Би зохиол уншихаараа өрөвдөлтэй дүрийг нь бодоод хэсэг гуниглачихдаг. Бусад уншигчдад ч бас ийм мэдрэмж төрдөг байх даа. Д.Урианхай ахын "Ойн сонат"-ыг уншаад нэгээр тогтохгүй хэдэн өдөр нэг л гунигтай байж билээ. Уулзах бүртээл "Яагаад?" гэсэн асуулт асуугаад, үнэхээр болсон явдал яриулах гэж байгаа юм шиг л шалгаадаг. Зохиолч зохиолоо тайлбарлахаас үл цааргална.
Гол нь би сайн уншигчдаа биш, Д. Урианхай ах сайн зохиолч болохоор л зохиол нь ингэж хүний сэтгэлд "дараас" учруулдаг гэж ухаардаг. Энэ тухай мэргэжлийн хүмүүс маш их үнэлж цэгнэсэн байдаг учир жирийн сэтгүүлч би олон үг нурших нь илүүц биз ээ.
Хавраас хойш Д.Урианхай ахтай "болзоогүй" юм байна. Би хувьдаа бодохдоо хүний нийгмийн хөгжил бол их олон юм хэрэглэхэд бус, бага цөөн юмыг ухаалаг, гоо сайхнаар хэрэглэх, хэрэглээндээ дээд зэргийн хэмнэлтийн зарчим баримтлах, тэр бага, ариун сайхан, хэрэглээнээсээ их аз жаргал, амар амгаланг олж хүний амьдралын үнэ цэнэ, баяр бахыг бүрэн мэдэрч чадах сэтгэл, оюуны чадварт хүрэх үйл явц л гэж бодоод явдаг" гэж 2012.06.29- нд цахим хуудаснаас уншсан ярилцлага миний ойрд нэг уулзах юмсан гэсэн бодлыг минь дэврээж байсан юм.
Зуны нар, хур тэгш налгар өдрүүдэд "Боролдой" Мягмар гуайн захиалсан гэж өгүүлж байсан нөр, хэцүү зохиолоо бичиж дуусгасан бол уу Улсын баяраар яаж наадсан бол, их эрдэмтэн Б.Ширэндэв гуайн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан яруу найргийн наадам Хөвсгөлд болж тэр наадамд "аман хүзүүдсэн"-ийг дуулаад, баяр хүргэе гээд гар утас уруу нь залгалаа. Уулзахаар товлосон газраа уулзаж Шадивланд байх зусланд нь очихоор болсон юм.
Би түүний "Учрахын баяр их тусмаа хагацахын гуниг хүнд" гэдэг шүлгийн мөрийг нь уншаад нүднээ өөрийн эрхгүй нулимас тордог. Бидний уулзсан энэ өдөр Урианхай гуай хайрт ханиа алдаад нэг жилийн ой нь тохиож буй өдөр таарч, сэтгэл нь их гундуухан байгааг ярианаас нь олж мэдлээ."Хүнд ханийн үнэ цэнэ элэрнэ гэж байхгүй! Нэг жил ханилсан байна уу, арав, хорь, гучин жил ханилсан байна уу ялгаагүй, амьдын хагацал аймшигтай юмаа! Өнгөрсөн хойно нь их л юм бодогдох юм.. Би ч муу аав, муу хань даа. Цаасан дээр үг, өгүүлбэр сараачин суухаас өөрийг мэдэхгүй" гэж өөрийгөө зэмлэнгүй аястай "дүгнэв".
Амьдралд жаргал зовлон хоёр ээлжилдэг хойно доо. Бас энэ өдөр Францын соёлын зүтгэлтнүүд Урианхай гуайн "Инээд шиг хуучин хүний амьдралд…" гэдэг шүлгийг нь "Дэлхийн нэг шүлгийн ном" цувралаараа Францад хэвлүүлээд авчирч өгсөн баярт өдөр байлаа.
