 2002 онд Азийн наадамд тусгай шагнал, Буриад улсад болсон наадамд хоёрдугаар байрын шагналыг нь авч байлаа. 2002 онд кино, жүжгийн дуу дуулж эхэлсэн. “Бооцоо” жүжгийн дуу маань хүмүүст маш их хүрсэн учир, клипэнд тоглосон үйл явдлыг миний бодит амьдрал хэмээн ойлгосон эмэггэйчүүд намайг олон нийтийн газарт таарахаараа таньж, зарим нь өрөвдөж байгаагаа илэрхийлдэг байсан гээд бодохоор, урлаг хүмүүст хэчнээн их нөлөөтэй болох нь мэдрэгддэг юм. 2006 он хүртэл би 7 тэмцээнд улс эх орныхоо нэрийг гаргаад, 2006 онд болсон тэмцээнд гранпри авч, Монголын маань далбааг олон бүжигчин нуруун дээрээ үүрээд бүжиглэж, Монголын дуучин гранпри авсан гэдгийг харуулаад, төрийн дуулал эгшиглүүлж байсан нь одоо ч сэтгэлд тодхон байдаг. Олон уралдаан тэмцээнд оролцож, монголынхоо соёл урлагийн хөгжлийг үзүүлж, таниулж байлаа. 2007 онд Тайваньд болсон үзэсгэлэнгийн үед долоо хоногийн туршид миний концерт тоглогдож, цомгоо борлуулж байсан. Нэг ч үг мэдэхгүй хэрнээ монгол гэж бахархсан олон хүн ирж надтай уулзаж байсан нь сайхан дурсамжийг үлдээсэн.
-Дуучин хүнийхээ хувьд нийгмийн өмнө хүлээсэн үүргээ хамгийн тод мэдэрсэн үе танд хэзээ тохиолдож байсан бэ?
-Анх Divas Mongolia 2006 тоглолтыг зохион байгуулахад дуулж, шилдэг таван эмэгтэй дуучны нэгээр тодорсны дараа хамгийн анх ийм мэдрэмж төрж байлаа. Дараа нь орон даяар аялан тоглолт хийж байхдаа би “Ер нь шилдэг дуучин хүн гэдэг зүгээр нэг дуучин төдийгүй нийгмийн зүтгэлтэн байх ёстой юм байна. Хүмүүнлэгийн ажил хийх ёстой юм байна. Залуу үедээ үлгэр дуурайл өгөх ёстой юм байна. Ямар нэг гоё чухал зүйл заавал хийх ёстой юм байна. Хүмүүсийг зөв амьдрах замд нь оруулахад нөлөөлөх ёстой юм байна” гэж толгойдоо маш тодоор бичиж авсан. Ийм учраас би студи байгуулаад, багшлаад, олон ажил амжуулаад явж байна. Би бас урлагтаа их олон жил үнэнч явж, урлагийнхаа төлөө зүрх минь цохилж явдаг. Дууныхаа төлөө шантралгүй явж байсан хорин жилийн маань хөдөлмөр, дуу бичлэгийн студи байгуулаад монголынхоо урлагт бодитой хувь нэмэр оруулсан гээд хөдөлмөр зүтгэлийг маань үнэлсэн болов уу. Одоо урлагийг үнэлэх үзэгчид байхгүй, мэдрэмж байхгүй энэ хэцүү үед урлагийн төлөө явна гэдэг нь золиос байдаг. Үнэхээр тэр хэцүү үед үнэнчээр зүттэж байгаад нь урлагийнхныгаа үнэлэх ч ёстой юм. Бас нэг зүйлийг онцлоод хэлэхэд, багш, эмч нар ажил хаяад гудамжинд жагсаад байдаг. Урлагийн хүн бол хэзээ ч тэгж явдаггүй. Байхгүй, болохгүй зүйлсээ нууж хааж, болж бүтэж байгаа юм шиг явж чаддаг. Тэгсэн хэрнээ олон түмнийхээ дунд сайн сайхан уур амьсгал өгөх гэж тэмүүлдэг гэдгийг ард түмэн маань ойлгоосой.
ТЭР ҮЕИЙН МОНГОЛД ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНИЙ ТЭМЦЭЭН ХОЛ САНАГДДАГ БАЙСАН БОЛ, ОДОО ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНД ХҮРТЭЛ ХӨДӨЛМӨРЛӨХ БОЛОМЖ БИДЭНД БАЙНА
-Таны сүүлийн үед хийсэн хүмүүнлэгийн ажлууд, хандивын тоглолтууд тань хүүхдийн сайн сайхны төлөө чиглэгдэж байгаа нь анзаарагдаж байна. Энэ талаар ямар томоохон ажлыг санаачилж байгаа вэ?
