Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Д.Долгион: Багын мөрөөдлөө биелүүлж Монголын мисс боллоо
Үндэсний хөгжим

Д.Долгион: Багын мөрөөдлөө биелүүлж Монголын мисс боллоо

Урлаг Урлаг11/09/2012Сэтгэгдэл байхгүй6 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
.Долгион9012448482012-09-11-17-24[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

dolgion"Мисс Монголиа-2012" наадмын тэргүүн байрын эзэн Дэлгэржавын Долгионтой ярилцлаа.

-Юуны өмнө Монголын хамгийн отгон мисс болсонд баяр хүргэе. Тухайн үед хэр сэтгэл хөдлөв?

-Баярлалаа. "Мисс Монголиа-2012" тэмцээний хөтөлбөр нь их шахуу байлаа. Нийслэл хот төдий­гүй хөдөө орон нутгийн хацар гоо охид авьяас чадвар, гоо сайхан, ур ухаанаа уралдуулан өрсөлдөхөд тэргүүн байр эзэлсэндээ үнэхээр баяртай байна. Тэмцээний эхний шатанд 200 гаруй охин бүртгүүлсэн байсан. Ингээд олон шалгаруулалт хийгдээд 20 охин үлдсэн юм. Мэ­дээж хэрэг өрсөлдөж байгаа учраас охидуудаа нэлээн сайн ажиглаж байлаа. Бүгд л ганцхан хүсэл тэмүүлэлтэй оролцож байгаа уч­раас маш хүчтэй өрсөлдөөн явагд­сан шүү. Тэр дундаа сүүлийн ша­танд тунасан зургаан охин бол авьяастай, үзэсгэлэнтэй байлаа. Яг хэн нь ялагч вэ гэдгийг тодруулах шалгаруулалт дээр дэд байрыг эхэлж дуудсан. Дэд байрт шалгар­сан А.Уянга маань шагналаа аваад зогсож байхад дотроо "Тэргүүн байрт хувийн дугаар 19, Д.Долгион шүү" гээд л залбирч байлаа. Ингээд миний нэрийг дуудахад ёстой итгэмээргүй санагддаг юм билээ.

-Баяраа тэмдэглэж амжив уу. Тайзан дээр нэлээн уйлж байгаа харагдсан?

-Маш их баярласан учраас нулимс аяндаа гарчихдаг юм байна лээ. Гэхдээ бас олон хүний өмнө байна, тайзан дээр байгаа гэдгээ бодоод асгартлаа уйлж болохгүй шүү гэж өөртөө хэлж байлаа. Тэмцээний дараа зорил­гоо биелүүлсэн бо­лохоор сайхан амарсан. Харин найз нөхөдтэйгөө болон гэрийнхэнтэйгээ баяраа тэмдэглэж амжаагүй л явна. Дараагийн тэм­цээний бэлтгэл гээд зав муутай байгаа бо­лохоор тэгж байгаад л тэм­дэглэнэ дээ.

-Олон улсын тэм­цээнд оролцох эрх авсан билүү?

-Тэгсэн. "Мисс Мон­голиа"-д түрүүлсэн оролцогч тухайн жилийн­хээ "Мисс интер­нэйшнл" тэмцээнд оролцох эрхтэй болдог.

Уг эрхийнхээ дагуу ирэх сарын 1-нд Японы Окинавад зохиогдох "Мисс интернэшнл" тэмцээнд орол­цоно. Энэ тэмцээнд багадаа 63 орон, дээд тал нь 80 гаруй улсын төлөөлөл оролцдог юм билээ. Өнөө жил 52 дахь удаагаа зохиогдоно. Дэлхийн хэмжээний тэмцээнээс зэрэглэлээрээ эхний гуравт ордог юм. Өнгөрсөн жил манай улсын төлөөлөл болж оролцсон И.Төгсөө гуравдугаар байрт шалгарч өндөр амжилт үзүүлж байсан юм билээ. Тэгэхээр өнөө жил надад маш том үүрэг хариуцлага оногдож байгаа.

-Саяын тэмцээний үеэр оролцогчид тайзан дээр нэлээн сандарч байгаа харагдсан. Чиний хувьд бэлтгэл хэр байсан бэ?

-Тэмцээн эхлэхээс өмнө чимээгүй орчинд очоод өөртэйгээ ярилцсан. Сан­дарч болохгүй шүү гээд өөрий­гөө нэ­лээн зориг­жуулсан болохоор харьцангуй бэлтгэлтэй оролцлоо. Би 2009 оны "Мисс Монголиа"-д оролцож байсан. Тэр үед тусгай байрын шагнал хүртсэн юм. Энэ жил даагаа нэхэх са­наатай, бас багын мө­рөөд­лөө бие­лүү­лэх гэж орлоо. Би бүр бага ангийн охин байхдаа хамгийн сайн найзтайгаа "Би том болоод заавал ч үгүй Монголын мисс болно" гэж ярьдаг байсан.