Уртын дуу сонсоод л уярч тайтгардаг занг нь мэдэх болохоор машиндаа ярилцаж явах зуураа алдарт дуучин Түмэндэмбэрэл гуайн дуулсан "Дөрвөн-Уул" дууг сонсгож тайтгаруулсаар зусланд нь хүргэлээ. Охин, хүргэн нь уран бүтээлийн тохилог өрөө барьж өгч байна. Уран бүтээлчид их л ирдэг юм байна. Одоо энэ өргөө баригдаад дуусвал та нар их л ирнэ биз дээ гэхэд нь их л баярласаар гэрт нь орсон юм. Зуслангийнхаа жижигхэн байшингийн голд байрлуулсан хуучин том ширээндээ Бурхан шүтээнтэйгээ зэрэгцүүлээд Л.Н.Толстойн зургийг тавьсан нь их л содон харагдлаа. Ер нь бол библи уншиж, бурхан багшдаа мөргөж тарни тоолдогийг нь сонин хэвлэлээр янз бүрээр бичиж их зохиолчийн сэтгэлийг зовоодог. Харин Д.Урианхай гуай ер ажрах үгүй амарлангуйгаар зохиол бүтээлээ туурвиж, бурхан шүтээнээ залсаар л байна. Их л анги ондоо хүн юм даа.
-Та ардын дуунд их уярдаг гэсэн. Таныг сайн мэдэх олон зохиолчид тэгж ярьж байхыг сонссон. Тэгж уярдаг болсон ямар нэгэн шалтгаан таны амьдралд байсан байх даа?
-Цогт Хунтайжийн "Хадны шүлэг"-т,
"Халх, Онигуудын нутаг хол боловч
Хайрлан саналцахын агаар нэгэн буй!" хэмээн сийлэгдсэн байдаг.
Амраг хоёр хүн бие биенээ хайрлах, санах, хорвоогийн бор шар хоногт хэн хэнээрээ дутан үгүйлэх хэмгүй халуун гуниг хүний сэтгэлийн хамгийн "жаргалтай зовлон" юм. Энэ бол хүний амьдралыг гэгээн утгатай болгож буй нэг том философи! Монгол ардын уртын дуунд ч, богинын дуунд ч (манай нутгийнхан богинын дууг "завхай дуу" гэдэг) дээрхи "жаргалтай зовлон".-г уусгадаг.
Монгол ардын дуу тун гүн, хөлчүү, цээжнээс уярлын нулимс өөрийн эрхгүй дусагнам үнэн үг, сонгодог сайхан аялгуутай хүчирхэг эрчим над руу нэвтрэхээр би тэсэлгүй уйлчих гээд болдоггүй "муухай" заншилтай л даа, үнэндээ. Ардын дуунд хүлэг морь, уулын хүдэн манан, намрын салхи, нүүдлийн шувууд, хээрийн өвс ногоо, ой мод их дурдагддаг ч чухамдаа тэдний мөн чанарыг дурдаад байгаа ч юм биш, амраг сэтгэлтэн, ахан дүүс хэн нэгнээ үгүйлсэн, хэн нэгнээсээ хагацан шаналсан, уулзан тэврэлцэхийн мөрөөсөлд гансран сэтгэлийн агаар" үерлүүлсэн "Хайрлан саналцах"-ын л нулимсаар нэвчсэн байдаг юм шүү.
Тэгэхээр ардын дуугаа ойлгодог, мэдэрдэг, үг, аяны нь төгс төгөлдрийг цээжин дотуурхи үндсээрээ тэмтэрч хором зуур ч болов жаргал, тайтгарал эдлэх соёлтой хүн Монголд минь ганц би биш, айл бүрд хэд хэдээрээ бий шүү! Ингээд, үгээ жаргааж хэлэхэд, монгол ардын дуу бол, миний боддогоор, "Байхгүй"-тэй эвлэрэхийн "Хэцүү"-гээс төрдөг "Үгүйлэхийн халуун"-ы хэмийг заадаг юм.
-Бүтээл төрөх агшин гэж байдаг. Надад ч бий. Гэвч тодорхойлох аргагүйддэг. Энэ "хүчин мөхөсдөл" Таныг тойрдог уу, дайрдаг уу?
-Тийм шүү, тэр "хүчин мөхөсдөл" байнга дайрдаг. Гэхдээ, өдий өвгөн насыг энэ хатуу хорвоогоос хүртчихээд, бүтэн жаран шахуу жил зохиол оролдчихоод ийм нодготой асуултанд дуугай, илжиг шиг гөлрөөд байлтай биш дээ, хэдэн үг эвлүүлэхийг хичээе л дээ, хүүхээ! Юу гэхээр, алив уран бүтээлийн "хөрөнгө" нь хүний ганцаардал, гуниг, амьдралын нь драм, хайртай хүн хайртай юмаа байтугай хайргүй хүнээ ч хайрлах "дотоод ахуу ертөнц"-ийн хөгжлийн өндөрт хүрсний "зовлон" байдаг байх магадгүй санагддаг.