-2010 онд хүүхдийн дууны цомог гаргаж, 2011 онд Хүүхдийн ордонд хандивын тоглолт хийсэн. Цомгийнхоо орлого, бас найз нөхдийнхөө хандиваар Эх нялхасын эмнэлэгт амьсгалын гурван аппарат авч бэлэглэсэн юм. “Алтанцэцэг ээ, чиний авч өгсөн аппаратаар маш олон хүүхдийн амь нас аврагдаж байна” гэж хэлэхэд нь надад их сайхан байдаг. Энэ сайн үйлс маань үргэлжлээд явж байгаа. Энэ жилийн хувьд бас 6-р сарын 1-нд олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тоглолт хийж, цаашид Хүүхдийн сувилал байгуулъя гэсэн зорилготойгоор төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Миний хувьд ч ид залуу байснаа дунд үедээ орчихсон, мэргэжлийн болоод сэтгэл зүйн хувьд ч гэсэн бэлтгэгдчихсэн, цаашдаа хийж бүтээх олон ажил өмнө маань харагдаж байгаа нь бас их бахархалтай санагддаг. Энэ сайхан нэр төр, алдар гавьяа, авсан шагнал энэ бүгдийгээ цааш нь хариуцлагатай, нэр төртэйгөөр авч явна гэдэг миний хувьд бол том зам нээгдэж байгаа хэрэг гэж бодогдож байна. Миний эргэн тойрны найзууд их олуулаа. Тэд нар маань ч гэсэн надаар бахархаж, миний хийсэн хүмүүнлэгийн ажлыг дэмжиж, ар талд маань баталгаа болж зогсдогт нь би найз нартаа талархаж явдгаа хэлмээр байна.
-Танайх гэр бүлээрээ шагнал авсан гэсэн?
-Манай нөхрийг Сүхбуян гэдэг. “Бластмон фактурн групп" ХХК-ийн захирал. Саяхан намайг гавьяат авахаас долоо хоногийн өмнө Монголын ОУ-ын ТББ-аас манай гэр бүлийг “Манлай гэр бүл”-ээр өргөмжилсөн юм. Манай хүн ерөөсөө хэвлэл мэдээллийн хэрэгслээр гардаггүй. Харин энэ шагналд их ач холбогдол өгч, хамт очиж шагналаа гардан авсан. Миний амжилт, ололт бүхэн гэр бүлийн маань ойлголцол, дэмжлэгтэй салшгүй холбоотой гэж би хэлнэ.
-Таны ойрын үеийн төлөвлөгөөг чинь сонирхвол?
-Одоо урлаг ч бас хурдтай хөгжихгүй бол, хүмүүс тэр тавхан минутын төлөө ямар их цаг зарцуулагдаж байгааг үнэлэхгүй, үзэнгүүтээ дараагийнхыг нь нэхдэг тийм нийгэмд бид амьдарч байна. “Тэр үеийн монголд дэлхийн хэмжээний тэмцээн хол санагддаг байсан бол, одоо дэлхийн хэмжээнд хүртэл хөдөлмөрлөх боломж бидэнд байна” гэж би залуустаа хэлэх дуртай. Манай студи залуусын авьяасыг дэмжих чиглэлээр цөөнгүй ажлуудыг хийж байна. Тухайлбал, Total music, Coca-Cola ХХК-иас зохион байгуулдаг Coke’n beat амьд хөгжмийн наадамд шалгарсан оролцогчдын шинэ дуу бичлэг болон дууны найруулгыг хийж хамтран ажиллаж ирлээ. Түүнчлэн өнгөрсөн онд Making The band-2 наадмыг 25-р суваг телевизтэй хамтран зохион байгуулж, шалгарсан Extacy хамтлагийг манай студиэс урлагийн ертөнцийн өрсөлдөөнд бэлтгэж, хамтран ажиллаж байна. Мөн SBN телевизтэй хамтран зохион байгуулсан “Манай аялгуу” дууны наадам зэрэг тодорхой амжилтад хүрээд байгаа төслүүдээ дурьдаж болно. Залуучууд яаж бор зүрхээрээ гарч ирж байгааг харахаар дэмжмээр санагддаг. Манай студи дээр залуус бэлтгэлээ хийж байна гэдэг бол бас л их сайхан нэр төрийн хэрэг. Иймд цаашдаа их гоё урлагийн сургууль нээхсэн гэж боддог нэгэн мөрөөдөл надад бий. Гараа сайн бол бариа сайн гэгчээр хийх зүйл их байгаа. Ирэх 10-р сард бие даасан гурав дахь том тоглолтоо хийхээр төлөвлөж байна. Дуурь, уянгын дуу, амьд хөгжимтэй дуу, багт наадмын гэсэн дөрвөн хэсгээс бүрдсэн тоглолт хийнэ. Дуучин хүний сэтгэл гэдэг тэр чигээрээ дуу байдаг гэж би хэлэх дуртай. Тэгээд ч урлагийн ертөнцөд гарсан бүтээлүүд бол нэгэн цаг үеийн түүх байдаг учир, түүхээ эргээд нэг харахад зөв бичсэн байх юмсан гэж боддог.
Ярилцсан Ц.ОЮУНЧИМЭГ