“Амьтанд туслахгүй юм бол мянган эрдэм сураад ашиг нь юу вэ
Амрагт тоогдохгүй юм бол мянган шүлэг бичээд алдар нь юу вэ”
хэмээн шүлэглэсэн энэ найрагчийг үеийн нөхөд нь “Нас нь дал хэвийсэн ч намба суугаагүй шар өвгөн” хэмээн шоглосон удаатай. Гэвч “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Ц.Хулангийн хэлсэн “Хамгийн тунгалаг найрагч” хэмээх тодорхойлолт түүнд тун ч сайхан зохидог гэлтэй. Энэ бол яах аргагүй Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав билээ. Түүнтэй “Цаг хугацаа ба хүн” хэмээх сэдвээр ярилцсанаа та бүхэнд хүргэе.
-Та аяны дөрөө мултлаад ганцхан хонож байна. Өмнийн сайхан говиор сонин ихтэй юу?
-Олон түмний шагшин ярьдаг алдарт Оюу толгойг үзэж, Дэмчигийн хийдэд мөргөөд ирлээ. Равжаа хутагт үнэхээр л юм таньж, газар сайн шинждэг хүн байжээ. Тэндээс бүх зүйл алган дээр дэлгэсэн мэт сайхан харагдах юм. Оюу толгойг үзсэн хүн олон байдаг ч хотод ирэхээрээ бодит байдлаас зөрүүтэй ярьдаг юм байна. Зөв талаас харах юм бол тэнд бүтээн байгуулалтын асар том ажил өрнөж байна. Залуучуудыг орчин цагийн техникийн ололттой танилцуулъя гэвэл тэнд л аваачмаар санагдлаа.
Ажиллагсдынх нь цалингийн доод хэмжээ нь сая төгрөг. Амьдрал сайхан байна. Сумын төв хүртэл хөгжиж байна. Удахгүй 20 мянган хүнтэй хот болно гэж байна.
-Уул, талгүй сэндийчээд, харахад ч нүд халтирмаар болгочихсон гэлцдэг биз дээ?
-Хүмүүсийн ярьдаг шиг сүйд хийчихсэн, улаан тоос бүрхсэн юм тэнд ер алга. Ханбогд сум орох замын дагуу хэнзэлчихсэн сайхан тааныг хараад сэтгэл их сэргэлээ. Алс руу харахаар тээр тэнд, тэнгэрийн хаяанд уул сүүмэлзээд л. Дотор давчдаж бачимдах зүйлгүй. Хараа хүртэл уужрах шиг болсон.
Мянга сонсохоор нэг харсан нь дээр гэдэг. Нүдээрээ үзэж л үнэнийг мэдэрлээ шүү дээ. Үзсэн хүмүүс яагаад хотод ирэхээрээ худал ярьж, амьтан үймүүлээд байдаг юм, бүү мэд.
Бидний зүрх Монгол гэсэн ганцхан зүйлийн төлөө цохилдог. Тиймээс намчирхаж, өөрсдийгөө тарчилгах хэрэггүй.
-Оюу толгой гадныхны үүр уурхай болчихсон. Тэр ч утгаараа Монголын хамаг баялгийг хилийн чанад руу ачаад дуусч байгаа юм биш үү?
-Хятадууд байхгүй биш. Байдаг л гэнэ. Гэхдээ бидэнтэй нэг ч хятад тааралдсангүй. Гаднаас орж ирж байгаа ажилчдын тоо хязгаартай Монголд ажиллах нарийн хугацаатай байдаг юм байна. Хугацаа нь дуусахаар нэг удаа 50 хятад хүн буцдаг гэнэ.
Бидний ой ухаанд байдаггүй, зүүдэндээ ч үзээгүй нарийн нандин багаж төхөөрөмж тэнд байна. Хүн юмаа зүгээр өгөхгүй шүү дээ. Ний нуугүй хэлэхэд, бид зүү, тэвнэ ч хийж сураагүй улс. Тэр их хөрөнгө оруулалтын хариуд тодорхой хэмжээний хувь хүртээх нь маргаангүй. Үүнийг үнэнээр нь ард түмэнд хэлж өгөх нь зохиолч, сэтгүүлч бидний үүрэг гэж бодлоо. Онгоцоор очоод, онгоцоор ирдэг юм байна. Болж өгвөл очиж үзэх хэрэгтэй.