Хүний биеийн халууны дундаж хэм 36°, 37°, харин 38°, 39° хүрэхээр халуурч эхэлдэг. Халууны хэм ихэссээр 40° хүрэхээр юм уу давахаар хүн солиордог. Яг үүн шиг, уран бүтээлчийн сэтгэл халуурч, халуурлынхаа туйлд хүний материаллаг амьдралаас тасрахаар, эсвэл, бүүр гүн рүү нь шургаж хүлцэх ч юмуу эвлэрэх, үл хүлцэх ч юм уу үл эвлэрэхийн зөрчилд тэсрэхээр амьдралд бодитой байдаг хүний махбодын үнэнийг өөрчлөх, шинэчлэх, шинэчлэх шинэчлэхдээ амьдралд бараг байдаггүйгээр гоо сайхан, төгс төгөлдөр, тэнгэрлэг аугаагаар хувьсгалжуулан шинэчлэх хүсэл, хайрын "халуурал"-д дотроо шатаад "самадид" гоц төвлөрч буй агшин уран бүтээл, туурвилын онгодын агшин байх магадгүй шүү! Чиний асууснаар, бүтээл төрөх онцгой агшин байж ч мэднэ.
-Та хүний амьдралын зовлонг зохиолчийнхоо мэдрэмжээр яаж мэдэрдэг вэ? Таны мэдрэмж, ойлголт?
-Хүнийг буй болгосон анхны нөхцөл, шалтгаанд нэг "жижигхэн" нууц байх шиг байнаа, ер нь. Нийгмийн ихэнхи "Баагий"-нууд ойлгодоггүй, магадгүй, "Элитүүд" нь ч ухаардаггүй тийм үл тоомсорлом нууц! Тэр бол, миний бодлоор, хүний амьдралд "хэрэгтэй" нь "хэцүү"-гийнхээ ард буюу хойно, "жаргал" нь хүнд хүчир "Бэрхшээл", "Сорилт"-ынхоо ард буюу хойно, "Сайхан" нь "Муухай"-хаа ялагдлын ард буюу хойно тус тус нуугдан нууцлагддаг нэг "башир" зүй тогтол юм шиг!
Энд, "ард" буюу "хойно" байгаа гэдгийг "дотор" нь буюу "хам" байгаа гэж ойлгоорой! Тэгэхээр, "хэрэгтэй" нь "хэцүү" дотор, "Жаргал" нь "Бэрхшээл", "Сорилт" дотор, "Сайхан" нь "Муухай"-н ялагдал дотор бүгэж байгаа гэсэн үг болно. Эндээс, философи утгаараа ямар дүгнэлт цухалзаж байна гэхээр "Хэцүү", "Бэрхшээл", "Сорилт", "Муухай"-н ялагдлын ард буюу хойно хэн нэг хүнийг тэсч ядан хүлээж байдаг "Хэрэгтэй", "Жаргал", "Сайхан"-д нэвтэрч хүрэхийн тулд наадах "Хадны мангаа"-нуудын хилийг түрэмгийлэн давах хэрэгтэй, хана хэрмийг, нь хүчээр, нөр хөдөлмөр, тэмцлийн "хувьсгал" -аар эвдэж зорилгоо чөлөөлөх ёстой!" гэсэн дүгнэлт!
-Та бясалгал хийдэг үү?
-Зохих ёсоор нь бол хийдэггүй л дээ. Харин өглөө бүр, ямар нэг үг, үгүүлбэр бичихээр ширээндээ суухдаа тарни уншдаг. Гавал доторхи харанхуйдаа гэгээ тусгаж байгаа ухаантай шүү юм.
-Ямар тарни?
-Оюун билгийн Бурхан-Эрдэмийн шар Манзушри, аялгуу эгшигийн увьдас эрхшээгч Бурхан -Эгшигт охин Тэнгэр Янжинлхамын зүрх тарниуд!
