Зуун дамжсан уран бүтээлээ хэдэн жилийн өмнө тайлагнаж, шавь нартайгаа хамтарсан тоглолт хийж байсан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Хайдав гуайтай ярилцсанаа хүргэе.
-Та хэдэн жилийн өмнө анхны бие даасан цомог, DVD-гээ гаргаж байсан. Уран бүтээлээ мөнхлөх зорилгоор тэр үү?
-Тийм ээ, миний уран бүтээл өмнө нь зөвхөн пянзан дээр л хадгалагдаж байсан. Гэвч өнөө цагт пянз сонсох боломж тэр бүр байхгүй болов уу, хүмүүст. Энэ ч утгаараа, би уран бүтээлээ цомог болон DVD болгоод гаргасан учраас дуунууд минь хүртэл сонсголонтой, бас чанартай болсон гэж боддог юм. “Зуун дамжсан дуунууд” цомог 11, DVD маань 10 дуутай болсон.
-Бүгд таны дуу юу?
-Тийм. Бас отгон шавь нар болох Ө.Цэрэнчунт, С.Жавхлан хоёртой хамт дуулсан дуунууд багтсан.
-Өдгөө од гэгдэж байгаа уран бүтээлчдийг бодвол, та нэлээд хожуу тоглолт хийсэн. Өмнө нь яагаад энэ тухай бодож байгаагүй юм бэ?
-Би төр, түмнийхээ хайраар өдий зэрэгт хүрсэн хүн. Урлагийн байгууллагад амьдралынхаа 60 гаруй жилийг зориуллаа. Соёл урлагтай зүтгэж, нандин уламжлал, гайхамшигт онцлогийг нь дэлхий дахинд сурталчилж гаргах бололцоог эрж хайж явсан юм. Энэ ч утгаараа, нэлээд хожуу уран бүтээлээ тайлагнахаар шийдсэн нь тэр. Гэхдээ өмнө нь тоглолт хийх талаар бодож, судалж үзсэн нь бий. Харамсалтай нь ихэнх хүмүүс “Ганц хоёрхон дуугаар олонд танигдсан даруйдаа тоглолт хийх гээд яарч байгаа залуус олон байхад та тэдэнтэй зэрэгцэж тоглох гээд байхдаа яадаг юм бэ. Больж үз, шал дэмий” гэж ирээд л тухайн үед гомдмоор үг хэлж байлаа. Харин миний фэн гэх нэг залуу намайг дэмжиж “Энд тэндхийн тоглолтод дуулж байхыг чинь сонсохоор үнэхээр их бахархдаг. Танд тоглолт хийх авьяас чадвар байхад юунд ингэж хойш сууна вэ” гэж урамшуулж тусалсан юм даа.
-“Авьяас хөгширдөггүй” гэлцдэг шүү дээ, их үнэн үг юм?
-Тийм ээ. Би тоглолт хийхээс нэлээд өмнө ДБЭТ-ын уран бүтээлийн нээлтэд зориулсан “Евгений Онегин” дуурийн Ленскийн дүрд тоглож байсан. Тэгэхэд хоолой минь огтхон ч цуцаагүй болохоор их урамшсан шүү. Гадаадын дуучид 70 нас гараад ирэхээрээ дуурийн дуу дуулж чадахаа больдог байхгүй юу. Харин авьяас минь надаас холдоогүй. Тиймээс би урлагийн төлөө мөлхөтлөө зүтгэнэ. Гэхдээ арай ч алтан тайзан дээрээ мөлхөхгүй биз. Ямар ч байсан, мөлхөх хүртлээ мөчөөгөө өгөхгүй дээ. Бас “ам барих” явдал гаргахгүй./инээв/
-Шавь нар чинь бараг тоогоо алдсан байх даа?
-Би 100 гаруй шавьтай. Хамгийн ахмад нь Ардын жүжигчин Д.Жаргалсайхан. Зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасан, Ч.Мөнхшүр, “Чингис хаан”-ы ахлагч Д.Жаргалсайхан, Г.Эрдэнэбат, У.Далантай, Х.Үнэнхүү гээд л үргэлжилнэ дээ. Бас Ардын жүжигчин Л.Цогзолмаа надтай хамт тоглолтод минь дуулж байлаа. 1949 онд онд болсон “Дэлхийн залуучууд оюутны их наадам”-д бид хоёр “Жаргалын зам” дуурийн Халиун, Бор хоёрын дууг симфони оркестртой дуулж байлаа. Надаас нэг насаар эгч хүн шүү дээ, тэр.
-Таныг одоо 90 нас хүрэх гэж байгаа гэхээр зарим хүн гайхдаг шүү?