Юм мэддэг хүнд бол элэг хөшмөөр улстөрийн шогийг
Юутай, хээтэй нь үзэг гэж гэрчээр намайг үлдээжээ
Жүжиг дуусч, хөшиг хааж, шөнө болсны хойно
Гэртээ харих гэж явахдаа л би одтой тэнгэрийг харж тайвширдаг.
Хүний алдаан дээр дөрөөлөхөөсөө өмнө сайныг нь олж харж сур. Хүүхний бөгсийг харахаасаа өмнө нүдийг нь ширт.
Гэм, хор хоёрыг сэтгэл, тархи шалгадаг
Гэгээн, мунхаг хоёрыг нүдэн дотроос олдог юм.
-Нүдийг нь эхэлж хардаг хүн тун ч ховордсон доо?
-Монголчууд уг нь юмыг дээрээс нь доош хардаг. Одоо цагт энэ бүхэн эсрэгээрээ болж. Охид, бүсгүйчүүд “Турна” гэж ярьдаг, мөрөөддөг болж. Энэ бол барууныхны нэгэн төрлийн өвчин. Бидний багад туранхай, ясан хэдрэг болсон хатан нэг ч байгаагүй. Нүүр, нүд дүүрэн бүсгүйг л сайхан гэдэг байлаа шүү дээ. Өнөө цагийн зарим миссийг харахаар “Морин заводын тоомсог” гэдэг л санаанд орох юм.
Аав, ижийн чинь бүтээж өгсөн алтан сайхан биеийг
Ахиад чамд төрүүлж өгөх ачтан хорвоод олдохгүй
Нөхөд минь, өөрийгөө хүндэл
Насны танагаа бодож, ясны шөл ууж бай.
Намрын цагаан хяруунаар завсрын янагийг бүү зорь.
Өөрийн ганц амрагаа Өндөр гэгээний дарь эх шиг шүт
Өтлөхийн цаг ирэхэд үр хүүхэд шиг хүндэл.
Овоон дээр нэмсэн чулуугаа буцааж авах дургүй
-Цаг хугацаа таны сэтгэл зүйд хэр нөлөөлсөн бэ?
-Монголын ард түмэн цаг хугацааг “Өсөхөд шүд цагаан. Өтлөхөд үс цагаан. Үхэхэд яс цагаан” гэж тун сайхан тодорхойлсон. Энгийн байхыг хүн бүр чаддаггүй. Уран бүтээлийг ч бас эгэл байлгаж чаддаггүй. Гэтэл Ц.Дамдинсүрэн гуай “Хахир говьд эрдэнэс бий. Хазгар өвгөнд эрдэм бий. Хар авдранд ном бий. Хамаагүй басч болохгүй” гэж хөдөөний нэгэн эмгэн ч ойлгохоор үгийг хэлсэн байна.
Мэргэч хулгана үндсийг сэндийлсээр аварга царс унах байтал
Мэргэдийн санаа мянган жилийн настай
Мэдэл ихтэнд тавин жилийн хаанчлал хангалуун атал
Мэхийж сүслэм уул усанд бол зуун жилийн нас юу ч биш.
Их зохиолч Д.Нацагдоржийн бичсэн “Байгаль хэвээрээ атал хүний явдал ихэд хувирчээ” гэдэг үг юутай үнэн бэ.
-Өнгөрч одсон цаг хугацааг үгүйсгэхийг та оюун бодолдоо хэрхэн эргэцүүлж суудаг бол?
-Өмнөх үегүйгээр хойч үе гэж үгүй. Урьд үеэ үгүйсгэх нь ухаантай хүний явдал биш. Тэнэг хүн л тэнгэрээс нэг ах байдаг. Бас тэнгэр рүү нулимж зүрхэлдэг.