Манай найз харин "Би Швей­царийн банкинд ажилд орно" гэдэг байлаа. Харин сая тэмцээний дараа тэргүүн байрын титмээ зүү­чихээд байхад найз охин маань ирээд бид хоёр энэ тухайгаа ярил­цаж бөөн инээдэм болсон. Тэгэ­хээр би багын мөрөөдлөө бие­лүүлж Монголын мисс болсондоо баяртай байгаа. Сонирхолтой нь манай найз охин ч гэсэн одоо банкны чиг­лэ­лээр суралцаж бай­на. Өн­гөрсөн жил АНУ руу мэргэ­жил дээшлүүлж су­рал­цаад ирсэн. Мөрөөдөл нь ойрхон байгаа байх аа.

-Бага байхын л өндөр байв уу. Өндөр учраас загвар өмсөгч болохоор шийдсэн үү. Аль эсвэл өөр шалтгаан байв уу?

-Багадаа тийм ч өндөр байгаа­гүй ээ. Ахлах ангид ороод л өсөж эхэлсэн. Есдүгээр ангид байхад манай найз охин үсчин, гоо сайхан­чийн тэмцээнд орох болсон юм. Тэгэхэд нь би найздаа туслаад манеканаар орсон. Гэтэл "Шилдэг манекан"-аар шалгарчихсан. Тэгээд л загварын ертөнц сонир­хол­той санагдаад. Найз охин маань ч гэсэн "Чи загвар өмсөгч болчих оо. Чамд ирээдүй байна" гэсэн. Тэгээд найзтайгаа хөтлөл­цөөд загварын агентлаг руу явж байлаа.

-Гэрийнхнээ танилцуулахгүй юу. Аав, ээж нь бас өндөр хүмүүс үү?

-Манайхан ер нь гэрээрээ өн­дөр хүмүүс. Аав маань компью­терийн программ зохиодог эрдэм­тэн хүн бий. Ээж маань эмч. Би нэг ахтай, доороо гурван эмэгтэй дүүтэй. Миний бахархал гэвэл гэр бүлийнхнээ хэлнэ дээ. Ээж маань загварын ертөнцтэй огт холбоогүй ч гэлээ өндөр мэдрэмжтэй, сайхан эмэгтэй байдаг. Дүү нар маань ч гэсэн гоо сайхны мэдрэмж өндөр­тэй шүү.

-Дүү чинь бас загвар өмсдөг билүү?

-Тиймээ. Миний яг доод талын дүүг Д.Халиун гэдэг. "Шилмэл заг­вар" агентлагийн гэрээт модель. Би өөрөө загвар өмсөж эхлээд дараа нь дүүгээ уруу татаад оруулчихсан юм. Өндөр нам, гадаад төрхөөрөө надтай их адилхан учраас бид хоёрыг хүмүүс андуураад байдаг юм. Миний дүү "New face" тэмцээ­ний тэргүүн байр, "New model" тэмцээний тусгай байрын шагнал­тай. Өнгөрсөн жил Хятад улсад болсон олон улсын тэмцээнд оролцоод ирсэн.

-Эгч дүү хоёр нэг тэмцээнд оролцож үзсэн үү. Ер нь бие биедээ ханьтай байдаг байх даа?

-Яг зэрэг нэг тэмцээнд орж байгаагүй ээ. Харин "New face"-д өөр өөр жил оролцоод хоёулаа түрүүлж байсан юм байна. Мэдээж хэрэг хоёулаа загварын ертөнцтэй холбоотой байгаа учраас бие биеэ хамгийн сайн ойлгож тусалж дэм­жинэ. Бас нөгөө хоёр эмэгтэй дүү маань ч гэсэн уран сайхны гимнас­тикаар хичээллэдэг авьяастай охид бий. Сая "Мисс Монголиа" тэмцээнд тайзны ард хамгийн итгэлтэй, тусалж чадах ганцхан хүнээ авч орох эрхтэй байдаг. Би Халиу­наагаа аваад орсон.

-Олон охидтой, тэр дундаа загварын ертөнцтэй холбоотой охид гэр орны ажилдаа хэр вэ?