Буддагийн шашны шүтээн Бурхад зөөлөн дүрээр ивээж, догшин дүрээрээ аюулгадаг.
Эрдэмийн шар Манзушри, Эгшигт охин Тэнгэр-Янжинлхамын догшин дүрүүд нь-Очироор аюулган үйлдэгч Ямандаг, Сайн цагийн мянган Бурханы шашныг хамгаалагч сахиус Балданлхам Бурхан байдаг. Тэдний зүрх тарнийг бас хамтатган уншиж залбирал үйлддэг юм.
-Таныг ямар нэг амьтан бол гэвэл Та ямар амьтан болохыг хүсэх бол? Тэр амьтан нэг удаа ч бол зүүдэнд тань орж байсан уу? Эсвэл, Та өөрөө төсөөлж байсан удаа бий юу?
-Болдогсон бол "Бодь гөрөөс" болохсон гэж хүсэх байх даа. Бурханы шашны сүм, дуганы үүдэнд дандаа хорол залдаг. Хоролын хоёр талд хөлөө өргөн нугалж их алсаас чимээлж буй анир сэрсэн байдалтай зогссон хоёр сонин, сонор сэрэнгэ гөрөөсийг урд урдаас нь харуулаад зогсоосон байдаг шүү дээ. Тэд бол "Бодь гөрөөс"! Чадагчийн шашны домогт үгүүлдэгээр, Шигэмуни Богд бүтэн зургаан жилийн хатуу чанд дияан, хатуужил, сорилоор гэгээрлийн хутугийг олоод "Дөрвөн үнэн", "Найман мөр"-өө номлохоор "Номын хүрд" эргүүлэхэд нь хамгийн түрүүнд, хүнээс урьд ирж Бурхан Багшийн эхний айлдварыг сонссон амьтад гэдэг. Анир чимээг чихээрээ бус хөлөө өргөж сонсдог юм гэнэ лээ. Хууччуулаас тэгж сонссон!
-"Хүн төрөлхтөнд хөгжил бус Аврал чухал болоод байна!” гэж Та сонирхолтой ярилцлага "Үндэсний Шуудан" сонинд өгсөн байна лээ. Ярилцлагыг тань олж уншаагүй хүмүүст Та товчоор юу гэж хураангуйлах вэ?"
-Хүний амьдын нас буюу амьдралын нь жил, хоногууд бол энэ газар дэлхийн нөхцөлд маш ихийг сурч мэдэхээр "Томилогдон" ирж буй цаг хугацаа юм. Нийтэд болоод өөртөө чухал хэрэгтэй юу нэгийг заавал хийж сурах, сурсанаа нийгмийн баялаг бүтээхэд ашиглах, насны эцэст өөрийнхөө амьдралаас түүхэн дурсгал үлдээхэд л зориулагдсан цаг хугацаа!
Харамсалтай нь, хүн төрөлхтөн, эсвэл, "Homosapians"4 гэмээр юм уу, тэдний ихэнхийн амьдарч өнгөрүүлсэн 40 мянган жилийн үйл явц, үндсэндээ, буруу замаар явжээ. Хүн төрөлхтний түүх бол онооноосоо илүү олон алдаатай түүх юм. К.Маркс "Хүн төрөлхтний түүх бол ангийн тэмцлийн түүх" гэж тодорхойлсон нь үнэнхээр шинжлэх ухаанч зөв дүгнэлт! Гэхдээ, "Ангийн тэмцэл" алдаатай үйл явц! Хүн төрөлхтний түүх, хэрэг дээрээ, хүн төрөлхтний буруу хөгжлийн түүх! Хүн төрөлхтний түүхийн "хөгжил" нь Дэлхий эрхэсээ ухвар мөчидөөр сүйтгэсэн, Оршихуйн хууль зүйг нь "Хүчирхийлсэн", хомхой шунагаар буруу ашигласан, эцэстээ, Дэлхий хэмээх Бурханы аугаа баялаг, гоо сайхан бүтээлийг сөнөхөд хүргэж буй хөнөөлт үйл ажиллагааны "хөгжил" -ийн түүх болж л даамжирлаа шүү дээ.