-Аргагүй л дээ. Дөрвөн жилийн өмнө нэг удаа телевизийн ярилцлагад орохдоо 85 настай гэдгээ санаандгүй хэлчихсэн чинь найз нөхөд маань утасдаж “Чи чинь 84-тэй биз дээ. Яагаад насаа нэмж хэлээд байгаа юм бэ” гэлээ. Гэхдээ яахав дээ, энэ байтугай урт наслах ч юм билүү. Нээрээ би тэр үеэр тоглолтыг минь хийх гээд зүтгэж байгаа хэддээ зэмлүүлээд…
-Яасан гэж?
-“Зуун дамжсан дуунууд” миний эхнийх бөгөөд эцсийн тоглолт” гэж хэлээд л тэр байхгүй юу. Тэд маань “Яасан муу ёртой юм бэ. Дахиж тоглолтоо хийж болно шүү дээ” гэхээр нь “Үгүй ээ, юмыг яаж мэдэх вэ” гэж нэг тэрсэлдэх гэснээ уучлалт гуйгаад амаа үдсэн дээ./инээв/
-Урлагийн ертөнцөд хөл тавьсан түүх тань их сонирхолтой юм билээ?
-Төрийн шагналт, Ардын жүжигчин С.Гончигсумлаа намайг урлагт хөтөлж байлаа. Найм, есөн настайдаа Үлгэр жишээ бага сурагч болоод оросуудын өмнө дуулна гэж анх удаа тайзан дээр гарч байсан түүхтэй. Алтан үеийнхэнд багшилж байсан Лянхуа багш маань мандолин тоглож байгаад надад орос дуу заасан юм. Би оросоор нэг ч үг хэлж мэдэхгүй. Октябрийн баяраар дуугаа дуулах гэж хөдөөнөөс ирсэн хөдсөн дээлтэй хүү Ленин клуб гээч дүнзэн байшинд очсон. Хаагуур нь явахаа ч мэдэхгүй, анх удаа шатаар гарч үзэж билээ. Багш хаанаас тайзан дээр гарахыг минь зааж өгчихөөд надтай ойрхон байна гэдгээ хэллээ. Тэгтэл хэн нь ч юм бэ, намайг “Гар” гэх шиг болохоор нь тайзан дээр гараад очсон чинь хав харанхуй. Учраа олохгүй зогсч байсан чинь нэг хүн “Эргэ” гэж загнаад л, хүмүүс инээлдэж шуугилдаад эхэллээ. Ингээд мандолин дуугарахтай зэрэг л би сургуультай нохой шиг сурсан дуугаа дуулж гарсан даа. Энэ мэтээр их л хөглөж байж дуулах гараагаа эхэлсэн хүн шүү дээ, би.
-Гадаад дотоодын тэмцээнд оролцсон нь бишгүй л биз?
-Тэгэлгүй яах вэ. Оролцсон тоглолтуудаа он, сараар нь товлож хэлж чадахгүй нь. 1947 онд болсон Монголын анхны дуучдын уралдаанд нэгдүгээр байр эзэлж байсан минь хамгийн эхний тэмцээн. Түүнээс хойш гадаадын 30-аад орноор явахдаа маш олон дуу дуулсан. 1955 онд хятадад очоод төрөлх хэлээр нь дуулахад Мао Зэ Дуны маш их талархаж байсан нь одоо ч санаанаас гардаггүй. Дөчин мянган хүний барьж байгаа барилга дээр нь гарч дуулахдаа үнэхээр их сэтгэл хөдөлж байлаа. Надаас 20-иод метрийн зайтай маш олон өсгөгч тавьж билээ. Энэ бол миний хувьд, хамгийн олон хүний өмнө дуулсан дуу.
-Амьдралынхаа өнгөрсөн хугацаанд хэчнээн уран бүтээл туурвив, та?
-30 гаруй дуурьт тоглосон. Зөвхөн нэг дуурьт тоглохын тулд хэчнээн хөлс, хөдөлмөр зарцуулдаг билээ. Их хэцүү шүү. Урын санд минь байгаа 600 гаруй дуу минь бүгд үсгийн дарааллаар бичигдсэн байгаа. Найман настай байхдаа дуулж байсан дуугаа би одоо ч мартаагүй. Ээжийнхээ дуулах дуртай ардын дууг анх үг, үсэггүй заалгаж цээжилсэн юм биш. Өөрийнхөө сонсголоор л тогтоож аваад сурч байлаа. “Ганган хул”, “Цоохор морь” гэсэн хоёр дуугаа одоо хэр нь дуулах дуртай даа. “Аргалд явсан ижий”, “Чингис хаан” гээд л сэтгэл хөдөлсөн үедээ бол урсгаж өгнө шүү. Хөгжим хөглөхтэй адил ямар ч үед хоолойныхоо өнгийг хөглөж дуулах ёстой. Дуулахад ухаан, сэтгэл хэрэгтэй учраас түүнд тохируулж хоолойныхоо өнгийг гаргахгүй бол бүгд ижилхэн аялгуутай болно шүү дээ. Үүнийг шавь нар маань ч гэсэн сайтар мэдэж аваасай гэж хүсдэг.