Цаг хугацаа аливаа бүхнийг шигшиж, сайныг нь шалгаруулдаг. Хоёрдугаарт, үг, ажил хоёр нэг их зөрмөөргүй байна. Хүн бүр монгол төрхөө алдахгүй байх хэрэгтэй. Би “Гарьд магнай”, “Цэц магнай”, “Тод магнай” хэмээх гурван кинондоо монгол ахуй байдлаасаа ургасан монгол хүний сэтгэл санаа, ёс зүй, зан чанарыг илүү гаргахыг хичээсэн. Нэг их алдаагүй байх гэж бодож байна.
Хүмүүс шүтэх юмаа бишрэх ёстой. Алдарт Гамзатов “Урьд уулын оройд гараад шивнэж хэлдэг үгийг одоо уулын бэлээс нь хашгирч хэлдэг болжээ” гэж хэлсэн шүү.
-Туулсан амьдралаа эргэж харж, юу хийж бүтээснээ тунгаан шүүдэг үү?
-Хийсэн бүхнээ эргэж боддог. Гэхдээ нэмж сүрхий юм хийх эсвэл зарим зүйлээ хасч, засахыг хүсдэггүй. Өөрөөр хэлбэл, овоон дээр нэмсэн чулуугаа буцааж шидэх дургүй. Болсон бол болсон. Болоогүй юм болоогүйгээрээ л дуусаг.
Хүн амьдарч буй цаг үеийнхээ тухай бичиж, хойч үедээ үлдээх ёстой. Түүний тулд бурхан бидэнд авьяас заяасан. “Монголын нууц товчоо” байгаа учраас бид Чингисийн тухай үлгэр ярихгүй шүү дээ. Гэхдээ би хойч үеийг ч бас хүлээн зөвшөөрөх сэтгэлийн тэнхээтэй хүн.
Халуун галд түлээ шаржиганатал ноцох нь
Харваас модны үхэл, галын амьсгал аа
Хан хорвоо түүнчлэн дараах үеийн тулд нөхцөж
Хаврын ногооны тулд л намрын өвс ганддаг.
-Аагтай, омогтой явсан үе ч бас бий л байх?
-Хүн бүрт залуугийн өвчин байдаг. Бүгд л алдаж, онодог. Юу ч үгүй болж, хоосорч байсан үе бий. Гэтэл одоо заримыг нь шатаагаад ч барахгүй л сууна шүү дээ.
Дархан аварга С.Мөнхбат Сонгины нэг барилдаан дээр Б.Түвдэндорж, Ш.Батсуурь, Ц.Чимэд-Очир гурван аваргын өмнө очоод “Гурван муу хөгшин борго юу бодож сууна. Би бол ургаж байгаа нялх ногоо шүү дээ” гэж аархсан гэдэг. Гурван аварга юу ч хэлсэнгүй. Б.Түвдэндорж, Ц.Чимэд-Очир хоёр нь өвдөг шорооджээ. Гэтэл Ш.Батсуурь аварга С.Мөнхбатыг алсаас дунгуйлдаж байгаад шиддэгээрээ шидчихэж. С.Мөнхбат босч ирээд “Дотор муухайраад, нүд эрээлжилж байна шүү” гэсэн гэдэг. Тэр чинь сануулга өгч байгаа хэрэг шүү дээ.
Алдаатай, оноотой ч залуу нас сайхан. Хамгийн гол нь үнэн үгтэй, зөв явдалтай байж, энэ сайхан насаа ард түмний төлөө зориулах хэрэгтэй.
-Хүний амьдралд алдаж боломгүй, нандин цаг хугацаа гэж байдаг даа?
-Ямар азаар эхнэрээ сольсонгүй вэ. Залуу байхад сайхан хүүхэн мундахгүй олон тааралдана шүү дээ. Гэвч миний үг, үйлс хоёр зөрсөнгүй.
“Хаднаас өндөр хайлаас байдаггүй. Ханилснаас илүү амраг байдаггүй” гэж манай ард түмэн их сайхан хэлсэн. Хань гэдэг нэгэн биений тасархай юм. Залуучууд “Ганц эхнэртэй байхыг номлоод, хуучны хоцрогдсон юм ярьж байна” гэж бодож магадгүй. Гэвч унааг сольж болно. Гэргий гэдэг унаа шиг олон сольдог эд ч биш шүү.