Хүн төрөлхтөн гал олсон нь ч буруу, хөдөлмөрийн багаж зэвсэг үйлдвэрлэсэн нь ч буруу, өөрсдөө бүтээсэн бус Бурханы бүтээсэн баялагаас ашиглаж хэрэглэснээ таваар-мөнгөний харилцаанд оруулж үнэ өртөг тогтоосон нь ч буруу, бас, төрт ёс гэгч зохиомол үзэгдэл буй болгож зохион байгуулагдсан нь ч буруу! Энэ бүгд цөм хүний хөгжилд огт хэрэггүй, нэн буруугаар нөлөөлсөн гадаад талын шинж чанартай, хүн төрөлхтнийг "дотоод хөгжил"-ийн нь зүй тогтолоос хазайлгасан сөрөг хүчин зүйлүүд бөгөөд хүний нийгмийг эцэст нь, эцсийн хугацаанд байгаль, дэлхийн өршөөлгүй хатуу гэсгээл цээрлэлд зайлшгүй хүргэх замд оруулсан, одоо бүүр ч түргэн хурдацтай оруулж байгаа алдаанууд юм.
Харин хүний жинхэнэ хөгжил гэдэг бол дээрхийн урвуу үйл явц буюу хүний амьдрал, оюун сэтгэлийн "дотоод хувьсгал" байх ёстой юм шиг байна. Хүний "Дотоод хувьсгал" гэж би юуг хэлж байна гэвэл, хүн өөртөө агуулагдсан физик хүчээ үйлдвэрлэл, технологи хөгжүүлэхэд бус, өөрөөр хэлбэл, хүч, хөдөлмөрөө хөнгөвчлөх арга ухаанаар амьдралынхаа хэрэгцээг хангах бус, харин, эсрэгээр, бие махбодын өгөгдөхүүнээ оролцуулаад, дээр нь, хүнд Бурханаас шагнагдсан оюун ухаан, далд ухамсар, зөн мэдрэхүйн бүх био эрчимийн нөөцийг нэмээд өөрийнхөө гэгээрэл рүү, үл байм ид шидийг бүтээж чадах тэр хийсвэр хүч рүү, тэр аварга нууц уурхай руу урсгаж, бодол санаагаа, юу хэрэгтэйг хүсч буй хүслээ шууд материаллагжуулах буюу бодит юмсад хувиргаж чадах увьдас чадвараа хөгжүүлэх үйл явцыг хэлж байна. Хүн төрөлхтөн өнөөдөр өөрийгөө ямархан хөгийн, ямар тэнэг, ямар утгагүй, үр ачгүй зугаа цэнгэлээр жаргал хийж буй төөрөгдлөө, ямар буруу, хортой үйл ажиллагаагаа хөгжил гэж ойлгож буй алдаагаа огт ухаарахгүй амьдарч байна.
Би хүн төрөлхтнийхөө өмнөөс маш эмгэнэж байна!
-Хоёулаа нэг "хальт улстөржье"! Та энэ оны /2012/ сонгуулийн талаар ямар сэтгэгдэлтэй байна? Та ямар үр дүн хүлээж байв?
-Нийгэмд шударга ёс тогтоох сонгууль болох нь, сонгуулийн үр дүнгээр Монголын олигархижсан, хүн амын "цөөнх"-ийн "булагнаа төр" -ийг шударга, ариун ёс журамд захирагддаг ардчилсан төрөөр халж солих нь гэж баярлаж байлаа. Гэтэл энэ сонгуулиар Монголын төрийн бохир "МАН-АН" бараг цэвэршсэнгүй үлдлээ.
Шударга ёс гэдэг бол, нийгмийн амьдралын утгаар нь ойлговол, нийгэмд өгсөнөөсөө илүүг нийгмээс завшдаггүй байх ёс суртахууны хатуу зарчим юм.
Ёс суртахууны зарчим бол нийгмийн оршихуйн дээд хууль. Иргэншсэн нийгмийн харилцаанд амьдарч буй иргэдийн үйл ажиллагааг хамгийн зөв залах дээд ухамсар! Улс орны эдийн засаг, улс төрийн бүх харилцаа энэ "үндсэн хууль"-д захирагдаж хөгжсөн цагт нийгэм гэгээрнэ.
Шударга ёсонд өөр хоёр гурван том ойлголт багтана.