-Уран бүтээлчид минь сүүлийн үед тоглолт хийхдээ “Сюрприз” гэж их ярьдаг болж. Таны хувьд, сюрприз юу байдаг бол?
-Би сюрприз гэж нэг их чухалчилдаггүй. Давтагдашгүй авьяастай, мундаг мастеруудын л хийдэг зүйл байх, энэ чинь. Тиймээс надад нас, дуу хоёр минь л сюрприз гэж боддог юм. Өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа энэ олон дуучдыг хараад би эмзэглэдэггүй. Сайн л биз. Өсч торниж л байг. Гэхдээ монголоороо л байгаасай. Гадныхнаас хэтэрхий хуулах юмуу монголоо алдаж, элдвийн хэмнэлтэй дуу хийсээр байгаад залуусынхаа чихийг ядрааж, сэтгэлийн өвчтэй болгочих вий дээ гэж боддог.
-Дуучид маань дотроо рок поп, нийтийн гэж ирээд л хоёр хуваагдаж, зарим үедээ бүр талцаж муудах шинжтэй болж. Энэ талаар?
-Өө, тэр олон нэрэнд дургүй ээ. Би монгол нэрэндээ л дуртай. Зарим нь дэндүү гэмээр түргэн хэмнэлтэй дуу дуулж байгааг харахаар би шууд хэлдэг л дээ. “Миний хүүхдүүд яагаад бөө удганы яриаг дуундаа оруулж хэлээд байгаа юм бэ” гэж. Бөө удганы хэл яриа их тод сонсогддог байсан. Гэтэл одооны хүүхдүүдийн дуу юу гээд байгаа нь ч мэдэгдэхгүй, бас их нүсэр хөгжимтэй учраас чихэнд чийр болоод байх шиг. Энэ лав манай урлаг биш. Үнэхээр гадаадын урсгалыг оруулж ирэх гээд байгаа юм бол жаахан ч гэсэн монгол болгож, сонсогчиддоо хэрэгтэй зүйл хийгээсэй гэж хүснэ.
-Түрүүнд та “ам барих” тал дээр хатуу бодолтой гэж байсан?
-Би одоо хүртэл “ам барьж” үзээгүй. Зарим хүмүүс “Та ийм техник хөгжсөн сайхан цагт ам барихгүй гээд яах юм бэ” гэж байна лээ. Тэртээ тэргүй, энэ дуунуудыг чинь би дуулсан чинь яагаад болохгүй гэж. “Ам барих” асуудал анх гарч байхад нь би шавь нартаа уурлаж байсан. “Луйвар хийж байна шүү дээ, та нар. Ард түмнийхээ халаасыг ухаж байна. Яагаад бичүүлсэн дуугаа дуурайж амаа хөдөлгөөд байгаа юм бэ” гэж. Би тэгж муухай загнахгүй ээ. Гэхдээ сүүлдээ “ялагдах” л байх даа, нас минь өндөрт гарчихлаа. Харин шавь нарт минь тэнхээ бий./инээв/
-Гэхдээ хоолойгоо гамнаж, гамм уншсан хэвээрээ биз дээ?
-Дуулах зэмсэг буюу хоолойгоо арчлахын тулд тамирчидтай адилхан үргэлж дасгал сургуулилт хийдэг. Өглөө босоод л учиргүй хашгирч, дуугаа бэлтгэнэ шүү. “Аливаа зүйлийг хэтрүүлэхгүй хэрэглэж бай” гэсэн ээжийнхээ философийг одоо хүртэл мөрдөж явдаг юм. “Ууж идэж, унтаж хэвтэж, уурлаж бухимдахыг бүү хэтрүүл” гэх жишээтэй.
-“Ахан дүүсийн дуу”-г та анх хэдийд дуулж байв?
-40 гаруй жилийн өмнө дуулж байсан. Бараг мартах шахаж байтал С.Жавхлан ирээд “Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн 60 жилийн ойд зориулж энэ дууг хамтарч дуулья” гэж билээ. Тухайн үед нь ханиад хүрээд хэвтэж байсан болохоор халгаагаагүй л дээ. Гэтэл шавь маань “Таны хуучин дуу шүү дээ” гээд л үг, аяыг нь авчраад өгсөн. Тэгээд эргэж тойрч байгаа нэг л өдөр хамт очоод дуугаа бичүүлсэн дээ. Таксинд суусан үед жолооч нар энэ дууг минь их тавина. Заримдаа бүр залхмаар ч юм шиг. Үнэн хэрэгтээ, энэ дуу монголд төдийгүй гадаадад ч гэсэн их сүрхий тархсан юм билээ.
Р.Мөнгөн