-Манай эцэг эх хатуу, зарчимч талдаа хүмүүс. Тиймээс бид нарыг сайн хүмүүжүүлсэн гэж боддог. Бага байхаас л охидууд хатуу чанга байх ёстой гэдэг байлаа. Тиймээс бид дөрөв гар эвдэрчихнэ, хумс хугарчихна гэдгээр шалтгаалаад  гэрийн ажилд оролцохгүй байна гэж байхгүй. Ажлаа хуваагаад хийчихдэг юм. Ер нь эршүүд гэмээр шүү. Загвар өмсөөд амжилт гар­гахад гэрийнхэн маань хамгийн их нөлөөлдөг. Тэмцээн уралдаанд явахад зардал зөндөө л гарна. Тэр бүрт аав ээж маань хамгийн их тусалж байгаа. Одоо олон улсын тэмцээнд ч гэсэн хамт явж намайг дэмжих гэж байгаа. Ер нь гэрийн­хэндээ хамгийн их баярлаж байгаа. Тэднийхээ хүчээр л өдий зэрэгтэй явж байна. Хайртай шүү гэж хэлье.

-Миссүүд хүмүүнлэгийн ажилд идэвхтэй оролцдог. Отгон миссийн хувьд олон ажил тө­лөвлөө байлгүй?

-"Мисс Монголиа" тэмцээн өнөө жил ес дэх удаагаа зохиогдож байгаа. Тэгэхээр би урьд урь­дын­хаа жилийн миссүүдтэй хамтраад хүмүүнлэгийн үйлс хий­нэ. Угаасаа мисс хүн гэдэг бол хүмүүнлэгийн үйлс хийж нийгмийн сайн сайхны элч болох байдаг. Энэ бас л миний багын мөрөөдөл. Багадаа хүмүүн­лэгийн ажил хийдэг сайн санааны сахиусан тэнгэр болно гэж боддог байсан юм.

-Загвар өмсөхөөс гадна усанд сэлэлтээр хичээллэдэг гэсэн байх аа?

-Тийм ээ. Аав маань ажлынхаа шаардлагаар гадагшаа их явдаг байсан. Тийм болохоор нэлээн хэдэн орноор явж байлаа. Хамгийн их удсан нь Япон. Тэнд найман жил амьдарсан юм. Тэр үедээ усанд сэлэлтийн сургуульд явж гайгүй сайн сэлдэг болсон. Монголдоо ирээд Төв бассейнд хичээллэн 2000 оны улсын аварга шалгаруу­лах тэмцээнд оролцож аварга болж байлаа. Мөн багадаа уран сайхны гимнастикаар хичээллэдэг байсан юм. Дээрээс нь сургуулийн хэмжээнд зохиогддог загвар зо­хион бүтээгчийн тэмцээнд оролц­чихно. Ер нь юм юманд оролцож өөрийгөө хөгжүүлэх дуртай охин байлаа. Саяын миссийн тэмцээнд авьяасаа үзүүлэхдээ бишгүүр хөгжим тоглосон. Мөн л багаасаа энэ хөгжмөөр тоглодог байсан маань тус боллоо.

-Өндөр болохоор хүүхдүүд хочилдог байв уу?

-Хоч аваагүй ээ. Багаасаа Дори гэж дуудуулдаг байсан болохоор хоч авах шаардлага ч байгаагүй биз. Би "Сакура" дунд сургуулийг төгссөн. Одоо Хүмүүнлэгийн ухаа­ны их сургуулийн маркетингийн ангид сурдаг. Ирэх хавар сургуулиа төгсөнө дөө. Ангийнхан маань намайг Дори л гэдэг юм.

-Загвар өмсөөд хэдэн жил болж байгаа вэ. Өөр тэмцээн уралдаанд орж байв уу?

-Би загвар өмсөөд дөрвөн жил болж байна. Анх "New face" тэм­цээнд орж түрүүлээд тэр жилийн­хээ загварын нүүр царай болж байсан юм. Дараа нь "Мода Арт" тэмцээний шилдэг 15-д, "ТВ мисс" тэмцээний үндэсний ялагч болж бай­лаа. Хүмүүс намайг "ТВ мисс Долгион" гэдгээр мэддэг юм билээ.

С.АЛТАНЦЭЦЭГ

dolgion

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн номын нийслэлд Улаанбаатарыг нэр дэвшүүлэхийг ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс дэмжжээ

17/05/2025

Таван орны 25 шилдэг артист оролцох “Улаанбаатар Сонос” олон улсын хөгжмийн наадам болно

17/05/2025

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын II шатны шалгаруулалт “1984” жүжгээр эхэллээ

17/05/2025

“Балетын гала” тоглолт тавдугаар сарын 24-нд УДБЭТ-ын тайзнаа болно

16/05/2025

“Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуны оролцогч Michi “Уулзвар“ олон ангит кинонд тогложээ

16/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.