Нэгдүгээрт, нийгмийн алив иргэн бусаддаа чадлынхаа хэрээр тустай бүтээлч хөдөлмөрөөр амьдарваас зохино. Хүн бусдад тустай юм хийж байж л сая өөртөө тустай байж чадна. Зөвхөн өөрийгөө хайрлаж, өөрийнхөө төлөө амьдрагч бэртэгчин бус, бусдыг өөр шигээ хайрлаж, энэрч, Жанрайсаг Бурханы мэлмийгээр нигүүлсэн харж, бусдын тус буянд зориулан материаллаг болоод оюун санааны баялаг бүтээж байж л сая нийгмийг өөртөө үйлчлүүлж, нийгмийнхээ амьдралаас сэтгэлийн ханамж, аз жаргал олж чадна.
Хоёрдугаарт, шударга байна гэдэг бол хүн бие махбодиороо, оюун санаагаараа, сэтгэлээрээ, тэр бүү хэл, зөн совин, далд эрчимээрээ ариун байхыг хэлнэ. Ариун байна гэдэг нүгэл хилэнцгүй, хамгийн зөв амьдарна гэсэн үг! Ариун амьдралтай хэн ч Бурханд нүгэлгүй, төрд буруугүй, нийгэмд хор хохиролгүй, ингэхлээр, хуулийн ямарваа зөрчилгүй үйл ажиллагаатай байх жинхэнэ хүмүүнлэг, ардчилсан хуулиар амьдарна гэсэн үг!
Гуравдугаарт, хүний амьдрал шаргуу бүтээлч, тэнгэрлэг мөн чанар, утга агуулгатай байх хэрэгтэй! Бүтээлч амьдрал л өөрийн үндэстэндээ түүх бүтээж үлдээнэ.
Харин, зөвхөн хэрэглэгч, монжигч шинж чанарын зорилготой амьдрал тухайн хүнийг амьсгал хураах эгшин, "авсанд орох" өдрөөс л мартагдана. Монголчууд "өгсөн өөрт, түрхсэн нүүрт!" гэдэг нь хүн төрөлхтний амьдралын том философийг агуулсан үг!
-Бурхан Багш Танд нэг хүслээ биелүүлэх боломжийг хүртээе гэвэл, Та орчлонгийн олон хэрэгцээтэйгээс алийг нь илүүд үзэх вэ?
-Бурхан Багштай би амьддаа ч, үхсэн хойноо ч нүүр золгон уулзана гэж итгэж амьдардаг. Гэхдээ намайг магтахаасаа илүү зэмлэх байх даа! гэж айдаг. Бага хөдөлмөрлөсөн, бага бүтээсэн, надад аминчлан хайрласан хүч чадал, боломж нөөцийг бүрэн юүлж чадаагүй, Бурханы хүссэн төгөлдөрт хүрч чадаагүйг минь лав өөгшүүлэхгүй!
Бурхан намайг бусдаас илүү ч хайрлаагүй байх, дутуу ч хайрлаагүй байх, үүнийг би сайн мэддэг, Бурхан намайг бусад аугаа хүмүүстэй ч, адаг өчүүхэн хүмүүстэй ч ав адил, ижил тэнцүү л хайрласан байгаа! Бурхан надад үнэнхээр хайртай болохоор намайг харьцангуй "дутуу" амьдарсанд их харамсана.
Аугаа их хайр ямагт шударга, үнэнч, асар их өндөр шаардлагатай байдаг. Яахав, аз болж, Бурхан намайг туйлын ихээр өрөвдөн нигүүлсэж "Ямар нэгийг хүс! Хүссэнийг чинь биелүүлж өгье!" гэж элбэрч болох юм. Тэгвэл би "Алдсан бүх алдааны минь эхэнд, тэр алдааг эхлүүлэхгүй байх цэг дээр аваачиж өгөөч гэж гуйна. Яагаад гэвэл, миний амьдралд мартагддаггүй юм, алдаа минь! Тэд ч цөөнгүй! Хэрэв би одоо алдсан үйл явцынхаа эхэнд буюу "Яах вэ?" гэдэг асуулт, сорилын өмнө, түрүүнд нь зогсож байсан тэр цаг хугацаандаа эгвэл эх орондоо илүү их хэрэгтэй хүн болж чадах байсан байж мэдэх юм. Өөрөөр хэлбэл, алдсан алдаануудаа алдахгүй байсан байж болох юм гэсэн үг шүү дээ.