Залуу байхад таарах, таарахгүй юм байлгүй яах вэ. Гэвч хайр сэтгэл хүмүүсийг гагнадаг. Тэр гагнаас нь үр хүүхэд. Үр хүүхдэдээ хүндлэгдэж, ханьдаа түшиг болж суух шиг жаргал хаана байх вэ.
-Цаг хугацааг үр ашиггүй өнгөрөөж байв уу?
-Байлгүй яах вэ. Архи дарсыг хамжааргүй ууж явлаа. Миний багад “Зохиолч хүн пиво уудаг. Жолооч хүн бензин уудаг” гэдэг байлаа шүү дээ. Дээд үеийнхэн бүгд ууна. “Би та нарын л адил хүн” гэж зохиолч гэдгээ харуулах гэж ч их уусан.
1990 онд Далай ламтай уулзаж ирээд, сүсэг төрж, үр хүүхэд, ханиа жаргаая гэж бодоод архийг тэвчих болсон. Үгүйдээ л гэхэд хүнд загнуулалгүй 22 жил боллоо шүү дээ.
Дайснаа баярлуулъя л гээгүй бол үхэхийг бүү яар.
Дандаа магтуулбал бялуурна, муулуулбал зэвэрнэ
Дарс ууж суухад сайхан ч маргааш нь хэцүү.
Тэр ч бүү хэл:
За, миний хүү
Англи хэл их сайн сураарай
Аав нь сурч амжаагүй шүү
За, миний хүү
Архи бага уугаарай
Аав нь хувийг нь уучихсан юм шүү гэж залуучуудад зориулсан хундаганы үг хүртэл бичсэн. Гутарч гуньсан цагтаа архи уувал гунигийг арччихдаг талтай ч хожим нь балаг болдог эд дээ.
-Архийг тэвчих болсноор урмын сайхан үг олон сонссон уу?
-Цагаа олсон юм хүнийг их баярлуулдаг.
Эрмэлзлийг бадраах дөл чи хаана гийнэ вэ
Эх орончийн зүрхэнд үү, их хурлын танхимд уу
Үгүй ээ, урмыг сэргээх ганц үг л
Улалзсан зүрхний минь цогийг бадраадаг юм
Сайн юманд бахдан, баясаж, бусдад урам хайрлах ёстой. Уран бүтээлийг хүртэл сэтгэл зүрхнээсээ хийж, цусныхаа гүйдлээр бичвэл хүмүүст хүрч, хойч үед үлддэг. Энэ үгээ тодотгоод нэг шүлэг хэлье.
Аав, ээж гэж байсан, одоо үгүй
Авдар дээр зураг нь л байхаас, бие нь үгүй
Жуков гэж цуутай жанжин байсан, одоо үгүй
Чимэд гэж сайхан зохиолч байсан, одоо үгүй
Арай л нар үгүй болчихсонгүй
Арай л дэлхий үгүй болчихсонгүй…
Энэ зуур ер хэчнээн юм үгүй болж, хэчнээн юм шинээр бий болов оо…
Амьдрал хэмээх мөнхийн урсгал сөрсөн энэ модонд
Цангинасан дуутай мөнгөн хонх болгож, зүрхээ зүүж өгөөрэй
Яруу эгшиглэн нь чиний шүлгүүд шүү
Ятга болоод утга төөрсөн хүмүүст чамайг үлдээнэ.
-Сайны хажуугаар саар гэдэг. Муу зүйлстэй ч бас цөөнгүй таарсан байх?
-Сэтгэлээсээ ямагт жавар сэнгэнүүлдэг хүн
Сэмхэнээ бусдын гал дээр ус цацахыг боддог
Зовлонгийн нулимс бусдын нүднээс урсахыг үзээд
Зориуд түүнээс гараа угааж, баясахын санаа төрдөг.
Муу юманд баясдаг, муухай таашаалтай хүмүүс олон. Арван хар нүгэл үүнийг л хэлээд байгаа юм шүү дээ. Хүний дотор орших гэгээн чанарыг олж харахыг хичээх хэрэгтэй.
-Цаг хугацааны шалгуур оюун санаа, зан чанарын тань ямар нэгэн зүйлийг зүлгэн баллуурдав уу?
-Хууччуул “Өдрийн явдлаа шөнө нь шинж. Сүүдрээ харж биеэ засч яв” гэж сургадаг. 1990 онд Энэтхэгт очоод, Далай ламтай нэг цаг 40 минут хэртэй ярилцсан юм. Далай лам намайг хоолонд урилаа. Гэтэл би “Агара явах галт тэрэг 40 минутын дараа хөдөлнө. Үүнд суувал Таж Махал, нөгөөдөр гэхэд Гималай хүрнэ” гэтэл нэг үг хэлчихээд, цаашаа явчихсан. Тэгсэн “Би танд унаагаа өгье” гэсэн юм байж. Хул шаргал жийпэнд суучихаад их баярласан. Гэхдээ “Би айхтар хүн юм” гэж бодоогүй. Шартаад, Урт цагааны үүдээр яаж зовж зүдэрч явлаа даа. “Амьд явбал алтан аяганаас ус ууна” гэдэг. Ард түмний үг яасан үнэн юм бэ. Үүнтэй л адил явдал юм.
Хүн мандаж, дээшээ явбал дор байснаа бодмоор юм билээ. Доошлоод ирвэл мандаж явснаа өгсүүлж бодох хэрэгтэй. Олны хайр өөрт тусч байгааг мэдрэх шиг амьдын жаргал үгүй шүү.
-Цаг хугацаа танаас хэзээ хамгийн том шалгалтаа авсан бэ?
-Жил айхтар ордог нь үнэн. 25-ны жилээ угтаж, С.Удвал гуайтай Халх голд очоод “Ерэн баатрын дууль”-аа бичиж, анхны үнэлэгдэх үнэмлэхээ авч байлаа. Тэр жилдээ Житэд эмнэлэгт хэвтэж байхдаа, С.Удвал гуайгаас нэг цахилгаан хүлээж авсан юм. Тэр цахилгаан миний сэтгэлийг аврах шиг л болсон.
37-ны жилдээ намын хуралд хүртэл согтуу очиж, сүйд болох шахсан. Эндэж, гэндэж явлаа. Хамгийн хайртай юм минь уран зохиол байлаа. Түүндээ сэтгэл зүрхээ зориулж чадсан учраас хувь заяа ч ивээсэн биз.
-Цаг хугацааны шалгуурт ч ялагдаагүй мөн чанар бий юу?
-Уулс хүртэл эрдэнэсээ түмэн үеэр нандигнан хадгалдаг. Өвгөд дээдэс маань эрдэм ухаанаа нандигнан хадгалсаар хойч үедээ авч ирдэг. Хүнд бурхнаас заяасан хувь хишиг, нандин чанар бий. Түүнийгээ хадгалж бай. Хүн төрхөө эвдэж, нэг арьсан дотор арав хувирч болохгүй.
Хүний эрхэм чанар бол айх, ичих мэдрэмж, хүнээр хүндлүүлж, бусдыг хүндэтгэх явдал. Монгол ёс зүйгээ битгий алдаасай. Тэр дундаа монгол хэлээ хайрлаасай. Суут дээдсийн ген хойч үедээ заавал уламжлагддаг. Ном их уншаарай. Компьютер гэдэг мэдлэг өгдөг эд биш. Харин мэдрэлийн юм өгч магадгүй. Техникийн шинэчлэлийг хэрэглэлгүй яах вэ. Гэхдээ номгүйгээр эрдэмтэй болохгүй. Ном унших нь тэнгэрт гарч, агаарт хөвөх мэт.
Хүүхэд шиг гэнэн сайхан сэтгэлээ гээхгүй
-Манай ахмадууд их энгийн хүмүүс. Та ч бас?
-Эгэл юм бүхэн агуу байдаг. “Бусад загаснаас өөр байх гэсэн загас уснаас зайлж, эрэг дээр гараад, хатаж үхдэг. Бусдаас өөр байх гэсэн бар ойгоос гарч, хот руу ороод, торонд хоригдож, тэндээ үхдэг. Ухаантай хүмүүс ердийн хүнээс ялгардаггүй. Тиймээс гай барцад ямагт тойрч байдаг” гэсэн дорнын мэргэн үг бий. Дээдсийн мэргэн ухааныг цээжиндээ баринтаглаж, түүнээс суралцаж, сайхан амьдрах хэрэгтэй. Гэхдээ загварт баригдаж болохгүй.
-Нөхөд чинь таныг “Намба суудаггүй өвгөн” гэлцдэг?
-Намайг “Огт томоожоогүй, хүүхэд шиг” гэж сонин дээр хүртэл бичсэн байна лээ. Хүүхэд шиг сайхан гэнэн сэтгэлээ гээж болохгүй шүү дээ. Хүүхдэд атгаг муу санаа байдаггүй юм. Гурван настай хүүхэд мэргэн байдаг гэдэг ч үнэн. Нэг их томоотой хүн болж жүжиглэх хэрэггүй. Томоотойг донгио дагадгийг мартах ёсгүй.
-Та ч томоожихгүй байхаар шийджээ?
-Томоожих цаг хугацаа гэж байлгүй яах вэ. Хүн юмыг их хожуу ухаардаг. “Монгол хүн жаран настайдаа амьдралыг ухаараад, жаран нэгтэйдээ бурхны оронд оддог” гэдэг шог үг байдаг шүү дээ. Насжлаа гээд биеэ зөнд нь хаяж болохгүй. Өтлөх тусмаа л их юм сурдаг. Зан харилцааны урлагийг сайн эзэмших хэрэгтэй. Энэ бол тал засах, бялдуучлахын нэр биш. Нохой хүртэл сүүлээ шарвалзуулж байж хоолоо олж иддэг. Шүдээ их яралзуулбал хоншоор руугаа зад өшиглүүлнэ биз дээ.
-Хэний өмнө хүлээх үүрэг хамгийн чухал вэ?
-Эх орон, эр хүн болсны хувьд гэр бүлийнхнээ өмнө хүлээх үүрэг хамгийн чухал. Өөрийн зүгээс эх орондоо юу хийж өгч болох вэ гэдгээ эргэцүүлж, бурхнаас заяасан авьяас, чадвар бүхнээ түүнд зориулах хэрэгтэй. Би эхлээд бөх болохсон гэж боддог байлаа. Гэвч бөхийн тухай юм бичээд л дуусах шив дээ.
Эх орныхоо нэрийг гаргаж, хүн болсныхоо хэргийг бүтээх хэрэгтэй. Одоо бол дандаа эрх ярьж байна. Хүний эрх, эрх чөлөө гэж хэтэрхий их ярих нь хүнийг ч, улс гүрнийг ч эвдэнэ. Эрхийг үүрэг, хариуцлага ямагт дагаж явдаг. Одоо хариуцлага хүлээх хүн олдохоо больжээ. Дээрээс унасан чулууны эзэн олддоггүй гэдэг үнэн шүү.
-Амьдралын өмнө хүлээх үүрэг, хариуцлага гэж айхтар зүйл бас бий?
-Тэр үүргээ гайгүй биелүүлсэн гэж боддог шүү. Алдаа, онооны хажуугаар өнгөрдөг хүн үгүй. Хүнд байдаг алдаа гаргахыг зөвшөөрөх ёстой. Хүнд байдаггүй ёс суртахууны алдаа гаргавал уучлах хэрэггүй.
-Өөрийгөө уучилж чаддаггүй зүйл байдаг уу?
-Ээжийгээ санасандаа хүртэл баярлуулж чадаагүй дээ. Хүн чинь сүүлд нь л их боддог юм байна.
Ээжийн тухай хамаагүй ярьж болохгүй. “Ээж минь бурхнаас илүү” гэж дэмий донгосч болохгүй. Ээж минь бурхнаа нандигнадаг байхад түүнийг нь өөртэй нь зүйрлэх чинь алдаа шүү дээ. Ээж бол тарни юм.
Эзгүй хээр газар осолдоод
Эмээлт мориндоо зүүгдэхийн үед
Ээжийнхээ нэрийг дуудахтай зэрэг
Дөрөөн сур тасарч
Ээлийн цагаан сүүн сэтгэл нь дорхноо хүрч ирдэг.
Энэ мэтээр ээжийнхээ сүнсийг л баярлуулж явна даа.
Эх сурвалж: "Өглөөний сонин"